Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1911

 

 “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн, “МЗН” ХХК, “ЗД констракшн” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 460 290 834.13 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Харьболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “МЗН” ХХК-тай ТЗ/14-007 тоот зээлийн гэрээ байгуулан, 500 000 000 төгрөгийг төслийн зээл гэх зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ТЗ/14-007 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, иргэн П.Заяабаатарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамж, 27 дугаар байрны 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018867 дугаартай 43 м.кв талбай бүхий 2 өрөө, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/, 29 дүгээр байрны 29 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037337 дугаартай 64.3 м.кв талбай бүхий 3 өрөө, мөн байрны 38 тоот байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036663 дугаартай 30.3 м.кв талбай бүхий 1 өрөө, 36 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036665 дугаартай 23 м.кв талбай бүхий 1 өрөө, 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201036662 дугаартай 48.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнууд, иргэн Ч.Мядагсүрэнгийн өмчлөлийн мөн хаягийн 01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201037348 дугаартай 144 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 1 давхрын хэсэг, иргэн Н.Жигжидсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва 18070 хороолол, 137 дугаар байр, 34 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035426 дугаартай, 56.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон “МЗН” ХХК-ийн Баянгол дүүргийн, 20 дугаар хороо, “Темозэви” ХХК-ийн баруун талд байрлах 4268 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалсан. Мөн өдрийн ТЗ/14-007 тоот батлан даалтын гэрээгээр “ЗД констракшн” ХХК нь батлан даагчаар оролцсон.

Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 371 877.04 төгрөг, үндсэн хүү 65 165 832.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 715 143.40 төгрөг, нийт 67 252 853.14 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТЗ/14-007 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлд 498 628 122.96 төгрөг, үндсэн хүүд 15 256 578.942 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 152 245.808 төгрөг, нийт 514 036 947.71 төгрөгийг хариуцагч “МЗН” ХХК, “ЗД констракшн” ХХК-иас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш зээлд 53 749 000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээл 458 375 404.46 төгрөг, үндсэн хүү 1 912 546.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 883.44 төгрөг, нийт 460 290 834.13 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч “МЗН” ХХК болон “ЗД констракшн” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед МЗН ХХК нойлын цаасны үйлдвэр байгуулахаар газар худалдан авч, үйлдвэрийн сэндвичэн байшин барьж худаг гаргуулан, цахилгаан татуулж, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн боловч нэмж хөрөнгө гаргаж чадахгүй байсны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрээд байна.

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зүгээс барьцаанд байгаа байрнаас тухайн үед үнэлсэн үнэлгээгээр худалдан борлуулж болно гэсэн учраас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамж, 27 дугаар байрны 02 тоот орон сууцыг худалдан зээлээ төлсөн.

Тухайн үед тус байрыг 86 500 000 төгрөгөөр үнэлсэн байсныг 53 750 000 төгрөгөөр худалдаж, зөрүү 32 750 000 төгрөгт эхнэр Ч.Мядагсүрэнгийн нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 68/3-14 тоот 2 өрөө орон сууцыг нэмж барьцаалсан. Нэхэмжлэгч компанийн ажилтан Н.Харьболдоор дамжуулж Ремакс хөрөнгө зуучийн газартай гэрээ байгуулсан. Дээрх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах талаар надаас гадна, нэхэмжлэгч талаас өөр бусад хүмүүст санал болгох зэргээр анхаарч байна. Өөрөөр хэлбэл би эдгээр хөрөнгүүдээс аль нэгийг нь худалдахгүй бол зээл төлөх ямар ч боломжгүй болсон.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусна. Эхэнд худалдагдсан эд хөрөнгийн мөнгийг авч, зээлээ төлөөд, зээл эргэн төлөх графикт оруулж, үргэлжлүүлэн зээлээ төлөх хүсэлттэй байна. Талууд төлсөн мөнгөн дүнд маргаагүй. Харин төлсөн мөнгийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хуваарилаж тооцоод байгааг ойлгохгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МЗН” ХХК, “ЗД констракшн” ХХК-иас 453 184 384 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7 106 450.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох иргэн П.Заяабаатарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 29 тоот 64.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 38 тоот 30.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв, талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 20 тоот 48.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, иргэн Ч.Мядагсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 01 тоот 144 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 1 давхрын хэсэг, иргэн Н.Жигжидсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва 18070 хороолол, Москвагийн гудамж, 137 дугаар байр, 34 тоотын 56.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, “МЗН” ХХК-ийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Темозэви” ХХК-ийн баруун талд байрлах 4 268 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар эзэмших эрх, иргэн Ч.Мядагсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол/13373/ 68/3 байрны 14 тоотод байрлах 53.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 453 184 384 төгрөгийг гаргуулж, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 728 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МЗН” ХХК, “ЗД констракшн” ХХК-иас 2 423 872 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн төлөөлөгч Б.Тулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээлд 63 874 090 төгрөг төлж, 436 125 910 төгрөгийн үлдэгдэлтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн тайлбарт хуулийн 216.1 дэх хэсгийг тайлбарласан ба үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээгээр тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгч сонгох шаардлагагүй болдог. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд зээлийн гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь өөрийн сонголтоор үүргийг гүйцэтгэх бөгөөд гэрээгээр тохиролцсон тохиолдолд заавал гэрээнд заасны дагуу үүргийг гүйцэтгэхээр зохицуулсан.

Талууд зээлийн гэрээний 4.5-д “Банкинд төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална, хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ” гэж тохиролцсон байгаа нь илэрхий байх тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар үүргийн гүйцэтгэлийг төлүүлэхээр тооцоолол хийсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан 7 106 450.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 460 290 834.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь хариуцагч “МЗН”, “ЗД констракшн” ХХК-иудаас зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд 514 036 947,71 төгрөг гаргуулах шаардлагаа 460 209 834 төгрөг болгон багасгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

            Нэхэмжлэгч болон “МЗН” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан зээлийн болон ипотекийн гэрээний үүргийн харилцаа, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТЗ/14-007 тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсанаар, нэхэмжлэгч компани, “ЗД констракшн” ХХК-ийн хооронд мөн өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан үүргийн харилцаа тус тус үүссэн байна.

Зохигчид дээрх үйл баримт, мөн зээл төлсөн дүнд маргаангүй, хариуцагч “МЗН” ХХК-ийн хувьд зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн төлбөрөөс үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс дүгнэхэд нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө  оруулалтын банк ХХК нь “МЗН” ХХК-тай 500 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 5 жилийн хугацаатай байгуулахдаа зээл, хүүг хэсэгчлэн төлөх хуваарийг гэрээний хавсралт 1-ээр баталж, мөн гэрээний 4.2 дахь заалтаар зээлдэгч нь гэрээний ерөнхий хугацаа болон хавсралтад заасан хэсэгчилсэн хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгээ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөх, мөн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтуудад нийцсэн байна. /хх-8 дугаар хуудасны ар тал/

            Өөрөөр хэлбэл зохигчид зээлийн гэрээний ерөнхий хугацааг 5 жилээр байгуулсан хэдий ч гэрээний салшгүй хэсэг болох хавсралтаар зээлийн эргэн төлөх хуваарийг баталж, энэ хуваарийг зөрчсөн тохиолдолд хариуцагч нь хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлага хүлээсэн байна. Хариуцагч тал дээрх үүргээ зөрчсөн болох нь хэргийг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн, хариуцагч “МЗН” ХХК-ийн зээлд төлсөн 121 001 853 төгрөгийг гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсоныг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.   

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх заалт буюу үүрэг гүйцэгчийн гүйцэтгэх үүргээ сонгох эрхийн зохицуулалт болон мөн зүйлийн 216.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 7 106 450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Харин зохигчдын хооронд үүрэг үүссэн үндэслэл, гэрээний төрөл, гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэсэн тул шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “МЗН” ХХК, “ЗД констракшн” ХХК-иас 460 290 834 /дөрвөн зуун жаран сая хоёр зуун ерэн мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 654 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ДАВААДОРЖ

 ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

                                                Ч.ЦЭНД