Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ  

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч П.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батсүхэд холбогдох 2221001380173 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 11-16 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд нь: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулын ялыг өршөөн хэлтрүүлж байсан, Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батсүх /РД: ЖЗ99031019/.

 

Шүүгдэгч П.Батсүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21-22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” пабын гадаа иргэн Н.Оюунбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож иргэн Н.Оюунбаярын биед 12 дугаар шүдний булгарал, 21 дүгээр шүдний сулрал, зулайн оройн хэсгийн шарх, доод уруулын салстын язрал, баруун шуунд цус хуралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Батсүх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

 

Хохирогч Н.Оюунбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...Ханан булагт манай найз хүүхэн Болорчимэг дуудсан учир түүн дээр ирсэн юм. Тухайн үед 21 цаг 30 минут багцаагаар болж байсан бөгөөд Ханан булгын баруун талаар тойрч үүдэн хэсэгт нь очих үед үл таних 3-н залуу зогсож байсан бөгөөд хар гуталтай нь надаас гал асуусан учир би түүнд гал өгөөд тамхиа асааж байх үед нь ах нь яараад байна явлаа гэж хэлсэн чинь анх гал авсан залуу нь надад хандаж писда минь үхлээ юу гэж хэлсэн бөгөөд саарал хүрэмтэй залуу нь миний нүүрэн тус газарт цохисон учир би түүнд цохиулаад нүүрээ дараад газарт унах үед миний дээрээс өшиглөж нэмж зодсон. Ингээд хэсэг зодуулж байгаад босоод ирэх үед намайг нэмж зодох гээд дайраад зогсож байх үед манай найз Болорчимэг ирээд удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн.  ... миний хувьд П.Батсүхээс одоогоор эмчилгээний зардалаа бүрэн авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/

Насанд хүрээгүй гэрч О.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Батсүх, Тэмүүлэн, Ганчулуун ах гурав 0.75 граммын нэг шил архи ууж эхлэхэд би нэг шил пиво уусан. Тэгээд 21 цаг 30 минутын орчим би Батсүх, Тэмүүлэн гэх хоёр ахтай хамт тамхи татахаар гараад гал байхгүй байсан тул хажууд зогсож байсан нэг ахаас Тэмүүлэн ах гал асуухад тухайн ах бас согтуу байсан болохоор маргалдаж эхлэхэд тэр ах Тэмүүлэн ахыг түлхсэн. Ингээд Тэмүүлэн ахыг түлхэх үед Батсүх ах түүнийг өмөөрч тэр үл таних ахыг нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиход тэр ах газарт ойчсон бөгөөд Батсүх ах түүний нүүрэн хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа харагдсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 269 тоот дүгнэлтэд:

1.Н.Оюунбаярын биед 12-р шүдний булгарал, 21-р шүдний сулрал, зулайн орой хэсгийн шарх, доод уруулын салстын язрал, баруун шуунд цус хуралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. 12-р шүдний булгарал нь гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн орой хэсгийн шарх, доод уруулын салстын язрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 34-35 тал/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33 тал/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 44-68 /

-Шүүгдэгч П.Батсүхийн сэжигтнээр болон яллагдагчаар  өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батсүх нь согтуурсан үедээ, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21-22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” пабын гадаа хохирогч Н.Оюунбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед “12 дугаар шүдний булгарал, 21 дүгээр шүдний сулрал, зулайн оройн хэсгийн шарх, доод уруулын салстын язрал, баруун шуунд цус хуралт, баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Батсүхийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Оюунбаяр, насанд хүрээгүй гэрч О.Төгөлдөр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 269 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч П.Батсүхэд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч П.Батсүх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Батсүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч П.Батсүх нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч П.Батсүхийн  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Оюунбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Батсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч П.Батсүхийн ЖЗ99031019 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батсүхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батсүхийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Батсүхийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Батсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Батсүхийн ЖЗ99031019 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  П.Батсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.БАТЖАРГАЛ