Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2605

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/02140 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж, Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нь 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс “Т” ХХК-д “Барс” тооцооны төвийн захирлаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээг шаардлагатай үед нь шинэчлэн байгуулж, ажил үүргээ ямар нэгэн дутагдалгүй хариуцсан салбарын улирал бүрийн санхүүгийн зорилтот төлөвлөгөөг тогтмол ханган биелүүлж, сайн ажиллаж байсан. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамгатай ажлаас чөлөөлж томилох тухай тушаалыг гаргасан. Дээрх ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал нь ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэсэн гэдэг. Гэтэл ажилтны ажил олгогчид ижил албан тушаалд цалин бууруулахгүйгээр шилжүүлж өгнө үү гэсэн асуудлыг мушгин гуйвуулж түр орон тооны албан тушаалд цалингийн шатлал бууруулж, эцсийн зорилго нь ажлаас үндэслэлгүйгээр халж буй нь үүгээр харагдаж байна. Салбарын захирлаар ажилладаг хүнийг хэлтсийн харилцааны менежерийн орон тоонд түр буюу хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажил албан тушаал бууруулан томилсонд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан ажил буюу “Барс” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 4 683 690 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С нь “Т” ХХК-ийн “Барс” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Т” ХХК-ийн гүйцэтгэх захиралд өргөдөл гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.С гаргасан өргөдөлдөө “...Б-ын С миний бие төв банкны газар, хэлтэст мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг минь хүлээн авч, цалинг хэвээр нь баталж өгнө үү” гэсний дагуу “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дүгээр тушаал гарган Б.С-г “Барс” тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, байгууллагын банкны газрын харилцааны менежерээр томилж, үндсэн цалинг нь буюу 1 750 000 төгрөгийг олгохоор болсон. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дүгээр тушаал гарсантай холбогдуулан мөн өдөр “Барс” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.С-гийн ажлыг хүлээж авсан бөгөөд ажил хүлээлцэхдээ нэхэмжлэгч ямар нэгэн татгалзал гаргалгүй ажил хүлээлцсэн актад гарын үсэг зуран ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч Б.С өргөдөлдөө “их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр баталж өгнө үү” гэсний дагуу “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал байгууллагын банкны газрын харилцааны хэлтсийн харилцааны менежерээр томилохдоо түүний урьд нь авч байсан сарын үндсэн цалинг хэвээр нь баталсан. Банкны зүгээс нэхэмжлэгч Б.С-гийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйлгүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх нь бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж, томилсон. Тухайн үед Б.С-д банкны төв салбар ажиллах ажлын байр байхгүй байсан болохоор гүйцэтгэх захиралтай ярилцаж тохироод хүүхэд асрах чөлөөлтэй байгаа хүний оронд түр томилсон тушаал гарсан байдаг бөгөөд өөрийнх нь хүсч байгаа ажлын байр гарахаар жинхэлэн томилохоор амаар ярьсан зүйл байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Б.С-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар “Т” ХХК-д холбогдох “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Б.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 700 төгрөгийг буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч Б.С-гийн өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдох хүсэлтийг үндэслэн “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн захирлын ажлаас чөлөөлөгдөж, Төв банкны хэлтэст мэргэжилтнээр хүсэлтээ гаргасны дагуу банкны зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан боловч шүүхийн зүгээс сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт гэдэгт хөдөлмөрийн гэрээ цуцлах саналыг анхлан гаргаж байгаа ажилтны өөрөөс шалтгаалсан нөхцөл байдалд тулгуурлан гаргасан түүний хүсэл зоригийн илэрхийллээс гадна ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой үүсэн нөхцөл байдалд тохируулан гаргасан хүсэлт мөн эсэхийг тодруулаагүй шийдсэн байна. Б.С-гийн хүсэлтэд “Б.С миний бие үүссэн нөхцөл байдлын улмаас Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Эхнэр тодорхой ажилгүй их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр нь баталж өгнө үү. Би өмнө нь орон нутгийн тооцооны төв хариуцаж ажиллаж байсан туршлагатай тул орон нутгийн банкны газарт ажиллаж чадна гэж бодож байна” гэсний дагуу “Т” ХХК-ийн зүгээс томилсон бол Б.С нь шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Э-ныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд байгууллагын банкны газрын хэлтсийн харилцааны менежерээр томилсон нь эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд Б.С-гийн хүсэлтээр төв банкинд мэргэжилтнээр ажиллах хүсэлтэй байсан боловч “Т” ХХК-ийн менежерээр томилсон салбарын захирлуудыг тухайн үеийн “Т” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг дарамталж ажлаас халж байсан үе байсан бөгөөд тус байдал Б.С-г хүртэл дарамталж байгаад тус хүсэлтийг бичүүлсэн. Менежер нь ажил үүргийн хувьд зээл судалдаг өмнө хийж гүйцэтгэж байсан ажилтай харьцуулбал банкны хамгийн доод албан тушаал юм. Б.С өргөдөлдөө эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд мэргэжилтнээр томилуулахыг хүссэн боловч “Т” ХХК-ийн зүгээс мушгин гуйвуулж хүүхэд асрах чөлөөтэй хүний орон тоонд менежерээр баталсан. Мөн Б.С-гийн хөдөлмөрийн гэрээ хугацаагүй үндсэн ажилтны гэрээ байсан боловч 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Э-ыг ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд байгууллагын банкны газрын хэлтсийн харилцааны менежерээр томилсон нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай болгож магадгүй Б.Э нь буцааж ажилдаа орох болоход гэрээг цуцлах үндэслэл болж байна. Ийм байдлаар өмнө нь “Т” ХХК-ийн зүгээс ажилчдыг нэг бус удаа халж байсан. Б.С-гийн хүсэлт дээр тодорхой бөгөөд байнгын ажлын байр дээр хугацаагүй гэрээтэй мэргэжилтнээр ажиллах хүсэлтэй гэдгийг тодорхой харж болно. Гэвч шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.С нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс “Т” ХХК-ийн “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/840 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэсэн байна. /хх-ийн 3-7, 13, 30-40, 43 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Б.С-гийн “Т” ХХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан “... Миний бие үүссэн нөхцөл байдлын улмаас Төв банкны хэлтэс газарт мэргэжилтнээр ажиллах саналтай байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Эхнэр тодорхой ажилгүй их хэмжээний зээлтэй тул цалинг хэвээр нь байлгаж өгнө үү. ...” гэх өргөдлийг үндэслэн ажил олгогч “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн захирлын ажил албан тушаалаас нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс банкны газрын Харилцааны хэлтсийн харилцааны менежерээр хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Э-ыг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар томилсон тушаал гаргасан нь Б.С-гийн ажиллах нөхцөлийг дордуулсан, ажилтны хүсэл, зоригт нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

             Нэхэмжлэгч нь байнгын орон тоотой, адил чанарын өөр албан тушаалд ажиллах хүсэлтийг илэрхийлсэн байхад хариуцагч тал хүүхэд асрах чөлөөтэй ажилтны орон тоонд түр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэх нөхцөлд хамаарахгүй. Түүнчлэн нэхэмжлэгч Б.С нь тухайн өргөдлийг ажил олгогчийн дарамт, шахалтаас болж бичсэн гэх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч “Б.С нь хариуцсан ажилдаа зөрчил дутагдал гаргасан, ажлын цаг тасалдаг” гэж тайлбарласнаас үзвэл Б.С нь өөрийн хүсэл зоригийн дагуу дээрх өргөдлийг бичсэн нь эргэлзээтэй, ажил олгогчийн зүгээс тодорхой нөлөөлөл байсан гэх үндэстэй байна.

 

            Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн нэг сард авах цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож олгох боловч нэхэмжлэгчийн тодорхойлсноор 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 322 375 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/02140 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-г “Т” ХХК-ийн “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5 322 375 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД                          С.ЭНХТӨР

 

                                                                Г.ДАВААДОРЖ