Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0284

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0284

Улаанбаатар хот

 

 

Ж.Б***гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Х.Ч***

Нэхэмжлэгч: Ж.Б***

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл

Гуравдагч этгээд: Х.Ч***

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай 605 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б***г нэр дэвшүүлэхийг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0175 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ж.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б***, гуравдагч этгээд Х.Ч***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/1042/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Ж.Б***гаас Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай 605 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б***г нэр дэвшүүлэхийг даалгах тухай”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0175 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б***гаас Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б***г нэр дэвшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Хуулийг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн,

3.2 Тухайн маргааны хувьд нарийвчлан зохицуулсан хууль болох Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3-т ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр тодорхой хуульчлан өгч зохицуулсан байхад тус хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэхгүй, “Хуулийн агуулга нь ерөнхий шаардлага” гэх үндэслэлгүй шалтгаанаар хуулийг хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүйд хүргэсэн. Хуулийн хэм хэмжээг баримтлахгүйгээр ажлын байрны тодорхойлолтыг хуулиас давуулж үнэлэлт өгч байгаа нь хуульд үндэслэх болон хууль дээдлэх зарчмыг зөрчсөн шийдвэр болсон,

3.3 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай 16 дугаар зүйлийн 16.3, 16.3.3-т заасан шаардлага, түүний агуулгыг хэтэрхий явцууруулан нарийвчилж дордуулах замаар ажлын байрны тодорхойлолтыг баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1-д заасан зарчмуудыг бүхэлд нь гажуудуулж, хуульд нийцэхгүй нөхцөл байдал, үр дагаврыг үүсгэсэн болох нь Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн тайлбар, дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа,

3.4 Нэхэмжлэгчээс сонгон шалгаруулах ажлын комисс, түүний гаргасан шийдвэртэй маргаагүй байхад маргасан мэтээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн,

3.5 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ажлын байрны тодорхойлолтыг тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахын өмнө өөрчлөн баталсан байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг зөрчсөн байхад түүнийг хүчингүй болгох, хүчингүй болгоогүй тохиолдолд хуулийн шаардлагад нийцсэн хэмээн баримтлах хууль зүйн үндэслэлгүй,

3.6 Шүүх бодит нөхцөл байдлыг гуйвуулсан байдлаар “...дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын тусгай шаардлагыг төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр биш, бүр нарийвчилсан мэргэжлийн чиглэлээр ч биш, харин заасан индексийн дагуу мэргэшсэн чиглэлээр тодорхойлохоор заасан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн,

3.7 Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг “хариуцагч ирүүлээгүй” хэмээн тайлбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэх үндэслэл болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарна уу,

3.8 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч

этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Комисс байгуулах тухай” 594 дүгээр тогтоолоор “...Чингэлтэй... дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалыг сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий комиссыг” баталж, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

3.2. Улмаар маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Ж.Б*** 62.4 оноо, гуравдагч этгээд Х.Ч*** 82.2 оноо авсан тул хариуцагчаас хамгийн өндөр оноо авсан оролцогч Х.Ч***ийг Салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолоор томилуулахаар томилох эрх бүхий этгээдэд нэрийг нь дэвшүүлсэн.

3.3. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд хандан “... Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн чиглэлийн индексээр Дүрс оношилгоо “091203” гэж заасан байхад хариуцагч   батлагдсан албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын “Мэргэжил” хэсэгт заагдсан мэргэжлийн индекст хамааралгүй мэргэжилтэй Х.Ч***ийн материалыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оруулж, улмаар илтэд ашиг сонирхол гаргаж түүнийг хамгийн өндөр оноогоор шалгаруулсан ... хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолын 6.5, 6.6-д заасан тодорхой үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлан маргасан.

4. Анхан шатны шүүх “...хариуцагч салбар зөвлөл нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, албан тушаалын тодорхойлолтоор тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцож, улмаар албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.7-д заасанд нийцэхгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Тодруулбал, захиргааны үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар “хуульд үндэслэх”, 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтална гэж,

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараахь шаардлагыг хангасан байна”, 16.3.1-д “эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан”, 16.3.2-т “эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан”, 16.3.3-т “нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн” гэж заасан.

6. Тухайн тохиолдолд хэрэгт авагдсан баримтаар, нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарын албан тушаалын тодорхойлолтын “тусгай шаардлагын “Боловсрол” хэсэгт “Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй”, “Мэргэжил” хэсэгт “Эрүүл мэнд 091 /091211-091215, 091217-091223, 091226, 091227, 091501, 091701/, Нийгмийн эрүүл мэнд 0988801/, “Мэргэшил” хэсэгт “Үндсэн болон төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх, Эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэндийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх /Мэргэшлийн зэрэгтэй бол давуу тал болно/”, “Туршлага” хэсэгт “мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан, үүнээс 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх” гэсэн байдлаар шинэчлэн хянуулж, санал авахаар хүргүүлснийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 15/130 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/1106 дугаар албан бичгээр “... албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “мэргэшил” хэсэгт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3, “туршлага” хэсэгт тус хуулийн 16.3.1, 16.3.2-д заасан шаардлагыг тус тус нийцүүлэх” саналыг хүргүүлсэн ч нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А86 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлөөс өгсөн саналыг тусгалгүйгээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан.

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар “... албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индексийг хэт нарийвчлан тусгасан нь эмч нарыг эзэмшсэн мэргэжлээрээ удирдах албан тушаалд чөлөөтэй өрсөлдөх боломжийг хязгаарлах шинжтэй байна” гэх асуудал үүссэнтэй холбогдуулан “Эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд тавигдах мэргэжлийн индексийг 0912 анагаах ухаан, 0917 уламжлалт анагаах ухаан, 0988 нийгмийн эрүүл мэндийн мэргэжил эзэмшсэн хүнийг мэргэжлийн шаардлага хангаснаар тооцох”-оор шийдвэрлэж, бүртгэлийг хийсэн.

Улмаар 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтын Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын орон тоонд оролцогч Х.Ч*** “хамгийн өндөр оноо” авсан тул Салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 605 дугаар тогтоолоор Х.Ч***ийг тухайн албан тушаалд томилуулахаар томилох эрх бүхий этгээдэд нэрийг нь дэвшүүлсэн болох нь тогтоогдсон.

7. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллах этгээдэд хуулиар

- “эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан”,

- “эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан”,

- “нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн” байх шаардлагыг тогтоосон ч нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаас 2023 оны А/86 дугаар тушаалаар Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байдлаар баталсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, мэргэжлийн индексийг ерөнхий байдлаар “Эрүүл мэнд-0911, 0912, 0917” индексээр бүртгэж, оролцогчдод тэгш эрхтэй оролцож, өрсөлдөх боломжийг олгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг ханган, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5,  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1, 16.3.2, 16.3.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б***гаас Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай 605 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б***г нэр дэвшүүлэхийг даалгах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

     ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА