Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0141

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ДАЗД ,

Хариуцагч: МУСС,

Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6.5 тэрбум, 2016 оны 6.5 тэрбум, 2017 оны 9.9 тэрбум, 2018 оны 10.0 тэрбум, 2019 оны 10.7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс нийт 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, П.Б, Б.У, Ц.Б, Б.С нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, К.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДАЗД  шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд 2005 оноос хойш газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явагдаж, дээрх талбайгаас Монгол улсын газрын тосны нийт олборлолтын 92 хувь буюу жилд дунджаар 1.000.000 /нэг сая/ тн түүхий газрын тосыг олборлон экспортод гаргаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас “П*******” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны гэрээт 21 дүгээр талбайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2013-2020 онуудад 7,5 хувиар авч улсын төсөвт 200,0 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна.

Тус бүс нутаг дахь газрын тосны олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн төвөөс алслагдмал Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт амьдарч буй зарим иргэд, малчдын амьдрах орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаагаас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдахгүй байгаа нь зөрчил үүсгээд байна. Мөн дэлхийд ховорхон Мэнэнгийн талд сүрэглэн амьдардаг цагаан зээрийн амьдардаг орчин хумигдаж экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас тоо толгой нь эрс цөөрч, нутагладаг орчноосоо дайжих нөхцөл үүссэн.

Олон улсын жишигт байгалийн баялаг болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /рояалти/-ийн тодорхой хувийг олборлолт, ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн орон нутгийн хөгжлийн санд нэмж хуваарилдаг зарчимтай бөгөөд Монгол улс ч энэхүү олон улсын жишгийн дагуу хууль зүйн зохицуулалтыг бий болгосон байдаг. Энэ нь Монгол Улсын Их Хурлаас 2014 онд баталсан Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ/, Засгийн газрын 2018 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ууд юм.

Монгол улсын Газрын тосны тухай  хуулийн 7 дугаар бүлэгт тусгай зөвшөөрлийн төлбөр болон,  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тухайн орон нутагт хуваарилах зохицуулалттай бөгөөд Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь заалтад "Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” гэж тодорхой заасан байдаг.

Гэтэл газрын тосны олборлолт явагдаж буй тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн болон Халхгол, Матад сумдын орон нутгийн хөгжлийн санд газрын тосны

нөөц ашигласны төлбөрийн болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн 30 хувийг дээрх хуульд заасны дагуу Сангийн сайдаас хуваарилахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим"-ыг заасан хууль дээдлэх биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах үндсэн үүргээ дээрх албан тушаалтан биелүүлэхгүй байна үзэж байна.

Мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нутгийн захиргааны байгууллагаас төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан болох Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газруудад удаа дараа хандсан боловч энэхүү асуудал одоо болтол шийдвэрлэгдээгүй.

Түүнчлэн газрын тосны олборлолт явагдаж буй тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн болон Халхгол, Матад сумдын орон нутгийн хөгжлийн санд газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын дагуу Сангийн сайд Ч.Х хуваарилахгүй хууль зөрчиж байгаа нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд ашигт; малтмалын олборлолт, ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тус бүс нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Үндсэн хуулиар олгосон эрхийг эдлүүлэх, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 –т “ ...ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулах гарсан зөрчлийг таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хязгаарлаж төр, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Газрын тосны тухай хуулийг зөрчиж дээрх мөнгөн хөрөнгийг Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн сан, Халхгол, Матад сумдын орон нутгийн хөгжлийн санд жил бүр хуваарилахгүй байгаа Сангийн сайдын хууль бус үйлдэл нь газрын тосны олборлолтын нөлөөлөлд өртөж буй тус бүс нутгийн байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах, хэвээр хадгалах, нөхөн сэргээх, иргэдэд нийгмийн үйлчилгээг тэгш хүртээх, газрын тосны ашиглалтаас үүдсэн сөрөг нөлөөллийг арилгах төрийн чиг үүргийг хязгаарлаж байна. Дээрх орлогыг тухайн орон нутаг /Дорнод аймаг, Халхгол, Матад сумын орон нутгийн хөгжлийн сан/-т хуульд заасны дагуу шударгаар хуваарилснаар тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах нөхцөл бүрдэн, ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах хэвийн нөхцөл хангагдах учиртай юм.

Иймд аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “з” дэх заалтын дагуу дотоод, гадаадад тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх эрхтэй тул иргэд, олон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалтын дагуу тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж батлуулах эрх бүхий албан тушаалтан /Төрийн захиргааны төв байгууллага/ болох Сангийн сайдын газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газрын тосны гэрээт 19,21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт 2015-2019 онуудад төлсөн мөнгөн хөрөнгийн 30 хувь болох нийт 42,9 тэрбум төгрөгийг хуваарилахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдэхдээ нилээд өөрчлөлтүүд орсон. 1991 оны Газрын тосны тухай хууль хэрэгжиж байгаад 20 гаран жилийн дараа шинэчилсэн хууль батлагдсан. Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна.”, 31 дүгээр зүйлийн 31.3 “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.” гэж заасан ба эндээс юу харагдаж байна вэ гэхлээр нэгдүгээрт бие биесээ дараалсан хуулийн заалт. Хоёрдугаарт тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг нь лицензийн төлбөрийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл лиценз олгосон бичиг баримтын төлбөр багахан мөнгө байдаг. Үүний дараа нөөц ашигласны төлбөр, байгалийн нөөц ашигласны төлбөр зэрэг байдаг. Олон улсын зарчмаар тухайн орон нутагт нь бүх дэлхийн улс оронд байгалийн баялаг ашигласны 30-50 хүртэл хувийг тухайн орон нутагт хуваарилж явдаг.

Хууль тогтоогчийн санаа бол нөөц ашигласан төлбөрийн 30 хувийг тусгай зөвшөөрлийн төлбөртэй адилхан нөөц тухайн орон нутагт нь хуваарилахаар заасан байхад Сангийн яам үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа.

Дорнод аймгаас санаачилга гаргаж Засгийн газрын 2018 оны тогтоолоор журмыг батлуулсан. Журамд маш тодорхой зааж өгсөн. Анхнаасаа нөөц ашигласан 30 хувь нь орон нутагтаа хуваарилагдана гэдэг нь олон улсын зарчмын дагуу, хууль тогтоогчийн үзэл санааны хувьд ч яг л ийм байсан. Гэтэл Сангийн яам үүнийг хэрэгжүүлэхгүй, төсөв хуваарилах давуу эрхээ эдэлж орон нутгийг үл тоож хуваарилахгүй байгаа Дорнодын нутаг дэвсгэрээс олборлосон бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг хуваарилахгүй байгаа. Бид нөөц ашигласны төлбөрийг 100 хувь авна гэж маргаагүй. Хууль тогтоомжид заасан Засгийн газрын тогтоол Монгол Улсын Газрын тосны тухай хуульд заасан 30 хувийг орон нутагт шударгаар хуваарилж өгөхийг хүсч байна. Энэ хүсэлтийг хариуцагчид гаргаж байгаа. Үүнийг Сангийн яам давуу эрхээ хэрэгжүүлж шийдвэрлэхгүй байгаа. 2016, 2017 онуудаас л бид энэ талаар маргаан гаргасан байдаг. Сангийн яаманд энэ асуудлаар удаа дараа хандсан. Олон Сайд солигдсон. Тэр тоолонд бид ханддаг боловч бидний хүсэлт шийдвэрлэгдэхгүй явсаар өдрийг хүргэж шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Өлзий шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Газрын тосны тухай хууль /2006 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.” гэж хуульд тодорхой зааж өгсөн. Хариуцагч нь зөвхөн Төсвийн тухай хуулийг барьж тайлбар өгдөг. 

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;” гэж заасан байдаг. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийг Улсын төсөв 70 хувийг, орон нутгийн төсөв 30 хувийг өгнө гээд Газрын тосны тухай хуульд зааж өгсөн. Улсын төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлого гэж Төсвийн тухай хуульд зааж өгсөн.

Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Улсын төсвийн татварын орлого дараах орлогоос бүрдэнэ:” гээд 23 дугаар зүйлийн 23.4.11-д “газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;” гээд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Улсын төсөвт газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь орно. Үлдсэн 30 хувь нь орон нутгийн төсөвт орохыг хуульд тодорхой зааж өгсөн.

Мөн орон нутгийн нэгдсэн сан гэдэг асуудлыг Сангийн яам гаргаж маргадаг. Орон нутгийн нэгдсэн сан гэдэг нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;” гэж заасан байдаг. Тэгэхлээр 70 хувь орсон хөрөнгөөс дахин хуваарилах зарчмыг л тусгаж байгаа болохоос биш үндсэн 30 хувийг ойлгож болохгүй гэдгийг онцолж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн санд төвлөрч байгаа эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5-д “газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.” гэж заасан.  Энэ нь Газрын тосны төлбөр болох 70 хувь нь өөрөө орлого болж байгаа. Үүнийхээ 30 хувийг дахин хуваарилах зарчмаар орон нутгийн нэгдсэн сан гэж ойлгогдохоор хуульд заасан.

Газрын тосны төлбөрийн 70 хувь бол Улсын төсвийн орлого. Гэтэл 100 хувь буцааж авдаг. Улсын төсөвт 70 хувийг авчхаад үлдсэн 30 хувийг дахиад орон нутгийн хөгжлийн санд орлого авах нөхцөлгүй сан байдаг. Орон нутгийн хөгжлийн сан бол зөвхөн улсын төсвөөс санхүүжих байтал улсын төсвийн биш хөрөнгийг дахин хуваарилах зарчмаар оруулж ирж байгаа. Улсын төсөв ямар эх үүсвэрээс бүрдэх нь өөрөө тодорхой байгаа. Татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ. Татварын орлого нь юу юу байх бэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Энэ бол Газрын тосны нөөц ашигласны 70 хувь.

Мөн улсын төсвийн орлого юунаас бүрдэх бэ гэхлээр газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 70 хувиас бүрдэнэ гээд заагаад өгчихсөн. Төсвийн тухай хуулийг яаж ч уншсан гэсэн 30 хувь нь тухайн орон нутагтаа байгаад байгаа. Газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 30 хувь нь Сангийн яамнаас орон нутагт олгоод байдаг. Тэгсэн хэрнэ нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь Газрын тосны тухай хууль батлагдсанаас хойш орон нутагт олгохгүй явсаар ирсэн.

Мөн Газрын тосны тухай хууль батлагдсанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсныг хэрэгжүүлэхгүй яваад байгаа зөрчил Сангийн яаманд байгаа. Энэ асуудлыг гаргаж тавьж байна. Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.” гэж заасан. Тэгэхлээр тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орж ирсэн зүйлийг дахин хуваарилах зарчмыг барих ёстой Төсвийн тухай хуулийн заалттай.

Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувийг улсын төсөвт авч үлдсэн 30 хувийг орон нутгийн хөгжлийн санд, Улсын төсвийн 70 хувиасаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гээд байгаа Сангийн яаман дээр төвлөрч байгаа нэгдсэн санд 30 хувь орох зохицуулалттай байгаа.

Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд дараах эрх үүсвэрээс бүрдэнэ гээд энэ дээр импортын бараа ажил үйлчилгээний 5 хувь. Улсын төсөвт энэ нь 100 хувь ордог. Үүнээс зөвхөн 50 хувийг нь л нэгдсэн санд өгөхөөр заасан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 100 хувь улсын төсөвт авдаг бол эндээс 5 хувийг нь нэгдсэн санд өгөхөөр хуульчилсан. Мөн Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувийг Улсын төсөвт авч үүнийхээ 30 хувийг нь л орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр заасан. Энэ эх үүсвэр бүрдсэн эх үүсвэрээсээ орон нутгуудад тусгай интервалаар хуваахаар хуульд зохицуулсан байхад Сангийн яам эс үйлдэхүй гаргаж Улсын төсөвт 100 хувь газрын тосны нөөц ашигласны төлбөрийг авч байгаа нь буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.”  гэж заасан нь тусгай хуулийг ерөнхий хуулиас түрүүлж хэрэглэх мөн ЗХШХШТ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.” гэж  заасан зохицуулалтууд байгаа. Энэ зарчмын хүрээнд буюу ЗХШХШТ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгчээс орон нутагт орох ёстой мөнгөн хөрөнгийг хуваарилах асуудлыг эрх зүйн хууль хэрэглээ нь нэгдүгээр ээлжид Засгийн газрын 2018 оны 5 дугаар тогтоол байна. Тус тогтоолын 4.1-д  “Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.11, 23.4.12-д ”маш тодорхой заасан байдаг. Эдгээр хуулийн заалтуудыг Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6, 31.3 дахь заалтын дагуу Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул ашигласны талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг Төрийн сангийн нэгдсэн сангаас хуваарилна гэж заасан. Энэ нь юу гэж хэлж байна вэ гэхлээр энэ нарийвчилсан зохицуулалтыг бий болгосон журам дээр тус тусд нь буюу Улсын төсөвт 70 хувийг, орон нутагт 30 хувийг олгоно гэдэг зохицуулалтыг бий болгосон учраас эрх зүйн хэм хэмжээний эрэмбийн дагуу, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүнийг хэрэглэх боломжтой гэж харж байна.

Тусгай хуулийг ерөнхий хуулиас түрүүлж хэрэглэнэ. Тусгай буюу тусгайлсан тухайн харилцааг зохицуулсан хууль маань өөрөө Газрын тосны тухай хууль байгаа. Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.” гэж заасан ба тус тус гэдэг нь хоёр өөр эх үүсвэр гэдгийг тодотгож байгаа учраас ЗХШХШТ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу тусгай хуулийг ерөнхий хуулиас түрүүлж хэрэглэх энэ эрх зүйн хууль хэрэглээний зарчмыг баримтлах ёстой байсан. Ийм учраас Сангийн яам энэ дээр эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж нэхэмжлэлийг гаргасан” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Сангийн яамнаас төсвийн тухай хууль сангийн яамнаас 30 хувь нь олгогдоно гэсэн заалт хаана байгаа юм бэ гэсэн асуудал тавьж байна. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:” гэж заасан. 23 дугаар зүйлийн 23.7.3-д “хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх бусад орлого.” Гэж заасан. Гэтэл Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.” гэж зааснаар шууд ойлгож болно гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан хариу тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй,  нотлох баримтгүй байна. Учир нь ганц Төсвийн тухай хуулиар зохицуулагдахгүй. Газрын тосны тухай хуулиар мөн зохицуулагдана. Сангийн Сайдын эс үйлдэхүйгээс болж бодит амьдрал дээр байгаа Халх гол Матад сумын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн баялгаа хамгаалуулах эрх нь зөрчигдөж байна.  Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй Сангийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. “Газрын  тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6,5 тэрбум, 2016 оны 6, 5 тэрбум, 2017 оны 9,9 тэрбум, 2018 оны 10,0 тэрбум, 2019 оны 10,7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байгаа Сангийн сайдын эс үйлдэхүйг тогтоолгож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс нийт 42.9 тэрбумыг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхийг Сангийн сайдад даалгах тухай” шаардлагын тухай:

Төсвийн тухай хуульд “тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэсэн тодорхойлолт байхгүй бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалтад “орон нутгийн

хөгжлийн нэгдсэн сан” (ОНХНС) гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг" ойлгоно гэж тодорхойлсон. Харин Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай /ОНХС) байна.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл “орон нутгийн хөгжлийн сантай” “орон нутгийн хөгжлийн сан” нь хоорондоо ялгаатай тусдаа ойлголтууд юм.

Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ОНХНС нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

- 59.1.1. Импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 5 хувь;

- 59.1.2. Ашигт малтмалын тухай хуулийн 473 дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь;

-59.1.3. Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг;

- 59.1.5.  Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төлөвлөгөө

Эх үүсвэр

2015 он

2016 он

2017 он

2018 он

2019 он

2020 он

1

Дотоодын НӨАТ-ын орлого-5%

72,783,0

41,800,0

20,739,5

21,116,0

39,105,0

33,837,5

2

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр-5%

 

21,347,5

 

12,769,6

 

16,516,6

 

40,366,6

 

63,250,0

 

60,607,6

3

Газрын тосны нөөц ашигласны төлбөр-30%

 

11,324,0

 

4,944,9

 

8,605,4

 

9,950,7

 

15,325,7

 

5,602,1

4

Олон улсын төсөл хөтөлбөрөөс урамшуулал, дэмжлэг

 

 

 

7,152,0

 

17,166,7

 

15,178,4

 

12,059,0

 

 

Нийт

 

105,454,5

 

59,514,5

 

53,013,5

 

88,600,0

 

132,859,1

 

172,306,6

 

Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал”-ын дагуу ОНХНС-ын хөрөнгийг Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан дараах итгэлцүүрийг авч аймаг, нийслэлийн ОНХС-д хуваарилдаг. Үүнд

          - 59.3.1. Орон нутгийн хөгжлийн индекс;

          - 59.3.2. Хүн амын тоо;

          - 59.3.3. Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ;

          - 59.3.4. Орон нутгийн татварын идэвх санаачилга.

Дорнод аймгийн хувьд 2015-2019 онуудад ОНХНС-аас Дорнод  аймгийн ОНХС-д нийт 17,9 тэрбум төгрөгийг дээрх итгэлцүүрээр тооцон олгосон байна . Үүнийг хүснэгтээр харуулбал:

            ОНХНС-аас Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн санд хийгдсэн орлогын шилжүүлгийн гүйцэтгэл

 

 

Эх үүсвэр

2015 он

2016 он

2017 он

2018 он

2019 он

1

Дотоодын НӨАТ-ын орлого-5%

3,280,8

1,94,0

934,5

829,5

1,597,1

2

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр-5%

467,1

409,5

397,2

1,583,9

2,583,2

3

Аймаг нийслэлээс дахин хуваарилах

277,3

762,8

 

 

 

4

Газрын тосны нөөц ашигласны төлбөр-30%

257,7

258,6

387,8

390,9

625,9

5

Олон улсын төсөл хөтөлбөрөөс урамшуулал, дэмжлэг

 

 

364,7

846,2

764,2

Нийт

4,282,9

3,371,0

2,084,1

3,650,4

5,570,5

Түүнчлэн, ОНХНС-ийн итгэлцүүрээр тооцож олгох эх үүсвэрүүдээс гадна Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрүүдээс аймаг, нийслэлийн ОНХС-д тодорхой орлогыг шилжүүлэг хийгдэх бөгөөд үүнд:

- 60.2.4. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр;

- 60.2.5. Тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг.

- 60.2.6.  Ашигт малтмалын тухай хуулийн 473 дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 10 хувь;

- 60.2.7. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь.

Дорнод аймгийн ОНХС-д 2015 оноос 2019 оны хооронд ОНХНС-аас итгэлцүүрээр тооцож олгох болон Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан эх үүсвэрээс нийт 19.2 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдсэн байна. Үүнийг хүснэгтээр харуулбал

Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн санд хийгдсэн орлогын шилжүүлгийн гүйцэтгэл

Эх үүсвэр

2015 он

2016 он

2017 он

2018 он

2019 он

Нийт

1

ОНХНС-ийн эс үүсвэр

4,282,9

3,371,0

2,084,1

3650,4

5,570,5

 

 19,242,14

2

Ашигт малтмал хайгуул болон ашиглалтын тухай зөвшөөрөл /50-100%/

 

 

 

 

 

283,2

 

2. “Газрын тосны тухай хуулийн долдугаар бүлэгт тусгай зөвшөөрлийн төлбөр болон, ашигт малтмалын нөөц  болон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тухайн орон нутагт хуваарилах зохицуулалттай бөгөөд Газрын тосны тухай 30 дугаар зүйлийн 30.6 дахь заалтад “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” гэж тодорхой заасан байдаг. ” гэх үндэслэлийн тухай:

Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7 дахь заалтад “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгож” гэж, мөн хуулийн 60.6 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын 50-аас доошгүй хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно” гэсэн нь хувь хэмжээг ялгаатай тусгасан зохицуулалттай юм. Өөрөөр хэлбэл, Газрын тосны тухай хуульд заасан хувь хэмжээ нь Төсвийн тухай хуульд зааснаас бага боловч тус яам нь төсвийн харилцаанд нарийвчилсан хууль болох Төсвийн тухай хуулийг баримтлан илүү хэмжээгээр шилжүүлж байгаа болно. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7 дахь заалтад заасан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Дорнод аймагт 2019 оны төсвийн жилд 534 сая төгрөг байхаар төлөвлөснөөс 283 сая төгрөгийг “Ашигт малтмал газрын тосны газар”-аас ирүүлсэн төлбөрийн гүйцэтгэлийн сар, улирлын мэдээг үндэслэж олгосон. Харин 2020 оны төсвийн жилд тус эх үүсвэрээс Дорнод аймгийн ОНХС-д доорх хүснэгтэд зааснаар 973 сая төгрөгийн шилжүүлэг хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Дорнод аймгийн ОНХС-д олгох тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлөвлөгөө

Эх үүсвэр

2019 он

2020 он

1

Ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрлийн төлбөр

       534,2

385,20

2

Ашигт малтмал хайгуул болон ашиглалтын тухай зөвшөөрөл /50-100%/

 

 

588,01

НИЙТ

534,2

973,2

Сангийн яам нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмыг баримтлан чиг үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасны дагуу ОНХС-д дээр дурдсан шилжүүлгийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь улсын хэмжээнд нэг л сан байгаа. Уг сан гурван эх үүсвэрээс бүрдэнэ. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувь дотоодын НӨАТ-ын 5 хувь, АМНАТ-ын 5 хувиас бүрдэнэ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн үндсэн зорилго нь орон нутагт иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хөрөнгө оруулалтыг дэмжих уул уурхайгаас орж ирж байгаа орлогуудыг дахин хуваарилах гэсэн үндсэн конценцтой сан. Нэгдсэн сан гэдэг нь ганц л нэгдсэн сан байгаа. Газрын тосны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Гэрээлэгч нь тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлсний хэмжээг дараа оны нэгдүгээр улиралд багтаан холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.” гэж заасан ба аймагт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байхгүй. “тухайн” гэсэн үгч байхгүй. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэдэг нь улсын хэмжээнд нэг сантай. Энэ сан нь төвлөрүүлсэн нэг сангаас орон нутагт бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад зориулж итгэлцүүрээр орон нутгийн хөгжлийн индекс хүн амын тоо нягтрал алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ гэх зэрэг байдлыг харгалзан дахин хуваарилдаг.

Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувь бол тухайн орон нутагт олгогдох ямар ч хууль эрх зүйн үндэс байхгүй. Харин орон нутгуудад аймгуудад, сум дүүрэгт өөрсдийнх нь орон нутгийн хөгжлийн сан гэж тусдаа байгаа.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэдэг юм тухайн аймагт гэж огт байхгүй. Энэ бол ганц л сантай. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 2018 оны 5 дугаар тогтоол гэдэг дээр Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 буюу орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орох Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийн дагуу гэдгийг маш тодорхой хэлээд өгсөн байна. Бид нэгдсэн сангийн тухай ярьж байгаа тохиолдолд аль нэг аймгийг онцолж ярих боломжгүй. Энэ нь Улсын хэмжээнд байдаг нэг л сангийн тухай ярьж байгаа гэдгийг ойлгох ёстой.

Хууль эрх зүйн үндэслэл нь Газрын тосны нөөц ашигласны 70 хувь нь улсын төсөвт ордог. Үлдсэн 30 хувийг нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд ордог. Энэ нэгдсэн сангаасаа Ашигт малтмалын газраас ирсэн мэдээн дээр үндэслээд тухайн сарын орлогынхоо гүйцэтгэл дээр үндэслээд шилжүүлгүүдийг аймгуудын орон нутгийн хөгжлийн сан руу шилжүүлгийг сар болгон хийж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.”  гэж заасан байдаг. Энэ нь тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол гэж байгаа. Энэ харилцаа маань өөрөө ямар харилцаа юм бэ гэхлээр төсвийн харилцаа болж байгаа. Төсөв хуваарилах, төсөвт орлого төвлөрүүлэхтэй холбоотой харилцаа байгаа. Төсвийн тухай тусгайлсан хууль нь байгаа. Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.” гэж тодорхой зааж өгсөн. Энэ нь өөрөө төсвийн харилцаа учраас төсвийн харилцаа орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө шилжүүлэх, хуваарилахтай холбогдсон харилцаа Төсвийн тухай хуулиар зохицуулагдана. Төсвийн хуулиар зохицуулаад Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн нэгдсэн сан гэдэг нь хоёр өөр тусдаа ойлголт. Тухайн аймгийн орон нутгийн нэгдсэн сан гэж байхгүй. Энэ нь зөвхөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байгаа. Энэ харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулж байгаа. Төсвийн тухай хуулиар 30 хувийг орон нутгийн нэгдсэн санд, тухайн орон нутгийн хөгжлийн санд шилжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Энэ нь хоёр өөр харилцаа. Үүнийг ДАЗДсайн мэдэж байгаа.

Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.” гэж заасан ба нэгдсэн сан гэж бичсэн учраас төвлөрүүлэх харилцааг зохицуулсан. Төвлөрүүлэх нь Ашигт малтмал, газрын тосны газрын чиг үүрэг. Сангийн яам буюу Улсын төсөвт ороод ирсэн хөрөнгийг цаашид хуваарилах асуудал нь Сангийн яаман дээр байгаа. Тэгэхлээр Сангийн Сайдын эрх хэмжээн дотор төвлөрүүлэх чиг үүрэг байхгүй. Бид нар Төсвийн тухай хуулиар орж ирсэн мөнгийг Төсвийн тухай хуулийн дагуу цаашаа хуваарилах асуудлууд байгаа. Энэ нь хоёр өөр тусдаа харилцаа байгаа. Мөн тухайн харилцааг тухайлан зохицуулсан хууль нь Төсвийн тухай хууль. Төсвийн харилцаа нь зөвхөн Төсвийн тухай хуулиар зохицуулагдана гэсэн зохицуулалттай учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч ДАЗД  Газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6.5 тэрбум, 2016 оны 6.5 тэрбум, 2017 оны 9.9 тэрбум, 2018 оны 10.0 тэрбум, 2019 оны 10.7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс нийт 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “42.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхийг хариуцагчид даалгах” гэснийг “42.9 тэрбум төгрөгийг хуваарилахыг хариуцагчид даалгах” болгож нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6.5 тэрбум, 2016 оны 6.5 тэрбум, 2017 оны 9.9 тэрбум, 2018 оны 10.0 тэрбум, 2019 оны 10.7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс нийт 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилжээ.

          Нэхэмжлэгч ДАЗД түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Сангийн яаманд холбогдуулж газрын тосны нөөц ашигласны төлбөр 2015-2019 онуудад нийт 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахгүй эс үйлдэхүй гаргаж Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд,.......төвлөрүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж энэ төлбөрийг улсын хэмжээнд хуваарилж байгаа нь хууль бус гэж, хариуцагч хуулийн энэ заалтын “тухайн” гэдэг үгээр бус харин “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэсэн улсын хэмжээнд нэг байдаг санд төвлөрч дахин хуваарилагддаг тул хууль зөрчөөгүй гэж тус тус маргаж байна.

Шүүх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аймгийн Засаг даргад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй нэхэмжлэл гаргах эрхгүй  этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хэлэлцээд уг маргаан нь нийтийн эрх зүйн харилцаанд үүссэн, төрийн захиргааны болон Аймгийн Засаг даргын төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд үүссэн маргаан тул шүүхийн хэлэлцүүлгээр мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэлэлцэн шийдвэрлэхэд хууль зөрчихгүй, түүнчлэн талуудын маргааны үндэслэлийг тодруулах ач холбогдолтой гэж үзэж хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн даалгах шаардлагын нөөц ашигласны төлбөрийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх гэснийгээ “хуваарилуулах” гэж өөрчилсөн боловч 2015-2019 онуудад хуваарилагдаж авсан үнийн дүгнээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 42.9 тэрбум төгрөгөөсөө хасаж өөрчилсөнгүй.

Шүүх нэхэмжлэгчийн тодруулж  өөрчилсөн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ДАЗД түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дахин хуваарилахдаа Төсвийн тухай хуулийн зохицуулалтаар бус Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан тухайн орон нутагт 30 хувийг дахин хуваарилж, харин улсын төсөвт төвлөрсөн 70 хувийг бусад аймгуудад хуваарилах ёстой гэсэн тайлбар үндэслэл муутай байна.

Нэхэмжлэгч тал газрын тосны нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмал, газрын тосны газар тус санд төвлөрүүлж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дахин хуваарилалт хийж Засгийн газраар хэлэлцүүлэн жил бүрийн төсөв болж Улсын их хурлаар батлагдан зарцуулагддаг үйл баримттай маргаагүй, харин Сангийн яамны дахин хуваарилалт хийж Засгийн газраар хэлэлцүүлэн хууль болж батлуулах хүртэлх үйл явц буюу газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дахин хуваарилахдаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орох ёстой 30 хувийг энэхүү бүтээгдэхүүний олборлолт явуулдаг тухайн орон нутагт нь өгөхгүй байгаатай санал нийлэхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “эс үйлдэхүй” гэх эхний хэсгийн хүрээнд авч үзвэл Сангийн яам газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дахин хуваарилахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч ДАЗД-гын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарласнаар Сангийн яамнаас  тус аймагт 2015 онд 257.7 сая төгрөг, 2016 онд 258.6 сая төгрөг, 2017 онд 387.8 сая төгрөг, 2018 онд 390.9 сая төгрөг 2019 онд 625.9 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тус тус хуваарилсан, аймгийн Засаг даргын нөөц ашигласны орлогоос орон нутгийн хөгжлийн санд хуваарилуулах тухай хүсэлтэд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4-2/4818 дугаар[1], Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4-1/384 дүгээр[2]  албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлж байсан үйл баримтууд тогтоогдлоо.

 Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах  бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.”, 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;”, Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.” гэж зохицуулсны дагуу нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмал, газрын тосны газар төвлөрүүлэн түүний 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд шилжүүлснээр хариуцагч Сангийн яам уг төлбөрийг дахин хуваарилалт хийж байгааг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Сангийн яам Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 12.1.2-т “улсын төсөв........тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах;” гэж хуульчилсны дагуу орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлсэн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг улсын хэмжээнд аймаг бүрд тэнцүү байдлаар дахин хуваарилж байгааг буруутгах боломжгүй.

Тодруулбал хариуцагч Сангийн яам жил жилийн улсын төсвийг боловсруулах бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилго бүхий орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрсөн газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс 2015-2019 онуудад Дорнод аймагт нийт 1.9 тэрбум төгрөгийг дахин хуваарилж олгосон байна.

Харин ийнхүү улсын хэмжээний нэгдсэн санд төвлөрсөн хөрөнгийг дахин хуваарилахдаа энэхүү 30 хувийг бүгдийг Дорнод аймагт олгохгүй байгаа нь хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-ийн талаар, 59 дүгээр зүйлд тус сангийн эх үүсвэр болон орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг тодорхойлох итгэлцүүрийг, 60 дугаар зүйлд “орон нутгийн хөгжлийн сан” түүний эх үүсвэрийн талаар тодорхой хуульчилсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд маргааны гол зүйл болсон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувь буюу орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрсөн хөрөнгийг дахин хуваарилж байгаа хариуцагчийн үйлдэл нэхэмжлэгчийн тэр тусмаа Дорнод аймгийн ард иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Нөгөө талаар газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дахин хуваарилж байгаа Сангийн яамны чиг үүрэг нь улсын төсвийг боловсруулах, дахин хуваарилах хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу Төсвийн тухай хуулиар зохицуулагдах  харилцаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд харин энэхүү харилцааг нарийвчлан зохицуулах хууль нь Газрын тосны тухай хууль гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль бус.

Учир нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төсвийн орлого  нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ.”, 23.2-т “Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.”, гэж хуульчилсан бөгөөд үүнээс үзвэл Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар газрын тосны нөөц ашигласны төлбөр нь төсвийн бүрдэл хэсэг болно.

Хуулийн дээрх зохицуулалттай холбож дүгнэхэд улсын төсвийн бүрдэл хэсэг болсон газрын тосны нөөц ашигласны төлбөрийг Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасан итгэлцүүрийг үндэслэн хэрхэн хуваарилах эрх нь зөвхөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хангах хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн даалгах шаардлагын тухайд мөн адил хангагдах боломжгүй.

Өөрөөр хэлбэл  хариуцагч Сангийн яам хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрсөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дахин хуваарилахдаа нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн, хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, шийдвэр гаргахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч ДАЗД Газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6.5 тэрбум, 2016 оны 6.5 тэрбум, 2017 оны 9.9 тэрбум, 2018 оны 10.0 тэрбум, 2019 оны 10.7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс нийт 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд 2015-2019 онуудад шилжүүлж авсан нийт 1.9 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагын 42.9 тэрбум төгрөгийг Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Сангийн яам төсөв түүнтэй адилтгах орлогыг дахин хуваарилахдаа засаг захиргааны нэгж болох сумдад хуваарилах чиг үүрэг хүлээдэггүй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч Сангийн яам орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрсөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дахин хуваарилаагүй, нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, эсхүл шийдвэр гаргахаас хууль бусаар татгалзсан зэргээр хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.              

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 4 дүгээр зүйлийн 4.1.28, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 59 дүгээр зүйлийн 59.3, Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус үндэслэн Газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6.5 тэрбум, 2016 оны 6.5 тэрбум, 2017 оны 9.9 тэрбум, 2018 оны 10.0 тэрбум, 2019 оны 10.7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс нийт 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахыг хариуцагчид даалгах нэхэмжлэгч ДАЗД-гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

          3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас