Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч Б.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 1725004790056 дугаартай хэргийг шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ГовьАлтай аймгийн Тонхил суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү, нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Дөмөгийн задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бигэр овогт Гансүхийн Г РД /ДВ90120515/

Прокуророос, шүүгдэгч Г.Гыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Дөмөгийн задгай” гэх газарт Б.Пийн өмчлөлийн эд зүйлс хадгалах зориулалт бүхий цоожтой контейнерийн цоожийг эвдэн нэвтэрч 90 кг үхрийн мах хулгайлж 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Дөмөгийн задгай” гэх газарт хашаанд байрлах Б.Пийн өмчлөлийн эд зүйлс хадгалах зориулалт бүхий цоожтой контейнерийг манаж хамгаалах үүрэг хүлээсэн Г.Г цоожийг нь эвдэн нэвтэрч орж 90 кг үхрийн мах авч гараад хүнсний зах дээр аваачиж 360 000 төгрөгөөр зарсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3- 5-р хуудас/, хохирогч Б.Пийн мөрдөн байцаалтад өгсөн... “2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Л.Сарангэрэлийн хамт өөрийн эзэмшлийн Оюут багт байрлах Дөмгийн задгайн аж ахуйн хашаан дээрээ очоод контейнерийг онгойлгоод махаа авах гэтэл хаалга нь онгорхой цоож нь доошоо унасан байсан, тухайн контейнер дотор 5 том шар үхрийн мах хураалттай байсан. 3 үхрийн мах алга болчихсон байсан тэгээд хулгай орсон байгааг мэдээд цагдаад хандсан.” гэх мэдүүлэг, гэрч Л.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн...” хулгай орсон гэх контейнерт байсан 5 үхрийн махыг бэлдэж өгсөн Наранцэцэг Оюунбаяр болон миний нөхөр Паламдорж нар мэдэж байгаа. Нэг үхрийн мах нь дунджаар 240 кг болж байсан. Том биетэй шарнуудын мах байсан. Бага үхрийн махыг зараад дуусчихсан байсан. Би Гыг өөр хүнтэй хамтарч зарсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунбаярын мөрдөн байцаалтад өгсөн...”Паламдорж Сарангэрэлийн нарын хамт хөдөө очиж хоноод малыг нь Орхон аймагт тууж ирсэн. Нилээд олон мал байсан. Орхон аймагт ирээд Паламдоржийн малыг нядалсан, би гэдсийг нь цэвэрлэж хөлс мөнгө авсан. Нийт 20 гаран үхэр 40-50 орчим хонь ямааг нядалсан. Паламдорж Сарангэрэл нар махаа зарна гэж байсан. Тэрнээс хойш 2017 оны 12 дугаар сард Паламдорж Сарангэрэл нараас 2 хонины махыг зээлээр очиж авахдаа Дөмөг худалдааны төвийн харалдаа байх Паламдорж Сарангэрэл нарын агуулах хашааны контейнерээс авсан. Тухайн үед хонь ямаа үхрийн маш олон мах байсан. 2018 оны 01 сард Сарангэрэлээс үхрийн махаа алдсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг,гэрч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн.....”2017 оны эхний цас орсон үе буюу 11 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ Паламдорж Сарангэрэл нар сувиа 21 ширхэг үхэр 50 гаран хонь ямаа махлах гээд Орхон аймаг руу туусан. Сарангэрэл нар тууж явсан малнаасаа 3 үхрийг нь буцаасан. Бусад малыг махалсан. Сарангэрэл надад хэлэхдээ жижиг малыг нь зээлээр өгчихлөө, 5 шарын /үхэр/ мах үлдээд контейнерт хадгалчихлаа гэж ярьж байсан. Тэрнээс биш контейнэрт 5 үхрийн мах байсан эсэхийг нүдээрээ бол хараагүй Сарангэрэл залгаад хулгай ороод үхрийн махнууд байхгүй болчихсон байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг ,гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн.....”Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны 12 дугаар сарын дундуур байсан. Намайг ажил дээр байхад намхан нуруутай залуу ганцаараа ирээд би Өмнөговь аймагт байх уурхайд ажилладаг юм ажил руугаа явах гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихоод байна. Надад идэшний үхрийн мах байгаа тэрийг зараад зардлын мөнгө хийх гэсэн юм гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд тэр залуу хямдхан зарна, та өөрөө үнээ хэлээд ав гэж хэлсэн. Би өөрөө мах зардаггүй болохоор “Хүлэг” худалдааны төвийн махны ченж Эрдэнэцэцэг эгчид очоод нэг хүн хямдхан мах зарах гэж байна, та авахгүй юм уу гэхэд Эрдэнэцэцэг эгч харж байгаад болно гэж хэлсэн. Надаас Эрдэнэцэцэг эгч ямар учиртай мах юм бэ гэхээр нь би мэдэхгүй идэшний мах гэсэн гэж хэлсэн. Тэгээд нөгөө залууг махаа аваад ир гэхэд хэсэг хуцгацааны дараа нөгөө залуу ирэхдээ цагаан өнгийн суудлын жижиг машины багажинд нэг ширхэг сээртэй хаа, сээргүй 1 ширхэг хаа, нуруу, өвчүү зэрэг мах авчирсан. Эрдэнэцэцэг эгч гарч махыг нь харчихаад 1 кг махыг 2000 төгрөгөөр авсан. Нийт 90 кг махыг 180 000 төгрөгөөр худалдаад авчихсан. Мөнгийг нь Эрдэнэцэцэг эгч өөрөө өгөөд худалдаад авсан. Би Эрдэнэцэцэг эгчид хямдхан мах байна л гэж хэлсэн юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн...Миний худалдаж авсан гэх мах нь жижигхэн сээртэй хаа, дан хаанууд нь жижигхэн ястай, харин нурууных нь мах нь том үхрийнх байсан. Өвчүү бас нилээд том үхрийнх шиг харагдаж байсан. Гэхдээ өвчүүг нь машинаас гаргаж ирээгүй. Надад мах зарсан залуу машинтай жолоочтой хамт явж байсан”гэх мэдүүлэг, ”Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай: ” ... эд зүйлд үнэлгээ тогоосон. Үхрийн мах нийт 2,880,000” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн...”Би дахиж архи уумаар санагдаад байсан болохоор “Хүлэг” хүнсний зах ороод мах зарж байсан хүнээс мах авах уу гэхэд авна, аваад ир гэхээр нь би эргээд гэртээ хариад хашаанд байх махтай контейнерийн хаалганы түгжээг гэрийнхээ хүрзээр хөшиж байгаад онгойлгож дотроос нь үхрийн 2 ширхэг хаа, 1 ширхэг өвчүү, үхрийн ууц нуруу зэргийг өргөөд гэртээ оруулж тавьчихаад эргэж гараад Дөмөг худалдааны төвийн хажуу талаас такси бариад гэртээ оруулсан махыг ачаад “Хүлэг” зах дээр авчираад нэг кг махыг 2000 төгрөгөөр зарчихсан. Нийт 90 кг махыг 180 000 төгрөгөөр зарчихаад архи уучихсан. Тэр орой вагонд сууж Улаанбаатар хот руу яваад Чингэлтэй дүүргийн 7 буудалд байр түрээсэлж байсан найз дээрээ очоод архидсан. Би ганцаараа мах хулгай хийсэн. 90 кг мах хулгайлсан. 720 кг мах хулгайлаагүй” гэх мэдүүлэг,... гэх мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн ...Хөдөөнөөс 22 үхэр авч ирээд заримыг нь амьдаар нь зараад, заримыг нь буцаагаад 5 үхэр авч үлдэж махалсан. 5 том үхэр байсан. Махнуудыг контейнерт хийсэн. Ерөөсөө зараагүй байсан юм. 3 үхрийн мах алга болсон. Хонины махнууд бас байсан. 90 кг мах гэж худал яриад байгаа. 720 кг мах алга болсон. Хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г...Би ганцаараа орсон. 2-3 үхрийн мах л байсан байх. Би 90 кг мах л авсан. Жижиг махнууд байсан. Гэм буруугаа хүлээж байна” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр нотлох баримтуудаар Г.Г 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Дөмөгийн задгай” гэх газарт хашаанд байрлах Б.Пийн өмчлөлийн эд зүйлс хадгалах зориулалт бүхий цоожтой контейнерийн цоожийг нь эвдэн нэвтэрч орж 90 кг үхрийн мах авч гараад хүнсний зах дээр аваачиж 360 000 төгрөгөөр зарсан болох нь тогтоогдсон, хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон байна. Харин, хохирогчийн “720 кг мах авсан” гэдэг мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч тогтоогдоогүй тул Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Г.Гд холбогдох хэргээс 630 кг мах хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн “...5 үхэр авч үлдэж махалсан. 5 том үхэр байсан. Махнуудыг контейнерт хийсэн. Ерөөсөө зараагүй байсан юм. 3 үхрийн мах алга болсон...”гэх мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар батлагдаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Г.Гын 90 кг мах хууль бусаар авсан гэх хэргийг хэлэлцэж шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Гын, бусдын тусгайлан хамгаалсан агуулахад нууцаар ,хууль бусаар нэвтэрч 90 кг мах авсан энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан, нийгэмд аюултай, санаатай үйлдсэн үйлдэл байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй баримт авагдаагүй, тэрээр Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33-45-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохиролын хэмжээ хохиролыг нөхөн төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн ялыг тэнсэх, чөлөөлөх хуулийн үндэслэлгүй байна. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Г.Г хохиролд 360 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 77-р хуудас/, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хохирол төлөгдсөн болох нь нотлогдсон. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Гийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гыг цагдан хорьсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ