Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/278

 

 

 

                                                                                                                                                          

                               2020/ШЦТ/278

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: С.Батсүх

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

              Шүүгдэгч: С.Б

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бэд холбогдох эрүүгийн 1812005390203 тоот хэргийг хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын .............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Сын Б/РД:АЕ............../

 

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 04 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутагт шороон зам дээр 11-90 УНМ улсын дугаартай Тоёото Пийлдэр маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар зорчигч Х.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн зорчигч С.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 1812005390203 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жын өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө үүрээр 07:00 цагийн үед манай хүргэн ах Б над руу залгаад Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутагт С.Б зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөө байгаа хүмүүстэй утсаар ярьсан чинь осол гараад С.Б нас барсан байна гэж хэлэхээр нь би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдөө ажил явдал дээр нь ирсэн. Манай дүү өмнө нь ямар нэгэн архаг хууч өвчин гэхээр зүйл ярьдаггүй байсан. Ямар нэгэн архаг хууч өвчин гэхээр зүйл байгаагүй. Би хамгийн сүүлд 09 дүгээр сарын эхээр нэг удаа Өлзийт суманд уулзсан. Надтай уулзахдаа биеийн байдал нь зүгээр байсан. Өмнө нь манай дүүд ямар нэгэн ил харагдах шарх сорив гэх зүйл байгаагүй. С.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй бол тухайн осол гарч миний дүү амь насаараа хохирохгүй байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-32 дугаар тал/

 

            *Хохирогч Х.Тийн өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 08-ны орой 21:00 цагийн үед талийгаач С.Б руу манай найз С.Б залгаад манай гэрт сумын төвөөс хоёр найз ирчихсэн байна хүрээд ирээч гэхээр нь талийгаач С.Б бид хоёр миний мотоциклоор С.Бийн гэрт очсон. Тэгээд С.Бийн гэрт нь очиход сумын төвөөс ирсэн хоёр найз нь О.Б, Д.А, С.Бийн эхнэр хүүхэд гэх хүмүүс байсан. Намайг гэрт нь ороход хоол цай хийчихсэн нэг шил 1 литр 75 граммын Соёрхол нэртэй архи талаараа байсан. Тэгээд С.Б бид хоёр тухайн архинаас уугаад дахин хоёр шил архи уусан. Тухайн архины нэрийг нь санахгүй байна. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 01:00 цагийн үед талийгаач С.Б бид хоёр гэртээ харилаа гэсэн чинь С.Б бид хоёрыг хүргэж өгье гээд гарах гэсэн чинь тэнд байсан хүмүүс бүгдээрээ хамт явахаар болоод манай гэрт ирээд хөзөр тоглож нэг шил Ерөөл нэртэй 0.5 граммын архи уусан. Тэгээд шөнө 04:00 цагийн үед манайд ирсэн хүмүүс буцаж явах гэж байсан чинь тэнд байсан хүмүүс талийгаач бид хоёрыг хамт яваад буцахдаа мотоциклоо унаад ирээч гэхээр нь бид хоёр гэрээс гараад машинд суух гэж байсан чинь С.Б би машин бариад явъя гэж хэлсэн чинь машины эзэн Б.Ж би өөрөө машинаа бариад явна гэж хэлсэн чинь С.Б би чиний машиныг асуудалгүй бариад явчихна гээд тэгээд С.Б машин бариад бид нар манай гэрийн гаднаас хөдлөөд явж байсан чинь талийгаач С.Б жолооч С.Бэд хандан чи хэтэрхий хурдтай давхиад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь С.Б би хүн давхиад байна гэж хэлбэл давхиад л байдаг хүн, зөөлөн яв гэж хэлбэл зөөлөн явна гэж хэлээд удалгүй бид нарын сууж явсан машин онхолдоод зам дээр 2-3 удаа хөрвөөсөн. Тэгээд би машинаас хойд талын цонхоор мөлхөөд гарч ирсэн чинь талийгаач С.Б машинаас шидэгдээд гадна талд нь ухаангүй хэвтэж байсан. Тэгээд бид нарын багийн эмч рүү ярьж дуудлага өгсөн. Би осол болох үед тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж явсан. Осол болсон машин дотор том хүн 8, хүүхэд 2 нийт 10 хүн сууж явсан. Би тухайн үед арын суудал дээрээ өвөр дээрээ хүн суулгачихсан байсан тул зогсоох арга хэмжээ авсан эсэх, хэр зэрэг хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед С.Б архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Осол болох үед дунд зэргийн согтолттой хүмүүстэй юм яриад байсан. С.Б хурдтай давхиж байгаад осолд орсон. Би гомдолтой байна. Миний биед учирсан гэмтэл, түүнийг эмчлэхэд гарсан зардал мөнгийг нэхэмжилж байна. Би осолд орсоноос хойш эмчлүүлсэн эмчилгээний зардал мөнгийг баримттай нь хэрэгт хавсаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-37 дугаар тал/,

 

            *Иргэний хариуцагч Б.Жын өгсөн:

            “...Тухайн автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа. Би уг автомашиныг 2018 оны 02 дугаар сарын үед Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан учраас банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан лизиндэж авч байсан. Би өөрөө хөдөөгийн хаягтай учраас зээл авч болохгүй байсан. Иймээс өөрийн хамаатны ах Самдангийн ЗолЖын нэр дээр лизиндэж Нет капитал лизинг ХХК-аас авч байсан. Би өөрөө сар бүрийн төлөлтийг нь хийдэг ба сард 350.000 төгрөгийг төлдөг. Надад өөрийгөө иргэний хариуцагчаар тогтоогдсонтой холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй. Намайг айлаас өөрийн хүүхдээ тэвэрч гарч ирээд автомашин дээрээ иртэл С.Б миний автомашины жолоон дээр суучихсан байсан. Ингээд би түүнд хандаж би өөрөө автомашинаа баръя гээд С.Бэд 2-3 удаа хэлсэн. С.Б надад хандаж чи хүүхдээ тэврээд урд суучих л гэсэн. Мөн талийгаач С.Б болон бусад хүмүүс мотоциклтойгоо явах гэж байтал С.Б уг хүмүүсийг бүгдийг нь суучих гээд суулгасан. Ингээд маш хурдтайгаар яваад байсан. Түүнд хүмүүс зөөлөн яв гэж хэлсэн. Харин С.Б нь зөөлөн яв гэх тусам би хурдан явдаг гээд улам хурдлаад байсан. Ингэж яваад л гэнэт онхолдчихсон. Машин дотор олон хүн байсан. Тухайн үед С.Б нь архи уучихсан байсан. Мөн автомашин хөдлөхөөс өмнө архи уугаагүй хүнээр жолоо бариулъя гэж бодож байтал С.Б жолоон дээр суучихсан байсан. Зам тээврийн осол шөнийн 4 цагийн үед болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

            *Гэрч О.Бын өгсөн:

            “...Манайх Өлзийт сумын Бодонт багийн Дөрөлжний ар гэх газар нутагладаг. Миний аавын төрсөн ахынх нь хүүхэд С.Б манайхтай хөрш амьдардаг. С.Б 2018 оны 09 дүгээр сарын 27-нд хуримаа хийсэн. 2018 оны 10 дугаар сарын 08-ны орой 19:00 цагийн үед С.Бийнд Б.Ж гэх найз маань эхнэр хүүхдийн хамт Тоёото пийлдэр маркийн 11-90 УНМ улсын дугаартай суудлын тэрэгтэй ирсэн. С.Бийнд Б.Ж эхнэр хүүхдийн хамт, С.Б эхнэр хүүхдийн хамт Х.Т, С.Б, Д.А гэх манай найзууд цугласан. Бид нар 0.75 литрийн Соёмбо гэх архи, 0.75 литрийн Соёрхол архи 2 шилийг нийт 3 шил архи ууцгаасан. Архиа ууж дуусаад, шөнийн 02:00 цагийн үед Б.Жын машинаар Б.Ж, эхнэр хүүхдийн хамт С.Б эхнэрийн хүүхдийн хамт, Д.А, С.Б, Х.Т бид нар С.Бынх руу явцгаасан. С.Бынд очоод, бид нар 0.5 литрийн Ерөөл архи нэг шилийг ууцгаагаад, хөзөр тоглоцгоосон. Хөзөр тоглож, дуусаад өглөө 04:00 цагийн үед эргээд Б.Жын автомашиныг С.Б жолоодоод, Б.Ж эхнэр хүүхдийн хамт, С.Б эхнэр хүүхдийн хамт Х.Т, С.Б, Д.А бид нар гэр рүүгээ явж байтал шороон зам дээр замын ховил таарахад С.Б зүүн тал руу жолоогоо дартал машин 2-3 удаа бүтэн хөрвөөж, эргэж, онхолдсон. Би тухайн үед ухаан алдсан байсан. Сэрээд би дээшээ харсан машины зүүн талын салхины шилийг хөлөөрөө өшиглөж хагалж, онгойлгоод, доторх хүмүүсээ гаргасан. Машинтайгаа өнхрөх үед С.Б цонхоор шидэгдэж машины хойно гадна талд нь уначихсан байсан. С.Б дээр очтол амнаас цустай хөөс гарсан байдалтай ухаангүй байсан. С.Бийн бөгсөн хэсэг нь мэдээгүй байсан. Бусад цуг явсан хүмүүсийн биеийн байдал зүгээр байсан. Бид нар сумын эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 06:00 цагийн үед ирэхэд. С.Б нас барсан байсан. Талийгаач С.Бынд С.Б, Х.Т хоёр амьдардаг. Өөр хүмүүс байгаагүй. Осол болох үед С.Б уг автомашиныг жолоодож явсан. С.Б архи уусан байсан. Гэхдээ их согтоогүй харагдаж байсан. Талийгч С.Бынхаас хөдлөөд ойролцоогоор 2 км явж байсан болохоор машин хурдаа аваагүй байсан. Ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байсан байх. Талийгаач С.Б автомашины хойд суудлын баруун хэсэгт Д.Аын өвөр дээр давхралдаад сууж байсан. Миний толгой өвдөж байна. Би эм уусан одоо зүгээр болж байна. Надад өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 48-50 дугаар тал/

 

            *Гэрч Н.Угийн өгсөн:

            “...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө гэртээ унтаж байхад манайд мотоциклтой хүн ирсэн. Манайд О.Б гэх нутгийн залуу орж ирээд надад хандаж сая машин онхолдоод С.Б, С.Б хоёр ухаангүй хэвтэж байна гэж дуудлага өгсөн. Би хувцасаа өмсөөд өөрийнхөө хүүтэй хамт мотоциклоор осол болсон газар ирсэн. Ослын газар иртэл саарал өнгийн автомашин дээшээ харсан байдалтай уг машинаас 2 метрийн зайд С.Б гэх залуу амнаас нь болон хамраас нь хөөстэй цус гарсан мөн чихнээс нь цус гарсан байдалтай амьсгал хураасан байдалтай байсан. Би С.Бын гар, гүрээ, бугалганы судсан дээр дарж үзсэн. Чагнуураар зүрхэн дээр нь дарж үзэхэд зүрх зогссон байсан. Би С.Б дээр очоод биед нь үзлэг хийхэд ухаантай, надтай ярилцаж байсан. Би С.Бэд цус тогтоох өвчин намдаах тариа хийсэн. Уг хүмүүсийг анхан шатны тусламж үзүүлээд сумын төвийн их эмч Эрдэнэчимэгт дуудлага өгсөн. Удалгүй сумын түргэн тусламжийн тэрэг ирээд машинд сууж явсан бүх хүмүүсийг аваад явсан. Уг машинд явсан хүмүүсээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би С.Бэд тусламж үзүүлэх гэж өөрт нь ойртоход архи үнэртэж байсан. Уг осолд орсон автомашинд 2 хүүхэд, 2 эмэгтэй, 6 залуу байсан. Би уг хүмүүсийн даралтыг үзээд долоогонын ханд, валидол, эбопорбен зэрэг эмнүүдийг уг хүмүүст уулгасан. Уг хүмүүс бүгд хямралд орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-56 дугаар тал/

 

            *Гэрч Д.Цын өгсөн:

            “...С.Б бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 27-нд хуримаа хийсэн. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найзуудыгаа цай уу гэж уриад манайд Д.А, О.Б, С.Б, Х.Т, Б.Ж эхнэр хүүхдийн хамт ирсэн. Манайд 0.75 литрийн Соёрхол 2 шилийг бас Соёмбо архинаас нэг шилийг нийт 3 шил архи бид нар хувааж ууцгаасан. Тэгээд С.Б бид нарыг гэртээ очъё гэж уриад бид нар бүгдээрээ Б.Жын машинаар С.Бынх руу очсон. С.Бын ах нь Байшир баг руу эхнэртэйгээ явсан байсан. Бид нар тэнд хөзөр тоглоод С.Бын өгсөн 0.5 литрийн Ерөөл архи нэг шилийг ууцгаасан. С.Бынхаас шөнө 04:00 цагийн бид нар гарцгаасан. Гарахад С.Б Б.Жын автомашиныг жолоодсон. Б.Ж өөрөө хүүхдээ аваад жолоочийн хажуу суудал дээр суусан. Би хойд суудлын голд Х.Тийн өвөр дээр хүүхдээ аваад суусан байсан. Миний баруун талд С.Б Д.А хоёр давхралдаад суучихсан. Миний зүүн талд О.Б Г.М нар давхралдаад суусан байсан. С.Бынхаас гараад удаагүй явж байтал гэнэт С.Б зүүн гар тал руугаа огцом дараад л машин 2-3 удаа бүтэн эргэсэн. Би нэг хэсэг яг юу болсноо санахгүй байна. Нэг мэдэхэд л хүүхдүүдээ тэвэрсэн, намайг Г.М машинаас гаргаж байсан санагдаж байна. Тэгээд би сэргээд шууд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод Б.Жыг хүүхэдтэй нь гаргасан. Дараа нь цаанаас нь С.Бийг гаргаж ирсэн. Гэтэл С.Б машинаас 3-4 метрийн хойно машины ард хэвтэж байсан С.Б дээр очиход хамар амнаас нь цагаан хөөс цустай гарч байсан. Бид нар сумын төв рүү түргэн тусламж дуудсан. Би нар бүгдээрээ 4 шил архи хувааж уусан. Гэхдээ С.Б бага зэрэг согтолттой байсан. С.Б жолооны үнэмлэхтэй. С.Б ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан байх. Нэг их хурдлаагүй байсан. С.Бынхаас хөдлөөд удаагүй байсан. Ослын улмаас миний гар бага зэрэг хөндүүрлэж байна. Миний хүү Даваадорж гэмтэж бэртээгүй. Хүү бид хоёр шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 57-59 дүгээр тал/

 

            *Гэрч Д.Аын өгсөн:

            “...Манайх Өлзийт сумын Бодонт багийн Мөнгөний хөндий гэх газар оршин суудаг. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр адуу асуух гээд Х.Т, С.Б бид гурав С.Б ахынд орсон. С.Б ахынд Б.Ж эхнэр хүүхэдтэйгээ, О.Б ах С.Б ах эхнэр хүүхэдтэйгээ байсан. Б.Ж ахыг цай уулгаж байгаа гээд тэнд байгаа хүмүүс 0.75 литрийн 3 шил архи ууцгаасан. Би тэр архинаас нь уугаагүй. Би ер нь архи уудаггүй. Шөнө 02:00 цагийн бид нар бүгдээрээ Б.Ж ахын машинтай С.Бынд очсон. С.Бынд цуг явсан хүмүүс 0.5 литрийн Ерөөл архи нэг шилийг хувааж уусан. С.Бынд хөзөр тоглож байгаад шөнийн 04:00 цагийн үед бид нар эргээд С.Б ахынх руу явахаар болсон. Талийгаач С.Б машины хойд суудал дээр миний өвөр дээр давхарлаж суусан. Хойд суудал дээр 6 том хүн, 1 хүүхэд суусан. С.Бынхаас хөдлөөд удаагүй гэнэт машин 2-3 удаа хөрвөөж эргэсэн. Тухайн үед юу болж байгааг ч мэдээгүй. Нэг мэдэхэд машин дээшээ харчихсан байсан. Би хагархай цонхоор машинаас гараад, би С.Б ахын хүүхдийг машинаас гаргаад, тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Хэсэг хугацааны дараа сумаас түргэн тусламж ирчихсэн байсныг санаж байна. Цуг явсан хүмүүс орилолдоод байсан ба С.Б нас барсаныг эмнэлгийн хүмүүс ирсэний дараа мэдсэн. С.Б ах архи уучихсан байсан. Удаан явж байсан. Машин онхолдохоос өмнө С.Б миний өвөр дээр сууж явсан. Машин 2-3 удаа бүтэн эргэж, онхолдсон. Би онхолдох үед С.Б машины аль хэсэг рүү шидэгдсэнийг санахгүй байна. Бид нар машинаас гарч ирэхэд С.Б машины гадаа машины хойно ойролцоогоор 2 метрийн зайд хэвтэж байсан гэж цуг явсан хүмүүс надад хэлсэн. Би одоо болтол тэр үеийн юмыг санахгүй байна. Миний баруун талын гар булчин хэсэгтээ жаахан хавдсан. Гэхдээ яс нь зүгээр байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60-62 дугаар тал/

 

            *Гэрч Г.Мийн өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би нөхөр Б.Ж, охин Мн хамт найз С.Бийнд очсон. Очиход манай найзууд болох О.Б, Х.Т, С.Б, Д.А нар С.Бийнд байсан. Бид нар С.Бийнд 0.75 литрийн шилтэй 2 шилийг уусан. С.Бийнд байж байхад С.Б манайх руу явъя гэхээр нь бид нар манай машинтай С.Бынх руу явсан. С.Бынд хөзөр тоглонгоо нэг шил архи уусан. Гэхдээ би тэр архийг ямар архи гэдгийг нь анзаараагүй. Хөзөр тоглож дуусаад 04:00 цагийн үед С.Бынхаас хөдөлсөн. Би хамгийн сүүлд гарахад С.Б автомашины жолоон дээр суусан байсан. С.Бэд хандан Б.Ж машинаа өөрөө жолоодъё гэж хэлэхэд С.Б би асуудалгүй машиныг уначихна. Чи хүүхдээ аваад урд талын суудал дээр суучих гэж хэлсэн. Би хүүхдээ тэвэрч байсан болохоор жолоочийн эсрэг талын урд суудал дээр суусан. С.Б машиныг жолоодож талийгаач С.Бын гаднаас хөдлөөд 2-3 км яваад замын ховил таарахад С.Б огцом зүүн тал руугаа жолоогоо дартал машин бүтэн 2-3 удаа эргэсэн. Миний дээрээс О.Б дараад унасан. Машин дээшээ харчихсан байсан. Цуг байсан хүмүүс машинаас гараад би хамгийн сүүлд гарсан. Гараад хүүхдээ хартал манай нөхөр тэврээд зогсож байсан. Гэтэл цуг явсан хүмүүс С.Б өнгөрчихсөн юм шиг байна гэж ярилцаж байсан. С.Б машины гадна хойд хэсэгт 2 метр орчим зайд хэвтэж байсан. Би О.Б, Х.Т нартай алхаж айлаас сумын төв рүү түргэн тусламж дуудсан. С.Б өөрийнхөө гэрт задалсан 3 шил архинаас уусан. С.Бынд задалсан архинаас С.Б нэг их уугаагүй. Тухайн үед гайгүй эрүүл байсан. С.Б архи уусан гэхдээ их согтоогүй байсан. Уг ослын үед С.Б хэдэн км цагийн хурдтай явж байсныг би сайн мэдэхгүй. Уг ослын улмаас би гэмтэж бэртээгүй. Надад ямар нэгэн санал, гомдол хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-65 дугаар тал/

 

            *Гэрч Г.Хгийн өгсөн:

            “...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 20 минутанд автомашины осолд орсон гэх Дын Ц гэх эмэгтэйн биед үзлэг хийсэн. Тухайн үед хүнд өвчтэй хүн их байсан учраас овгийг нь андуураад Дашдулам хэмээн бичсэн байна лээ. Үүнийгээ сүүлд нь мэдсэн. Уг хүн бол Дашдуламын Ц биш бөгөөд Дын Ц юм. Харин түүний биед хийсэн үзлэгийн тэмдэглэлийг бол зөв хөтөлсөн. Дын Цийн биед гэмтэл учраагүй. Мөн би тухайн үед ачаалал ихтэй, олон хүнд хүмүүстэй байсан учраас Дгийн Аын нэрийг Анхбаатар хэмээн зөрүүтэй бичсэн байна. Уг хүнийг Дгийн А гэдэг. Би тухайн үед сумын эрүүл мэндийн төвд ганцаараа эмчийн үүргийг гүйцэтгэж байсан. Ийм учраас л нэрийг андуурч бичсэн байна. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Д.Аын толгойн хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Би энэ талаар тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 дугаар тал/

 

            *Гэрч С.ЗолЖын өгсөн:

            “...Уг автомашин нь манай хамаатны дүү болох Бын Жын өмчлөлийн автомашин байгаа. Б.Ж 2018 оны 02 дугаар сарын 10-дын үеэр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. Тухайн үед урьдчилгааг нь өгөөд Нэт капитал лизинг ХХК-наас лизингдэж авч байсан. Тухайн үед Б.Ж нь хөдөө орон нутгийн бичиг баримттай байсан бөгөөд хөдөө орон нутгийн хүн маш олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байсан учраас би үндсэн зээлдэгчээр нь, Б.Ж нь хамтран зээлдэгчээр орж уг автомашиныг лизинг хэлбэрээр худалдаж авсан. Одоо уг автомашины зээлийн төлөлтийг Б.Ж төлдөг. Уг автомашины эзэмшигч нь Б.Ж. Миний автомашин биш. Хэн нэгэн дээрх автомашины 2018 оны татварыг Б.Ж төлсөн байх ёстой. 2018 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутагт шороон зам дээр С.Б нь манай хамаатны дүү Б.Жын өмчлөлийн 11-90 УНМ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Тоёота Пийлдэр маркийн автомашиныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуу байх үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Үүнээс болж зорчигч С.Б нь нас барсан. Би энэ талаар Б.Жаас мэдсэн. Одоо уг автомашиныг ашиглах боломжгүй болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-72 дугаар тал/

 

            *Иргэний нэхэмжлэгч Д.Аын өгсөн:

            “...Надад ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй, миний биед учирсан гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 39-40 дүгээр тал/

 

            *Иргэний нэхэмжлэгч Б.Жын өгсөн:

            “...Надад ямар нэгэн бэртэл гэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 42-43 дугаар тал/

 

            *Яллагдагч С.Бийн өгсөн:  

            “...2018 оны 10 дугаар сарын 08-ны орой миний найз болох Х.Т, С.Б, Д.А нар манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид нар нийлээд 2 адуу ачиж, машинд нь ачиж явуулчихаад 0.75 литртэй Соёрхол гэх 2 шил архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд нөгөө 2 шил архиа хувааж ууж дуусгаад байж байтал С.Б, Х.Т хоёр нь Б.Ж, Г.М хоёрыг манай гэрт оч гээд урьсан. Тэр үед Б.Ж нь дараа очно гэж хэлэхэд үгүй одоо заавал оч, чи манайхыг голоод байгаа юм уу, гээд байхаар нь бид бүгд очихоор болоод манай гэрээс хөдөлсөн. Х.Т, С.Б, Д.А нар нь манай гэрт ирэхдээ өөрсдийн унаж ирсэн мотоциклийн дугуйгаа хагалаад алхаж ирсэн болохоор нь би та хэд миний мотоциклийг унаж болохгүй шүү гэрэл нь масслаад асахгүй байгаа юм гэж хэлсээр байхад миний мотоциклийг унаад хөдөлсөн. Тэгээд би араас нь замыг гэрэлтүүлээд 2018 оны 10 дугаар сарын 09-ний 02 цагийн үед С.Бынд ирсэн. Тэгээд бид хэд 0.5 литртэй Ерөөл архи уугаад хөзөр тоглож сууж байгаад 04 цагийн үед за бүгд одоо харьж амаръя гэж хэлээд С.Бын гэрээс бүгд хөдлөхөөр болсон. Яг тэдний гэрээс хөдлөх үед Б.Ж нь хүүхдээ тэвэрчихээд надад хандаж чи суучих би машин барина гэж хэлэхээр нь би яахын бэ чи хүүхэдтэйгээ байгаа юм чинь би өөрөө бариад явчихна гэж хэлсэн. Тэр үед С.Б нь мотоцикль унах гээд байхаар нь одоо чи болохгүй зүгээр машинд суугаад яв гэж хэлээд С.Быг машиндаа суулгаад бүгд манай гэрт очоод амрахаар явсан. Тэгээд буцаад явж байхад гэнэт зүүн гар талаас цагаан юм ороод ирэх шиг болсон. Тэгэхээр нь баруун гар тийшээ дарсан, тэгтэл машин онхолдоод бүтэн эргэсэн. Би тэгээд ухаан алдсан байсан болохоор яг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Тоёото пийлдэр маркийн машин байсан. Машинд 2 хүүхэд, 8 том хүн нийтдээ 10 хүн байсан. Би бага зэрэг архи бага уусан байсан. Би хүмүүст цай унд хийж өгч байсан болохоор бага уусан. Би тухайн үед өөрийг хянах чадвартай байсан. Тухайн машин Б.Жын эзэмшлийн машин...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 227-230 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай“...11-90 УНМ улсын дугаартай Тоёота Пийлдэр маркийн автомашины жолооч С.Б нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна. Ослын газрын схем зураг дээр ямар нэгэн ул мөр илрээгүй. Жолооч С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн, мөн Монгол Улсын ЗХД-2.7 А-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй. Жолооч С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Жолооч С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гарах үндэслэлтэй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 136-137 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай ”...Талийгаач С.Бын биед гавлын суурь ясны дунд хонхорын арын ирмэг дагуу шугаман хугарал, баруун чамархайн суурийн тархины эдэд голомтлог няцрал, бага тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, дагз орчим хуйхан доор цус хуралт, дотор эрхтний доргилтын шинж, хүзүүний зүүн хажуу, баруун гуя, шилбэ, шагай, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, доргих, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Гавал тархины битүү хүнд гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь гавал тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач С.Б нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 2-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 176-177 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 541 дугаартай ”...Х.Тийн биед хүзүүний 3-р нугалмын их биеийн тогтворгүй хугарал, хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35% ба түүнээс дээш хувиар тогтонги алдагдуулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 185 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 254 дугаартай:

“...11-90 улсын дугаартай Тоёота Сорроло Пийлдэр маркийн автомашины эдврэлийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын байдлаар 3.090.000/гурван сая ерэн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 192 дугаар тал/

 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал/1-р хх-ийн 3-4, 12-14 дүгээр тал/

              *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 242 дугаар тал/ зэрэг болно.

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 04 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутагт шороон зам дээр С.Б нь согтуурсан үедээ 11-90 УНМ улсын дугаартай Тоёото Пийлдэр маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар зорчигч Б.Ж, Д.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Х.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн зорчигч С.Бын амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

              Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жын“...2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө үүрээр 07:00 цагийн үед манай хүргэн ах Б над руу залгаад Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутагт С.Б зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөө байгаа хүмүүстэй утсаар ярьсан чинь осол гараад С.Б нас барсан байна гэж хэлэхээр нь би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдөө ажил явдал дээр нь ирсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Х.Тийн”...Тэгээд шөнө 04:00 цагийн үед манайд ирсэн хүмүүс буцаж явах гэж байсан чинь тэнд байсан хүмүүс талийгаач бид хоёрыг хамт яваад буцахдаа мотоциклоо унаад ирээч гэхээр нь бид хоёр гэрээс гараад машинд суух гэж байсан чинь С.Б би машин бариад явъя гэж хэлсэн, машины эзэн Б.Ж би өөрөө машинаа бариад явна гэж хэлсэн чинь С.Б би чиний машиныг асуудалгүй бариад явчихна гээд тэгээд С.Б машин бариад бид нар манай гэрийн гаднаас хөдлөөд явж байсан чинь талийгаач С.Б жолооч С.Бэд хандан чи хэтэрхий хурдтай давхиад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь С.Б би хүн давхиад байна гэж хэлбэл давхиад л байдаг хүн, зөөлөн яв гэж хэлбэл зөөлөн явна гэж хэлээд удалгүй бид нарын сууж явсан машин онхолдоод зам дээр 2-3 удаа хөрвөөсөн. Тэгээд би машинаас хойд талын цонхоор мөлхөөд гарч ирсэн чинь талийгаач С.Б машинаас шидэгдээд гадна талд нь ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед С.Б архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. Осол болох үед дунд зэргийн согтолттой хүмүүстэй юм яриад байсан..” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Жын”... Тухайн автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа. Би уг автомашиныг 2018 оны 02 дугаар сарын үед Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан учраас банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан лизиндэж авч байсан. Би өөрөө хөдөөгийн хаягтай учраас зээл авч болохгүй байсан. Тухайн үед С.Б нь архи уучихсан байсан. Мөн автомашин хөдлөхөөс өмнө архи уугаагүй хүнээр жолоо бариулъя гэж бодож байтал С.Б жолоон дээр суучихсан байсан. Талийгаач С.Б болон бусад хүмүүс мотоциклтойгоо явах гэж байтал С.Б уг хүмүүсийг бүгдийг нь суучих гээд суулгасан. Ингээд маш хурдтайгаар яваад байсан. Түүнд хүмүүс зөөлөн яв гэж хэлсэн. Харин С.Б нь зөөлөн яв гэх тусам би хурдан явдаг гээд улам хурдлаад байсан. Ингэж яваад л гэнэт онхолдчихсон...” гэх мэдүүлэг, гэрч О.Бын”...04:00 цагийн үед Б.Жын автомашиныг С.Б жолоодоод, Б.Ж эхнэр хүүхдийн хамт, С.Б эхнэр хүүхдийн хамт Х.Т, С.Б, Д.А бид нар гэр рүүгээ явж байтал шороон зам дээр замын ховил таарахад С.Б зүүн тал руу жолоогоо дартал машин 2-3 удаа бүтэн хөрвөөж, эргэж, онхолдсон. Би тухайн үед ухаан алдсан байсан. Сэрээд би дээшээ харсан машины зүүн талын салхины шилийг хөлөөрөө өшиглөж хагалж, онгойлгоод, доторх хүмүүсээ гаргасан. Машинтайгаа өнхрөх үед С.Б цонхоор шидэгдэж машины хойно гадна талд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Угийн”...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө гэртээ унтаж байхад манайд мотоцикльтой хүн ирсэн. Манайд О.Б гэх нутгийн залуу орж ирээд надад хандаж сая машин онхолдоод С.Б, С.Б хоёр ухаангүй хэвтэж байна гэж дуудлага өгсөн. Ослын газар иртэл саарал өнгийн автомашин дээшээ харсан байдалтай уг машинаас 2 метрийн зайд С.Б гэх залуу амнаас нь болон хамраас нь хөөстэй цус гарсан мөн чихнээс нь цус гарсан байдалтай амьсгал хураасан байдалтай байсан. С.Бэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр ойртоход архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын”...С.Бынд хөзөр тоглож байгаад шөнийн 04:00 цагийн үед бид нар эргээд С.Б ахынх руу явахаар болсон. Талийгаач С.Б машины хойд суудал дээр миний өвөр дээр давхарлаж суусан. Хойд суудал дээр 6 том хүн, 1 хүүхэд суусан. С.Бынхаас хөдлөөд удаагүй гэнэт машин 2-3 удаа хөрвөөж эргэсэн. Цуг явсан хүмүүс орилолдоод байсан ба С.Б нас барсаныг эмнэлгийн хүмүүс ирсэний дараа мэдсэн. С.Б ах архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мийн”...С.Б машиныг жолоодож талийгаач С.Бын гаднаас хөдлөөд 2-3 км яваад замын ховил таарахад С.Б огцом зүүн тал руугаа жолоогоо дартал машин бүтэн 2-3 удаа эргэсэн. Миний дээрээс О.Б дараад унасан. Машин дээшээ харчихсан байсан. Цуг байсан хүмүүс машинаас гараад би хамгийн сүүлд гарсан. Гараад хүүхдээ хартал манай нөхөр тэврээд зогсож байсан. Гэтэл цуг явсан хүмүүс С.Б өнгөрчихсөн юм шиг байна гэж ярилцаж байсан. С.Б машины гадна хойд хэсэгт 2 метр орчим зайд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Хгийн”...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 20 минутад автомашины осолд орсон гэх Дын Ц гэх эмэгтэйн биед үзлэг хийсэн. Мөн би тухайн үед ачаалал ихтэй, олон хүнд хүмүүстэй байсан учраас Дгийн Аын нэрийг Анхбаатар хэмээн зөрүүтэй бичсэн байна. Д.Аын толгойн хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Бын биед биед гавлын суурь ясны дунд хонхорын арын ирмэг дагуу шугаман хугарал, баруун чамархайн суурийн тархины эдэд голомтлог няцрал, бага тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, дагз орчим хуйхан доор цус хуралт, дотор эрхтний доргилтын шинж, хүзүүний зүүн хажуу, баруун гуя, шилбэ, шагай, тавхайд зулгаралт бүхий гэмтлүүд авч тэдгээрийн хүндрэлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт, хохирогч Х.Тийн биед хүзүүний 3-р нугалмын их биеийн тогтворгүй хугарал, хагас мултрал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 541 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, Монгол Улсын ЗХД-2.7 А-д “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бийн согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Х.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, С.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгчийн цуснаас дээж авч шинжээчид хүргүүлсэн боловч дээж шинжилгээ хийхэд хүрэлцэхгүй гэдэг үндэслэлээр шинжээч дүгнэлт гаргаагүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч хэрэгт авагдсан, хохирогч Х.Т, гэрч О.Б, Н.У, Б.Ж, Д.А нарын мэдүүлгээр С.Б нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

           Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 11-90 улсын дугаартай Тоёота Пийлдэр маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож,  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, зорчигч Х.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,  С.Бын амь насыг хохироосон,  Эрүүгийн хуулийн 2.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус болохыг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь санаатай үйлдэл боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон үр дагавар нь болгоомжгүй юм. Шүүхээс шүүгдэгч С.Болдбаярыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,  хүний амь нас хохироосон  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Ж, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөрөө авсан нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жд хурлын тов мэдэгдэхээр түүнтэй холбогдоход нэг сая төгрөг нэхэмжилж байгаа талаар хэлсэн боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй. Иймд хохирогчийн хууль төлөөлөгч С.Ж нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм. Шүүгдэгч С.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жд долоон сая төгрөгийг хохиролд тооцон төлсөн талаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар маргаагүй бөгөөд  хавтаст хэрэгт авагдсан түүний баримтаар нэхэмжилсэн 6.673.740 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байгааг дурдав.

 

              Шүүгдэгч С.Бэд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч С.Б нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт  хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг баримтлан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

              Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан тул шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял оногдуулах нь хууль нийцэх бөгөөд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа нэмэгдэл ялын хугацааг тоолох нь зүйтэй.

 

              Шүүгдэгч С.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдан, шүүгдэгч С.Бийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.  

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сын Бийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 1/нэг/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн цагдан хоригдсон 92/ерэн хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч С.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР