| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мээпам |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: П.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Пгийн Аад холбогдох 2112000******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... аймгийн ..........сумын ........ дугаар баг, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Пгийн А /РД:А000000/,
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.А нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн оройн 20 цаг 40 минутын орчим ......... аймгийн .......... сумын ....... дугаар баг, .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Н.Дийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 21120002****** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Дийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр архи уучихсан, согтуу, гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Хажууд нь манай 4 хүүхэд байсан. Нөхөр надад хандаж ажил ажил гэж яваад алга боллоо хүүхэд чинь хордлого аваад бие нь өвдөөд байна гэж хэлсэн. Манай нөхөр өмнөх өдөр нь бас архи уусан болохоор нь би уурлаад чи дахиад архиа уусан байна архичин гэж хэлээд орилж нөхөр дээр очоод нүүр толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл намайг түлхэж орон дээр унагаагаад, хүүхдийн цүнх, хүүхдийн сандлын тавцан аваад гичий, гөлөг зэргээр орилоод над руу шидсэн, би оногдоогүй. Тэгтэл намайг унтлагын өрөөнд чирж оруулсан. Манай 3 хүүхэд уйлаад том өрөөний урд талын өрөө буюу хүүхдийн өрөөнд үлдсэн. Харин том охин араас дагаж орж ирсэн. Тэгээд нөхөр миний толгойн зүүн урд хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд намайг орон дээр түлхэж унагаагаад хөлнөөс татаад газар унагаах гээд, хоолой боож дараад ноцолдоод унтлагын өрөөнөөс гараад гал тогооны өрөөгөөр дамжаад үүдэнд ирсэн. Тэгтэл хөлдөөгч дээр байсан 00-н угаалтуур төмрийг суурьтай нь аваад шидсэн чинь миний нүүр хэсгийг оноод, миний доод уруул шалбарч, хавдаж цус гарсан, баруун нүдний зовхи хавдаж хөхөрсөн байхаар нь би нөхөр А руу нулимсан. Тэгээд намайг цагдаа дуудна гэхэд утас өгөхгүй үүдний хана руу түлхээд, ханатай хамт хавсраад байсан. Тэгээд надаас салаад явахад нь харахад нүүрнийх нь зүүн шанаа, хүзүүний урд хэсэг нь шалбарсан байсан. Надтай ноцолдож байхад би хумсаараа урсан байх. Тэгээд би цагдаа дуудсан. Өмнө нь манай нөхөр хүүхдүүдээ зодож цохиж байсан зүйл байхгүй, харин намайг бол зодож цохидог байсан. Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны үед Ирланд улс руу ажил хийх гэж явсан юм. Үүнээс өмнө манай нөхөр А нь намайг зодож байсан. Яг он, сар, өдрийг нь санахгүй байна, энэ талаар манай төрсөн ээж О, хадам ээж Б, хадам ах А /утас нь *******/, хадам дүү А /утас нь ******/ нар мэднэ. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг зодсон асуудлыг манай хөршүүд сонссон байж магадагүй, тансаг дэлгүүрт гутал зардаг Э /утас нь ******/ эгч цагдаад дуудлага өгсөн мэдэж байгаа. Намайг цохисон 00-н төмөр угаалтуур одоо манай гэрт байгаа. Миний зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Намайг ажлаас оройтож ирлээ, хүүхдийн бие өвдөөд байна гэх шалтгаанаар надтай хэрүүл хийж зодсон юм. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 28-30 ху/,
*П.Аын гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр би эхнэр Дийг ажил дээр нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирээд байж байгаад найз Цэндээтэй уулзаад Ноёд гэх газар орж 1 шил 1 литрийн архи хувааж уугаад 19 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд эхнэр ирээгүй, манай 4 охин байсан. Охин Анударийн дотор эвгүйрээд бөөлжөөд байсан. Тэгээд би эхнэр рүү залгаад ирж байна уу, охины бие нь өвдөөд байна гэж хэлсэн. Удалгүй эхнэр ирээд намайг архи уулаа гэж орилоод нүүр толгой хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би буцаагаад орон дээр түлхэж унагаасан. Үргэлжүүлэн байшингийн үүд хэсэгт очоод эхнэрийг хана руу түлхсэн. Тэгээд үүдэнд байсан 00-н угаалтуур аваад эхнэрийн нүүр хэсэг рүү шидсэн. Эхнэр орилоод цагдаа дууд гэхээр нь би 7033102 утас руу залга гэж хэлчихээд гараад явсан. Буцаад гэртээ очихоор айгаад бас хэрүүл болох юм болов уу гэж бодоод хэд хоног ах дүү нарын гэрээр хоносон юм. Над руу архи уулаа гээд орилоод байхаар нь би уурандаа шидсэн юм. Надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Тухайн үед манай хүүхдүүд байсан, өөр хүн байгаагүй. Гэр бүлийн дунд хэрүүл маргаан байдаг байсан. Гэхдээ манай эхнэр Ирланд улс руу яваад 5 жил болоод 2020 оны 10 дугаар сард ирсэн. Олон жил гадаадад яваад ирсэн болохоор эхнэр бид хоёрын дунд үл ойлголцох зүйл байгаад байсан. Одоо эхнэр бид хоёр учир зүйгээ олоод эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-гийн 42-43 хуу/,
*Гэрч Б.Эийн өгсөн: “...Тухайн цаг хугацаанд би гэртээ байж байтал орой 20 цаг өнгөрч байсан шиг санаж байна. Танил дүү Д залгаад Ч эгчээ та цагдаа дуудаад өгөөч ямар дугаарт залгах ёстой талаар би мэдэхгүй байна, манай нөхөр агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь сонсож үзэхэд эрэгтэй хүн чанга дуугаар пизда гэж хэлж байгаа нь сонсогдсон. Би нөхрийг нь их согтуу байна гэж бодоод цагдаа дуудаж яах юм бэ, аргалаад унтуулчих боломж байхгүй юу гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй Д дахин залгаад та цагдаад дуудаад өгөөч гээд уйлаад ярихаар нь би Архангай аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Би Дийг гадаад улс руу явахаас нь өмнө таньдаг байсан. Аыг нөхөр нь гэдгээр нь танина. Урьд өмнө нь П.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаар би мэдэхгүй. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дтэй уулзахад түүний баруун нүд хөхөрсөн, уруул нь хавдсан байсан. Цагдаад дуудлага өгөхөөс өмнө мөн адил уулзсан, нүд ам нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 58-59 хуу/,
*Насанд хүрээгүй гэрч А.Агийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг дүү нартайгаа хамт гэртээ байхдаа 17 цагийн үед би аав А руу залгаад дүү Анударийн гэдэс өвдөөд байгаа талаар хэлсэн. Манай аав А 19 цаг өнгөрч байхад архи уучихсан согтуу орж ирсэн, тэгээд ээж рүү аав залгаад хүүхдийн бие өвдөөд ирж байгаа юм уу гэж ярьсан. Удалгүй 20 цагийн үед ээж гэрт ирээд тортой зүйлээ газар тавиад том өрөөрүү орсон. Удалгүй архи уулаа чи гээд хэрүүл хийгээд эхэлсэн, тэгэхээр нь би хоёр дүүгээ ванны өрөөнд оруулаад байж бай гэж хэлээд ээж, аав хоёрын хэрүүл хийж байгаа өрөөрүү ороход өөд өөдөөсөө түлхэлцээд байсан. Тэгээд өрөөнөөс гараад үүдний кориодор хэсэгт очсон чинь аав үүдэнд байсан 00-н угаалтуур /сойз/ савтай нь аваад шидсэн. Тухайн зүйл ээжийн нүүр хэсэгт оносон. Тэгээд ээж аавыг гэрээс хөөгөөд цагдаагийн дугаар байна уу гээд хүн рүү залгаад байсан, ээжийн уруул хэсгээс цус гарч байсан, аав ээжид 7033102 дугаарт залга, цагдаагийн дугаар гэж хэлээд гараад явсан, ээж түүнийг сонсоогүй байх. Аав намайг болон дүү нарыг зодож цохидог зүйл байхгүй, хэрүүл хийвэл хоорондоо л хэрүүл хийдэг юм. Одоогоос 5-6 жилийн өмнө буюу ээжийг Ирланд улс руу явахаас өмнө нэг хэрүүл зодоон хийсэн юм. Ээж аавыг архи ууж гэрт ирсэн үед нь архи уулаа гэж өшиглөж цохидог юм...” гэх мэдүүлэг /хх-гийн 62-63 хуу/,
*П.Аын яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр рүүгээ төмөр савтай 00-н сойз шидэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 70-71 хуу/,
*Хохирогч Н.Дийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаартай
1. Н.Дийн биед баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 09 ху/,
*Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 10-11 ху/,
*Амбулаториор эмлүүлэгчийн карт /хх-ийн 10-15 ху/,
*Рентгэн зураг /хх-ийн 16 ху/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39 ху/,
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт /хх-ийн 39 ху/,
*Боржигон овогт Пунцагийн А /РД:АЯ75091675/-ын иргэний үнэмлэхний лавлагаа
*Б овогт Пгийн А /РД:******/, Б овогт Н Д /РД:А*****/ нарын гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 48 ху/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-52 ху/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримтууд /хх-ийн 75-76 ху/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн оройн 20 цаг 40 минутын орчим ........ аймгийн .........сумын ........ дугаар баг, .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Н.Дийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Аад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 21120002***** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.А нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн оройн 20 цаг 40 минутын орчим ......... аймгийн ........ сумын ........ дугаар баг, ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Н.Дийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Дийн өгсөн: “...Тэгтэл хөлдөөгч дээр байсан 00-н угаалтуур төмрийг суурьтай нь аваад шидсэн чинь миний нүүр хэсгийг оноод, миний доод уруул шалбарч, хавдаж цус гарсан, баруун нүдний зовхи хавдаж хөхөрсөн байхаар нь би нөхөр Аруу нулимсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 28-30 ху/, гэрч Б.Эийн өгсөн: “...Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дтэй уулзахад түүний баруун нүд хөхөрсөн, уруул нь хавдсан байсан. Цагдаад дуудлага өгөхөөс өмнө мөн адил уулзсан, нүд ам нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 58-59 хуу/, насанд хүрээгүй гэрч А.Агийн өгсөн: “...Тэгээд өрөөнөөс гараад үүдний коридор хэсэгт очсон чинь аав үүдэнд байсан 00-н угаалтуур /сойз/ савтай нь аваад шидсэн. Тухайн зүйл ээжийн нүүр хэсэгт оносон. Тэгээд ээж аавыг гэрээс хөөгөөд цагдаагийн дугаар байна уу гээд хүн рүү залгаад байсан, ээжийн уруул хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-гийн 62-63 хуу/, П.Аын яллагдагчаар өгсөн: “...Би эхнэррүүгээ төмөр савтай 00-н сойз шидэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-гийн 70-71 хуу/,Хохирогч Н.Дийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт /хх-ийн 09 ху/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас П.Аын үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр Н.Дийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.А нь хохирогч болох эхнэр Н.Дийн баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаартай дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамлажээ.
Хохирогч Н.Дийн бие эрүүл мэндэд баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч П.Аын уг үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх хэсэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч П.А нь хохирогч Н.Дтэй гэр бүлийн хамааралтай буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэргийн 48 дугаар хуудаст авагдсан гэрлэлтийн 151/000552 дугаартай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Н.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцах үед болон тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 82-83 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч П.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан метал савтай, 00-н сойз 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Аыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцоно өмгөөлөгч авахгүй гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пийн Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч П.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан метал савтай, 00-н сойз 1 /нэг/ ширхгийг устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ