Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 719

 

 

 

 

 

 

 

2019          7              16                                          2019/ДШМ/719

 

Т.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.ӨсөхБ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

хохирогч Б.Буянжаргал, түүний өмгөөлөгч О.Ббаясгалан,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1808 0194 30334 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Тийн Б, 1972 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Буянжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Буянжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчлүүд гарсан байдаг. Тодруулбал, гэрчүүд болох Ариунзаяа , БолдБ , Содномдорж , МэндБ нар нь тухайн хэрэг болох үед “Быг 2 согтуу хүн архины шил хагалаад бариад Быг зодох гэж дайрч байсан, Б нь тэр хүмүүсээс өөрийгөө хамгаалахын тулд урт нарийн зүйл барьсан, өөрийгөө хамгаалж байсан, гэвч тэдгээр хүмүүс нь Быг газар унаган зодож байхад нь бид салгасан” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Харин хохирогч гэх Буянжаргалтай тухайн үйл явдал болоход хамт байсан гэрч Мөнх-Эрдэнэ, Лхагважав нар нь Буянжаргалыг “Б бүдүүн төмрөөр цохиж байсан” гэж мэдүүлдэг. Иймээс хэрэгт ач холбогдолтой, хууль сануулсан тухайн үйл явдлын үед дэргэд нь байсан гэх дээрх гэрчүүд маш зөрүүтэй, үйл явдлыг илт эсрэг агуулгатай мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тухайн гэрчүүдээс үйл явдлыг дахин тодруулах эсхүл нүүрэлдүүлэн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан боловч шүүх зөвхөн хохирогчийн эрх ашгийг хамгаалж маш зөрүүтэй нотлогдоогүй баримтуудыг зөвхөн хохирогч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Быг Буянжаргал нь “3 согтуу хүнтэй нийлэн дөрвүүлээ нийлээд газар унагаж байгаад 4 талаас зодсон, Б нь эдгээр хүмүүст зодуулсны улмаас тархи хөдөлж, өвдөлттэй, баруун гар тохой мөр хоёрын хооронд өвдөлттэй зовиуртай, хүзүүний ард шалбарч хөхөрсөн, 2 чих урагдаж зурагдсан, шанаа шалбарч зулгарсан, баруун хөл, цээж, зузаан гуя, ер нь биеийн бүх хэсэгт хөхөрч няцарсан. Үүний улмаас хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогдсон байдаг. Харин бүрэлдэхүүнтэй эмч нар дээрх Бын гэмтэлд дүгнэлт хийгээгүй, харин Быг “Энэрэлт манал“ гэдэг хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэж тархиа эмчлүүлсэн эсэхэд дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл мөрдөн байцаах ажиллагаа зөвхөн Буянжаргалын эрх ашгийг хамгаалсан, Бт гэмтлийн зэрэг учруулсан эмчийн дүгнэлт гарсан, дараачийн шинжээчийн дүгнэлт энэ байдлыг үгүйсгэсэн тодорхой дүгнэлт байхгүй, шинжээч Б энэ үйл явдлаас эмнэлэгт хэвтсэн эсэхэд л дүгнэлт гаргасан байхад Буянжаргалыг энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаагүй, Бын дахин шинжээч томилуулъя гэсэн хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад шүүх зөвхөн хохирогч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. З.Буянжаргал тухайн үйл явдлын үед гэмтсэн байх боломж байхгүй нь тухайн үйл явдлын дэргэд байсан, уг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Ариунзаяа , БолдБ , Содномдорж , МэндБ нарын мэдүүлгээс тодорхой байдаг. Гэтэл Буянжаргалд гэмтэл учирсан байх боломжгүй, тухайн үйл явдал болж, Быг зодох гэж дайрч байхдаа, мөн бааранд сууж байхдаа зүй бус үйлдлүүд гаргаж, Буянжаргал нь биеэ авч явах чадваргүй байсныг камерын бичлэгээс тодорхой харагддаг. Хохирогч Буянжаргал нь уг гэмтлийг авсан гэсэн цаг үеэс хойш ажлаа хийгээд явж байдаг, гар гэмтээгүй гэж ойр дотнын хүмүүстээ ярьсан байдаг тул дахин шинжээч томилж өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргадаг боловч огт хангадаггүй. Гэтэл тухайн үйл явдлаас хойш Буянжаргал нь хаашаа явсан, өөр бусадтай муудалцсан, зодолдсон эсэх тухай дахин тодруулж асууж, асуултын дагуу цаг хугацааг тодруулж хамт байсан гэх гэрчүүдийг асуух, мөн өөрийнх нь хэлсэн цаг хугацаагаар хохирогч Буянжаргал нь Баас салахдаа ямар ч гэмтэлгүй байсан, Баас хойш согтуугаар гадуур байж байгаад 2 цагийн дараа гэртээ харьсан гэдэг нь хохирогчийн эхнэр болон өөрийнх нь мэдүүлгээр тодорхой байдаг. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж зөвхөн хохирогчид ашигтайгаар нотлох баримтыг үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэрч нарын хувьд маш зөрүүтэй мэдүүлгүүд байдаг. Хууль сануулан мэдүүлэг өгсөн гэрч нар болох Санжаажамц, МэндБ, Ариунзаяа нар байдаг. “Ерөөсөө орж ирэхэд л Т.Быг хэдэн талаас нь өшиглөөд л зодож байсан” гэж хэлсэн байдаг. Гурван гэрч мөн адил мэдүүлсэн байдаг. Сүүлд Т.Бын эхнэр орж ирээд “хүүе та нар хүн аллаа шүү дээ” гэхэд гүйлдээд гараад явсан байдаг. Орой 17 цаг болж байхад тэр үйл явдал болсон. Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчимд нийцүүлж талууд тэгш эрхтэй оролцох хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч гомдоод байгаа нь юу вэ гэхээр “миний караокед орж ирээд хагалсан шилээр 3 талаас зодчихоод дараа нь эв эрүүл хүн дэнж дээр хүмүүст зодуулж ирчихээд, тэгээд 3 цагийн дараа гэртээ ирсэн” гэж эхнэр нь мэдүүлсэн. Хамт явсан хүмүүс нь бид нар тэр үед хүргэж өгсөн гэдэг. Гэтэл 3 цагийн дараа дэнж дээр зодолдоод тэрний дараа гэмтсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. 2 талын гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгөөд байдаг. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч О.Ббаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр, мөн хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Эргэлзээтэй нотолбол зохих зүйл байхгүй. Гэрч Эрдэнэтуяагийн мэдүүлгээр ч мөн нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нэг байна. ...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдсон. Гэм буруугийн шүүх хурал дээр хангалттай яригдсан гэж үзэж байна. Тухайн дүгнэлтийг үндэслэлгүй тул дахин шинжээч томилуулах үндэслэлгүй байна гэж үзээд татгалзсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” караокены өрөөнд үйлчлүүлж байсан Б.Буянжаргалтай “Караокены өрөөнд эд зүйлс унагаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг дагуулан караокены гадна гарч, Т трубагаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун богтос ясны далд хугарал, зүүн алга ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Буянжаргалын “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...шавь Лхагва, Энхүүш нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Стар” караокед орсон, архи ууцгаасан. ...Архи уугаад сууж байтал гаднаас “Стар” караокены эзэн Баа орж ирээд, би маргалдсан. ...намайг дагуулаад арын хашаандаа оруулаад газраас труба аваад үгийн зөрүүгүй зодож эхэлсэн, би орилтол хамт явсан Лхагваа, Энхүүш нар гарч ирээд салгасан. ...намайг гэрт хүргэж өгсөн. ...Баа Т трубагаар толгой руу цохих гээд байхад нь гараараа хааж, 7-8 удаа цохиулж миний 2 гарыг хугалсан. Зодсоны маргааш нь Баа 1 шил архи, 500.000 төгрөг өгөөд, эмчлүүлээрэй гэсэн. ...Баа орж ирээд “чи хэн юм бэ, тооцоо энэ тэрээ хий” гэсэн, ингээд Баа бид 2 маргалдсан, гэтэл Баа “гаръя” гээд намайг дагуулаад гарсан. Хашаа руу орсон чинь урд орж гүйгээд хаанаас ч юм труба авч ирээд миний толгой руу цохисон. Би толгойгоо гараараа хамгаалаад газар унасан. ...амиа аврахын тулд орилсон, тэр үед дотор сууж байсан Лхагваа, Энхүүш нар ирээд намайг салгаж авах гэсэн чинь өөдөөс нь цохиод арай гэж намайг салгаж аваад, гэрт хүргэсэн. ...Б намайг трубагаар зодож байхад надтай хамт явсан хүмүүс салгаад би хашааны буланд суусан, надтай хамт явсан хүмүүс хашааны гадна Быг “төмрөө хая” гээд ...хэрэлдээд байж байсан, тэгтэл цаанаас хүмүүс гарч ирээд тэр хэдийг салгаад, надтай хамт явсан хүмүүс намайг аваад явсан. ...Б угаасаа Т барьчихаад ойртуулахгүй байсан. ...” /1хх 27-29/,

гэрч Б.Лхагважавын “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...Буянжаргал багш, Энхүүш, Мөнх-Эрдэнэ бид нар “Стар” караокед орсон, архи ууцгаасан. ...бид нар хоорондоо жаахан чанга яриад ширээгээ хөдөлгөөд ширээн дээр байсан архи, пиво унагаачихсан. ...Б гэдэг залуу бид нар руу дайрснаа Буянжаргал багшийг дагуулаад гарсан. ...Гадна хүн орилохоор нь цонхоор хартал Буянжаргал багш дээшээ хараад хэвтчихсэн гараараа нүүрээ хаагаад ...нөгөө Б нь гартаа труба барьчихсан зодож байгааг хараад гүйгээд гарсан. Тэгээд очоод тэвэрч автал намайг трубагаар цохисон. Тэгсэн 4 хүн гарч ирээд болиулсан. ...Буянжаргал “гар нь өвдөөд байна” гээд байнга ёолж байгаад гэртээ орсон. ...” /1хх 69-70/

гэрч М.Энхтүвшингийн “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...Буянжаргал, Лхагважав, бид нар “Стар” караокед ороод дуу дуулсан, архи ууцгаасан. ...Гэтэл Б гаднаас орж ирээд ...Буянжаргал ахыг дагуулаад гараад явчихсан. ...Бид дотор үлдээд тооцоогоо хийх гээд байж байхад гадаа хүн орилохоор нь цонхоор хартал Б нь Буянжаргал ахыг ...трубагаар толгой руу нь цохиж байсан. Лхагважав, Мөнх-Эрдэнэ түрүүлж гүйгээд, би араас нь гартал Б нь Лхагвааг турбагаар цохиж байсан. Лхагваа ойртож чадахгүй байсан. Би Буянжаргал ахыг холдуулаад хашааны гадна гаргасан. ...Тэгсэн Бын эхнэр, үл таних 2 залуу гарч ирээд бид нарыг болиулсан. ...” /1хх 71-72/,

гэрч Ц.Мөнх-Эрдэнийн “...Багш жоохон уусан байсан учраас өөдөөс нь “хэн бэ” гэх зэргээр янз бүрийн юм яриад жоохон маргаад Баа “уулзъя” гээд тэр хоёр гарсан. ...Тэгээд дуу дуулаад пиво уугаад сууж байхад цонх онгорхой, гадаа хүн орилоод байхаар нь цонхоор харсан чинь Б нь Буянжаргал багшийг ...нарийхан урт турба төмрөөр зодож байсан. ...Тэгээд бид нар очоод “болиоч” гэсэн чинь бид нарыг ойртвол ална шүү гээд ойртуулахгүй байсан. Тэгтэл Лхагважав гүйж очоод Быг салгах гэхэд нуруу руу нь трубагаар цохисон. ...бид нар тэнд байсан портер машины 2 талаас тойрч очоод Бын трубанаас Энхтүвшин барьж аваад зогсоосон. Тэгээд багшийг аваад хашаанаас гарахад гар нь эвгүй байсан тул “эмнэлэг орох уу” гэхэд гэртээ харина гэхээр нь хүргэж өгсөн. Маргааш нь Энхтүвшин яриад “багшийн хоёр гар нь хугарсан байна” гэсэн. ...” /1хх 84-85/,

гэрч Г.БолдБын “...Би Бын эзэмшлийн гражийг түрээсэлж вакум цонх хийдэг. Тэр өдөр Содномжамц, Мэндбат бид 3 машинтай, гаднаас орж ирэхэд хашаан дотор хүн байгаагүй. Машинаа тавьчихаад багажаа оруулаад, тамхи татаад юм яриад зогсож байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гарсан чинь Б ах труба Т барьсан хоёр тийшээ савсан байдалтай, үл таних 2 залуу гартаа архины шил хагалаад барьсан ойртож чадахгүй байсан. ...Б ахын барьсан байсан трубаг манай хоёр найз салгаж авсан. ...” /1хх 88-89/,

гэрч П.Мэндбатын “...2018 оны 4 сард, өдрийг мэдэхгүй байна. ...БолдБ, Содномжамц бид гурвыг портер машинтай гаднаас орж ирэхэд хашааны үзүүрт Т.Б үл таних хүнтэй зогсож байсан. Тэгээд бид нар хашаа руу орж ирээд юмаа буулгаад зогсож байсан чинь Баа хоёр танихгүй хүнд хөөгдөөд ороод ирсэн. Б ах чигээрээ гүйгээд чингэлгийн цаагуур ороод нэг хүнтэй нь барьцалдахаар нь салгаад нэг хүнийг нь бариад үлдсэн. Баа ах нөгөө хүнтэй хэрэлдээд машин руу явсан. Тэгээд би тэр хэдийн араас очиход Баа ахыг хүнтэй хэрэлдсэн, гартаа труба барьсан зогсож байсныг салгаад зогсож байсан. ...Ямар ч байсан Бааг хоёр хүн хөөгөөд орж ирсэн, удаагүй сүүлд нэг хүн ирсэн байсан. ...” /1хх 80-82/,

гэрч Э.Содномжамцын “...2018 оны 4 сард шиг санаж байна, вакум цонхны сургалтад явж дуусаад, хашаанд орж ирээд портер машинаас буугаад ирсэн чинь Баа ах хашаа руу орж ирэхэд хойноос нь архины шил барьсан 3 залуу “ална” гээд хөөж орж ирсэн. Тэр 3 залуугийн 1 нь үлдээд, 2 нь Баа ах руу дайрахаар нь би МэндБтай саатуулахад Баа үйлдвэр, портер хоёрын дунд ороод труба барьчихсан зогссон. ...бид нар салгасан. ...” /1хх 86-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “1. Б.Буянжаргалын баруун богтос ясны далд хугарал, зүүн алга ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн 5641 дугаартай дүгнэлт /1хх 34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 157-158/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Т.Бын гаргасан “...анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг хуульчлан тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Т.Бын гаргасан “...анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБ

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ