Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0567/З |
Дугаар | 128/ШШ2021/0077 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2021/0077
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Ж.А
М.Б
П.Г
П.С
О.Ш
Б.Е
Хариуцагч: ГЕГД,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар “Гаалийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох нэхэмжлэгч Ж.А-г Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч Б.Б-ийг Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Н.Л-ыг тус гаалийн газарт хяналт, шалгалт бүрдүүлэлтийн албаны даргаар, нэхэмжлэгч П.С-г Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар, нэхэмжлэгч О.Ш-ийг Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч Б.Е-ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч М.Б-ийг Замын үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нарын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах мөн өдрийг хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч Б.Б, П. С, нэхэмжлэгч Ж.А, О.Ш, Б.Е, Н.Л, Б.Б, П. С нарын 6 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. М, нэхэмжлэгч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч 6 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-гийн өмгөөлөгч Г. Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 сарын 1-ний өдрийн Б/620 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн албанд томилогдсон хэмээн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл 94.1-д заасан хугацаанд 2019 оны 01 сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч хянаад 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 192 дугаар албан бичгээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэх хариу өгсөн учир өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан болно.
Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний өдөр 96 дугаар тогтоолоор “...Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан авч үзвэл, “зөрчилтэй" гэж тогтоогоогүй “техникум” -ын дипломтой зарим нэхэмжлэгч нарын хувьд тэднийг гаалийн албанаас халсан хууль зүйн үндэслэл эргэлзээтэй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн зарим “диплом" нь тэдний хувийн хэрэгт байгаагүй шалтгаан юу болох, нэхэмжлэгч нарын ажилд орохдоо бүрдүүлж өгсөн гэх боловсролын “диплом”, өгөөгүй өөрт байсан гэх "диплом”-д холбогдуулан тэдний ямар боловсрол, эзэмшсэн, анх тухайн ажил албан тушаалд анх томилогдоход "боловсрол"-ын хувьд ямар шаардлага тавигдсан, үүнтэй холбоотой бүрдүүлж өгсөн баримт сэлт нь шаардлага хангасан байсан зэргийг тодруулах нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдолтой..." хэмээн дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “... шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх...’'-ээр заасныг хэрэглэж Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 сарын 31-ны өдрийн Б/620 дугаарт тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч нь шинээр захиргааны акт гаргахдаа Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолд заасан ажиллагааг хийлгүйгээр 2020 оны 06 сарын 03-ны өдөр Б/310 дугаар тушаалаар Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын улсын байцаагчаар томилогдсон нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг болон нэр бүхий их, дээд сургуулиуд, холбогдох архивын лавлагаагаар нотлогдож байгаа тул хавсралтад нэр дурдагдсан гаалийн ажилтнуудыг 2020 оны 06 сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай’' хэмээн гаалийн улсын байцаагчийн ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.
Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 2020 оны 06 дугаар сарын 09-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. М миний бие 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гаалийн ерөнхий газар орж нэхэмжлэгч нартай холбоотой шинээр захиргааны акт гарсан эсэхийг тодруулахад маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй болно.
Хариуцагчийн гаргасан Б/310 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлтэй танилцахад тухайн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мэргэжлийн хяналтын 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 06/4243 тоог албан бичгийг үндэслэн ажил албан тушаалаас халсан нь үндэслэлгүй бөгөөд дээрх албан бичгийг дагалдах лавлагаа, дипломуудыг хуурамч болохыг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 сарын 03-ны өдөр Б/310 дугаарт тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.1.3-д захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно..” гэж заасныг мөн хуулийн 21 дугаар зүйл .." 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”.. гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн. Хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Мөн байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасан байх бөгөөд заавал маргаан бүхий захиргааны актыг гаргасан байгууллагад урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах үүргийг хүлээлгүй тул шууд шүүхэд хандаж болно.
Түүнчлэн Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл ээ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар хандаж байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/310 дугаар “Гаалийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож Нэхэмжлэгч нарын урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Гаалийн улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилж, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин/-г хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгч нарын зүгээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг боловсролын хуурамч баримт бичиг ашиглан гаалийн албанд томилогдсон хэмээн үзэж гаалийн албанаас чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч нар нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус маргааныг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд Шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 96 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал Улсын Дээд Шүүхийн 96 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйл 26.1-д заасан үндэслэлээр сахилгын шийтгэлийн журмаар мөн зүйлийн 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах арга хэмжээ авсан зэргээс үзвэл маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцээгүй алдаатай гэж үзнэ” мөн хэсэгт “Эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, эрхийг хангах, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжийг захиргааны шийдвэр гаргасан байгууллага албан тушаалтан гүйцэлдүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тушаалыг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно.
Дээрх шийдвэртэй холбогдуулан хариуцагч байгууллагын зүгээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаал гаргасан бөгөөд тус тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халсугай хэмээн шийдвэрлэж, 4 дэх заалтаар Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс буюу Б/310 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд Нэхэмжлэгч нарын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, мөн өдрийг хүртэл нэхэмжлэгч нарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.С шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гаалийн байгууллагад 1999 оноос хойш тасралтгүй 19 жил 5 сар ажилласан. Гаалийн байгууллагад анх орохдоо Худалдааны техникумийн Нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, мэргэжлийн дагуу ажилласан. Гаалийн байгууллагад нийтдээ 2013 оныг дуустал Нягтлан бодогч мэргэжлээр ажилласан. Сүүлийн хэдэн жил Салбарын эрхлэгч ахлах байцаагчаар ажиллаж байсан. Нягтлан бодогч мэргэжлээр ажиллаж байх хугацаанд Гаалийн байгууллагын Татвар хураамжийн нягтлан, ахлах нягтлан зэрэг албан тушаалд ажиллаж ирсэн. 2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Нягтлан бодох санхүүч мэргэжлээр төгссөн. Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 сарын 31-ний өдөр Б/620 дугаар тушаал гарахад сайн учраа олохгүй байсан. Өнгөрсөн жилээс хөөцөлдөж сургуулиараа орж өөрийгөө сургуулийг суралцаж төгссөн гэдгээ тогтоолгохоор Иргэний хэргийн шүүхэд хандсан байгаа. Надад хичээл зааж байсан 2 доктор л байгаа. Өөр таньж мэдэх багш, ажилтан байхгүй. Хэрэв суралцаж төгссөн гэдгээ тогтоолгочихвол Гаалийн ерөнхий газар ажилд минь буцаагаад авна гэснээрээ байгаа гэж найдаж байгаа. Насаараа Гаалийн ерөнхий газарт ажилчхаад одоо шүүхээр явж байгаа нь надад үнэхээр хэцүү байна. Дипломыг хуурамчаар авсан бол 20-иод жилийн хугацаанд ингээд яваад байхгүй байсан байх. 2015 онд мөн шалгалт хийгдэж, дипломын асуудлаар олон хүн ажлаасаа халагдсан ба буцаад зарим нь ажилдаа орсон дуулдаж байсан. Би өөрийгөө ийм болно гэж бодож байгаагүй. Би дипломыг хуурамчаар үйлдэж хуурмагаар аваагүй учраас харамсалтай байна” гэв.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Би 1993 онд Ховд аймаг дахь Гаалийн газарт анх ажилд орж орсон. Тэнд ажиллаж байх хугацаандаа 1991 онд Монголын Үндэсний Их сургуульд элсэн орж 2002 онд төгссөн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ГЕГД Б/620 дугаар тушаал гаргасныг бид нар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн. Мэдсэн цагаас хойш тодруулж наашаа цаашаа явж байгаад Монголын Үндэсний Их сургууль дээр очоод учир шалтгаанаа хэлж, сургууль төгссөнөө нотлох шаардлагатай байна гэдгээ хэлээд холбогдох баримт бичгийг шүүж үзэхэд миний дипломыг орхиод явсан байсан. Архивд дараалсан дипломын дугаараар шүүхэд 78, 79, /80 байхгүй/, 81, 82 гээд явсан байсан. 80 дугаартай диплом нь надад байгаа. 2008 оноос хойш архив үүсгэсэн учраас өөр баримт байхгүй, байсан баримтаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Боловсролын яаманд өгсөн гэж надад хэлсэн. Би сургуульд суралцсан байдлаа тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж суралцсан байдлаа тогтоолгосон.
Хариуцагчаас зөрчлийг залруулсан тохиолдолд буцаад ажилдаа орж болно гэсэн учраас би Баянгол дүүргийн шүүхээс суралцсан байдлаа тогтоолгосон шийдвэрээ аваад очиж уулзахад өргөдөл бичүүлж авсан. Өргөдлийн утга цалин, мөнгө нөхөж олголгүйгээр эргэж ажилдаа орох тухай байсан ба өргөдөл өгснөөс 7 хоногийн дараа Гаалийн ерөнхий газраас утсаар залгаж таны тушаал гарах гэж байгаа тухай хэлсэн. Дахиад 7 хоногийн дараа ГЕГД эзгүй тул хүний нөөцтэй холбоотой тушаал хойшлогдоо гэсэн. Мөн та санаа зоволтгүй, таны тушаал гарч та эргээд албан ажилдаа очихоор болсон байгаа гэсэн. Мөн энэ мэт шалтгаанаар 3-4 удаа хойшлуулж 1 сар болсны дараа 7 дугаар сарын 8-ны өглөө намайг дуудаж би Гаалийн ерөнхий газар дээр ирэхэд та шүүхийн шийдвэрээ өөрчлүүлж төгссөн болгоод ирээ гэсэн. Сургуульд суралцсан гэдэг чинь төгссөн гэсэн үг биш учраас зөрчил залруулагдаагүй хэвээрээ байна гэсэн.
Үүний дагуу би миний суралцсан байдлыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчтэй уулзахад шүүгч та нэхэмжлэлээ суралцсан байдлаа тогтоолгоё гэж гаргасан учраас шүүхээс суралцсан байдлыг чинь тогтоосон гэсэн. Би бодит байдал дээр 2002 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дипломоо хүлээж авсан. Тэр хүртэл суралцсан байдлаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон. Суралцсан нь шаардлага хангахгүй юм бол төгссөн байдлаа тогтоолгоё гээд нэмж материал шүүлгэхээр сургуульд хандахад тухайн сургуулийн захиргаа өөрсдийгөө хамгаалаад бид нарт гаргаж өгөх өөр баримт байхгүй гээд л мунхардсан. Гаалийн ерөнхий газар биднийг ажлаас халах тушаал гаргах гэж байгаа бол урьдчилаад мэдэгдэж, хугацаа олгосон бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх байсан. Надад үнэхээр харамсалтай байна. Би Гаалийн албанд ажиллахдаа гаалийн албаны нэр төрийг өндөрт өргөж, гаалийн улсын байцаагчийн ёс зүй хэм хэмжээг сахиж ажилласан. Гаалийн байгууллагын зохих ёсны шагнал урамшууллыг хүртээд явж ирсэн.
Би Гаалийн байгууллагад 1993-д опиратороор ажилд орж ажиллаж байгаад 2002 онд сурахдаа гаалийн улсын байцаагч болоё гэдэг зорилгоор сурч төгсөөгүй. Харин тухайн үед мэдлэг мэргэжлээ дээшлүүлье, өөрийгөө хөгжүүлье гэдэг байдлаар сургууль төгссөн. Би хэрвээ дипломыг хуурамчаар үйлдсэн бол одоо ингээд зогсож байхгүй. Надад ийм ёс зүй байхгүй. Иймд үнэн мөнөөр нь тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч 6 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.А нь Улаанбаатар хот дахь Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн гавъяаны одонт Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1998 онд Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 29 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газарт операторчноор ажилд орсон. Улмаар 2006 онд 731 дүгээр тушаалаар Орхон аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдож ажлаас халагдах хүртэл ажилласан байдаг.
Нэхэмжлэгч М.Б нь 1995 онд Амжилт академийг төгссөн. 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг дахь Гаалийн хорооны даргын 1/31229 албан тоотоор программистаар ажилд ороод Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн боомтод программист, гаалийн улсын байцаагчаар томилогдсон байдаг.
Нэхэмжлэгч Б.Б нь 2002 онд Монгол Үндэсний их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1993 оны 6 дугаар сард Ховд аймаг дахь Гаалийн газарт оператораар ажилд орсон. 2003 онд Архивчаар ажиллаж байгаад 2009 онд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн Эдийн засгийн сургуулийн бэлтгэх 45 хоногийн курсэд хамрагдаж, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 168 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагч болсон.
Нэхэмжлэгч Н.Л нь 2005 онд Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2012 онд Монгол Улсын Их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Н.Л нь 2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 07/11310 дугаар гэрчилгээтэй мэргэшүүлэх чиглэлээр төгссөн байдаг. Гаалийн ерөнхий газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 491 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт шалгагчаар анх ажилд орсон. 2006 онд гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалд томилогдсон байдаг.
Нэхэмжлэгч П.С нь 1997 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 261 дүгээр тушаалаар Буянтухай дахь Гаалийн газарт Гаалийн шалгагчаар анх ажилд орсон ба 2002 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэргэдэх 45 хоногийн курсэд хамрагдсан байдаг.
Нэхэмжлэгч О.Ш нь 1995 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 50 дугаар тушаалаар Эрэлч нохой хөтлөгчөөр /123 дугаар тушаалаар/ анх ажилд орж байсан. 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дэргэдэх 45 хоногийн курсэд хамрагдаад 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаалийн улсын байцаагч албан тушаалд томилогдсон байдаг.
Нэхэмжлэгч Б.Е нь 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар тушаалаар гаалийн улсын байцаагчаар томилогдсон. Эдгээр хүмүүсийг томилогдох үед 1996 оны Гаалийн тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн 70 дугаар зүйлд гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нь 1 жил хэтрэхгүй туршилтын хугацааны дагалдангаар ажиллаж байгаа Гаалийн ажилтныг шалгагч гэнэ. Шалгагч нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журам, болзол шалгуурыг хангаж, Монгол Улсын Гаалийн хууль тогтоомжийн дагуу Гаалийн хяналт шалгалтын эрх эдэлж үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг гаалийн улсын байцаагч гэнэ гэсний дагуу 1996 онд нэхэмжлэгч нарын 5 нь гаалийн улсын байцаагч болсон. Тухайн үеийн хуулиар хариуцагч нарын гаргаад байгаа актад дурдсаны дагуу дээд боловсрол шаарддаггүй байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Бидний зүгээс маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалыг гаргаж байгаа хууль зүйн үндэслэлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 47.14-д дугаар зүйлд заасны дагуу гаргасан. Тухайн актад заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл нь өөрөө Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үндэслэл байдаг. Захиргааны ерөнхий хуулийн хуульд үндэслэх гэж зарчмыг мөрдөх ёстой. Тухайн хүмүүсийг ажлаас нь халж, акт гаргаж байгаа бол яг ямар хуулийн ямар зүйл заалтаар ажлаас нь чөлөөлж байгаа юм бэ гэдэг нь өөрөө хуулиараа тодорхой байх ёстой. Манай зүгээс хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд таарсан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг мөн зөрчсөн. Акт нь гарахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудыг ноцтой зөрчиж гарсан байна гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна. Иймд маргаан бүхий акт хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Мөн маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасныг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Акт гаргаж байгаа тохиолдолд хэргийн оролцогчдын оролцоог хангах захиргааны байгууллагын үндсэн зарчмыг зөрчсөн. Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 сарын 31-ний өдрийн Б/620, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 тоот тушаалуудыг тус тус гаргахдаа хэргийн оролцогчдын оролцоог хангаж мэдэгдэх, мэдүүлэг авах сонсох ажиллагааг явуулаагүй. Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газрыг сахилгын хороотой байна. Сахилгын хороо нь зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцдог хороотой байна гэж заасан. 90 дүгээр тогтоолын 5.2-т Сахилгын хороо нь гаалийн улсын байцаагч нарын зөрчилд холбогдох хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Үүний дагуу 2018 онд Сахилгын хороо шинэчилсэн дүрмийнхээ дагуу ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байдаг. Гэх мэтчилэн нэхэмжлэгч нарын оролцох, акт гарахад урьдчилан зайлшгүй хийгдэх ёстой байсан ажиллагаанууд хийгдээгүй байна гэж үзэж байна.
Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч нарыг Гаалийн албанд томилогдохдоо боловсролын хуурамч баримт бичиг ашигласан гэж актдаа тодорхойлсон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна. гэж заасан. Хариуцагч нь боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр тогтоогдож байна гэж ажлаас нь нэхэмжлэгч нарыг халдаг. Боловсролын хуурамч баримт бичиг гэдэг нь Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нарыг хуурамч баримт бичиг үйлдсэнийг Мэргэжлийн хяналтын газар тогтоодоггүй, шүүх гэм буруутайг тогтоодог зарчимтай. Ийм үйл баримт хэрэгт байхгүй.
Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслээд хуурамч баримт бичиг ашигласан байна гэж тогтоогоод байгаа Гаалийн ерөнхий газрын гаргаж байгаа акт нь хуульд үндэслэх, хууль дээдлэх гэх мэт зарчмуудыг зөрчиж, агуулгын хувьд ойлгомжгүй байдлаар энэ актыг гаргасан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж байна. Дээрээс нь хуульд нийцээгүй байна гэж харж байгаа учраас маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч нарын зүгээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өмнө нь Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 сарын 31-ний өдөр Б/620 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг ажлаас нь халсан. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад хянагдах явцад Улсын дээд шүүхээс 2020 оны 03 сарын 04-ны өдөр 96 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарыг ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй байна гэж үзэж уг актыг хүчингүй болгож шинээр акт гаргахыг даалгасан. Өөрөөр хэлбэл хүчингүй актаар нэхэмжлэгч нарыг ажлаас халсан. Ийм учраас нэхэмжлэгч нар нь өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь маргааны гол акт болох 2020 оны 06 сарын 03-ны өдөр Б/310 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг 6 дугаар сарын 04-ний өдөр ажил үүргээс нь чөлөөлсөн байдаг. Энэ актаараа 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэхэмжлэгч нар нь ажил үүргээ гүйцэтгэж явж байсан байна. Үүнтэй холбоотой цалин хөлсөө гаргуулах хууль зүйн хувьд бүрэн боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн” гэв.
Нэхэмжлэгч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч 6 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. М-гийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Товч тайлбар хийе. Өнөөдөр 13 цагаас эхэлсэн шүүх хурал мэтгэлцлээ, нотлох баримт судаллаа, тушаалаа хууль зүйн үндэслэл дээр ярилаа, асуулт хариулт явсан. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар хууль зүйн үндэслэлтэй байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Б/ 310 тушаал хууль зөрчсөн байна гэдэг нь доорх байдлаар тогтоогдож байна гэж харж байна. Хариуцагчийн тайлбарт 2018 онд нэхэмжлэгч нарыг анх Гаалийн албанд томилогдохдоо хуурамч бичиг баримт ашигласан гэсэн үндэслэлээр ажлаас халахдаа энэ нь сахилгын зөрчил байна гэж үзэж байсан. Шүүхээр хянагдах явцад 2020 оны 6 сард ажлаас чөлөөлсөн тушаалаас 1 жил 6 сарын дараа үзэхдээ сахилгын зөрчил мөн эсэх дээр эргэлзээ үүссэн байдлаар халсан. Энэ нөхцөл байдлаас Төрийн албаны хуульд заасан нөхцөлийг шууд зөрчсөн байна гэж харагдаж байна. Өмнө дурдсан хуулийн 48-р зүйлд заасан зохицуулагдах харилцаа юм байна. 48-р зүйлийг тушаалдаа дурдахад илрүүлснээс хойш 6 сар гарснаас хойш 12 сар гэсэн нөхцөл байдал үүсээд байгаа учраас 47.1 дэх заалтыг баримталсан гэдэг нь илэрхий харагдаж байна.
Хуулийн 47.1-д заасан үндэслэлээр халах бусад үндэслэл гэдэг асуудал дээр захиргааны акт ойлгомжтой, тодорхой байх ёстой гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 39-д заасныг зөрчиж байгаа асуудал байгаа. Энэхүү нөхцөл байдал нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 10-р зүйлд төрийн албан тушаалд тавигдах шаардлага гэж заасан. Үүнд төрийн албанд томилогдох гэж буй иргэн заавал дээд боловсролтой байна гэсэн шаардлага байгаагүй. 2017 оны 12 сард батлагдаж, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж ирсэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн Төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагын 1.2-т Төрийн албан хаагч нь дээд боловсролтой байна гэсэн шаардлага тавигдаж эхэлсэн. Тиймээс үүнээс өмнө дээд боловсролгүй байгаад дээд боловсролын шаардлага хангаагүй нэхэмжлэгч нар ажилд орсон гэж үзэх үндэслэл байхгүй.
2016 оноос хойш хэрэгжиж эхэлсэн захиргааны хуулийн нэг авууштай тал нь хэргийн оролцогчид нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөө гаргаж өгөхгүй бол эх сурвалжийг зааж шүүхээр гаргуулдаг нөхцөл байдал бий болсон. Өөрт нь байгааг мэдсээр байж тухайн баримтаа гаргаж өгөөгүйг шүүхийг буруутгахгүй. Яагаад гэвэл Шүүхээс удаа дараа шаардсан, Дээд шүүхийн 96-р тогтоол дээр ч шаардсан энэ нэхэмжлэгч нарын тус бүрд нь ажилд томилогдох үед ямар шаардлага байсан юм бэ? Үүнийг яагаад та нар харж үзээгүй юм бэ?. Үүнтэй холбоотой асуудлаа нягталж шалга гэдэг асуудал тавьсан. Хэрэгт өмнөх шүүх хуралдаан дээр яригдаад гарч ирсэн баримт болох 2008, 2010, 2004 оны гаалийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан.
2008 оны Гаалийн тухай хууль хуулийн үйлчлэлээс өмнө ирүүлсэн 2004 оны ажлын байрны тодорхойлолт дээр дээд боловсролтой гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэл гаргаж байгаа 7 иргэнийг заавал дээд боловсролгүй байна, Гаалийн албанд тэнцэхгүй гэж ажлаас халах нөхцөл байдал бүрдээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Е-ны хувьд дээд боловсрол шаардаж эхэлснээс хойш гаалийн улсын байцаагчаар томилогдсон байна. Энэ иргэний тухайд Хөдөлмөрийн дээд сургуулийн тодорхойлолт, дипломоор дээд боловсролтой гэсэн үйл баримт тогтоогдож байна. Дээд шүүхийн 96-р тогтоол анхан шатны шүүхийн шийдвэр дээр ер нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж буй одоогийн тушаалын үндэслэл дээр бичигдэж буй Төрийн албаны тухай хуулийн 37, 47 гэсэн заалт тавиад байгаа 2008 оны Гаалийн тухай хууль гэсэн энэ нөхцөл байдлуудаар дээд боловсролтой гэх шаардлага байгаа юм байна. Эдгээр хүмүүс энэ шаардлагыг хангаж байна уу гэдэг асуудлыг сайн хянаж шалгаж тогтоолоо гарга гэдэг асуудал тавьсан.
Гэтэл өнөөдөр Дээд шүүхийн тогтоолыг ч биелүүлээгүй байна. Биелүүлсэн гэж тайлбарлаж буй боловч түүнтэй холбоотой нэг ч баримт байхгүй. Үнэхээр тогтоолыг биелүүлээд шалгаад энэ хүмүүсийн хувийн хэргийг аваад үзсэн бол магадгүй Дээд шүүхийн тогтоолд дурдагдаж буй зарим иргэний диплом байгаагүй бол тэрийгээ шүүх дээр гаргаж ирээд баримтжуулах, явуулсан шалгалтаа нотлоод мэтгэлцэх үүрэг баримт нь харилцагчид байгаа баримт юм. Тиймээс шүүхийг буруутгах гаргаж өгөөгүй гэж үзэх дүгнэх нөхцөл байдал бол байхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой. Б/310 тоот тушаалыг хүчингүй болгоё гэсэн шаардлага гарсан. Энэ тушаал нь өөрөө хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг хянах хэрэгтэй. Хууль зөрчсөн байгаа бол дахин залруулах дахиж гаргах, залруулах боломж хариуцагчид байхгүй. 2 жил гаран энэ хүмүүс ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй байгаа нөхцөл байдал үүссэн байгаа. Энийгээ хүчингүй болгоод энэ хүмүүсийг эргүүлэн авсны дараа тодорхой хугацаанд шаардлага тавиад эндээ ажилла гэдэг шаардлага тавина уу гэхээс биш энэ тушаалаар энэ хүмүүсийн диплом асуудалтай гэдэг үндэслэлээр халах үндэслэл болохгүй. Энэ нөхцөл байдлыг дахин илэрхийлэхийг хүсэж байна. Ийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр сууриа дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т би Ж.А нарын гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлж байна.
Нэхэмжлэл гаргасан 8 хүн нь Гаалийн байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийн их дээд боловсрол, бакалавар болон түүнээс дээших боловсролын бичиг баримтыг Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газар нь гүйцэтгэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2018 онд нягтлан шалгасан байна.
Нэхэмжлэл гаргасан эдгээр 8 хүн болон бусад хүмүүстэй холбоотой боловсролын бичиг баримт хуурамч, зарим нь хүчингүй, их дээд сургууль төгссөн эсэх нь нотлогдохгүй, эсхүл тухайн боловсролын диплом нь нэхэмжлэл гаргасан эдгээр хүмүүст олгогдоогүй харин өөр бусад хүмүүст хууль ёсоор олгогдсон гэх зэргээр хүн тус бүрээр хийсэн шалгалтын дүнг МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол Соёлын хяналтын газрын 2018.12.28-ны өдрийн 06/4243 дугаартай албан тоот хавсралтын хамт Гаалийн ерөнхий газар болон Монгол Улсын Сангийн сайдад 2018 оны 12 дугаар сард ирсэн болно.
Дээрх МХЕГ-ын 06/4243 дугаартай албан тоотод тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 8 хүний боловсролын бичиг баримтын зөрчлийг тодорхой дурдсан байх тул энэ албан бичигт үндэслэн ГЕГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тоот тушаал гаргаж, гаалийн албанаас халсан болно.
Дээрх ГЕГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар Ж.А нарын нэр бүхий нэхэмжлэгчид Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд өмнө нь хандсанаар :
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0710 дугаартай шийдвэр,
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дугаартай магадлал,
3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай тогтоолууд гарч хүчин төгөлдөр болсон.
Улсын Дээд Шүүхийн 96 дугаартай тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1-т ... хариуцагчаас дахин шинэ акт гаргах .. нөхцөл бүрдсэн тул холбогдох хуулийн зүйл заалт, мөн МХЕГ-ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай албан тоот, нэхэмжлэгч нарын суралцаж төгссөн гэх их дээд сургуулиудаас ирсэн албан тоот /Уг албан тоотууд өмнөх хэргийн нотлох баримтад авагдсан/, архивын лавлагаа зэрэгт үндэслэн ГЕГ-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч 8 этгээдийг Гаалийн албанаас халсан болно.
Эдгээр нэхэмжлэгч нар их дээд сургуулийг суралцаж төгссөн эсэх болон боловсролын бичиг баримт нь хууль ёсных гэдэг нь одоогоороо тогтоогдоогүй, эсхүл боловсролын бичиг баримт нь хуурамч биш гэсэн нөхцөл байдал өнөөг хүртэл баталгаажаагүй бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд шалгалт хийсэн МХЕГ-ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 албан тоот хүчинтэй байгаа энэ цаг үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/620 тоот тушаал болон 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/310 тоот тушаалуудыг гаргасан. Гаалийн ерөнхий газраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 тоот тушаалыг хүчингүй болгосон. Үүний дараагаар 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/310 тоот тушаалуудыг гаргасан.
Гаалийн байгууллагын хуулиар заасан үүрэг нь улсын хилээр нэвтэрч байгаа бараа тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийгээд, хяналт шалгалт хийгдсэн бараа материалтай холбоотой татвар ногдуулах, улсын төсөвт төвлөрүүлэх үндсэн үүрэгтэй. Тэрнээс хувь хүний албан ёсны бичиг баримтууд мөн боловсролын бичиг баримтыг шалгах эрхгүй. Бидний чиг үүрэгт байдаггүй. Гаалийн албанд анх ажилтнаар авахдаа та ямар их дээд сургууль төгссөн бэ?, Их дээд сургууль төгссөн талаар боловсролын бичиг баримтаа нотариатын байгууллагаар баталгаажуулж авчир гэдэг шаардлага тавьдаг. Одоо ч энэ шаардлага тавигдаж байгаа. Тэгэхлээр ажилд орох гэж байгаа тэр хүн маань Их дээд сургууль төгссөн бол боловсролын бичиг баримтаа нотариатаар баталгаажуулж өгдөг. Бид нотариатаар баталгаажуулсан бичиг баримтад үндэслэж нэхэмжлэгч нарыг гаалийн улсын байцаагчаар томилоод ажиллуулах уу, үгүй юу гэдэг асуудал шийдэгдээд явна.
Энэ зохицуулалт нь бусад төрийн байгууллага дээр ч байгаа. Гаалийн байгууллагад ч байгаа. Тийм учраас дипломыг анх Гаалийн албад орж байх үед нь тэр боловсролын бичиг баримтыг хуурамч байна уу, эсвэл үнэн зөв байна уу, хуурамч биш юмаа гээд үүний цаана энэ дугаартай диплом дээр үнэхээр А гэдэг хүнд өгсөн үү, Б гэдэг хүнд өгсөн үү гэдгийг нотлох боломжгүй байдаг. Энэ үүрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулагдана. Мөн Шадар сайдын баталсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг заасан тогтоол байгаа. Үүнд дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Монгол Улсын хэмжээнд бүх л төрлийн үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн хяналтыг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлнэ гэсэн чиг үүрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг нь дотроо салж хэрэгждэг юм байна. Жишээ нь Хүнсний аюулгүй байдлын чиг үүрэг, Тээврийн аюулгүй байдлын чиг үүрэг гэх мэт.
Маргааны сэдэв болж байгаа боловсролын бичиг баримтыг үнэн зөв хуулийн дагуу авсан байна уу, Тухайн баримт бичиг нь хуурамч байна уу, бүртгэлтэй байна уу, бүртгэлгүй байна уу, уг хүн их дээд сургууль төгссөн байна уу, төгсөөгүй байна уу, боловсролын ямар зэрэгтэй юм бэ гэдгийг шалгадаг, тогтоодог байгууллага нь Мэргэжлийн хяналтын байгууллагын Газрын даргын гаргасан тушаал болон Шадар сайдын гаргасан тогтоолоор МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллана. Тус газар нь эрүүл мэндийг ч хянадаг. Боловсролын асуудлыг ч хянадаг, Соёлын хяналтыг ч хэрэгжүүлдэг байгууллага. Тийм учраас Гаалийн ерөнхий газар маргаад байгаа 7 хүнийг анх гаалийн байгууллагад ороход нь тухайн боловсролын бичиг баримтуудыг нь үнэн зөв бодитой эсэхийг нь шалгах боломжгүй байсан. Шалгах боломж ч байхгүй. Тийм учраас ажиллуулаад явж байсан.
МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газар чиг үүргийнхээ хүрээнд Гаалийн байгууллагын нийт 1500 ажилтны дипломыг шалгасан байдаг. Үүний 1100 нь гаалийн улсын байцаагч буюу төрийн тусгай албан хаагч, 400 нь төрийн үйлчилгээний албан хаагч байсан. Уг шалгалтад жирийн үйлчилгээний алба хаагчаас өгсүүлээд ГЕГД хүртэл нийт бүх хүмүүс шалгалтад хамрагдсан байдаг. Уг шалгалт 2018 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл бүтэн 1 сарын хугацаанд үргэлжилсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтаа үргэлжлүүлж шалгалтын үр дүнг МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаартай шалгалтын үр дүнг хүргэх тухай албан тоот, хавсралтын хамт Гаалийн ерөнхий газар болон Монгол Улсын Сангийн сайдад 2018 оны 12 дугаар сард мэдэгдсэн. МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот албан бичгийн 1 дүгээр хавсралтын 1-д Ж.Агийн регистрийн дугаарыг дурдаад Монгол Улсын Их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн нягтлан бодогчийн 2005 оны диплом өөр хүнд олгогдсон байна. Өөрөөр хэлбэл Ж.Ад ийм диплом олгогдоогүй байна. 2-т Б.Б ..... регистрийн дугаартай, Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний Их сургуулийг 2002 онд Эдийн засагч мэргэжлээр төгсөөгүй байна гэсэн шалгалтын үр дүнгийн мэдээллийг манайд ирүүлсэн. Албан бичгийн 4-т Н.Л, .... гэсэн регистрийн дугаартай Монгол улсын иргэн, Монгол Улсын Их сургуулийг 2001 онд Эрх зүйч мэргэжлээр төгсөөгүй байна. Чиг үүргийн хүрээнд хийсэн шалгалтаар илэрсэн мэдээлэл ингэж ирсэн. 5-д П. С .....регистрийн дугаартай, Санхүү эдийн засгийн Дээд сургуулийг 1990 онд Банк зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр 0202745 дугаартай диплом олгогдоогүй. 13-т М.Б, , Монгол Улсын Их сургуулийг 1999 онд Эрх зүйч мэргэжлээр төгсөөгүй. 25-д О.Ш , Улсын Багшийн дээд сургуулийг 1997 онд Техник урлалын багш мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл тухайн сургуулийн болон үндэсний төв архивд байхгүй. 26-д Б.Е ...... регистрийн дугаартай Монгол Улсын боловсролын их сургуулийг 2008 онд Биеийн тамирын багш мэргэжлээр төгсөөгүй байна гэсэн албан бичиг ирсэн. Эдгээр хүмүүсийн Гаалийн ерөнхий газарт хадгалагдаж байгаа хувийн хэрэгт яг энэ дипломууд нь энэ сургуулийг төгссөн гэдэг хуулбар нь байгаа. Өөрсдөө гаргаж өгсөн учраас.
Нэхэмжлэгч нар нь Төрийн тусгай албан хаагч болсон. Төрийн тусгай албан хаагч болохдоо Ж.А-2006 онд, Б.Б-2011 онд, М.Б-2002 онд, Н.Л-2007 онд, П.С-2002 онд, О.Ш-1999 онд, Б.Е-2011 онд тус тус гаалийн улсын байцаагч, төрийн тусгай албан хаагч болж байгаа. Авилгын эсрэг хуулиар нэхэмжлэгч нар нь жил бүрийн 2 дугаар сарын 14-нд багтаагаад хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх гээд ороход нь эхний заавар гарч ирдэг. Та өөртөө холбоотой мэдээллийг үнэн зөв мэдээлэх үүрэгтэй. Хэрэв үнэн зөв мэдүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалттай. Энэ хүмүүсийн жил бүр бөглөж байсан хөрөнгө орлогын мэдүүлэг дээр МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газраас ирсэн шалгалтын үр дүнгээр төгсөөгүй, төгссөн нь нотлогдохгүй байгаа гэсэн эдгээр бичиг баримтуудыг бүгдийг нь нэхэмжлэгч нар би энэ сургуулийг төгссөн гээд бүртгэсэн байсан. Үүнийгээ жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг дээр баталгаажуулж явдаг. Гэтэл МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот албан бичиг дээр энэ хүмүүс төгссөн нь нотлогдохгүй байна. Улсын төв архивд мэдээлэл нь байхгүй байна, эсвэл бүр төгсөөгүй байна. Эсвэл боловсролын дипломууд нь өөр хүмүүс дээр олгогдсон байна гэдэг шалгалтын үр дүн илэрлээ гэдэг мэдээллийг Гаалийн байгууллагад ирүүлсэн. Гаалийн байгууллагад үндсэн чиг үүрэг байдаггүй учраас нэхэмжлэгч нарын дипломыг шалгах боломжгүй байдаг учраас Гаалийн байгууллагад ирүүлсэн МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот албан бичигт үндэслэж Гаалийн албанаас халсан.
Нэхэмжлэгч нараас гадна 30 орчим хүний дипломын асуудал яригддаг. Эдгээр хүмүүсийг мөн адил Гаалийн албанаас чөлөөлөгдсөн. Гаалийн албанаас нэхэмжлэгч нарыг сургуулиа төгссөн гэдгийг нотлох баримтыг аваад ирвэл одоо ч гэсэн ажилд нь эгүүлээд томилох боломжтой гэдэг боломжийг олгосон. Нэхэмжлэгч нарч өөрсдөө ярьж байна. Өмнө нь 3 шатны шүүх хуралдааны явц болгонд тэрний өмнө Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн 302 тоот өрөөнд дуудаж уулзаад та бүхэнтэй холбоотой шийдвэр гарчихлаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор та бүхэн сургууль төгссөн гэдэг бичиг баримтаа авчирч өгөөд тэр нь хууль ёсных байвал эргээд томилох боломжтой гэдгийг мэдэгдээд одоо н.С, н.Э, н.Б, н.Б зэрэг хүмүүс болон бусад хүмүүс ажилдаа томилогдсон.
Нэхэмжлэгч нарын тухайд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 тоот МХЕГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын газрын шалгалтын үр дүнгээр нотлогдсон боловсролын бичиг баримтын зөрчил нь одоогоор арилаагүй байгаа. Өнөөдөр ч арилаагүй л байна. Үүнийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/1197 дугаар албан тоотоор ирүүлсэн 192 хуудас нотлох баримт дотор байгаа нэхэмжлэгч иргэдийн боловсролын бичиг баримттай холбоотой маргаантай асуудал, зөрчилтэй асуудал одоогоор арилаагүй байна. Шалгалтын үр дүнд өөрчлөлт орсон зүйл байхгүй байна гээд нотлох баримтууд ирсэн. Эдгээр бичиг баримт дээр үндэслээд халах гэдэг Гаалийн байгууллагын шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрх зүйн актын хувьд оролцоог хангаагүй гэж ярьж байна. Талуудын оролцоог манай зүгээс хангасан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаал шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч нарыг тушаалыг чинь өөрчлөөд эгүүлээд албанд чинь томилъё. Боловсролын бичиг баримтуудаа алдаатай бол залруулаад ир гэсэн боломж, нөхцөлүүдийг хангах боломжийг олгоод явсан. Тийм учраас нэхэмжлэгч нар нь Гаалийн ерөнхий газарт очоод боловсролын бичиг баримтыг залруулах гээд яваад байсан талаар өөрсдөө яриад байгаа нь ийм учиртай. Хэрвээ нэхэмжлэгч нар сургуульд сурсан гэдгээ биш, сургууль төгссөн гэдгээ Иргэний хэргийн шүүхээр тогтоолгоод ирвэл одоо ч Гаалийн байгууллагад эгүүлээд томилогдон ажиллах боломж нь нээлттэй. Энд Гаалийн байгууллагын албан ёсны байр суурийг хэлж байна. Нэхэмжлэгч нарын оролцоог хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хуралдаан болоод 2020 оны 3 сард шүүх хуралдааны танхимаас гарахад энэ асуудал нь 3 сарын хугацаагаар тогтоол гарч хойшлон, дахин шинээр акт гарахаар байна. Тэрнээс өмгөөлөгчийн хэлж байгаа шиг гарсан акт нь хууль бус байна. Хууль бус актыг хүчингүй болгоё гэж яриагүй. Харин дахин акт гарах боломжийг олгоё л гэсэн байгаа. Тэгэхлээр ахин акт гарахаар байна. Энэ хугацаанд та бүхэн сургууль соёл төгссөн тухай боловсролын бичиг баримтаа гаргаж ирэх юм бол эргээд Гаалийн байгууллага заавал шүүх гэлгүйгээр маргааныг шийдвэрлээд эгүүлээд томилох боломжтой гэдэг мэдээллийг байнга өгч байсан. Тийм учраас оролцоог нь байнга хангаад явж байсан учраас 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 тоот тушаал дээр Захиргааны ерөнхий хуулийн 39, 43, 46 гэсэн заалтуудыг мөрдлөг болгож оруулсан. Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 47.1.4 гэсэн заалтыг дурдсан. Энэ хуулийн заалт нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийн, ер нь нийт албан хаагчийн нийтлэг, үндсэн үүрэг. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, үндсэн үүрэг дээр тус тус заасан. Гаалийн байгууллагын ажилтан болох гаалийн улсын байцаагчийн үндсэн үүрэг дээр хууль тогтоомжийг биелүүлнэ гэсэн үндсэн гол үүрэг байгаа. Би мөн адил хууль тогтоомжийг л биелүүлнэ. Манайхаас хууль тогтоомж зөрчигдсөн байна. Таны Гаалийн байгууллагад гаргаж өгөөд Гаалийн байгууллагад хадгалагдаж байгаа боловсролын бичиг баримт нь хуурамч юм уу, эсвэл нотлогдохгүй байгаа учраас хууль тогтоомж зөрчигдсөн гэдэг үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйл буюу үүргийн заалтыг зааж өгсөн. Тийм учраас энэ заалт орж явж байгаа. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч сахилгын хороо хуралдаагүй гэж ярьсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 7 иргэнтэй холбоотой Сахилгын хороо хуралдаагүй нь үнэн. Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм гэж байдаг. Сахилгын дүрэмтэй холбоотойгоор Засгийн газар батлахдаа сахилгын хороо ажиллах ёстой гэж. Сахилгын хороо ямар учиртай хуралддаг бэ гэхлээр гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу бараа тээврийн хэрэгслийг шалгах хянах нягтлах татвар хураамжийг ногдуулах явцдаа аж ахуйн нэгж байгууллагад хууль бус шаардлага тавих эсвэл шалгах үүрэгтэй ачаа бараа тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд шалгахгүй байх, эсвэл бусдаас авилгал авах, бусдад үндэслэлгүй хүндрэл учруулах гэх мэтчилэн албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулаад тэр нь сахилгын зөрчил бол түүнийг хэлэлцдэг сахилгын хороо. Нэхэмжлэгч нартай холбоотой албан үүргээ гүйцэтгэж байхдаа хяналт шалгалтын явцад зөрчил гарсан асуудал яригдаагүй учраас Сахилгын хороо энэ дээр хуралдах шаардлагагүй гэж үзсэн.
Манайх бол эрх бүхий байгууллагын шалгалтын материалд үндэслэж шийдвэр гаргасан. Одоо хувийн хэрэгт хадгалагдаж байгаа боловсролын бичиг баримтуудын асуудал байсан учраас сахилгын хороо хуралдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Цалин хөлстэй холбоотой асуудлыг ойлгосон. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойших тэр хэмжээний цалин хөлсийг нэхэмжилж байгаатай маргаагүй.
Хариуцагчаас мэргэжлийн хяналтын байгууллагын 06/4243 гэсэн албан тоотыг барьж байгаа гэдгээ хэлсэн. Шүүгээд байгаа бүх баримтыг гаргаж өгсөн. Ямар нэгэн байдлаар гаргаж өгөөгүй буюу цаанаа нөөцлөөд нуугаад байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгч Ж.А 2006 онд төрийн тусгай албан хаагч буюу гаалийн улсын байцаагч болсон. Төрийн тусгай албан хаагч нь гаалийн улсын байцаагч. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 тоот тушаал дээр гаалийн улсын байцаагчаар томилогдохдоо боловсролын ямар бичиг баримт барьсан байна бэ гэдгийг тодотгосон. 2002 оны Төрийн албаны тухай хуулиар дээд боловсролтой байна гээд шаардсан байгаа. Ер нь нэхэмжлэгч нар нь ТҮ албан тушаал дээр ажиллаж байсан. Үүн дээр бид маргаагүй. Яг гаалийн улсын байцаагч болох үедээ шаардлага тавьж байсан. Нэхэмжлэгч Ж.Агийн тухайд 2006 онд төрийн тусгай албан хаагч болсон. Гэтэл 2002 оны Төрийн албаны тухай хуульд дээд боловсролтой байна гээд заасан байгаа.
Нэхэмжлэгч Б.Б 2011 онд төрийн тусгай албан хаагч буюу гаалийн улсын байцаагчаар ажилд орсон. Гэтэл мөн л 2002 оны Төрийн албаны тухай хуулиар дээд боловсролтой байна гээд заасан. Нэхэмжлэгч Б 2002 онд, Н.Л2007 онд, П.С 2002 онд, Б.Е2011 онд тус тус төрийн тусгай албан хаагч болсон. Гэтэл 2002 оны Төрийн албаны тухай хуульд дээд боловсролтой байна гээд заасан байгаа.
Нэхэмжлэгч О.Ш 1999 онд төрийн тусгай алба хаагч болсон. Нэхэмжлэгч нар нь хувийн хэрэгт авагдсан материалаар бол жишээ нь Ж.А 2006 онд гаалийн улсын байцаагч болохдоо маргаан бүхий Орхон их сургуулийн дипломыг гаргаж өгсөн. Б.Б нь 2011 онд гаалийн улсын байцаагч болохдоо Монголын үндэсний сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн гээд маргаан бүхий дипломыг өгсөн. Бат-Эрдэнэ нь 2002 онд гаалийн улсын байцаагч болсон. Гэтэл 1999 онд Эрх зүйч мэргэжлээр Монгол Улсын Их сургуулийг төгссөн гэдэг маргаан бүхий дипломыг өгсөн. Н.Лнь 2007 онд төрийн тусгай албан хаагч болсон. Гэтэл 2001 онд Эрх зүйч мэргэжлээр Монгол улсын их сургуулийг төгссөн дипломыг маргаан бүхий дипломыг гаргаж өгсөн. П.С нь 2002 онд гаалийн улсын байцаагч болсон. Гэтэл маргаан бүхий 1990 оны Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Банкны зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн дипломыг гаргаж өгсөн. О.Ш нь 1999 онд гаалийн улсын байцаагч болсон. Гэтэл Улсын багшийн их сургуулийг 1997 онд төгссөн дипломыг гаргаж өгсөн. Б.Е 2011 онд гаалийн улсын байцаагч болсон байхад 2008 онд Боловсролын их сургуулийг төгссөн гэсэн дипломыг гаргаж өгсөн. Тэгэхлээр эдгээр нэхэмжлэгч нарыг ажлаас халах гол үндэслэл нь гаалийн улсын байцаагч болохдоо ямар их дээд сургууль төгссөн боловсролын бичиг баримт гаргаж өгснөөс хамаарч байгаа. Энэ нөхцөл байдал дээр үндэслэж 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б/310 тоот тушаал гаргахдаа энэ нэр дурдагдсан хүмүүс Гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдохдоо боловсролын хуурамч бичиг баримт ашиглагдсан байна. Ийм бичиг баримтуудыг гаргаж өгсөн гэдгийг үндэслэж маргаан бүхий тушаалыг гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэхээс аргагүй. Аль ч ангилалд хамаарах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заагдсан төрийн албан хаагчийн үүргийг биелүүлэх ёстой. Хуулийг биелүүлэх ёстой. Хууль биелэгдээгүй байна гэж үзэж халах шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нарын өмгөөлөгч сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Халах хэмжээний үр дагавар үүссэн үү, үгүй юу гэдгийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч дүгнэхгүй. Би ч дүгнэхгүй. Харин шийдвэр гаргаж байгаа эрх бүхий этгээд болох Асралт гэдэг хүн дипломууд нь асуудалтай, маргаантай, анх гаалийн улсын байцаагч болохдоо дипломуудаа Гаалийн байгууллагад гаргаж өгөөд хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ дурдаад гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дээд сургуулиудыг дурдаад гаргаад өгсөн байгаа нь өөрөө хууль тогтоомж зөрчигдөж байна гэж үзээд ажлаас халах тушаал гаргасан учраас өмнөөс нь бид нар халах хэмжээний сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байсан уу? гэдэгт би хариулж чадахгүй байна. Хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас халах нь зүйтэй гэж үзсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг бариагүй, 43 гэдэг заалтыг барьсан. 6 дугаар сарын 03-ны өдөр тушаал гараад 6 дугаар сарын 04-ний өдөр Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн байцаагч Цэлмэг хүн тус бүрт албан ёсоор утсаар мэдэгдэх ажиллагааг хийсэн. Мэдэгдсэн учраас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар заалтыг барьсан.
Сонсох ажиллагааны тухайд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гарсан тушаалыг сонсгох ажиллагааны хүрээнд уг тушаал гарахаас 3 сарын өмнө 3 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхийн тогтоолыг сонсгосноос хойш та бүхэн маань нэг хамт олон болж ажиллаж байсан тийм учраас өөрт байгаа баримтуудаа авчирч өгөөд сургууль төгссөн гэдгээ нотлоод бүгд ажилдаа орох боломж бүрдэж байна. Маргаан бүхий тушаал түдгэлзчихлээ. Энэ түдгэлзсэн байх хугацаанд та бүхэн шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөөд түдгэлзсэн байх хугацаанд гаргаж өгсөн баримтад үндэслээд та нарыг эгүүлэн томилох боломжтой гэдгийг бид нар байнга мэдэгдэж байсан. Энэ нь амаар оролцогч нарт мэдэгдэж байгаа нэг хэлбэр. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, төлөөлөгч нар тухайн үед байсан.
Үүнээс хойш 3 сарын дараа 6 дугаар сарын 03-ны өдөр Б/310 тоот тушаал гарсан. Энэ хооронд Гаалийн байгууллага юу ч хийсэнгүй гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч 7 иргэн маань энэ сургуулийг ингэж төгссөн нь ингэж нотлогдож байна гэдэг зүйлийг 3 дугаар сарын 4-ний өдөр сонсох ажиллагаа хийснээс хойш дахиж Гаалийн байгууллагад хандаагүй. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг ч өгөөгүй. Харин ганц П.С би сургууль төгссөнөө тогтоолгохоор шүүхээр явж байгаа гэдгээ мессэжээр бичиж явуулж байсан. Нэхэмжлэгч нар тэр 3 сарын хугацаанд хандаагүй учраас хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Харин ч өмгөөлөгч нь энэ гурван сарын хугацаанд хэдүүлээ сургууль төгссөн гэдгээ нотлоё гээд тал талаасаа нотлоод оролцоод явах байсан. Гэтэл огт оролцоогүй байж байгаад одоо Гаалийн байгууллагыг ажиллагаа хийгээгүй гэдгээр тайлбар гаргаж байна.
2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тушаалаа авах гээд очиход халсан гэж хэлээд байгаа Б/310 тоот тушаал гараагүй байсан гэж тайлбарлаж байна. Байхгүй, тийм учраас гараагүй гэж ярьж байна. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч гараагүй байсан гэдгийг нүдээрээ үзээгүй ш дээ. Тухайн үед одоогийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нараас итгэмжлэлийг аваагүй байсан. Итгэмжлэл байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр л оролцож байсан болохоос биш сүүлд гарсан тушаалыг гардаж авах итгэмжлэл байгаагүй. Нэхэмжлэгч нарт бол мэдэгдээд явсан.
Нэхэмжлэгч Б.Бийг 2019 оны 1 дүгээр сард Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн 302 тоот өрөөнд надтай уулзахдаа би сургууль төгссөнөө нотолно гэхлээр нь тийм бол нотолсон баримтуудаа аваад ирээрэй. Хэрэв аваад ирэх юм бол эгүүлээд ГЕГД ажилд чинь томилоод явна, гэдгийг хэлсэн. Дипломтой холбоотой асуудал гарсан учраас та хүсэлтээ бичиж өгөөд тэрийгээ нотолсон бичиг баримтуудаа гаргаж өгөөд тэрэн дээр үндэслээд тушаал шийдвэр гараад явна. Цалин мөнгөтэй холбоотой асуудлыг шууд газар дээр нь шийдвэрлэх, олгох юм уу, үгүй юм уу, цалинтай ажиллуулах юм уу, үгүй юм уу гэх асуудлуудыг бид нар мэдэхгүй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Ж.А, Б.Б, П.Г, Н.Л, П. С, О.Ш, Б.Е нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. М, нэхэмжлэгч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар “Гаалийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох нэхэмжлэгч Ж.Аг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч Б.Б-ийг Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Н.Л-г тус гаалийн газарт хяналт, шалгалт бүрдүүлэлтийн албаны даргаар, нэхэмжлэгч П.С-г Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар, нэхэмжлэгч О.Ш-ийг Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч Б.Е-ыг Ховд аймгийн Булган дахь гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар, нэхэмжлэгч М.Б-ийг Замын үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нарын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах мөн өдрийг хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж нэмэгдүүлжээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Н.Л, Б.Е нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ж.А, Б.Б, П.С, О.Ш, М.Б нарын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, харин нэр бүхий 5 нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэр бүхий 8 иргэн анх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар тэднийг гаалийн албанаас халсан Гаалийн ерөнхий газрын даргын тушаалтай маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 96 дугаар тогтоолоор маргаан бүхий Б/620 дугаар тушаалын хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гартах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу хариуцагч ГЕГД 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар өмнө нь гаргасан Б/620 дугаар тушаалын үндэслэлтэй ижил буюу боловсролын хуурамч бичиг баримт ашиглан гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь хууль зөрчсөн гэж үзэж гаалийн албанаас халах шийдвэр гаргажээ.
Нэхэмжлэгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн зүгээс ГЕГД эдгээр иргэдийг хуульд заасан үндэслэлгүйгээр гаалийн албанаас халсан, хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилгаагүй, нэхэмжлэгч нарт мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байна.
1.Хэргийн үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч Ж.А анх 2002 онд Гаалийн байгууллагад операторын албан тушаалд орж, 2006 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаар албан бичгийн хавсралтад[1] “....Монгол улсын Их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн “нягтлан бодогч” мэргэжлийн 2005 оны D200514994 дугаартай диплом өөр хүнд олгогдсон” гэж, мөн МУИС-ын Эрдэнэт сургуулийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр албан бичигт[2] уг диплом өөр хүнд олгогдсон талаар нотолсон;
Нэхэмжлэгч Б.Б анх 1993 онд Гаалийн байгууллагад операторын албан тушаалд орж, 2011 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд дээрх 06/4243 дугаар албан бичгийн хавсралтад “..Монголын Үндэсний их сургуулийг 2002 онд төгсөөгүй” гэж, Монголын үндэсний их сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/256 дугаар албан бичигт[3] Б.Б 1998-2002 онд уг сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөгүй талаар нотолсон,
Нэхэмжлэгч П.С анх 1999 онд Гаалийн байгууллагад шалгагчийн албан тушаалд орж, 2002 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд дээрх 06/4243 дугаар албан бичгийн хавсралтад “..санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2001 оны “Нягтлан бодогч-эдийн засагч” мэргэжлийн 0104689 дугаартай диплом олгогдоогүй.” гэж, Санхүү эдийн засгийн их сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1020 дугаар албан бичигт[4] П.С тус сургуулийг төгсөөгүй талаар нотолсон;
Нэхэмжлэгч О.Ш анх 1995 онд Гаалийн байгууллагад маллагч-үйлчлэгчийн албан тушаалд орж 1999 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд 06/4243 дугаар албан бичгийн хавсралтад “..Улсын багшийн их сургуулийг 1997 онд “Техник урлалын багш” мэргэжлээр төгссөн тухай мэдээлэл сургуулийн болон Үндэсний төв архивд байхгүй.” гэж, архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/576 дугаар албан бичигт[5], УБИС-ыг 1997 онд техник урлалын багш мэргэжлээр төгссөн төгсөгчдийн бүртгэлд[6] О.Штус сургуулийг төгсөөгүй тухай нотолсон;
Нэхэмжлэгч М.Б анх 2000 онд Гаалийн байгууллагад операторын албан тушаалд орж, 2002 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд 06/4243 дугаар алба бичгийн хавсралтад “..Монгол улсын Их сургуулийг 1999 онд эрх зүйч мэргэжлээр төгсөөгүй.” гэж, МУИС-ын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/3887 дугаар албан бичгийн хавсралтаар[7] М.Бтус сургуулийг төгсөөгүй талаар нотолсон;
Нэхэмжлэгч Н.Л анх 2005 онд Гаалийн байгууллагад шалгагчийн албан тушаалд орж, 2007 онд гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд Монгол улсын Их сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/2987 дугаар албан бичгээр[8] тус сургуулийн захирлын 2012 оны 303 дугаар тушаалаар эдийн засгийн сургуулийг Менежмент, гадаад худалдаа, гаалийн мэргэжлээр төгссөн бакалаврын зэргийн дипломтой болохыг нотолсон;
Нэхэмжлэгч Б.Е анх 2011 онд Гаалийн байгууллагад эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар албан бичгээр[9] Б.Е тус сургуулийг 2006-2010 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн бакалаврын зэргийн дипломтой болохыг нотолсон;
Түүнчлэн нэхэмжлэгч нэр бүхий гаалийн улсын байцаагчдыг хуурамч бичиг баримт ашиглан гаалийн албанд томилогдсон нь Төрийн албаны тухай хууль(2002 оны)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/620 дугаар тушаалаар гаалийн албанаас халах шийдвэр гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 96 дугаар тогтоолоор хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаал гаргаж дээрх Б/620 дугаар тушаалын нэхэмжлэгч нэр бүхий 8 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн; зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
2.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Хариуцагч ГЕГД маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.8 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл, 43 дугаар зүйл, 46 дугаар зүйл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06/4243 дугаар албан бичгийг тус тус үндэслэжээ.
Гэвч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчийг ажлаас халахдаа уг харилцааг нарийвчлан зохицуулсан энэ хуулийн холбогдох заалтуудыг оновчтой хэрэглээгүй, эрх нь зөрчигдөж болзошгүй нэхэмжлэгч нарыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь хангаагүй, хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтуудыг хэрэгжүүлээгүй нь уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.
Нэхэмжлэгч нар дээд боловсрол эзэмшээгүй нь төрийн тусгай албан хаагчийн хувьд хуулийн ямар заалтыг зөрчсөн болох, энэ нь тэднийг төрийн албанаас халах үндэслэл болж байгаа эсэх, эдгээр иргэд дээд боловсрол эзэмшээгүй байхдаа гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь тэднийг буруутгах үндэслэлтэй эсэх, түүнчлэн хуурамч бичиг баримт ашигласан гэх ойлголтыг төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээлгэхдээ үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг нарийвчлан тогтоолгүйгээр Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчид үүрэг хүлээлгэсэн ерөнхий заалтыг үндэслэж ажлаас халах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэл муутай хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл нь “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” буюу 37.1.1-37.1.18 гэсэн 18 заалт бүхий ерөнхий зохицуулалт агуулсан үүрэгжүүлсэн заалтууд байх бөгөөд нэхэмжлэгч нар хуулийн энэхүү зүйлийн ямар заалтыг зөрчсөн нь ажлаас халах үндэслэл болсныг тодорхойлолгүйгээр маргаан бүхий актын үндэслэл болгосон нь ойлгомжгүй болжээ.
Хэрэв нэхэмжлэгч нар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзвэл хариуцагч ГЕГД тэрхүү зөрчлийг хуулийн заалттай нь уялдуулан тодорхойлж, тогтоосны үндсэн дээр хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг зөрчлийн шинж байдалд тохируулан оногдуулахаар, хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д зааснаар энэ хуульд заасан бусад үндэслэл байгаа гэж үзвэл тухайн үндэслэл бүхий заалтыг баримтлан тохирсон шийтгэлийг оногдуулахаар байна.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл оногдуулаагүй, харин хууль зөрчсөн учир ажлаас халсан.” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарыг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн тохиолдолд гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас халах шийтгэл хүлээлгэх хуулийн үндэслэл нь ямар хууль болох, эдгээр иргэд тухайн ажлын байранд ажиллаж болохгүй байгаа нөхцөлийг зөв тодорхойлоогүй нь маргаан бүхий актын хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл гаргаагүй төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах хууль зүйн боломжгүй бөгөөд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдож байгаа нэхэмжлэгч нарын хувьд хууль бус шийдвэр болно..
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, тэдний нотлох баримт гаргаж өгөх, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, энэ талаар дүгнэж дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг биелүүлээгүй нь маргаан бүхий Б/310 дугаар актыг хууль бус гэж дүгнэх өөр нэг үндэслэл болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны акт гаргах ажиллагаанд нэхэмжлэгч нарыг оролцуулсан энэ тухай Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсээс хүн бүрд утсаар мэдэгдсэн, түүнчлэн амаар оролцогч нарт байнга мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч үүнийгээ нотлоогүй байна.
Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагаанд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийн оролцоог хангаагүй, тэдэнд мэдэгдээгүй, захиргааны акттай холбоотой тайлбар санал гаргах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэсэн зарчмуудтай нийцээгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч Ж.А-2006 онд, П.С-2002 онд, Н.Л-2007 онд, М.Б-2002 онд, О.Ш-1999 онд тус тус гаалийн улсын байцаагчаар томилогдоход 1996 оноос 2008 оны 07 дугаар сарын 01-ний хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн тухай хуулийн, харин нэхэмжлэгч Б.Б, Б.Е нар 2011 онд гаалийн улсын байцаагчаар томилогдоход 2008 оны Гаалийн тухай хуулийн холбогдох заалтуудаар зохицуулагдаж байжээ.
Гаалийн тухай хууль (1996 оны)-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол улсын иргэн” нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж болохоор хуульчилсан бөгөөд харин 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилсэн Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1-д “Гаалийн улсын байцаагч нь Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтан” байхаар өөрчилж мөн хуулийн 273.5-д “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байх” шаардлагыг хуульчилсан байна.
Түүнчлэн Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар Гаалийн тухай хууль (1996 оны)-ийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн гаалийн улсын байцаагч нарын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг[10] баталж мөрдүүлсэн бөгөөд энэ үед гаалийн улсын байцаагчид дээд боловсролтой байх хуулийн шаардлага тавигдаагүй байжээ.
Харин шинэчлэн найруулсан Гаалийн тухай хууль 2008 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдсөнөөр гаалийн улсын байцаагчид ажиллах иргэн дээд боловсролтой, бакалаврын дипломтой байх шаардлага тавигдаж Гаалийн ерөнхий газраас 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 713 дугаар тушаал[11], 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 200 дугаар тушаалаар[12] тус тус гаалийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн хуулийн шаардлагад нийцүүлэн батлан гаргаж мөрдүүлсэн байна.
Ийнхүү хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх зохицуулалтаас үзэхэд гаалийн улсын байцаагчаар томилогдох иргэн дээд боловсролтой байх шаардлагыг 2008 оны Гаалийн тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нар гаалийн улсын байцаагчаар ажиллах тохиолдолд хуулийн энэхүү шаардлагыг хангасан байх үүрэгтэй болжээ.
Хэдийгээр бакалаврын диплом нь маргаантай байгаа нэхэмжлэгч нарын тухайд анх ажилд ороход тавигдаагүй байсан нөхцөл шаардлага 2008 оноос шинээр батлагдсан хуулиар дээд боловсролтой байхаар өөрчлөгдсөн нь тэдний хувьд хуулийн шаардлагыг заавал хангасан байхыг шаардана.
Гэтэл нэхэмжлэгч Ж.А, Б,Б, П.С, М.Б, О.Ш нарын гаалийн улсын байцаагчаар томилогдох үедээ өгсөн, одоо тэдний хувийн хэрэгт хадгалагдаж байгаа гэх боловсролын дипломууд хуурамч байсан талаар эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, энэхүү Мэргэжлийн ерөнхий газрын 2018 оны 06/4243 дугаар албан бичиг ирснээс хойш нэхэмжлэгч иргэд уг албан бичгийн хавсралтад заасны дагуу өөрт холбогдох баримтуудаа захиргааны байгууллагад ирүүлээгүй байгаа нь дээрх зөрчлийг арилсан гэж үзэхээргүй байна.
Нөгөө талаар Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Боловсролын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны “дээд боловсролын диплом олгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын хүрээнд тогтоогдсон зөрчлийн талаар нэхэмжлэгч нар маргаагүй байна.
Эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосон зөрчилтэй нийцүүлэн авч үзвэл дээрх нэр бүхий нэхэмжлэгч 5 иргэний хувьд тэдний гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, маргаан бүхий акт гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д заасан гаалийн улсын байцаагч дээд боловсролтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.А, Б.Б, П. С, М.Б, О.Ш нарын урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн орох нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй тул маргаан бүхий Б/310 дугаарын тушаалын эдгээр нэр бүхий иргэдтэй холбогдох хэсгийг хууль бус гэж дүгнэж хүчингүй болгох шаардлагагүй, харин нэхэмжлэгч Н.Л, Б.Е нарт холбогдох хэсэг хууль бус гэж үзсэн тул холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан хэдий ч уг тушаал 4 заалт, ажлаас халагдсан иргэдийн нэр бүхий хавсралтаас бүрдсэн бөгөөд тушаалын 4 дэх хэсгээр өмнөх 2018 оны Б/620 тоот тушаалын хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул маргаан бүхий Б/310 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй харин уг тушаалын 1 дэх хэсэг болон хавсралтын нэхэмжлэгч Н.Л, Б.Е нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон үлдэх нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх...” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ акт гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нарын ажлын байрны талаар дурдаагүй орхигдуулсан, энэ хугацаанд тэднийг ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр акт байхгүй байх тул нэхэмжлэгч Ж.А, Б.Б, П. С, М.Б, О.Ш нарт энэ хугацааны ажилгүй байсан цалинг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч Н.Л 2012 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Менежмент, гадаад худалдаа, гаалийн мэргэжлээр төгссөн, бакалаврын зэргийн дипломтой, нэхэмжлэгч Б.Е Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг 2006-2010 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн бакалаврын зэргийн дипломтой болох нь нотлогдсон тул хуурамч диплом ашиглан гаалийн улсын байцаагчаар томилогдсон гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий Б/310 дугаар тушаалд заасан хуурамч дипломтой гэх үндэслэл тогтоогдоогүй байхад эдгээр иргэдийг ажиллуулахгүй байгаа захиргааны байгууллагын шийдвэр хууль бус тул Н.Л, Б.Е нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх цалинг олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, харин нэхэмжлэгч Ж.А, Б.Б, П. С, М.Б, О.Ш нарын Б/310 дугаар тушаалтай холбогдох хэсэг, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, шинэ акт гарснаас хойших хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах шаардлагыг хангах боломжгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 106.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 102 дугаар зүйлийн 102.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаар тушаалын нэхэмжлэгч Н.Л, Б.Е нарт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Л-г Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын хяналт, шалгалт бүрдүүлэлтийн албаны даргын, Б.Е-ыг тус гаалийн газрын эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Н.Л-т 26027057 (Хорин зургаан сая хорин долоон мянга тавин долоон)төгрөг, Б.Е-д 22710292 (хорин хоёр сая долоон зуун арван мянга хоёр зуун ерэн хоёр)төгрөгийг олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, бусад нэр бүхий нэхэмжлэгч нарын ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны хохирол нэхэмжлэгч Ж.Ад 15837669 (Арван таван сая найман зуун гучин долоон мянга зургаан зуун жаран есөн) төгрөг, Б.Бт 17138692 (Арван долоон сая нэг зуун гучин найман мянга зургаан зуун ерэн хоёр)төгрөг, П.Сд 18870823 (Арван найман сая найман зуун далан мянга найман зуун хорин гурван) төгрөг, М.Б-д 15626504 (Арван таван сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөрвөн) төгрөг, О.Ш-д 17112603 (Арван долоон сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун гурван) төгрөг тус тус олгож энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Б/310 дугаар тушаалын Ж.А, Б.Б, П. С, М.Б, О.Ш нарт холбогдох хэсэг, эдгээр нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П. Сгаас төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
[1] Нотлох баримтаар авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар хуудас
[2] Нотлох баримтаар авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[3] Нотлох баримтаар авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас
[4] Нотлох баримтаар авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас
[5] Нотлох баримтаар авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас
[6] Нотлох баримтаар авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас
[7] Нотлох баримтаар авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас
[8] Нотлох баримтаар авагдсан 3 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас
[9] Нотлох баримтаар авагдсан 3 дугаар хавтаст хэргийн 147-150 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 141-144 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 132-141 дүгээр хуудас