Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар З.Батсүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601070038 дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Л.Отгончимэг

Улсын яллагч                                                Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                             О.Анхбаяр, Т.Дашдэлгэр,

   Ц.Эрдэнэтөгс, З.Батсүрэн

Шүүгдэгч О.Анхбаяр, Т.Дашдэлгэр,

Ц.Эрдэнэтөгс нарын өмгөөлөгч                 С.Сэргэлэн

Шүүгдэгч З.Батсүрэнгийн өмгөөлөгч       Ж.Цэцэгээ

Иргэний нэхэмжлэгч                                 Г.Бат-Орших нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, лефтчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр О.Мөнхгэрэл, хүүхэд, 2 дүү нарын хамт /иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг/ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжны 1 тоот хашаанд оршин суух,

- 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 240.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

- 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Чонос овгийн Оюунчимэгийн Анхбаяр /РД:ЙС86062612/,

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, эрэгтэй, 33 настай,  бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр О.Ганцэцэг, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 2 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух,

- 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж,  уг хорих ял биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 1998 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 124 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял ногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 7 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 11/а дугаартай шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Төмөрхуягийн Дашдэлгэр /РД:ДЮ83040415/,

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, кранны оосорлогч, дохиочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт /иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг/ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 18 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух,

- 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Эрхий мэргэн овгийн Цэрэндоржийн Эрдэнэтөгс /РД:РЙ92091019/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, цахилгаан сүлжээний техникч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Хөх дөрвөлжин” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 2, эхнэр А.Бурмаагийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн 19а тоот хашаанд оршин суух,

- 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Чингис овгийн Зоригтбаатарын Батсүрэн /РД:УД88090519/

     Шүүгдэгч О.Анхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс нартай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөл түшиг ХХК” төмөрлөгийн үйлдвэрийн байранд сэм нэвтэрч S9-630/10 KVA трансформаторын нам талын гаргалгааны 400 ваттын холболтын 3 ширхэг зэс, 04 кв-ын удирдлагын щитний 2 ширхэг зэс ороомогийг суурийн хамт хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

           Шүүгдэгч Т.Дашдэлгэр нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө О.Анхбаяр, Д.Эрдэнэтөгс нартай бүлэглэж, Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлтүшиг ХХК” төмөрлөгийн үйлдвэрийн байранд сэм нэвтэрч S9-630/10 KVA трансформаторын нам талын гаргалгааны 400 ваттын холболтын 3 ширхэг зэс, 04 кв-ын удирдлагын щитний 2 ширхэг зэс ороомогийг суурийн хамт хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

           Шүүгдэгч Д.Эрдэнэтөгс нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө О.Анхбаяр, Т.Дашдэлгэр нартай бүлэглэж, Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлтүшиг” ХХК төмөрлөгийн үйлдвэрийн байранд сэм нэвтэрч S9-630/10 KVA трансформаторын нам талын гаргалгааны 400 ваттын холболтын 3 ширхэг зэс, 04 кв-ын удирдлагын щитний 2 ширхэг зэс ороомогийг суурийн хамт хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

           Шүүгдэгч З.Батсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, 3 ширхэг зэсийг урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...би вагон дээрээс нүүрс шуудайлаад хашааны гадна гаргаад байж байхад уурхайн хамгаалагч нар машинтай ирсэн. Би нүүрсээ хаяад хужаагийн төмрийн үйлдвэрийн хашааны завсраар орж багцаагаар 20 минут суусан. Хашааны дотуур яваад хаалгаар гаръя гээд явж байтал төмрийн үйлдвэрийн байшингийн хаалга онгорхой байсан. Би байшинд ороод юу байдаг юм бол гээд явж байтал 2 метр гаруй урттай улаан, ногоон, шар өнгийн 3 ширхэг зэс харагдсан. Тэр зэснүүд нэг талдаа нэг ширхэг боолттой байсан. Боолт нь тайлагдахгүй байхаар нь үүдэнд байсан цэнхэр машин дотроос 2 ширхэг түлхүүрийг аваад зэсний боолтыг тайлж, нөгөө 3 зэсийг ертөнцийн зүгээр баруун талын хашааны доогуур шургуулаад гаргасан. Хашаанаас гараад Дашдэлгэр, Эрдэнэтөгс нартай утсаар “би төмрийн үйлдвэрээс хүнээс зэс авахаар боллоо, та хоёр ирээд энийг аваад яв, хашаандаа аваачаад тавьчих гэж Дашдэлгэртэй яриад би төмрийн үйлдвэрийн баруун талд байна” гэж хэлээд би нөгөө байшин руу буцаж ороод гарахдаа харсан цахилгааны щит рүү очиход 4 ширхэг зэс ороомог байсан. Ороомогийг тойроод хавтгай зэс сул харагдаж байхаар нь аваад газар буулгаж тавьчихаад буцаж щит рүү харахад 2 зэс ороомог боолтыг нь тайлсан байдалтай сул харагдаж байсан. Түүнийг авах гэтэл хөндлөн төмөр тээглээтэй байхаар нь төмөрний нэг үзүүрийг тайлахад нэг ороомог нь газар ойчоод өгсөн, нэг нь зүүлттэй үлдэхээр нь боолтыг автал ойчоод өгсөн. Би зэс ороомог, хавтгай зэснүүдийг шуудайлж хашаагаар гаргах гэтэл торон хашаа болохоор шуудайтай зэснүүдийг гаргаж болохгүй байсан. Би зэснүүдийг асгаад хашааны завсраар нэг нэгээр нь гаргасан. Хашааны гадаа гараад 10 минут орчим болоход Дашдэлгэр, Эрдэнэтөгс хоёр ирсэн. Дашдэлгэр надад “наад зэс чинь асуудалтай юм биш үү” гэхээр нь би “зүгээр, хүнээс авсан” гэж хэлээд 3 ширхэг урт зэсээ аваад хужаагийн модны үйлдвэрийн модон байшингийн хажууд цасан дор шигтгэсэн. Шуудайтай зэсээ аваад Дашдэлгэрийнд очсон. ...Дашдэлгэр, Эрдэнэтөгс бид гурав цасанд нуусан 3 ширхэг зэсээ Дашдэлгэрийн хашаанд оруулж тавиад би гэр рүүгээ явсан. Батсүрэн надад Дашдэлгэр, Эрдэнэтөгс хоёрт би 20.000 төгрөг өглөө гэж хэлэхээр нь би тэг гэж хэлсэн.   ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ тангараглаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Т.Дашдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 1 сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад Анхбаяр над руу утсаар яриад “төмрийн үйлдвэрийн ард хүрээд ир” гэхээр нь би Эрдэнэтөгсийг дагуулаад Анхбаяр дээр очиход 3 ширхэг урт төмөр, шуудайтай юм барьчихсан зогсож байсан. Би Анхбаяраас “наадах чинь юу юм бэ” гэхэд төмөр гэж хэлсэн. Би нэг урт төмрийг нь үүрч яваад эргээд харахад Эрдэнэтөгс нэг төмрийг нь барьчихсан ирж яваа харагдсан. Анхбаяр бид гурав урт төмрөө цасан дээр хаяхад шигдээд доошоо орчихсон. Бид гурав шуудайтай төмрөө аваад манайд очсон. Манайх руу очих замд Анхбаяр “энэ зэс байгаа юм, энийг тушаагаад ганц хоёр пиво авч ууя” гэхээр нь манай гэрт очоод Сайнбилэг гэдэг залуу руу залгаад Багануур дүүргийн Драгон баарны ард байрлах төмөр авдаг цэг дээр очиход Эрдэнэтөгс машинаас бууж нөгөө зэсээ тушаасан ба 53.000 төгрөг болсон. ...Тэгээд Анхбаяр, Эрдэнэтөгс бид гурав манайд очоод пиво ууж байхад Батсүрэн 2 ширхэг пиво барьчихсан орж ирж байж байгаад хажууд айлд орж унтлаа гээд гарсан. Тэгтэл ч Анхбаяр “гурвуулаа үлдээсэн гурван төмрөө үүрээд ирье” гэхээр нь бид нөгөө төмөр байгаа газар руугаа явсан. Тэгээд нөгөө гурван төмрийг манай хашаанд авчираад унтаад өгсөн. ...Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Ц.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дашдэлгэрийн гэрт байж байхад оройн 21 цагийн үед Дашдэлгэр утсаар ярьж байгаад “Эрдэнэтөгс өө, хоёулаа гаръя, Анхбаяр хүнээс юм авсан, тэрнийгээ дийлэхгүй байна гэнэ, мөнгө өгнө” гэж байна гэхээр нь Дашдэлгэр бид хоёр хужаагийн төмрийн үйлдвэр дээр очиход хашаа налуулаад 3 урт төмөр босгоод тавьчихсан, газраас юм шуудайлаад дуусч байсан. Анхбаяр шуудайтай зүйлээ зэс гэж хэлсэн. Бид гурав нөгөө урт 3 ширхэг төмрийг хашаанаас холдуулж байшингийн булан дагуулж цасанд шигтгэсэн. Шуудайтай зэсээ тушаая гээд Анхбайр такси дуудсан. ...Дашдэлгэрийн гэрт пиво уугаад сууж байхад шөнө 23 цагийн үед Анхбаяр орж ирсэн. Анхбаяр, Дашдэлгэр бид гурав нуусан 3 ширхэг төмрөө авахаар явсан. Гурван ширхэг зэсээ Дашдэлгэрийн хашаанд тавиад пиво уугаад сууж байхад Батсүрэн 2 ширхэг пиво бариад гэрт орж ирсэн. Анхбаяр надад “гадаа байгаа 3 ширхэг зэсээ өглөө нугалчихаарай. Улаанбаатар хот руу авч явна” гэж хэлээд явсан. Би өглөө босоод 3 ширхэг зэсийг голоор нь сүхээр хуваах гэхэд болохгүй байхаар нь Батсүрэнг дуудаад “зэс нугалъя” гэж хэлээд цуг нугалсан. Батсүрэнтэй хамт такси дуудаад Сургалтын задгайд байдаг түүхий эд авдаг цэг дээр аваачиж тушаахад 75 кг болсон. Батсүрэн мөнгийг нь авсан. Би уг төмрийг Дашдэлгэрийн хашаанд оруулж тавихдаа гэрэл тусгаж харахад зэс байна гэдгийг Дашдэлгэр бид хоёр мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч З.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой Талын толгой гэх газар байж байхдаа Дашдэлгэр рүү утсаар залгахад манай гэрт Анхбаяр, Эрдэнэтөгс, Ган-Эрдэнэ нар пиво уугаад сууж байна гэхээр нь би хоёр ширхэг пиво аваад Дашдэлгэрийн гэрт очиж, Анхбаяр, Эрдэнэтөгс, Ган-Эрдэнэ, Дашдэлгэр нарын хамт пиво ууж байгаад Дашдэлгэрийн хажуу талын айлд орж унтсан. Маргааш нь өглөө нь 09 цагт Эрдэнэтөгс намайг сэрээгээд “зэс нугалах гэсэн чинь дийлэхгүй байна, нугалаад өгөөч” гэхээр нь би “юун зэс вэ” гэхэд Эрдэнэтөгс “Анхбаяр хүнээс авсан юм гэсэн” гэж хариулсан. Эрдэнэтөгс бид хоёр зэсээ нийлж нугалж байгаад удаагүй байхад такси ирсэн. Түүхий эдийн цэгт аваачиж тушаахад 368.000 төгрөг болсон. ...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Иргэний нэхэмжлэгч Г.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 01-ний өглөө “Дөлтүшиг” ХХК-ийн хятад харуул миний гар утас руу залгаж, үйлдвэрт хулгай орсон байна, хурдан хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би үйлдвэр рүү яваад очтол трансформаторын холбогч гурван ширхэг зэс, щитний 2 ширхэг зэс ороомог суурийн хамт алдагдсан байхаар нь цагдаад хандаж дуудлага өгсөн. ...“Дөлтүшиг” ХХК-д учирсан хохирлыг төлүүлж авсан, одоо гомдол саналгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч О.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой Анхбаяр, Эрдэнэтөгс, Батсүрэн нар манай гэрт миний нөхөр Дашдэлгэрийн хамт ирж пиво уусан. Намайг маргааш өглөө нь босоод гарахад хашааны зүүн буланд 3 ширхэг улаан, ногоон өнгөөр будсан төмөр байсан, зэс гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч О.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой 19 цаг өнгөрч байхад би Дашдэлгэрийнд ороход Анхбаяр, Эрдэнэтөгс, Батсүрэн нар пиво уугаад сууж байсан. Би тэднийд ороод пиво уулгүй гэрээс нь гараад явсан. Өглөө босоод бие засах гээд гарахад Эрдэнэтөгс машинд төмөр ачиж байгаа харагдсан. Үдээс хойш цагдаа нар ирээд юу болов гээд асуухад Анхбаярыг зэс хулгайлсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Ц.Сайнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашаанаас машинтайгаа гарахад Дашдэлгэр, Анхбаяр, Эрдэнэтөгс гурав шуудайтай юм аваад машинд суугаад Наранд түүхий эд авдаг цэг дээр очиход Эрдэнэтөгс шуудайтай зүйлийг барьж ороод гарч ирээд за явъя гэсэн. Үйлдвэр хэсэг рүү буцах гэж байхад Анхбаяр тамхи авъя гэхээр нь би дэлгүүийн гадаа очиж зогссон. Анхбаяр үлдээд Дашдэлгэр, Эрдэнэтөгс хоёр миний машинтай үйлдвэр хэсэг орсон. Дашдэлгэр надад таксины мөнгө гэж 5000 төгрөг өгсөн. Маргааш нь буюу 02 дугаар сарын 01-ний өглөө намайг гэртээ байж байхад Батсүрэн миний гар утас руу залгаад таксинд яваад өгөөч гэсэн. Би түүнд машинаа янзалж байна гэсэн. Тэгтэл Батсүрэн дахиж залгаад таксинд яваад өгөөч, Дашдэлгэрийн хашааны гадаа яваад ирээч гэж хэлсэн. Намайг очиход Эрдэнэтөгс миний машинд 3 ширхэг урт төмөр ачаад түүхий эд авах цэг рүү очсон. Батсүрэн, Эрдэнэтөгс хоёр нөгөө төмрөө тушаах шиг болсон, хөдлөх үед Дашдэлгэр хашааны гадна байж байгаад миний машинд суугаад Эрдэнэтөгсийг Нарийн руу хүргэж өгсөн, Дашдэлгэр зах руу хүргүүлсэн. Батсүрэн Талын толгой руу явъя гээд ээж, эхнэр хоёроо аваад Хэрлэн дэлгүүрийн үүдэнд буусан. Таксины үнэ гээд 12.000 төгрөг өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 3 ширхэг төмрийг миний машинд ачиж байхад нь би Эрдэнэтөгс, Батсүрэн хоёроос энэ юун төмөр вэ, хулгайн зүйл биш биз дээ гэж асуухад Эрдэнэтөгс хулгайн зүйл биш ээ гэж хэлсэн, би тэр зүйлийг хулгайн зүйл гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн үед жижиг биетэй залуу хаалга тогшоод байхаар нь гараад очтол цагаан өнгийн жижиг суудлын тэрэг зогсож байсан. Намхан биетэй залуу нь зэс тушаая гэж хэлсэн. Шуудайтай зэсийг жинлэж авахад багцаагаар 50 гаруй хил болсон. Шуудайтай зэсийг авахдаа хулгайн зэс гэдгийг мэдээгүй. Намайг Улаанбаатар хот явсан хойгуур манай ажилчин Мөнх-Эрдэнэ 3 ширхэг урт зэсийг худалдаж авсан байсан. Би зэс авсан мөнгөө Батсүрэн, Анхбаяр гэх залуусаас бэлнээр 368.000 /гурван зуун жаран найман мянган төгрөг/ авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Ү.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед өндөр махлаг бор залуу, намхан цагаан куртек өмссөн залуу болон Анхбаяр нар манай түүхий эд авдаг газарт ирж 3 ширхэг улаан, шар, ногоон өнгийн урт зэсийг авчирч тушаасан. Жинлэж авахад 300.000 төгрөг болсон байх. Тэр өдөр 16 цагийн үед цагаан куртектэй Эрдэнэтөгс гэх намхан залуу ирээд надад хандаж “хөгшөөн, өглөө тушаасан 3 зэсээ цааш нь хийгээд нуучихаарай” гэсэн. Би Эрдэнэтөгсөд “чи хулгай хийсэн юм биш биз дээ, манайх камертай шүү” гэж хэлэхэд “өө зүгээр” гээд гараад явсан. Би хулгайн зэс гэж мэдээгүй, 2016 оны 02 дугаар сарын 01-ний орой манай түүхий эд авдаг газарт цагдаа нар орж ирээд хурааж авахад нь хулгайн зэс гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,

 Иргэний нэхэмжлэгч Г.Бат-Оршихын нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газарт гаргасан “...эд мөрийн баримтаар хураагдан хадгалагдаж байгаа S9-630/10 KVA трансформаторын нам талын гаргалгааны 400 ваттын холболтын 3 ширхэг зэс, 04 кв-ын удирдлагын щитний 2 ширхэг зэс ороомогийг гэмтсэн тоног төхөөрөмжийг сэргээн засахад ашиглах шаардлагатай байгаа тул манай байгууллагад буцаан олгож өгнө үү…” гэсэн хүсэлт /хх-ийн 171 дүгээр хуудас/,

Хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгч З.Батсүрэн нарын хооронд байгуулсан эвлэрлийн “...Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй. Бид сайн дураараа эвлэрсэн болно...” гэсэн гэрээ /хх-ийн 173 дугаар хуудас/,

          Шүүгдэгч О.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол, суллагдсан тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 125-130 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Т.Дашдэлгэрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол, суллагдсан тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 125-130 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Эрдэнэтөгсийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоол, суллагдсан тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 87-92 дугаар хуудас/,

Шүүгдэгч З.Батсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 96-98 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч О.Анхбаяр, Ц.Эрдэнэтөгс, Т.Дашдэлгэр нар нь бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлтүшиг” ХХК төмөрлөгийн үйлдвэрийн байранд сэм нэвтэрч S9-630/10 KVA трансформаторын нам талын гаргалгааны 400 ваттын холболтын 3 ширхэг зэс, 04 кв-ын удирдлагын щитний 2 ширхэг зэс ороомогийг суурийн хамт хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.Батсүрэн нь S9-630/10 KVA трансформаторын нам талын гаргалгааны 400 ваттын холболтын 3 ширхэг зэсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зарж борлуулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус тус хөдөлбөргүй нотлогдож байна.

Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, бичгийн нотлох баримтууд нь хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар батлагдаж байх тул яллах үндэслэл болно.

Иймд дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон, хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээтэй байна.

Шүүгдэгч О.Анхбаяр, Ц.Эрдэнэтөгс, Т.Дашдэлгэр нарыг бүлэглэж, багаж хэрэгсэл хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, З.Батсүрэнг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Анхбаяр, Ц.Эрдэнэтөгс, Т.Дашдэлгэр нар нь “Дөлтүшиг ХХК”-д учирсан хохирол S9-630/10 KVA трансформаторын нам талын гаргалгааны 400 ваттын холболтын 3 ширхэг зэс, 04 кв-ын удирдлагын щитний 2 ширхэг зэс ороомогны үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгнөөс 930.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн /хх-ийн 140 дүгээр хуудас/ баримтаар батлагджээ. Мөн иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд “…одоо нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй…” гэсэн, Д.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Батсүрэн, Анхбаяр гэх залуусаас зэсний үнэ бэлнээр 368.000 /гурван зуун жаран найман мянган төгрөг/ авсан, нэхэмжлэх зүйлгүй…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч О.Анхбаяр нь 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 240.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Т.Дашдэлгэр нь 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж,  уг хорих ял биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 1998 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 124 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял ногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 7 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 11/а дугаартай шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэлтэй эсэх тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд түүний ялтай байдал 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусч байна. Т.Дашдэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа боловч түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрэгдэж байх тул түүний ялтай байдал арилсан гэж үзэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Эрдэнэтөгс нь 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэлтэй эсэх тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд түүний ялтай байдал 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусч байна. Ц.Эрдэнэтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа боловч түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрэгдэж байх тул түүний ялтай байдал арилсан гэж үзэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч З.Батсүрэн нь 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзэхээр байна.

Хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгч З.Батсүрэн нарын хооронд байгуулсан эвлэрлийн “...Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй. Бид сайн дураараа эвлэрсэн болно...” гэсэн гэрээ /хх-ийн 173 дугаар хуудас/, мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч З.Батсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар З.Батсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.  

Шүүгдэгч О.Анхбаяр, Ц.Эрдэнэтөгс, Т.Дашдэлгэр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл, байдал тогтоогдож байх бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг болон дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс нарт хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж тус тус шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс нар нь эрхэлсэн ажилгүй, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан, шар, ногоон өнгийн металл зүйл 3 ширхэг, хавтгай хэлбэртэй шар өнгийн металл 5 ширхэг, гуурсан хэлбэртэй мушгиа хэлбэртэй шар өнгийн металл 5 ширхэг тус бүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц “Дөлтүшиг” ХХК төмөрлөгийн үйлдвэрт буцаан олгох нь зүйтэй байна.         

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэг, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар

зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Чонос овгийн Оюунчимэгийн Анхбаяр, Боржигон овгийн Төмөрхуягийн Дашдэлгэр, Эрхий мэргэн овгийн Цэрэндоржийн Эрдэнэтөгс нарыг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Чингис овгийн Зоригтбаатарын Батсүрэнг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингис овгийн Зоригтбаатарын Батсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дүгээр зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Чингис овгийн Зоригтбаатарын Батсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Чонос овгийн Оюунчимэгийн Анхбаяр, Боржигон овгийн Төмөрхуягийн Дашдэлгэр, Эрхий мэргэн овгийн Цэрэндоржийн Эрдэнэтөгс нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр хоёр /2/ жил нэг /1/ сарын    хугацаагаар хорих  ял тус тус шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс, З.Батсүрэн нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
  7. Шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүйг дурдсугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.Анхбаяр, Ц.Эрдэнэтөгс, Т.Дашдэлгэр нарт оногдуулсан хоёр /2/ жил нэг /1/ сарын хорих ялыг тэнсэж, О.Анхбаяр, Ц.Эрдэнэтөгс, Т.Дашдэлгэр нарыг мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад тус тус даалгасугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан, шар, ногоон өнгийн металл зүйл 3 ширхэг, хавтгай хэлбэртэй шар өнгийн металл 5 ширхэг, гуурсан хэлбэртэй мушгиа хэлбэртэй шар өнгийн метал 5 ширхэг тус бүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц “Дөлтүшиг” ХХК-д буцаан олгосугай.
  10. Тогтоол хүчин төгөлдөр болтол О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс, нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, З.Батсүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  11. О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс, З.Батсүрэн нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Анхбаяр, Т.Дашдэлгэр, Ц.Эрдэнэтөгс нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.БЯМБАЖАВ