Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

2021         12          28                                 2022/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

хохирогч Н.Баттулга,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2106 00448 2035 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 11 дүгээр гудамжны 234 тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Өлгий гудамжны 283 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.М

Холбогдсон хэргийн талаар:

            Ц.М нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын гэрлэн дохионы орчим хохирогч Н.Баттулгатай зам тавьж өгсөнгүй гэснээс болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн хэрэг явдал нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цаг 30 минутын үед болсон. Тэр үед би согтуу байсан тул Баянзүрх дүүрэгт ажлынхаа гадаа машинаа үлдээчхээд гэр лүүгээ алхаад явсан. Цайзын уулзвар дээр ногоон гэрэл хүлээгээд зогсож байгаад асангуут зам гарах гэтэл энэ хэдийн машин сигнал дараад улаан гэрлээр дайрах шахаад гарсан. Би тэгээд энэ хэдийг өвчтэй юм уу гээд цаашаа явж байтал араас гүйж ирээд Ууганбаатар хамгийн түрүүнд намайг цохиж унагаагаад, Хурцгэрэл, Мягмарчулуун 2 хажуу талаас өшиглөсөн. Би Ууганбаатарыг нэг түлхэж босоход малгайнаас татаж унагаад дахиад өшиглөсөн. Тэгээд амьсгал авахад хүндрэлтэй болоод эхэлсэн. Энэ 3 намайг нэлээд удаан зодсон. Намайг машины цонхоор цохисон гэж мэдүүлсэн байдаг. Тийм зүйл болоогүй. Өвлийн хүйтэнд орой 20 цагт - 20-25 градус болж байхад машины цонх тийм том онгойлгоод явах хүн байхгүй. Гарцаар гарч явсан хүн машины цонхоор цохино гэж байхгүй. Ууганбаатар өөрөө тэгж мэдүүлсэн байдаг. Ууганбаатар шүүх эмнэлэгт үзүүлсэн байна лээ. Би тэр дүгнэлтийг нь уншсан. Нүдэн дээр нь зулгаралт гэсэн байсан. Намайг Ууганбаатарыг түлхээд босоход газар унасан байх гэж бодсон. Зулгаралт гэдэг нь үрэлтийн хүчин зүйлээр үүсдэг зүйл. Энд цохиод байх юм байхгүй. Надад эмчилгээний зардал болон ажил хөдөлмөрөө хийж чадаагүй 2.364.000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Компьютер томографыг Мөнгөн гүүр эмнэлэгт 240.000 төгрөгөөр хийлгэсэн, Нахиа эмийн сангаас кальци 62.000 төгрөгөөр авч хэрэглэсэн, Монос эмийн сангаас 30.400 болон 24.180 төгрөгийн эм авсан, Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн,  нийт 364.000 төгрөг болж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос болж 30 хоног хэвтрийн дэглэм барьж, маш их өвдөж зовсон. Хөдөлж, унтаж ч чадахгүй байдалтай байсан. Би эд нараас нэг сарын цалингаа бүтнээр нь нэхэмжилж байна. Иймд нийтдээ 2.364.000 төгрөг болж байна” гэв.

Хавтас хэргээс:

Хохирогч Н.Баттулгын “2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цаг 40 минутын үед Цайзын уулзварын явган хүний гарцаар ногоон гэрэл асахыг хүлээж байгаад ногоон гэрэл асмагц зам хөндлөн гарах үед улаан гэрлээр приус 20 маркийн саарал өнгийн 76-72 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөх шахаад гараад явсан. Тэгээд би зам хөндлөн гараад  явсан. Тэгээд би зам хөндлөн гараад явж байх үед надад зодуулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан машины жолооч араас гүйж ирээд миний нүүр хэсэгт цохиход нь би арагшаа савж унахад дээр гарч суугаад толгой болон нүүр рүү цохиод байхаар нь нүүрээ гараараа хамгаалах үед гар болон толгой руу цохиж, нөгөө хоёр залуу нь хоёр хажуу тал руу цээж хэсэгт олон удаа өшиглөөд байхаар нь дээр сууж байсан залууг түлхэж холдуулаад босох үед нөгөө хоёр залуу куртикний малгайнаас татаж унагаад өшиглөж байхад нөгөө түлхсэн залуу дахин дээр гарч суугаад мөн нүүр толгой руу цохиод байсан. Тухайн залуучууд намайг зогсолтгүй зодож, би босож чадахгүй байхад нөгөө залуучууд наадахыг чинь замаас гаргаж, миний дээр сууж байсан машины жолооч залуу дахин дээр гараад толгой руу цохиод байсан. Намайг зодсон хүмүүсийг би харвал танина” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ууганбаатарын “2021 оны 01 сарын 19-ний орой 21 цагийн орчимд 1000 оюутны байрнаас зүүн чиглэлтэй 76-72 УНС улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээр найз Хурцгэрэл, төрсөн дүү Мягмарчулууны хамт машины цонхыг хагас онгойлгосон байдалтай тамхи татаад явж байхад нэг гар орж ирээд миний нүүр хэсэгт цохихоор нь зогсоод машинаас буугаад харахад нэг залуу замын гарцаар зам хөндлөн гарч явсан. Тэгэхээр нь яаж байна аа гөлөг минь гэж хэлээд баруун гараараа нөгөө залуугийн куртикний зүүн захнаас татахад нөгөө залуу эсэргүүцэл үзүүлж, бид хоёр хоорондоо ноцолдох үед нөгөө залуу замын голд унахад нь би дээр нь гарч суухад нөгөө залуу намайг ална гэж орилоод байсан. Тэгээд замын хөдөлгөөнд саад учруулаад байсан учраас найз Хурцгэрэлийн хамт гараас нь чирээд замаас гаргаад дахиад дээр нь сууж байгаад одоо тайвшир, цагдаа дуудчихсан гэж хэлээд нөгөө залууг босгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч М.Энхтунгалагийн “нөхөр Н.Баттулга 80013969 дугаарын утаснаас миний 88013969 дугаарын утас руу залгаад би хүнд зодуулчихлаа гэж байсан ба цаана нь хүмүүс лалраа, пизда гэх мэтчилэн хараал хэлж байгаад утас нь тасарсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа буцааж залгаад хаана байгаа талаар асуухад Цайз захын уулзвар дээр байна, хүрээд ир гэсэн ба яваад очиход цайз захын уулзварын баруун урд талд нөхөр Н.Баттулга хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь юу болсон талаар тодруулж лавлахад намайг замын голоор чирч гулдраад газар хэвтүүлээд зодчихлоо гэхээр нь цагдаа дуудсан юм уу гэхэд энэ залуучууд өөрсдөө цагдаа дуудсан гэсэн. Удалгүй цагдаа ирж аваад явсан. Хойноос нь цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд нөхөр Н.Баттулга үүдэнд нь сууж байсан ба хувцас нь нэлэнхийдээ шороо болсон, уруулын хэсэгт нь цус болчихсон, дух нь шалбарсан, цээжний зүүн талд дарж амьсгал авахад хэцүү байна гэхээр нь яасан юм бол цамцыг чинь сөхөөд харъя гэхэд яах юм бэ гарч байгаад болъё, түрүүн газар унагаад 2 талаас нь өшиглөөд байсан. Тэрнээс болсон байх гэж байсан. Тэгээд цагдаагийн хэлтсээс гарсны дараа Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд хавирга нь хугарсан байна гэж хэвтрийн дэглэм сахих зөвлөгөө өгч эмчилгээ бичиж өгсөн байсан. Тэгээд гэртээ харихад машинаас бууж чадахгүй, гэртээ ороод унтаж амарч чадахгүй байсан учир өвчин намдаах лаа, эм хэрэглэж унтаж амраад маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Хохирогч Н.Баттулга, гэрч Ц.М нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Б.Ариунзулын “Н.Баттулгын биед учирсан дээд уруулын дотор салстын зулгарал, духанд зурагдсан зулгарал нь тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн 9 дүгээр хавирганы хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 876 дугаартай “Н.Баттулгын биед дээд уруулын дотор салстад зулгарал, духанд зурагдсан зулгарал, зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.Мы “Ах Ууганбаатарыг нөгөө зүс таних залуутай маргалдаж байхад нь Хурцгэрэлийн хамт салгахаар очиход ах Ууганбаатар нөгөө залуугийн дээр нь суучихсан байсан ба ах Ууганбаатарын баруун талд харин нөгөө залуугийн зүүн талд зогсоод салгасан. Тэрнээс бол уг эрэгтэйн биед халдаж зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Баттулгаас шүүхэд гаргаж өгсөн хохиролтой холбоотой 18 хуудас баримт,

Шүүгдэгч Ц.Мы хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, цагдаагийн газрын АСП сангийн лавлагаа /хх-ийн 58-77 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл  /хх-ийн 78 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.М нь гэм буруу дээр маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байр суурь илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын гэрлэн дохионы орчим хохирогч Н.Баттулгатай зам тавьж өгсөнгүй гэснээс болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан

Хохирогч Н.Баттулга /хх 20-21/, гэрч Б.Ууганбаатар /хх 35-36/, М.Энхтунгалаг /хх 86-87/ нарын мэдүүлэг, Н.Баттулга, Ц.М нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 53-54/, шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг /хх 32/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 876 дугаартай дүгнэлт /хх 25-26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, явган зорчигчийн хувиар зам хөндлөн гарсан, зам дээр хохирогч Н.Баттулга болон машин жолоодож явсан Б.Ууганбаатар нарын хооронд маргаан гаргасан, улмаар харилцан зууралдаж бие биедээ халдсаны улмаас Н.Баттулгын биед уруулын дотор салстын зулгарал, духанд зурагдсан зулгарал гэмтэл, Б.Ууганбаатарын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, баруун өсгийд зулгаралт гэмтэл тус тус учирсан, дээрх гэмтлүүдийг гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж шинжээч дүгнэсэн, Ц.М нь Н.Баттулгыг газар унасан байхад зүүн талаас нь өшиглөсөн, үүний улмаас Н.Баттулгын биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл  учирсан, энэ гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэж шинжээч дүгнэсэн гэх үйл баримт тогтоогдлоо.

Хохирогчийн мэдүүлэгт бүлэглэн хөнгөн гэмтэл учруулсан гэх боловч асуулт хариултаар энэ байдал няцаагдсаныг тэмдэглэх нь зүйтэй.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.М хохирогч Н.Баттулга руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Н.Баттулга нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан Ц.Мы үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ц.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд явган зорчигчид зам тавьж өгсөнгүй гэх маргаан, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Баттулгад 364.621 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Маас 364.621 төгрөг гаргуулж хохирогч Н.Баттулгад олгох нь зүйтэй.

Хохирогч Н.Баттулгаас энэ гэмт хэргийн улмаас 1 сарын хугацаанд ажлаа хийгээгүй, хэвтэрт байсан, цалин хөлсөө аваагүй тул 1 сарын цалин хөлс болох 2.000.000 төгрөг нэхэмжлэхээ илэрхийлж, ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга зэргийг гаргаж өгчээ.

Баримтаас үзэхэд Н.Баттулга нь Шар бар ХХК-нд ажилладаг, сард 2.000.000 төгрөгөөр цалинждаг, гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш цалин хөлс нь тогтмол дансанд нь орсон байдал тогтоогдож байна. Иймд цалин хөлсөнд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Н.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.Маас нэхэмжлэх эрхтэй тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Мягмарчулуунд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Ц.М шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарахаар хуульчилжээ.

  Ц.М урьд ял шийтгэлгүй бөгөөд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт энэ байр сууринаас оролцсон тул түүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.

Иймд Мягмарчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5,  36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мд шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Маас 364.621 /гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун хорин нэг/ төгрөг гаргуулж хохирогч Н.Баттулгад олгосугай.

5. Хохирогч Н.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.Маас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ