Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/295

 

 

 

                                   2020/ШЦТ/295

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н

              Шүүгдэгч: Б.Н

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бийн Нд холбогдох 2012003330269 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Гурван булаг суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Сартуул овогт Бийн Н/РД:ВЛ.................../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Ар тээл гэх газраас хохирогч С.Лы эзэмшлийн 2 тооны сарлаг үхрийг хулгайлж, түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2012003330269 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч С.Лы өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Цахир сумын Баянгол багийн Ар тээл гэх газарт байсан үхэр дотроос манай эвэртэй бор сарлагийн үнээ, бор халзан, сүүл хойд хоёр хөл цагаан тугалын хамт алга болсон тул ойр орчмоор хайгаад олоогүй. Манай үхрийг тугалтайгаа алга болох үед Б.Н гэдэг хүн Баянхонгор аймгийн Гурванбулаг сум руу нүүгээд явж байгаа гээд үхэр малаа туугаад явж байсан сураг байх тул би Б.Н гэдэг хүнийг хулгай хийгээд аваад явсан байж магадгүй гэж бодож байна. Миний үхэр малыг манай хүргэн А.Лгэдэг хүн харж хариулдаг байсан. Миний хулгайд алдсан гэх эвэртэй бор сарлагийн үнээ нь хоёр чих нь цоорхой байж байгаад цуурсан том эвэртэй бор зүсний зурвас халзан, сүүл цагаан, хойд хоёр хөл цагаан, хүйс нь цагаан зүсний тугал дагуулаад явж байгаа. Би хулгайд алдсан эвэртэй бор зүсний тугалтай үнээгээ 850,000 / найман зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна тугалтай үнээгээ олж авмаар байна мөн эрж хайж явсан бензиний зардал болох 80,000 төгрөгийн бензин хэрэглэсэн тул хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/,

 

*Гэрч Б.Аийн өгсөн:

“...Би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө Б.Н /хоч Баадгай/ Н.Д нартай хамт Б.Нгийн малаас туулцаж Цахир сумын Хан Уул багийн Ар тээлийн даваан дээр гаргалцаж өгсөн. Би Б.Нгийн малыг тууж даваан дээр гаргалцаж өгсөн тоог нь сайн мэдэхгүй үхэр нь нийт 14-15 тооны үхэр байсан гэж бодож байна. Үхэр дотор 5 тугалтай үнээ явж байсан. Миний туулцаж явсан үхэр дотор эвэртэй бор сарлагийн үхэр бор халзан, сүүл цагаан, хойд хоёр хөл цагаан тугалтай явж байсан. Б.Н 14-15 тооны үхэр, 20-30-аад тооны адуу, 300-аад тооны хонь ямаа, тууж явсан. Хул азаргатай, нэг унагатай гүү, содноос сүүл цагаан хээр алаг морь, хар алаг морь, бор морь, бусад нь бараан зүсний адуунууд байсан. Б.Н манайд ирээд би мал харьж байгаад гарсан нутаг руугаа нүүлээ намайг нүүлгэж давуулж өг гэсэн би машин эвдэрсэн байгаа машинаа янзалж байгаад нүүлгэж давуулж өгнө гэж хэлсэн. Яг ямар шалтгаанаас болж малаасаа гарч нүүж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Энэ үхрийн талаар би сайн мэдэхгүй байна. Надаас урьд өмнө хүн эвэртэй бор сарлагийн үнээ тугалтайгаа байна уу? гэж асууж сураагүй болохоор би Б.Нгийн эхнэрийнхэн өмчид ирсэн үхэр юм байлгүй гэж бодоод юу ч яриагүй. Б.Н, Н.Д нар тууж явсан малаа Гурванбулаг суманд Хар усан даваанаас уруудаад Завилгаа гэх газарт Баярбаатар гэдэг айлд тууж аваачиж тавьсан байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/

 

            *Гэрч С.Аийн өгсөн:

            “...Би 2020 оны 07 дугаар сарын 13-нд өдөр Б.Н, Н.Д нарыг мал туугаад Гурванбулаг сумын Хар усан даваа даваад, Давхар даваа даваад уруудаад явж байхад нь би урдаас нь очсон. Өмнө Б.Н ах утсаар яриад урдаас ирээд тосоод аваадах гэхээр нь би очсон. Намайг урдаас нь очоод малаас нь туулцаж явах үед үхэр дотор хэдэн тугалтай үнээ байсан талаар анзаарч хараагүй эвэртэй бор сарлагийн үнээ явж байсан сүүл цагаан хүйс цагаан, хойд хоёр хөл цагаан бор халзан тугал хоцроод яваад байсан тул сайн анзаарч харсан. Б.Н ах малаа туугаад яв гэсэн өөр юм яриагүй. Б.Н, Н.Д нар 14 тооны үхэр, 20-аад тооны адуу, 270-280-аад тооны хонь ямаа, тууж явсан. Б.Н Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3-р /Буга/ багт Уу жалгын урд мухар гэх газарт малаа тууж очсон. Би Б.Н ахын үхэр дотор тууж ирсэн эвэртэй бор сарлагийн үнээг тугалтай нь хүний үнээ гэж мэдээгүй Б.Н ах манай үхэр мал гэхээр нь би тийм л юм бодсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

            *Гэрч Н.Дн өгсөн:

            “...Би Б.Нгийн үхэр, адуу, хонь, ямааг Б.Н бид хоёр хамт тууж яваад Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хар усан давааны цаад даваа руу буулгаж бэлд нь хүргэж өгөөд буцаад орой 19 цаг 01 минутын үед гэртээ ирсэн. Б.Н ганцаараа малаа тууж явж чадахгүй мал нь тал, тал тийшээ тараад зугтаагаад байхаар нь би хамт малаас нь туулцаж өгсөн. Намайг Б.Нгийн малаас нь туулцаж өгөхөд 20-оод тооны үхэр, 20 гаран тооны адуу, 300-аад тооны хонь ямаа, тууж явж байсан. Хул азаргатай, нэг унагатай гүү, содонгоос сүүл цагаан хээр алаг морь, бор морь, бусад нь бараан зүсний адуунууд байсан би бүх тууж явсан малынхаа нарын тоог нь мэдэхгүй Б.Н мэдэж байгаа. Миний тууж явсан үхэр дотор эвэртэй, бор өнгийн сарлагийн үнээ, хойд хоёр хөл цагаан, сүүлний үзүүр цагаан, хүйс цагаан, зурвас халзан, бор өнгийн тугалтай хамт явж байсан. Миний тууж явсан үхэр дотор 5 тугалтай үхэр явсан. Би зүсийг нь анзаараагүй. Би хүний мал гэдгийг мэдэхгүй Б.Н 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой үхэр тугалаа ялгаж авч ирээд манай зэлэнд тугалаа хийгээд хоноод өглөө эрт 06:00 цагийн үед үхэр малаа тууж явах үед нь би хамт малаас нь туулцаж өгсөн, би хүний үхэр малыг тууж яваагүй Б.Нгийн малыг л тууж яваад даваан дээр гаргаж өгсөн. Би тэнд тууж явсан малыг бүгдийг нь Б.Нгийн мал гэж бодсон хүний тугалтай үнээг тууж явсныг мэдээгүй. Би Б.Нгийн тууж явсан малаас туулцаж өгсөн нь үнэн, мал тууж явах замдаа хүний мал тууж явсан үхэртэйгээ нийлүүлж тууж авч яваагүй Б.Нгийн бөөгнүүлээд тууж явсан малаас хамжиж туулцаж өгсөн. Тэр үхэр дотор хүний үхэр мал явсныг мэдээгүй. Бүгд Б.Нгийн мал юм байна гэж бодож байсан. Б.Н надад юм яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

 

*Гэрч Б.Гийн өгсөн:

“...Б.Н 2020 оны 07 дугаар сарын 13-ны орой дүү С.Аийн хамт тууж ирсэн дүү С.А урдаас нь тосож очиж малаас нь туулцаж ирсэн, өөр хүн хамт мал тууж ирээгүй. Б.Н 14-15 тооны үхэр тууж ирсэн үхэр дотор нь эвэртэй бор сарлагийн үхэр бор тарлан нялх тугалтай байсан. Б.Нгийн мал нь ирж байгаа юм байна л гэж бодож байсан. Би Б.Нгийн үхэртэй хамт ирсэн эвэртэй бор сарлагийн үнээг тарлан тугалын хамт хүний үхэр гэдгийг мэдээгүй, саяхан хүн ирж үзээд туугаад аваад явах үед нь асуусан чинь хүний үхэр хамт ирсэн байна гэж ярихыг сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Нгийн өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр намайг Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэр Ар тээл гэх газраас өөрийн эзэмшлийн үхрээ тууж явахад замаас 2 тооны сарлаг үхэр манай үхэрт нийлсэн. Тэгэхээр нь буцаагаад туух гэсэн чинь буцаж миний тууж явсан үхэртэй нийлээд салахгүй байхаар нь би хамт туугаад явсан. Би хулгай хийгээгүй. Манай үхэртээ нийлээд салахгүй байсан. Хоёулхнаа явж байсан бөгөөд миний тууж явсан үхэртээ нийлээд салахгүй байсан. Ойролцоогоор 8 километр зайтай. Би мориноос унаад хөлөө гэмтээсэн. Түүнийгээ эмчлүүлж байгаад ирж чадаагүй. Өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-43 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 184 дугаартай:

“...Сарлагийн үнээ, тугалын үнэлгээг 2020 оны 08 дугаар сарын байдлаар 850.000/найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 32 дугаар тал/,

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 52 тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

               Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Ар тээл гэх газраас хохирогч С.Лы эзэмшлийн 2 тооны  үхэр хулгайд алдагдаж, түүнд 850.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Н үйлдсэн болох нь хохирогч С.Лы”...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Цахир сумын Баянгол багийн Ар тээл гэх газарт байсан үхэр дотроос манай эвэртэй бор сарлагийн үнээ, бор халзан, сүүл хойд хоёр хөл цагаан тугалын хамт алга болсон тул ойр орчмоор хайгаад олоогүй. Манай үхрийг тугалтайгаа алга болох үед Б.Н гэдэг хүн Баянхонгор аймгийн Гурванбулаг сум руу нүүгээд явж байгаа гээд үхэр малаа туугаад явж байсан сураг байх тул би Б.Н гэдэг хүнийг хулгай хийгээд аваад явсан байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн”...Би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө Б.Н /хоч Баадгай/ Н.Д нартай хамт Б.Нгийн малаас туулцаж Цахир сумын Хан Уул багийн Ар тээлийн даваан дээр гаргалцаж өгсөн. Би Б.Нгийн малыг тууж даваан дээр гаргалцаж өгсөн тоог нь сайн мэдэхгүй үхэр нь нийт 14-15 тооны үхэр байсан гэж бодож байна. Үхэр дотор 5 тугалтай үнээ явж байсан. Миний туулцаж явсан үхэр дотор эвэртэй бор сарлагийн үхэр бор халзан, сүүл цагаан, хойд хоёр хөл цагаан тугалтай явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Аийн”...Намайг урдаас нь очоод малаас нь туулцаж явах үед үхэр дотор хэдэн тугалтай үнээ байсан талаар анзаарч хараагүй эвэртэй бор сарлагийн үнээ явж байсан сүүл цагаан хүйс цагаан, хойд хоёр хөл цагаан бор халзан тугал хоцроод яваад байсан тул сайн анзаарч харсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Дн”...Намайг Б.Нгийн малаас нь туулцаж өгөхөд 20-оод тооны үхэр, 20 гаран тооны адуу, 300-аад тооны хонь ямаа, тууж явж байсан. Миний тууж явсан үхэр дотор эвэртэй, бор өнгийн сарлагийн үнээ, хойд хоёр хөл цагаан, сүүлний үзүүр цагаан, хүйс цагаан, зурвас халзан, бор өнгийн тугалтай хамт явж байсан. Миний тууж явсан үхэр дотор 5 тугалтай үхэр явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гийн”...Б.Н 14-15 тооны үхэр тууж ирсэн үхэр дотор нь эвэртэй бор сарлагийн үхэр бор тарлан нялх тугалтай байсан. Б.Нгийн мал нь ирж байгаа юм байна л гэж бодож байсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 184 дугаартай дүгнэлт, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, бусдын олон тооны малыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр, мөн тус зүйлийн  тайлбарт олон тооны мал гэж ...хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Нгийн бусдын олон тооны мал буюу 2 тооны үхэр хулгайлсан үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй  байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нг бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Нг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч С.Л нь гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн,  мөн хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэлд хохирол төлбөрөө авсан шүүх хуралдаанд суухгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

               

              Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Б.Нгийн хувьд тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцон шүүгдэгч Б.Нгийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны  нэгтэй тэнцэх хэмжээний  хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Б.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, түүний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны хүртэл цагдан хоригдсон 8/найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

               

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч С овогт Бийн Нг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгийн цагдан хоригдсон 8/найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР