Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/296

 

 

 

 

 

 

                                   2020/ШЦТ/296

 

 

 

 

                   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н

Шүүгдэгч: Р.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Рын Бэд холбогдох эрүүгийн 2012000000337 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, ................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Рын Бэ/РД:АР................../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Рын Бэ нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг Ар булаг гэх газар Б.Ныг “мотоцикл эвдлээ” гэх шалтгаанаар сандлаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2012000000337 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Нын өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ 1 литр М архи уугаад саахалт айлын Р.Бэ ахынд Эрдэнэт хотоос ах эгч нар нь ирсэн байсан. Би шөнийн 22 цаг өнгөрч байхад тэднийд очиход  Р.Бэ ах гэрээсээ гарч ирээд намайг дагуулаад гэртээ оруулсан. Р.Бэ ах надад тал шил архинаас 2 хийж өгсөн тэрийг нь би уусан. Тэгээд Р.Бэ ах надад би чиний мотоциклыг эвдсэн юм уу гэж асуухад нь би бага зэрэг эвдрэл байна лээ гэж хариулсан. Р.Бэ ах танай ах чинь малын бэлчээр хааж буулаа гээд над руу агсраад байхаар нь би яаж мэдэх вэ айл буугаа л биз гэж хэлэхэд миний араас Р.Бэ ах ямар нэгэн юмаар цохиход миний толгой хагарч цус гараад байсан. Тэгээд би өөрийн ахындаа очиж Р.Бэ ах миний толгой руу хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Манай эхнэр сумын төвд байсан ах эгч хоёр манай эхнэр рүү утсаар ярьж байсан. Эхнэр О эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн байсан. Эмч, цагдаа нар ирээд эмч надад өвчин намдаах тариа хийгээд сумын төвд эмнэлэгт авчраад миний толгойд 4 оёдол тавьсан. Р.Бэ ах намайг Улаанбаатар хот руу явж үзүүлэхэд миний эмчилгээний зардлыг гаргасан. Намайг гэрт нь очиход согтуу дуу нь чангарсан байсан. Миний биеийн байдал одоо өвдөх зүйл байхгүй сайн байгаа. Бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй. 20 гаран жил айл саахалт явж байна. Миний толгойноос их цус гарахаар нь ухаан балартаад ах эгч хоёртоо хутгалуулсан гэж хэлсэн. Р.Бэ ах надад ах нь чамайг сандлаар араас чинь цохисон гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-14 дүгээр тал/

 

           *Гэрч Д.Мгийн өгсөн:

           “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг 35 минутад Эрдэнэ-Уул багаас толгойндоо хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагад шөнийн 03 цаг 00 минутад Эрдэнэ-Уул баг, Дуут гэх газар Б.Э гэх айлд очсон. Тэр айлд толгойноос цус гараад хатсан толгойгоо даавуугаар боосон 30 гаран насны эрэгтэй байсан. Тэр эрэгтэйг Б.Н гэж байсан. Анхан шатны үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, үг яриа хэвийн, нүүр царай ердийн, зүрхний авиа тод, хэм жигд, хүүхэн харааны гэрлийн урвал эерэг, амьсгалын зам чөлөөтэй, уушги цулцангийн амьсгалтай, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн амнаас үнэртэж байсан. Намайг Б.Н гэх залуугийн толгойн боолтыг тайлж үзэхэд толгойн баруун урд хэсэгт хуйх нь гүн 1.5 см, өргөн 4-5 см орчим яарагдсан шархтай байсан. Тэгээд би өвчин намдаах эмчилгээ хийж сумын төв рүү эмнэлэгт авчирч толгойн хуйханд 4 оёдол тавьж цус сэлбэх тариа хийж эмнэлэгт ажиглан хонуулсан. Тэгээд Б.Н нь өглөө эмнэлгээс гарч хоёр өдөр эмчийн хяналтад байсан. Б.Н өөрөө хутгалуулсан гээд байсан. Толгойд оёдол тавих үед гавал тархины хатуу, зөөлөн хальс бүтэн байсан болохоор мохоо зүйлээр цохигдож, нидрэгдсэн байх магадлалтай...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

*Гэрч Б.Эгийн өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 29-ний орой хэдэн цаг байсныг мэдэхгүй байна. Манай дүү Б.Н манайд орж ирэхдээ Р.Бэ ах намайг алах гэж байна гээд толгойноос нь цус гарсан нойлын цаасаар дарсан архи уусан бололтой орж ирсэн. Тэгээд би яасан гэж асуухад Р.Бэ ах миний толгой руу хутгаар хатгачихлаа гээд байхаар нь би цусыг тогтоох гэж зузаан даавуугаар боолт хийсэн. Б.Нын эхнэр сумын төвд байсан болохоор би эхнэрт нь утсаар залгаж дүү Б.Ныг хүнд зодуулсан толгойд нь оёдол тавиулах юм байна цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумаас дуудлагын эмч, цагдаа ирээд эмч дүү Б.Ныг эмнэлэг рүү, сумын цагдаа нар Р.Бийг аваад сумын төв рүү явсан. Би харсан, нарийн гэмтлийг мэдэхгүй хуйх нь яарагдсан байсан. Сумын эмнэлэгт 4 оёдол тавиулсан гэсэн. Р.Бэ хот руу эмнэлэгт үзүүлсэн зардал мөнгийг гаргасан. Одоо дүү Б.Нын биеийн байдал сайн байгаа ямар нэгэн өвчний зовуурь байхгүй. Манай дүү дуу цөөтэй томоотой дөлгөөхөн хүн байгаа. Одоо эхнэр 4 хүүхдийн хамт Эрдэнэ-Уул багт мал маллан амьдардаг. Тамхи татахгүй, зарим үед архи уудаг. Р.Бэ ах хүнд тусархаг, олонтой, тамхи татахгүй, архи уудаг. Гэртээ малаа хараад эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

*Гэрч Р.Зийн өгсөн:

“...Р.Бэ миний төрсөн дүү байгаа. 1968 онд Рын 8 дахь хүүхэд болон Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Эрдэнэмандал сумынхаа сургуульд 8 жилээ төгсөж, Төв аймгийн Баянчандмань суманд Техник мэргэжлийн сургууль төгссөн. 1988-1990 оны хооронд цэргийн алба хаасан. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт мал маллан амьдарч байгаа. 2018 онд мянгат малчин болж байсан. Тамхи татахгүй хааяа нэг архи уудаг. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Сая архи уусан үедээ хүргэн Б.Ныг сандлаар цохисон байсан. Манай дүү хүнтэй эвсэг харьцаатай, хүнд их тусархаг, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/

 

*Яллагдагч Р.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 00 цагийн үед манай нутгийн залуу Б.Н согтуу орж ирээд надаас хэрүүл өдөөд байхаар нь би уурандаа гэрт байсан модон сандлаар Б.Нын толгой руу нэг удаа цохисон. Түүний толгойноос цус гарсан байсан манай эхнэр цусыг нь тогтоох даавуугаар дарж тогтоогоод гэрээс гаргаж машинд нь суулгаж явуулсан. Би Б.Нын гэр рүү араас нь очиход намайг гэр рүүгээ оруулаагүй. Би дүгнэлттэй танилцсан, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Архи уугаад согтсондоо малын хашааны асуудлаас болж маргалдсан өөр ямар нэгэн зүйл байхгүй. Би өөрөө архи ууж согтсон үедээ Б.Нын биед гэмтэл бэртэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа ойлгосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-48 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 552 дугаартай“...Б.Нын биед зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг Ар булаг гэх газар иргэн Б.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Бэ үйлдсэн болох нь хохирогч Б.Нын”...Р.Бэ ах надад тал шил архинаас 2 хийж өгсөн тэрийг нь би уусан. Тэгээд Р.Бэ ах надад би чиний мотоциклыг эвдсэн юм уу гэж асуухад нь би бага зэрэг эвдрэл байна лээ гэж хариулсан. Р.Бэ ах танай ах чинь малын бэлчээр хааж буулаа гээд над руу агсраад байхаар нь би яаж мэдэх вэ айл буугаа л биз гэж хэлэхэд миний араас Р.Бэ ах ямар нэгэн юмаар цохиход миний толгой хагарч цус гараад байсан. Тэгээд би өөрийн ахындаа очиж Р.Бэ ах миний толгой руу хутгаар хатгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мгийн”...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг 35 минутад Эрдэнэ-Уул багаас толгойндоо хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагад шөнийн 03 цаг 00 минутад Эрдэнэ-Уул баг, Дуут гэх газар Б.Э гэх айлд очсон. Тэр айлд толгойноос цус гараад хатсан толгойгоо даавуугаар боосон 30 гаран насны эрэгтэй байсан. Тэр эрэгтэйг Б.Н гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эгийн“...Манай дүү Б.Н манайд орж ирэхдээ Р.Бэ ах намайг алах гэж байна гээд толгойноос нь цус гарсан нойлын цаасаар дарсан архи уусан бололтой орж ирсэн. Тэгээд би яасан гэж асуухад Р.Бэ ах миний толгой руу хутгаар хатгачихлаа гээд байхаар нь би цусыг тогтоох гэж зузаан даавуугаар боолт хийсэн. Б.Нын эхнэр сумын төвд байсан болохоор би эхнэрт нь утсаар залгаж дүү Б.Ныг хүнд зодуулсан толгойд нь оёдол тавиулах юм байна цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн...”гэх мэдүүлэг, гэрч Р.Зийн”...Сая архи уусан үедээ хүргэн Б.Ныг сандлаар цохисон байсан...” гэх  мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Р.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 552 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Р.Бийн хүний биед зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Бэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.Н нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Р.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Н нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Р.Бэ нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч М овогт Рын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бийг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бэ нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал 1/нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Шүүгдэгч Р.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР