Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/0718/Э |
Дугаар | 2022/ШЦТ/794 |
Огноо | 2022-05-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/794
2022 05 31 2022/ШЦТ/794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Содгэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2106 02859 1930 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол Намъянжугийн гудамж 77 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жоё цайны газарт хохирогч Э.Утай хоолны тооцоо хийхгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний биед хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, маажих зэргээр хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч *******ийн хууль ёсны төлөөлөгч С.Содгэрэлийн “Мишээл хурц үедээ хэвтээд эмчилгээ хийлгэдэг. Тайван үед нь албадлагын арга хэмжээ авч хэвтүүлэх шаардлагагүй. Мишээлийн хэвтэж байх үедээ уудаг эмүүд маш их хортой. Гайгүй байх үед нь эм уулгавал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг, эмийнх нь хор гарахгүй хэцүү байдаг. Одоо өвчин нь намжмал байдалтай байгаа сэдрэлтийн үе өнгөрсөнурц үедээ хэвтээд эмчилгээ хийлгэдэг. Тайван үед нь албадлагын арга хэмжээ авч хэвтүүлэх шаардлаг” гэх мэдүүлэг,
Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Угийн “2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим манай цайны газар зүс танихгүй нэг эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн юм тэгээд тооцоогоо хиймээр байна та дата цацаад өгөөч гэх үед би өөрийн утаснаас дата цацаж өгөөд офиссын өрөөндөө хяналтын камер хараад байж байх хугацаандаа нөгөө эмэгтэй манай байгууллагаар холхиод байсан. Өөрийн захиалсан хоолоо хийгээд манай тогооч эгчид би идмээргүй байна гэж хэлээд гараад явсан би араас гараад тооцоогоо хий гэхэд би идмээргүй байна идээгүй зүйлийн тооцоо хийнэ гэж юу байгаа юм гэж хэлээд түлхээд явсан тэгээд намайг учир зүггүй нүдээд эхэлсэн. Би 2 шатны доор зогсож байсан болохоор миний гэдэс, нуруу, цээж, сав руу хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний нүүр хэсэгт маажсан, толгой цээж, гар хэсэгт гараараа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Гэрч Ц.Соёлмаагийн “Тус өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай ажил болох Жоё цайны газар нэг эмэгтэй үйлчлүүлэгч 18 цагийн үед ирж үйлчлүүлээд хоолоо идчихээд тооцоогоо хий гэж шаардахад тэр эмэгтэй би хийхгүй гээд гараад цааш явахаар нь би захирал Ундраад хэлэхэд захирал Ундраа тэр эмэгтэйтэй очиж уулзаад ярилцахад тэр эмэгтэй тооцоо хийхгүй гэсэн. Захирал Ундраа хүүе яагаад хоол идчихээд тооцоогоо хийхгүй байгаа юм вэ гээд уурлахад үгүй гэж байна гэж тэр эмэгтэй хэлээд тэр хоёр хоорондоо муудалцаад зодолдсон. Тэр эмэгтэй Ундраагийн хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд, нүүрийг нь маажсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7508 дугаартай “Э.Угийн биед зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 843 дугаартай “******* нь шизофрени төст цочмог солиорох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь хэрэг болох цаг хугацаанд шизофрени тест цочмог солиорох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан бөгөөд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлан өөрийгөө удирдан хянах чадваргүй байсан байна. ******* нь болсон асуудлын талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадваргүй байна. ******* нь үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 70-73 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 874 дугаартай “*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-ын шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 3 сарын хугацаагаатай авах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 87-89 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаартай “*******ийн сэтгэцийн эмгэг нь сэдэрч дахилт өгсөн тохиолдолд өөртөө болон бусдад аюул эрсдэл учруулах боломжтой. Харин сэтгэцийн байдал нь засрал сайжралын үедээ өөртөө болон бусдад аюул эрсдэл учруулах боломж багатай байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 116-118 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаартай “******* нь F25.0 шизоаффектив эмгэг, сэтгэл хөөрөх хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна. *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 109-111 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч Б.Оюунтуяагийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн “Биеийн ерөнхий байдал дунд АД110/70 мм.муб St:Сайжирсан байдал, Зөвлөгөө: Гэрээр эмээ тогтмол уух, сарын дараа давтан үзүүлэх” гэсэн хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жоё цайны газарт хохирогч Э.Утай хоолны тооцоо хийхгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний биед хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, маажих зэргээр хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.У, гэрч Ц.Соёлмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь цайны газарт хоол идэхээр орсон, үзэмний шүүс чихэртэй байна, тооцоо хийхгүй гэх асуудлаас болж маргаан үүсгэж хохирогч Э.Уг шаардлага тавихад эсэргүүцэж биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэгтэй байсан гэх үйл баримт тогтоогджээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч *******ийн хохирогч Э.У руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хийсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, уг үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Угийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******ийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч С.Содгэрэлээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 3 сарын хугацаагаар авах санал гаргасан бол,
*******ийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх санал гаргасан, *******ийн хууль ёсны төлөөлөгчөөс албадан эмчлүүлэхгүйгээр гэрийн нөхцөлд асран хамгаалах боломж олгож өгнө гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн эмгэг өвчтэй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эмгэг өвчний байдал бүрэн арилаагүй, зохих удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, биеийн байдал сайжирч тогтмол хяналтад орсон, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтүүд, эмчийн үзлэг хийсэн баримт, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр ******* нь сэтгэцийн байдлын хувьд өөртөө болон бусдад аюул учруулахааргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс *******ийн сэтгэцийн байдал буюу хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 3 сарын хугацаагаар эмчлүүлж, дээрх хугацаанд түүнийг асран хамгаалагч С.Содгэрэлд халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд 3 /гурав/ сарын хугацаанд эмчлүүлж, энэ хугацаанд асран хамгаалагч С.Содгэрэлд халамжид байлгах арга хэмжээ авсугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******ийн хууль ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагчаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ