Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/305

 

 

 

 

 

 

                                   2020/ШЦТ/305

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Бгийн Жөд холбогдох эрүүгийн 2012000000381 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг, ....................... газар оршин суух хаягтай, Боржигон овогт Бгийн Ж/РД:АН..................../

 

                               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Атай маргалдаж, улмаар түүний толгойн дагз орчим язарсан шарх, хамрын зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2012000000381 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Л.Аын өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 02 өдөр 12 цагийн үед Хонгорж багийн Хадан богч гэх газар би Га ахтай архи ууж байтал Төгсөө ирсэн. Бид гурав миний машинд 0,75 Хараа архийг хувааж уусан. Архиа дуусаад айлаас очиж, нэг шил архи худалдан авч, угаад би Га ахыг гэрт нь хүргэж өгөхөөр явлаа гэхэд Төгсөө гэнэт уурлаж, чи ямар том болчихсон юм бэ хүнээс ямаа авдаг гэсэн гээд миний дагз, хамар руу гартаа барьж байсан гар чийдэнгээрээ цохиж гэмтээсэн. Тэгээд Га ах бид хоёрыг салгасан. Тэгээд би сумын төв ирж эмнэлэгт үзүүлсэн. Төгсөө бид хоёрын дунд өр авлага өс хонзон байхгүй. Би Төгсөөтэй төрөл садны холбоотой. Бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд хамаатан хүмүүс юм. Би сайн мэдэхгүй байна. Тухайн үед бид хоёр согтуу байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-8 дугаар тал/

 

           *Хохирогч Л.Аын дахин өгсөн:

           “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Хадан богч гэх газар Г ахын гэрт Төгсөө Га ах бид гурав архи хуваан ууж байгаад  Га ах малдаа гарсан хойгуур Га ахын гэрт Жавхлан төгс бид 2 маргалдаж Ж манайг зодсон. Тухайн үед Га ахын гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй, сүүлд нь Га ах орж ирсэн. Тэгээд намайг Цэцэрлэг сумын эмнэлэгт Га ах хүргэж өгч, үзүүлж толгойныхоо орой хэсэгт оёдол тавиулж 3 хоног эмнэлэгт эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан . Надад Жөөс нэхэмжлэх байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/

 

*Гэрч Ж.Гын өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр15 цагийн үед Хонгорж багийн Хадан богч гэх газар Аын машинд 0,75 хараа архийг А бид хоёр ууж байхад Б.Ж ирээд бид 3 хамт архи уусан. Архи дуусахаар нь нутгийнхаа хөгшин нас ах эгч хоёрын гэрт нь А, Ж хоёр очиж 1 шил архийг авчир нь манайд уусан. А Ж хоёр маргалдаад байх шиг харагдаж байсан. Би гараад малаа харчихаад ороод ирсэн чинь Ж Аыг зодчихсон байсан. Аын нүүр нь цус болчихсон толгойн ар дагз хэсгээс цус гарч байсан. Тухайн үед манайд бид гурваас өөр хүн байгаагүй тул би сумын төр орж, Л.Аыг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт ирээд үзүүлээд толгойныхоо дагз хэсэгт оёдол хийлгэсэн 2 оёдол тавиулсан. Би Л.А, Б. Ж нарыг сайн танина. Тэр хоёр хадам ээжийн талын хамаатан хүмүүс юм. Би та хоёр чинь юу болж байна аа яасан юм гэж асуухад Ж би Аыг гар чийдэнгээр цохичихсон гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/

 

*Яллагдагч Б.Жийн өгсөн:

“...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруутай маргахгүй байна. Би Л.Аыг толгойн тус газар нь гар чийдэнгээр цохисон. Тухайн гар чийдэнгээ хаясан байсан би хаана хаяснаа мэдэхгүй согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 602 дугаартай“...Л.Аын биед толгойн дагз орчим язарсан шарх, хамар, баруун хацрын дээд хэсэгт зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Толгойн дагз орчим язарсан шарх, хамрын зүсэгдсэн шарх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Баруун хацрын дээд хэсэгт зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн хажууд зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн н.' гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн нутагт иргэн Л.А нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ж үйлдсэн болох нь хохирогч Л.Аын”...2020 оны 11 дүгээр сарын 02 өдөр 12 цагийн үед Хонгорж багийн Хадан богч гэх газар би Га ахтай архи ууж байтал Төгсөө ирсэн. Бид гурав миний машинд 0,75 Хараа архийг хувааж уусан. Архиа дуусаад айлаас очиж, нэг шил архи худалдан авч, угаад би Га ахыг гэрт нь хүргэж өгөхөөр явлаа гэхэд Төгсөө гэнэт уурлаж, чи ямар том болчихсон юм бэ хүнээс ямаа авдаг гэсэн гээд миний дагз, хамар руу гартаа барьж байсан гар чийдэнгээрээ цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Гын”... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр15 цагийн үед Хонгорж багийн Хадан богч гэх газар Аын машинд 0,75 хараа архийг А бид хоёр ууж байхад Б.Ж ирээд бид 3 хамт архи уусан. Архи дуусахаар нь нутгийнхаа хөгшин настай ах эгч хоёрын гэрт нь А, Ж хоёр очиж 1 шил архийг авчир нь манайд уусан. А Ж хоёр маргалдаад байх шиг харагдаж байсан. Би гараад малаа харчихаад ороод ирсэн чинь Ж Аыг зодчихсон байсан. Аын нүүр нь цус болчихсон толгойн ар дагз хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Жийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 602 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Жийн хүний биед толгойн дагз орчим язарсан шарх, хамар, баруун хацрын дээд хэсэгт зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн хажууд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Ж нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Жийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Л.А нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Ж нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Б овогт Бгийн Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.  Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Жөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР