Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/310

 

 

 

 

 

                                  2020/ШЦТ/310

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М  

Шүүгдэгч: Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Нн Тд холбогдох 2012000000359 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур баг, ............ газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Нн Т/РД:АГ............../

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн  нутаг Мод толгой гэх газраас хуурай шинэс төрлийн 1.5 м урттай 56 ширхэг, 3.522 м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 71-10 АРХ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 386.618.6 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2012000000359 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн өгсөн:

“...Яллагдагч Н.Т нь 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Хужир гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.5224 м3 хэмжээтэй мод бэлтгэж 7110 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 386,618,6 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Манай суманд улсын тусгай хамгаалалттай газарт Хөх нуур багийн хойд, урд голын эх гэх газар ордог. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

 

          *Гэрч Н.Тийн өгсөн:

           “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Би Архангай аймаг Их тамир сум Хөх нуур баг Мод толгой гэх газар хоёр машин мод бэлтгэж 71-10 АРА улсын дугаартай БОНГО-2 маркийн тээврийн хэрэгслээр модоо ачиж Архангай аймгийн төв рүү явсан үдэш 21 цагийн үед Цагаан давааны постод орж ирэхэд тухайн постод гарч байсан Пүүжээ гэгч хүн модоо зарах уу гээд байхаар нь за гэтэл нэг хүний утасны дугаар өгөхөөр нь залгаж ярихад авна гээд Архангай аймаг Эрдэнэбулган сум 4-р баг ЗОНУЗ өвчин судлалын хашаанд аваачиж модоо буулгачхаад эргэж гэртээ харьж үлдсэн нэг машин модоо ачиж шөнө 04 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв Цагаан давааны постоор орж иртэл цагдаа намайг зогсоон шалгаад та энэ мод бэлтгэх эрхийн бичгийг өдөр Ихтамир сумын Замын цагдаагийн постод үзүүлэн явсан биз дээ гэж хэлээд нэг мод бэлтгэх эрхийн бичгээр хоёр удаа тээвэрлэж болохгүй та дахин тээвэрлэж байгаа бол дахин мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой таны энэ үйлдэл хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл болно гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авчирч саатуулсан. Би ганцаараа цахилгаан хөрөөгөөр бэлтгэж ачсан. Намайг ганцаараа мод бэлтгэн ачиж байхыг А.Батбаяр нь харсан миний мод ачиж байсан газрын доод үзүүрт мод ачиж байсан. Би ойролцоогоор арав гаран босоо мод огтолж бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

           *Гэрч Ч.Пын өгсөн:

           “...2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны хооронд зам тээврийн хөгжлийн Ганц модны төлбөр хураах цэгийн төлбөр хураагчийг үүргийг гүйцэтгэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр нилээн хэдэн тээврийн хэрэгсэл гарсан. Тэр дундаас 7110 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 удаа мод ачиж орж ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед нэг удаа орж ирсэн. Мөн 10 дугаар сарынхаа 23-ны үүрээр 04 цагийн үед орж ирсэн. Би тэр үед нь наад модоо зарах уу гэж асуухад би энэ модыг айлд буулган гэж хэлээд орсон. Ганцаараа явж байсан санагдаж байна. Портерынхоо тэвшийг дүүргэж мод ачсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/

 

            *Гэрч Т.Бын өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 22-ны орой гэртээ амарч байхад Архангай аймгийн Цагаан давааны постод гардаг Пүүжээ гэгч залуу 99966011 дугаарын утсаар залгаад та захиад байсан модоо авах уу гэхээр авна гэж хэлээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ЗОНУЗ өвчин судлалын төвийн хашаанд буулгаж авсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичгээ өг гэтэл ахаа би дахин нэг явчхаад өгье гэж хэлээд алга болчихсон.  Би 280.000 төгрөгөөр худалдаж авсан. Эхнэрийнхээ хамт явж байсан. Бонго маркийн тээврийн хэрэгслийн тэвшийг дүүргэж мод ачсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

            *Яллагдагч Н.Тийн өгсөн:

            “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Хужир гэх газрын Мод толгой гэх ойгоос дандаа унанги мод бэлтгээд түүнийгээ өөрийн 7110 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Архангай аймгийн төв рүү оруулж ирсэн. Би замдаа Архангай аймгийн Их тамир сумын пост дээр Шатар гэх цагдаад шалгуулаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Зонузын хашаанд буулгаад буцаад анх мод бэлтгэсэн гэх газраасаа 14 ширхэг босоо мод унагаад дахин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү тээвэрлэж орж ирж байгаад Шатар гэх цагдаад мөн баригдсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-44 дүгээр тал/

 

 

             *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бгийн”...3.5224 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж / бүх төрлийн хэрэглээний хуурай мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-64.662₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 386.618.8₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 32-33 дугаар тал/

 

            *Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 229 дугаартай”... 3.5224 м3 шоометр түлшний модны үнэ 250.000 төгрөг, Киа Вонго маркийн автомашины үнэ 4.600.000 төгрөг, хуучин цахилгаан хөрөөний үнэ 70.000 төгрөг, түлээний сүхний үнэ 35.000 төгрөг нийт үнэлгээ 4.955.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 36 дугаар тал/   

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн  нутаг Мод толгой гэх газраас шүүгдэгч Н.Т нь зөвшөөрөлгүйгээр хуурай шинэс төрлийн 1.5 м урттай 56 ширхэг, 3.522 м3 шоометр модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 71-10 АРХ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 386.618.6 төгрөгийг хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Т нь үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Сгийн”... Н.Т нь 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Хужир гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.5224 м3 хэмжээтэй мод бэлтгэж 7110 АРХ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 386,618,6 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна...” гэх мэдүүлэг, гэрч Н.Тийн”...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Би Архангай аймаг Их тамир сум Хөх нуур баг Мод толгой гэх газар хоёр машин мод бэлтгэж 71-10 АРА улсын дугаартай БОНГО-2 маркийн тээврийн хэрэгслээр модоо ачиж Архангай аймгийн төв рүү явсан үдэш 21 цагийн үед Цагаан давааны постод орж ирэхэд тухайн постод гарч байсан Пүүжээ гэгч хүн модоо зарах уу гээд байхаар нь за гэтэл нэг хүний утасны дугаар өгөхөөр нь залгаж ярихад авна гээд Архангай аймаг Эрдэнэбулган сум 4-р баг ЗОНУЗ өвчин судлалын хашаанд аваачиж модоо буулгачхаад эргэж гэртээ харж үлдсэн нэг машин модоо ачиж шөнө 04 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв Цагаан давааны постоор орж иртэл цагдаа намайг зогсоон шалгаад та энэ мод бэлтгэх эрхийн бичгийг өдөр Ихтамир сумын Замын цагдаагийн постод үзүүлэн явсан биз дээ гэж хэлээд нэг мод бэлтгэх эрхийн бичгээр хоёр удаа тээвэрлэж болохгүй та дахин тээвэрлэж байгаа бол дахин мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой таны энэ үйлдэл хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл болно гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авчирч саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Пын”...2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны хооронд зам тээврийн хөгжлийн Ганц модны төлбөр хураах цэгийн төлбөр хураагчийг үүргийг гүйцэтгэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр нилээн хэдэн тээврийн хэрэгсэл гарсан. Тэр дундаас 7110 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 удаа мод ачиж орж ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед нэг удаа орж ирсэн. Мөн 10 дугаар сарынхаа 23-ны үүрээр 04 цагийн үед орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бын”... 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой гэртээ амарч байхад Архангай аймгийн Цагаан давааны постод гардаг Пүүжээ гэгч залуу 99966011 дугаарын утсаар залгаад та захиад байсан модоо авах уу гэхээр авна гэж хэлээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ЗОНУЗ өвчин судлалын төвийн хашаанд буулгаж авсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичгээ өг гэтэл ахаа би дахин нэг явчхаад өгье гэж хэлээд алга болчихсон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 386.618.8 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Бямбасүрэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Тийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн  үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Тийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Н.Тийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 386.618.8 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 1.159.856 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /386.618.8*3=1.159.856/ нэг сая нэг зуун тавин есөн мянга найман зуун тавин зургаа төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.159.856 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Тийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-10 АРХ улсын дугаартай Бонго-3 маркийн 4.600.000/дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий машиныг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.159.856  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 3.440.144 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 56 ширхэг 3.6224м3 хуурай шинэс модыг тус тус хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6,  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Ц овогт Нн Тийг хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Тд 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тээс 1.159.856 /нэг сая нэг зуун тавин есөн мянга найман зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 82 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Тээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71-10 АРХ улсын дугаартай Бонго-3 маркийн 4.600.000/дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий машиныг хураан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.159.856 /нэг сая нэг зуун тавин есөн мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 3.440.144/гурван сая дөрвөн зуун дөчин мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг болон мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөө нэг ширхэг, сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 56 ширхэг 3.5224м3 хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР