Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/311

 

 

 

                                                                                                                                                          

                                2020/ШЦТ/311

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгч: С.М

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Сын Мд холбогдох эрүүгийн 2012003690367 тоот хэргийг хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, ................. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Сын М/РД:МП............./

 

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Шүүгдэгч С.М нь 2020 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 52-03 тоотод унтаж байхдаа болгоомжгүйгээр хамт унтаж байсан 13 хоногтой Б.Бийн амьсгалыг бүтээж, амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2012003690367 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Бгийн өгсөн:

            “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед би өөрийн эхнэр, охин Бийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумаас хувцас угаах гэж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд өөрийн эх Бийн гэрт ирсэн. Бийн гэрт байж байгаад эхнэр маань хүүхдээ хөхүүлчихээд гэрт ороод хувцасаа угааж байгаад орой бид нар 00 цагийн үед унтацгаахаар болсон. Шөнө унтахад охин маань эв эрүүл сав саруул байсан. Эхнэр С.М маань хүүгээ хуурайлъя гэж хэлээд байхаар нь би шөнийн 03 цагийн үед гал түлсэн санагдаж байна. Удаагүй эхнэр охиныгоо хуурайлж дуусаад бид 2 хамт унтахаар хэвтсэн.  Үүрээр 04 цагийн үед эхнэр маань намайг дуудаад хүүхэд сонин болчихлоо гээд байсан. Тэгэхээр нь би охин Бэ рүү хартал цустай нус гарсан байсан. Тэгээд бид түргэн дуудтал түргэн ирэхгүй байхаар нь өөрсдөө эмнэлэгт очсон. Эмнэлэгт очтол жижүүр эмч нь охиныг үзээд зүрхний массаж хийгээд байсан. Удахгүй нэг эрэгтэй эмч орж ирээд охин Бийн зүрхний цохилтыг чагнаад оройтоод ирсэн байна гэж хэлсэн. Би өөрийн эгчийн охин Нямдоржтой хамт газраар унтсан. Эхнэр маань охин Бэтэйгээ унтсан. Шөнө 02 цагийн үед надаар гал түлүүлээд хамт хуурайлалцдаг. Тэгээд өглөө үүрээр нэг удаа хуурайлдаг. Миний эхнэрийн хөх нэх их том биш харин сүү бол сайтай. Эхнэр маань охиныгоо хөхийг босож хөхүүлээд унтахаар нь хүүхдээ тавьдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/

 

            *Гэрч С.Шгийн өгсөн:

            “...Би өөрийн төрсөн хүү Бтэй хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн голд нутагладаг. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө миний төрсөн хүү Б өөрийн гэрээсээ эхнэр М охин Бийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү явж мөнгө хөөцөлдөх усанд орох ажилтай явцгаасан. Бгийн охин 2 настай Сондор надтай үлдсэн. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 09 цагийн үед Б М нар залгаад манай охин Бэ нас барчихсан гэсэн. Би яагаад нас барсан болохыг нь асуутал юу ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Ач охин Бэд маань нас барах шалтгаан гэхээр зүйл байхгүй байсан. Ханиад хүрчихсэн байж магадгүй гэж би бодож байсан. Уг нь Бийг ээж, аав нь эмнэлэгт үзүүлнэ ханиад хүрэх гээд байна гэж ярьж байсан. Дүгнэлттэй танилцлаа Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлт бол амьсгал бүтэж нас барсан гэж байна. Өдөрт хааяа нэг харахад сууж байгаад хөхүүлдэг. Цөөнгүй тохиолдолд ганц нэг удаа хэвтэж байхдаа хөхүүлж харагдсан. М манай бэр болж ирэхээсээ 2 жилийн өмнөөс манайхтай хөрш байгаа 2020 онд Бтэй хурим найраа хийсэн. Даруу төлөв зантай, ажилсаг, хичээнгүй, хааяа хүн юм хэлэхээр зөрүүдлээд байдаг өөр муу зан араншин байхгүй. Хүүхдээ байнга авч байгаа харагддаг. Хүүхдүүдээ зодож дарамталдаг зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/,

 

            *Гэрч Б.Цгийн өгсөн:

            “...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагаас 14-ний өдрийн 09 цагийг хүртэлх хугацаанд би өөрийн ажил болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ээлжийн сувилагчийн үүргийг гүйцэтгэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цагийн үед гаднаас хүүхдээ тэвэрсэн эрэгтэй, эмэгтэй хүн орж ирсэн. Юу болсон талаар асуухад хүүхдийн аав Б гэх залуу 02 цагийн манай эхнэр хүүхдээ хөхүүлчихээд унтсан тэрнээс хойш хөхөө хөхөөгүй. Нэг сэрээд үзэхэд хүүхдийн бие хөшсөн байсан гэж хэлсэн. Хүүхдийг аваад сэхээн амьдруулах тасагт ороход амьсгал зүрх зогсчихсон, бие хөшсөн байсан. Өлгийг нь задлаад харахад хүүрийн толбо илэрсэн. Надад бол хөхөндөө дарагдсан гэмээр эрээнтсэн толбо үүссэн харагдаж байсан. Би болон манай эмч энэ хүүхэд нас барсан байна гэж хэлсэн. Амьсгал хураасан зүрх зогссон эсэхийг эмч Ганбат чагнаж үзсэн. Би зүрхэнд нь массаж хийсэн. Зүрхэнд массаж хийхэд зүрх зогссон байсан. Хөшилт өгсөн байсан. Зүрхний цохилт хэмжих пульс оксиметр багаж зүрх зогссон тохиолдолд заахгүй 00 заадаг. Нас бараагүй зүрхний цохилт мэдрэгдэж байгаа тохиолдолд 100-аас дээш тоо заадаг байгаа. Пульс оксиметр заахгүй хэмжигдэхгүй байсан. Дэлгэц дээр 00 зааж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

            *Яллагдагч С.Мий өгсөн:

            “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-50 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаартай ”...Амь хохирогч Б.Бийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Амь хохирогч нярай нь орон дотроо санамсаргүй амьсгал боогдох, дарагдах буюу ам, хамар дарагдаж механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Нярайд тархины хүчилтөрөгчийн архаг дутмагшил, нярайн гүн шарлалт тогтоогдсон ба өөр ямар нэгэн өвчин эмгэг тогтоогдоогүй. 2020.09.14-ний 16 цагийн үед нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд орох үед илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 12 орчим цаг болсон байх боломжтой байсан.

Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар тал/

 

*Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 35-38 дугаар тал/

 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 6-10 дугаар тал/

 

              *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/2-р хх-ийн 173 дугаар тал/ зэрэг болно.

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын 52-03 тоотод С.М нь унтаж байхдаа болгоомжгүйгээр хамт унтаж байсан 13 хоногтой Б.Бийн амьсгалыг бүтээж, амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

              Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Мий үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Бгийн“...Тэгэхээр нь би охин Бэ руугаа хартал цустай нус гарсан байсан. Тэгээд бид түргэн дуудтал түргэн ирэхгүй байхаар нь өөрсдөө эмнэлэгт очсон. Эмнэлэгт очтол жижүүр эмч нь охиныг үзээд зүрхний массаж хийгээд байсан. Удахгүй нэг эрэгтэй эмч орж ирээд охин Бийн минь зүрхний цохилтыг чагнаад оройтоод ирсэн байна гэж хэлсэн. Би өөрийн эгчийн охин Нямдоржтой хамт газраар унтсан. Эхнэр маань охин Бэтэйгээ унтсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Шгийн”... 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 09 цагийн үед Б М нар залгаад манай охин Бэ нас барчихсан гэсэн. Би яагаад нас барсан болохыг нь асуутал юу ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Ач охин Бэд маань нас барах шалтгаан гэхээр зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цгийн”... 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цагийн үед гаднаас хүүхдээ тэвэрсэн эрэгтэй, эмэгтэй хүн орж ирсэн. Юу болсон талаар асуухад хүүхдийн аав Б гэх залуу 02 цагийн манай эхнэр хүүхдээ хөхүүлчихээд унтсан тэрнээс хойш хөхөө хөхөөгүй. Нэг сэрээд үзэхэд хүүхдийн бие хөшсөн байсан гэж хэлсэн. Хүүхдийг аваад сэхээн амьдруулах тасагт ороход амьсгал зүрх зогсчихсон, бие хөшсөн байсан. Өлгийг нь задлаад харахад хүүрийн толбо илэрсэн. Зүрхний цохилт хэмжих пульс оксиметр багаж зүрх зогссон тохиолдолд заахгүй 00 заадаг. Нас бараагүй зүрхний цохилт мэдрэгдэж байгаа тохиолдолд 100-аас дээш тоо заадаг байгаа. Пульс оксиметр заахгүй хэмжигдэхгүй байсан. Дэлгэц дээр 00 зааж байсан...” гэх мэдүүлэг, 13 хоногтой Б.Бэ нь орон дотроо санамсаргүй амьсгал боогдох, дарагдах буюу ам, хамар дарагдаж механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мий хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.  

           Шүүгдэгч С.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч С.М нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.Мг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

             

              Шүүгдэгч С.М нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн, хуульд заасан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

  

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Сын Мг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч С.Мд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР