Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/312

 

 

 

                                                                                                                                                          

                                2020/ШЦТ/312

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Буяндалай

              Шүүгдэгч: Т.Г

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Тын Гд холбогдох эрүүгийн 2012000000361 тоот хэргийг хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, аавын хамт Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг, .............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Тын Г/РД:АЙ................../

 

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

              Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт Тамирын голын гүүрний орчимд 11-46 УБА улсын дугаартай, Ниссан экс-трайл загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гийг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2012000000361 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Аийн өгсөн:

            “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өглөө манай нөхөр Г хониндоо явлаа гээд ганцаараа гарсан, манай хонь сумын төвийн урдхан талд Мухар гэх газар байдаг. Тухайн үед орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан болохоор хөдөө багаар явж сурталчилгаа хийгээд 17 цаг өнгөрөөд гэртээ ирэхэд манай охин Г байсан. Би аав нь ирсэн эсэх талаар асуухад ирээгүй байна 15 цагийн үед утсаар ярихдаа унаа олоод очно гэж хэлсэн байсан. Орой бүрэнхий болоод ирэхгүй болохоор утас руу нь залгахад утас нь дуудаад авахгүй байсан, мал байдаг айл руу залгахад хонио хотлуулаад харьсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ирэхгүй болохоор нь би эрт амарсан шөнө сэрээд цонхоор харахад Тамирын голын гүүрний орчим цагдаагийн машины гэрэл асаад анивчаад байсан. Би тухайн үед юм бодолгүй осол гарч дээ гэж бодоод буцаад амарсан, нөхөр ирээгүй байсан. Манай нөхөр архи уусан үедээ заримдаа шөнө ирдэг учраас би нэг их юм бодолгүй амарсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч Батболд залгаад манай нөхрийн талаар асуугаад байсан, зам тээврийн осолд орсон хүн хэн болох нь тогтоогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн төв орж цогцос хадгалах газар ирж үзэхэд манай нөхөр мөн байсан. Архи их уудаггүй, сарын хугацаанд 1-2 удаа архи уудаг байсан, архи уусан үедээ хүмүүстэй эвтэй байдаг, хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн байсан. Манай хонь Тамирын голын урд талд Пүрэвдорж гэх айлд Ихмухар гэх газар байдаг, тухайн өглөө манай нөхөр ганцаараа явган гарсан. Манай нөхрийг хонио хариулж ирээд 14 цаг өнгөрч сумын төв рүү ээжийнд түлээ хөрөөдөж өгнө гэж хэлээд гарсан гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/

 

            *Гэрч Б.Хын өгсөн:

            “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би өглөөний 12 цагийн үед Улаанбаатар хотын төвөөс Архангай аймгийн аймгийн Хангай сум руу чиглэлтэй Б эгчийн эзэмшлийн Экстраль маркийн 11-46 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож миний хажуугийн урд талын суудал дээр эхнэр Б сууж ард талын суудал дээр Хүслэн, Г нар сууцгааж байсан. Улаанбаатар хотоос гараад явах үед цаг агаарын байдал хэвийн цас бороо ороогүй үзэгдэх орчин хэвийн байсан. Замдаа Төв аймгийн Лүн сумын Урьхан гэх дэлгүүр ресторан орж замын хүнс аваад нааш Архангай аймаг руу явсан. Орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төв орж ирээд машиндаа шатахуун нэмээд би ядраад байсан тул өөрийн дүү Гд жолоогоо шилжүүлж өгсөн. Архангай аймгийн төвд бид нар 22 цагийн үед ирээд айлд орж Г машины дугуй үлдээгээд Хангай сумын төв рүү дахин хөдөлсөн. Цагаан давааны ард талд гараад машинаа бага зэрэг хөргөнгөө тосол нэмээд үргэлжлүүлэн хөдөлсөн. Машинд тосол нэмэх үед гадаа бүрэн харанхуй болсон байсан. Их тамир сумын гүүрний наад талд явж байхад би тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр хүү Хүслэнгээ тэврээд унтах гэж байхад гүүрний наад талд машинтай зөртөл цаад тал нь машин нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд би юу вэ? Яачихваа гээд Гас асуутал мэдэхгүй би нэг юм дайрчихлаа хүн юм шиг байна гэж хэлсэн. Би машинаас буугаад утасны гэрлээ тусгаад зам дээр хойш очтол хүн мөргөсөн байсан. Би шууд Цагдаагийн газарт дуудлага өгөөд 2 талаас ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж Цагдааг иртэл зогсоосон. Цагдаагийн алба хаагч ирж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хаасан. Их тамир сумын эмнэлгээс эмч ирээд нас барсан байна гэж хэлээд цааш яваад өгсөн. Архи уугаагүй байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бол би тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байсан. Мөргүүлснийх нь дараа очтол гэрэлд ойхоор юу ч харагдаагүй. Явган хүний гарч тэмдэг байгаагүй. Г надтай хамт ачааны тээвэрт явдаг, машин сайн барьдаг. Гадаа харанхуй болсон байсан. Машины гэрлүүд ойж байсан. Явган зорчигчийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/,

 

            *Гэрч Б.Бын өгсөн:

            “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би би өөрийн нөхөр Х охин Хүслэн болон дүү Гын хамт Хангай сум руу явсан. Улаанбаатар хотоос манай нөхөр машин жолоодож Хархорин суманд ирсэн. Хар хорин сумаас дүү Г тээврийн хэрэгсэл жолоодож Хангай сум руу явсан. Би бие давхар учраас замдаа унтаад явсан. Гэнэт Г хүн дайрчих шиг боллоо гээд л орилсон. Юу болсон талаар гадагшаа харахад Их тамир сумын төвд гүүрний наад талд зогссон байсан. Би сандарсандаа өөр тийш хараагүй машиндаа хөдөлгөөнгүй суугаад л байсан. Охиныгоо дайруулсан хүнийг хараад айх болов уу гэж бодоод л суугаад байсан. Тэгтэл машины гадна Г, Х нар хүн дайрсан байна нас барсан байна гээд яваад байсан. Би Гыг хүн дайрсныг бол хараагүй. Аархи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би унтаж байсан болохоор хараагүй. Би машинаас буугаад өөр машин руу орох үед тэр хүнийг харахад тод өнгийн хувцасгүй байсан. Г машин жолоодож байдаг. Сайн жолоо барьдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Гадаа харанхуй болсон байсан. Гамшигт үзэгдэл болоогүй байсан. Нийт 3-4 цаг тээврийн хэрэгсэл жолоодсон. Б.Г Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Ихтамир сум ортол тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/

 

            *Гэрч Б.Оын өгсөн:

            “...Тухайн дуудлагад би очсон, 2020 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн нутаг Тамирын голын гүүрний урд засмал зам дээр 11-46 УБЛ улсын дугаартай Экстраль маркийн тээврийн хэрэгсэл нь явган зорчигч 55-аас 60 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байсан. Тухайн зам тээврийн осол нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан жолооч Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг тооцож явна гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино гэх заалтыг зөрсөн эвсэл зам хөндлөн гарч явсан бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

 

            *Яллагдагч Т.Гын өгсөн:

            “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг/хх-ийн 73-75 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаартай ”...Амь хохирогч Б.Гийн цогцост шинжилгээгээр, оношны 1 болон 3-рт тусгагдсан гэмтлийн шинжүүд, 2-р тусгагдсан түүний хүндрэлүүд тогтоогдсон. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсчээ. Амь хохирогч Б.Гийн биед учирсан гавлын ясны дух, зулайн дээд хэсэг, дагзны хэсгээр том жижиг хэлтэрхий үүсгэсэн хугарал, духны баруун талаас суурь ясны урд хонхорын зүүн тал, дунд хонхорын зүүн гадна тал, хойд хонхорын гадна талаар дамжсан ангайсан хугарал, тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-2, 3-1-3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд, зүүн хөлийн шилбэний шаант яс доод 1/3 хэсгээр ташуу ил хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-20-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, духны баруун тал болон зулайн зүүн хойд хэсэгт хуйхан доорх болон ясны хальсан доорхи хар хүрэн цус хуралт, зулайн зүүн хойд хэсэгт зэрэгцээ байрласан ангайсан шархнууд, баруун хөмсөгний доогуур, баруун нүдний гадна тал хүртэл үргэлжилсэн ангайсан шарх, баруун нүдний гадна тал, хацар, доод эрүүний баруун талыг хамарсан, хэвлийн урд болон зүүн талыг хамарсан том хэмжээний зулгаралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах байсан хөнгөн гэмтэлд, баруун тохойн дээд хэсэгт, долоовор хурууны 2-р шивнүүрийн ард, зүүн мөрний ард, цээжний ард, зүүн сүвээнд, ууцны зүүн талд өнгөц зулгаралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч Б.Г нь амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2020.10.12-ны 16 цаг 20 минутын үед нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд орох үед илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 24 цаг болсон байх боломжтой байна. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдоогүй байна. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байжээ.

Амь хохиргчийн цусанд 1,6 промиль спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсныг харуулж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/

 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг/хх-ийн 3-9 дүгээр тал/

 

              *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/2-р хх-ийн 173 дугаар тал/ зэрэг болно.

 

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт Тамирын голын гүүрний орчимд Т.Г нь 11-46 УБА улсын дугаартай, Ниссан экс-трайл загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Гийг дайрч, амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

              Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Г үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Аийн“...Тэгээд манай нөхөр ирэхгүй болохоор нь би эрт амарсан шөнө сэрээд цонхоор харахад Тамирын голын гүүрний орчим цагдаагийн машины гэрэл асаад анивчаад байсан. Би тухайн үед юм бодолгүй осол гарч дээ гэж бодоод буцаад амарсан, нөхөр ирээгүй байсан. Манай нөхөр архи уусан үедээ заримдаа шөнө ирдэг учраас би нэг их юм бодолгүй амарсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч Батболд залгаад манай нөхрийн талаар асуугаад байсан, зам тээврийн осолд орсон хүн хэн болох нь тогтоогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн төв орж цогцос хадгалах газар ирж үзэхэд манай нөхөр мөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хын”...Орой 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төв орж ирээд машиндаа шатахуун нэмээд би ядраад байсан тул өөрийн дүү Гд жолоогоо шилжүүлж өгсөн. Архангай аймгийн төвд бид нар 22 цагийн үед ирээд айлд орж Г машины дугуй үлдээгээд Хангай сумын төв рүү дахин хөдөлсөн. Цагаан давааны ард талд гараад машинаа бага зэрэг хөргөнгөө тосол нэмээд үргэлжлүүлэн хөдөлсөн. Машинд тосол нэмэх үед гадаа бүрэн харанхуй болсон байсан. Их тамир сумын гүүрний наад талд явж байхад би тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр хүү Хүслэнгээ тэврээд унтах гэж байхад гүүрний наад талд машинтай зөртөл цаад тал нь машин нэг юм мөргөх шиг болсон. Тэгээд би юу вэ? Яачихваа гээд Гас асуутал мэдэхгүй би нэг юм дайрчихлаа хүн юм шиг байна гэж хэлсэн. Би машинаас буугаад утасны гэрлээ тусгаад зам дээр хойш очтол хүн мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын”...Хар хорин сумаас дүү Г тээврийн хэрэгсэл жолоодож Хангай сум руу явсан. Би бие давхар учраас замдаа унтаад явсан. Гэнэт Г хүн дайрчих шиг боллоо гээд л орилсон. Юу болсон талаар гадагшаа харахад Их тамир сумын төвд гүүрний наад талд зогссон байсан. Би сандарсандаа өөр тийш хараагүй машиндаа хөдөлгөөнгүй суугаад л байсан. Охиныгоо дайруулсан хүнийг хараад айх болов уу гэж бодоод л суугаад байсан. Тэгтэл машины гадна Г, Х нар хүн дайрсан байна нас барсан байна гээд яваад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”... 2020 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн нутаг Тамирын голын гүүрний урд засмал зам дээр 11-46 УБЛ улсын дугаартай Экстраль маркийн тээврийн хэрэгсэл нь явган зорчигч 55-аас 60 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байсан. Тухайн зам тээврийн осол нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан жолооч Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг тооцож явна гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино гэх заалтыг зөрсөн эвсэл зам хөндлөн гарч явсан бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Гийн биед учирсан гавлын ясны дух, зулайн дээд хэсэг, дагзны хэсгээр том жижиг хэлтэрхий үүсгэсэн хугарал, духны баруун талаас суурь ясны урд хонхорын зүүн тал, дунд хонхорын зүүн гадна тал, хойд хонхорын гадна талаар дамжсан ангайсан хугарал, тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Гын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүгдэгч Т.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Т.Г нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Т.Гыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй гэж үзэв.

             

              Шүүгдэгч Т.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн, хуульд заасан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

  

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Тын Гыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаагаар авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Т.Гд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР