| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2018/00484/И |
| Дугаар | 135/шш2018/00684 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 135/шш2018/00684
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хэсэг, ******* тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:******/-т холбогдох,
"4,128,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Б.*******н ээж нь надтай ирж уулзаад хамтарч ажиллах талаар ярилцаад би хүлээн зөвшөөрч 2 талаасаа тус бүр 3 000 000 төгрөгийг гаргаад ашгийг 2 тал адил тэнцүү хувааж, эзэнгүй бараа бүтээгдэхүүнийг 2 талд тавьж 50 50 хувиар шийднэ гэж тохиролцож 2017.06.01-ний өдөр миний бие Б.*******тай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан боловч ашиг олохгүй байсан учир 9 сард би мөнгөө буцаан авъя гэтэл Б.******* таны мөнгийг хүүтэй бодож өгье гээд 9 сараас хүү бодохоор болсон. Гэрээнд 0.5 хувийн алданги бодно гэж заасан байгаа. Тэгээд 11 сард гэрээгээ цуцалъя гэсэн. Б.******* нь 2017.10.20-ны өдөр 500,000 төгрөгийг өгсөн энэ мөнгийг 9-10 сарын хүүнд тооцож өгсөн.Үүнийг би 2 сарын хүү 600,000 төгрөгнөөс хасч тооцсон. Мөн 800,000 төгрөгний бараа авсан.
Иймээс 2017 оны 11 сарын 01-ий өдөр гэрээ цуцлагдсан учраас Б.*******гаас би өөрийн өгсөн 3,000,000 төгрөгөн дээр 2017 оны 06, 07 сард сарын хүү болох 600,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгнөөс Б.*******гийн өгсөн 500,000 төгрөг, авсан барааны үнэ 800,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг хасаад 2,300,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 158 хоногийн алданги 1,828,500 төгрөг нийт 4,128,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...5 сард анх хамтран ажиллах гэрээ хийсэн. Эхний ашиг хуваалтаас 2017.06.06-нд 451,900 төгрөг бэлнээр, 2017.07.06-нд 395,689 төгрөг бэлнээр, 2017.08.06-нд 304,500 төгрөг бэлнээр, 2017.09.06-нд 295,894 төгрөг бэлнээр, 2017.10.06-нд 301,300 төгрөг бэлнээр, нийт 1,749,283 төгрөг өгч байсан.
Гэрээнд хамтран ажиллана гэж заасан боловч П.******* эгч хамтран ажлаагүй, худалдан борлуулаагүй би ажлаа хийж байсан. 2017 оны 9-10 сард 500 000 төгрөг өгснийг хүүндээ тооцсон гэж байна. Гэтэл гэрээнд хүү гэж бичээгүй тэдэн хоногийн дотор гаргаж өгөөгүй бол алданги тооцно гэж заасан байгаа. Гэрээг 3 сарын хугацаанд байгуулсан. Гэрээний хугацаа дууссан. Хугацаа дууссан гэрээнээс алданги тооцоод нэхэж байна. Хүлээн зөвшөөрөхгүй. П.******* эгч 1 013 800 төгрөгийн бараа авсан. Сар болгон оноогоо хийгээд мөнгөө хасуулдаг байсан. Нийт надаас 3,263,083 төгрөг надаас авсан байна. Энэ хүний өгсөн 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно. Иймээс би хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ..
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан үндсэн мөнгө 2,300,000 төгрөг, алданги 1,828,500 төгрөг, нийт 4,128,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Зохигч талууд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулсан ба уг гэрээний “1.1-т Гэрээний талууд тэнцүү /50%, 50%/ хэмжээний хөрөнгө гаргаж тус салбарын найдвартай тогтмол үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамран ажиллана. ...4.2-т Үйл ажиллагааны орлогоос бий болсон ашгийг өөрт ноогдох хувийг талууд өөрийн үзэмжээр захиран зарцуулна. ...6.1-т Гэрээг дуусгавар болох буюу хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талд ноогдох хөрөнгө, орлого ашгийг 5 хоногийн дотор саадгүй гаргаж өгнө. Гаргаж өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө...” гэж тус тус тохиролцож, П.*******, Б.******* нар нь тус бүр 3,000,000 төгрөгийн хөрөнгө гаргаж, ашиг олох зорилгоор DXN брэндийн бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагааг явуулсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч П.******* нь хамтран ажиллах гэрээнээс гарах саналыг тавьж, өөрийн орууласан хөрөнгө болох 3,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргасныг гэрээний нөгөө тал болох Б.******* хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.******* нь “...Б.******* нь надад 2017 оны 9,10 дугаар сард 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тооцож өгнө гэсэн учир түүний 2017 оны 10 дугаар сарын өгсөн 500,000 төгрөгийг би хоёр сарын хүү 600,000 төгрөгөөс хасаж тооцсон, мөн би Б.*******гаас 800,000 төгрөгийг DXN брэндийн бараа бүтээгдэхүүн авсан. Үлдэх мөнгө 2,300,000 төгрөг , гэрээний 6.1-т заасны дагуу үндсэн төлбөрөөс алданги тооцож, алданги 1,828,500 төгрөг, нийт 4,128,500 төгрөгийг Б.*******гаас гаргуулахаар шаардаж байна...” гэж шаардлага үндэслэлээ тайлбарласан болно.
Хариуцагч Б.******* “... би П.*******д бэлнээр, дансаар болон бүтээгдэхүүнээр нийт 3,263,083 төгрөг өгсөн. Түүнд өгөх ёстой 3,000,000 төгрөгөө өгсөн... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү 3,263,083 төгрөг өгсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу дансаар 500,000 төгрөг, бүтээгдэхүүнээр 800,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг Б.******* нэхэмжлэгчид өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд анх байгуулсан гэрээндээ хүү төлөхөөр тохиролцоогүй ба харин гэрээний 6.1-т алданги төлөхөөр тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад сүүлд хүү төлөхөөр тохиролцож баримт үйлдсэн нь хуульд нийцээгүй байна.
Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 6.1-т ...ноогдох хөрөнгө орлого, ашгийг 5 хоногийн дотор саадгүй гаргаж өгөх, гаргаж өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа өөрт ноогдох ашгийг тодорхойлоогүй, энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй байх тул гэрээний 6.1-т заасан алдангийг нэхэмжлэх эрхгүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.******* нь зөвхөн анх гэрээ байгуулахад оруулсан 3,000,000 төгрөгийг буцаан шаардсан байх тул гэрээний 6.1-д заасан “ноогдох хөрөнгө орлого, ашиг” гэдэгт хамаарахгүй болно.
Иймд нэхэмжлэгч хөрөнгө оруулсан 3,000,000 төгрөгөөс хариуцагч Б.*******гаас өгсөн 1,300,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,428,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 1,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, үлдэх 2,428,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,006 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 42,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА