Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00482

 

 

Мөнхийн баян гал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/02569 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1957 дугаар магадлалтай,

Мөнхийн баян гал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Тогтохын шил ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,861,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтохын шил ХХК нь 2016.04.30-ны өдрөөс 2016.09.30-ны өдрийг хүртэл манай компаниас 88 тн цементийг 1 тонныг 143,000 төгрөгөөр, 904 тонныг 1 тонныг 139,000 төгрөгөөр тооцон, нийт 138,144,050 төгрөгийн 991.95 тонн худалдан авсан. Гэвч үлдэгдэл 9,695,050 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нь мөнгөө урьдчилан манай дансанд шилжүүлж, цемент худалдан авах үед нь тэр мөнгөнөөс суутгах замаар төлбөрийг тооцдог байсан. 2016.07.31-ний өдөр хариуцагч талаас 16,958,000 төгрөгийн цемент татан авалт хийсэн. Ингээд хариуцагч нь 9,695,050 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон ба 2016.08.27-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг 7 дугаар сард худалдан авсан цементийн төлбөрт суутган тооцсоноор 7 дугаар сарын цементийн үлдэгдэл төлбөр 863,050 төгрөг болсон. Үүн дээр 2016.08.19-ний өдөр худалдан авсан 64 тонн цементийн үнэ 8,832,000 төгрөг, нийт 9,695,050 төгрөгийн үлдэгдэл бий болсон. Уг 64 тонн цементийг нэг удаагийн ачилтаар хариуцагчид шилжүүлсэн, 98-40 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачилт хийсэн талаар хавтаст хэрэгт бараа илгээсэн бичиг болон тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан. Мөн уг 64 тонн цементийн тээврийн хөлсийг хариуцагчаас автомашины эзэмшигч М.Мөнхжаргалд шилжүүлсэн болох нь банкны баримтаар тогтоогдоно. ...Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн манай компаниас зээлээр худалдан авсан цементийн үлдэгдэл төлбөр болох 9,695,050 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 166,271 төгрөг, нийт 9,861,321 төгрөгийг хариуцагч Тогтохын шил ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Мөнхийн баян гал ХХК-аас 2016 онд бараа бүтээгдэхүүн, барилгын цемент худалдан авдаг байсан. Нэхэмжлэгч нь 9,861,321 төгрөгийн үнэ бүхий цементийг зээлээр худалдсан гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч бодит байдал дээр Мөнхийн баян гал ХХК манай компанид зээлээр цемент өгч байгаагүй, зөвхөн төлбөр төлөгдсөн тохиолдолд захиалсан цементийг ачуулдаг байсан. Тиймээс бидний хэн аль нь зарлагын падаан, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт зэргийг үйлдэж байгаагүй. Нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдсан барааны төлбөр гэж үндэслэлгүйгээр манай компаниас 9,861,321 төгрөг нэхэмжилж байна. ...2016 оны 8 дугаар сард манай компани 35.89 тонн цемент л худалдаж авсан, үүнийхээ төлбөр 4,990,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Мөн 64 тонн биш 35.89 тонн цемент авсан нь нэхэмжлэгч компанийн НӨАТ-н төлбөрийн баримтаар тогтоогдоно. Ачилт хийх үед задгай цементийн зөрүү төлбөр гэж гардаг, гэхдээ энийг манайх тухай бүрд нь төлж ирсэн. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сонгиноахайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.09-ний өдрийн 184/ШШ2019/02569 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тогтохын шил ХХК-аас 4,705,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнхийн баян гал ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,871,321 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тогтохын шил ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 90,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мөнхийн баян гал ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.20-ны өдрийн 1957 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.09-ний өдрийн 184/ШШ2019/02569 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...4,705,050 төгрөг гэснийг 9,695,050 төгрөг гэж, ...4,871,321 төгрөг гэснийг 166,271 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...90,230 төгрөг гэснийг 166,271 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал: Манай компани Мөнхийн баян гал ХХК-иас 2016 онд бараа бүтээгдэхүүн буюу барилгын цемент авч байсан үйл баримтын хувьд маргахгүй боловч дараа тооцоогоор цемент худалдан авч байгаагүй тухай бүр цементийн төлбөр тооцоог бүрэн төлж байсан. Төлбөр тооцоог тухай бүр төлж байсан нь хэрэгт авагдсан НӨАТ-ын баримтууд, татварын албаны цахим баримтын санд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар бүрэн нотлогддог. Тодруулбал тухайн баримтуудаар манай компани 2016.04 сараас 2016.09.30-ны өдрийг хүртэлх хугацаанд 127,072,760 төгрөгийн үнэ бүхий 911.84 тн цемент авч байсан тогтоогддог. Гэтэл нэхэмжлэгч Мөнхийн баян гал ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 138,144,050 төгрөгийн үнэ бүхий 991.95 тн цементийг дараа тооцоогоор Тогтохын шил ХХК-д нийлүүлсэн гэх боловч үүний зөрүү болох 9,965,050 төгрөгийн үнэ бүхий 80.11 тн цементийг хэзээ хэрхэн яаж Тогтохын шил ХХК-нд нийлүүлснээ баримтаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгч тухайн зөрүүг тайлбарлахдаа Тогтохын шил" ХХК 2016.08 сард 64 тн цементийг дараа тооцоогоор авч мөнгийг бүрэн төлөөгүй гэх боловч хариуцагч талын гаргаж өгсөн НӨАТ-ын баримтаар Тогтохын шил ХХК 2016.08 дугаар сард 35.89 тн цементийг авч түүний үнэ 4,988,710 төгрөгийг төлсөн баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шаардлага няцаагддаг. Мөн нэхэмжлэгч тал НӨАТ-ын баримтыг тухайн үйл баримтыг бүрэн нотолж чадахуйц шаардлага хангасан баримт биш зөвхөн тухайн үед мөнгөө төлсөн бараанд нь НӨАТ-ын бичилт хийж байсан гэх боловч хэрэгт авагдсан уг баримтууд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан шаардлагад бүрэн нийцсэн баримт юм. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа ирүүлээгүй, дараа тооцоогоор 80 тн цементийг Тогтохын шил ХХК-нд өгсөн гэх үйл баримтаа нотолж чадаагүй. Нэхэмжлэгч талын нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн Тогтохын шил ХХК-ийн цемент татан авалт, мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, Мөнхийн баян гал ХХК-ийн борлуулалтын тайлан зэрэг баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй хуульд заасан шаардлага хангахгүй баримтууд тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүрэн нотлох боломжгүй юм. Тодруулбал: 1. Тогтохын шил ХХК-ийн цементийн татан авалт гэх баримт нь 2 талын тооцоо нийлсэн акт, гарын үсэг, нэхэмжлэх, зарлагын баримт гэх зэрэг баримтаар баталгаажаагүй хэн ч үйлдэж болох баримт юм. 2. Мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан гэх баримт мөн ялгаагүй санхүүгийн анхан шатны баримтын шаардлагад нийцэхгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлэхгүй боломжгүй юм. 3. Мөнхийн баян гал ХХК-ийн борлуулалтын баримт гэх гадаад хэл дээрх баримт нь дараа тооцоогоор бараа бүтээгдэхүүн өгсөн гэх үйл баримтыг нотолсон баримт биш бөгөөд ИХШХШТХ-ийн 7.4-д заасан Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байна гэх шаардлагыг бүрэн хангаагүй. Хэдийгээр Монгол хэл дээр үйлдэж орчуулгын тамга даруулсан байх боловч хэн гэдэг орчуулагч, хэлмэрч орчуулсан эсэх нь тодорхойгүй, албан ёсны зөвшөөрлийг хэрэгт хавсаргаагүй байсан. Анхан шатны шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлууд болон талуудын мэтгэлцээнийг үндсэн дээр дүгнэлт хийн ИХ-ийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж зөв дүгнэсэн атлаа ИХ-ийн 246, 248-д заасан зохицуулалтыг анхаарч хэрэглэлгүй, нэхэмжлэгч эд хөрөнгийг худалдан авагч эсхүл тээвэрлэгчид хэрхэн хүлээлгэн өгсөн талаараа нотлоогүй байхад Тогтохын шил ХХК-ийг зөрүү цементийг авсан гэж дүгнэж хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй Тогтохын шил" ХХК-иас 4,705,050 гаргуулж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ тайлбарлахдаа Анхан шатны шүүх хариуцагчийн 2016.08.31-ний өдөр төлсөн 4,990,000 төгрөгийг түүний 2016.07 дугаар сард худалдан авсан цементийн төлбөрийн үлдэгдэл 5,863,050 төгрөг, 2016.08.19-ний өдөр 98-40УНЕ улсын дугаартай Нордбенз маркийн автомашинаар тээвэрлэн авсан 64 тн цементийн 8,832,000 төгрөгөөс давхар хасалт хийж тооцсон нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна гэжээ" Дээрх дүгнэлт нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хууль болон нотлох баримтанд үндэслэсэн байх зарчимд бүрэн нийцээгүй, түүнчлэн ИХ-ийн 246, 248-р зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байдал хэрэглэлгүй, ИХ-ийн 243-р зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ гэх зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар тайлбарлан хэрэглэж 9,695,050 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Иймд шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.                        Мөнхийн баян гал ХХК нь Тогтохын шил ХХК- аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,695,050 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 166,271 төгрөг, бүгд 9,861,321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн маргааны харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн 243-р зүйлийг хэт ерөнхий байдлаар тайлбарлан хэрэглэж, 246, 248-р зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй алдаатай шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгч Мөнхийн баян гал ХХК нь Тогтохын шил ХХК-нд 2016.04.30-ны өдрөөс 2016.09.30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн цементийн үнийн үлдэгдэл үнэ 9,695,050 төгрөг гаргуулахаар шаардаж хэргийн 6-7 дүгээр талд авагдсан Тогтохын шил ХХК-ийн цемент татан авалт, Мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй гэх баримтыг нотологоо болгон гаргажээ.

Уг баримтад нийлүүлсэн цементийн бүгд үнэ 138,144,050 төгрөг, төлсөн нь 128,449,000 төгрөг, үлдэгдэл 9,695,050 төгрөг гэж тодорхойлон тусгажээ. Үүнийг үгүйсгэсэн баримт хариуцагч гаргаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотолсон баримтыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл татгалзлаа хуульд заасны дагуу баримтаар няцааж чадаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэргийн нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх хуульд заасан эрхийн хүрээнд, хэргийн дээрх баримтын талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

3.                        Талууд худалдах-худалдан авах гэрээг амаар хийж гэрээний гол нөхцөлийг хэлэлцэн тохирсон нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, нэхэмжлэгч, хариуцагчаас барааны үнэ гаргуулах, гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй .

Иргэний хуулийн 246 дугаар зүйлд эд хөрөнгийг илгээх талаар худалдагчийн хүлээх үүргийг, мөн 248 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийг хүлээн авсан тооцох талаар зохицуулсан бөгөөд энэ хэргийн тухайд маргааны зүйл болох цементийг хүлээн авсан эсэх талаар талуудын хооронд маргаан гаргаагүй байна. Харин нийлүүлсэн цементийн үнийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаж энэ үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 42, 43, 206, 243 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн маргааны харилцаанд нийцсэн гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 243-р зүйлийг хэт ерөнхий байдлаар тайлбарлан хэрэглэж, 246, 248-р зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1957 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Батзориг хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 170,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ

                                                         П.ЗОЛЗАЯА

                                                        Б.УНДРАХ

                                                                Х.СОНИНБАЯР