Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 696

 

 

 

 

 

 

 

  

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Даваадорж,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ад холбогдох эрүүгийн 1809053330031 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1968 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 514-26 тоотод оршин суух хаягтай, /РД: /;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

 Б.А нь Ц.Амарсайханыг түрээсийн орон сууцанд оруулж өгнө, манай дүү Төрийн орон сууцны санхүүжилтын корпорацид ажилладаг гэж худал хэлэн хуурч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 850.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөгийг тус тус 5753190203 дугаарын дансаар шилжүүлэн залилан авсан,

2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 514 дүгээр байрны гадаа, зогсоол дээр А.Батхуягийг Хангай хотхонд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ад Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Агаас 2.300.000 төгрөг гаргуулан хохирогч А.Батхуягт олгож, Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ад Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн,  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд нь шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна" гэснийг журамлан ял оногдуулж шийдвэрлэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байна.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх"-ээр хуульчилжээ.

2015 оны Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулалгүй 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх байдлаар ял оногдуулан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг "тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэсэн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэхээр заасан.

Шийтгэх тогтоолд Б.Агийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгосон атлаа 9 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх Б.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр ял оногдуулж, уг ялаа Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 266 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад зохих өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Буурал овгийн Алтанзаяа миний би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 266 дугаар шийтгэх тогтоолыг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр авлаа. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хувь хүнээс том тэрэг түрээслэж, ачаанд явж ар гэр, амьдралаа тэжээн тэтгэж байсан. Эхнэр Нарантунгалаг 2-р эмнэлэгт мэс заслын хагалгааны тасагт сувилагч хийдэг, хүү Бумбаяр 5-р ангид сурдаг, охин Бумдарь одоогоор ажилгүй, нярай хүүхэдтэй гэртээ байдаг. Миний бие хорих ангид бие тааруу сахарын өвчтэй, эмчийн хяналтад байна. Эхнэр хоёр хүүхдээ сэтгэл санааны хямралд оруулж, хүнд байдалд оруулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч болох А.Батхуягт олгох 2.300.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Даваадорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ", мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна" гэснийг журамлан ял оногдуулаагүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж тус тус заасан байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх" гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлж хуульчилсан байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулалгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж шийдсэн нь буруу юм.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэж заасан тул Б.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлаж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.А нь Ц.Амарсайханыг түрээсийн орон сууцанд оруулж өгнө, манай дүү Төрийн орон сууцны санхүүжилтын корпорацид ажилладаг гэж худал хэлэн хуурч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 850.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөгийг тус тус 5753190203 дугаарын дансаар шилжүүлэн залилан авсан,

2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 514 дүгээр байрны гадаа, зогсоол дээр А.Батхуягийг Хангай хотхонд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Амарсайханы “...Дундговь аймгийн Луус сумын цайны газарт Б.А гэх хүнтэй танилцаад цуг хот руу ирсэн. Тэгээд замд явж байсан чинь Б.А надад “Та гэр хороололд амьдардаг юм уу, би таныг түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна. Миний хуурай дүү төрийн орон сууцны компанид ажилладаг” гэхэд нь би сонирхсон чинь надад “Гэрээ хийхэд 850.000 төгрөг болдог. Харин авлигалд 1.000.000 төгрөг өгчихдөг юм” гэсэн. Би гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ зөвлөлдөөд 1.850.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд өөрийн 5315195746 тоот данснаас 5753190203 Нарантунгалаг гэсэн нэртэй данс руу 10 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөг шилжүүлсэн. Харин 850.000 төгрөгийг эхнэрийнхээ 5016028831 гэсэн данснаас 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. ...” / хх 12-13/,

 

гэрч Ш.Нарантунгалагийн “...10 дугаар сарын сүүлээр манай байр, тогны мөнгийг төлсөн байхаар нь “Хэн төлсөн юм бэ” гэсэн чинь Б.А “Миний цалин орсон юм” гэхээр нь тоогоогүй. Тэгсэн над руу цагдаагаас ярьсан. Тэгэхээр нь би “Юу болоод байгаа юм бэ” гээд асуусан чинь “Би хүн байранд оруулж өгнө” гэж хүнээс мөнгө авсан юм аа. Тэр мөнгөөр байрны мөнгөө төлсөн. Хүнд өртөй байсан, тэрнийгээ өгсөн гэж хэлсэн. ...” /хх 24/,

 

хохирогч А.Батхуягийн “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагийн үед Хангай хотхоны гаднаас нэг залуу гар өргөж миний машинд суусан. Замдаа би тэр залуутай танилцсан. Тэр залуу “Намайг Б.А гэдэг. Чи ядарч яваа эр хүн байна. Би чамд тусална” гэж хэлээд утасны дугаараа солилцсон. Би Оюутолгойд ажилладаг, 1 дэх өдөр чи над руу залгаарай. Би ажил дээрээ очоод дарга нартаа чамайг танилцуулаад ажилд авна гэж хэлсэн. Тэгээд би 1 дэх өдөр залгаагүй. Арай ч худлаа байх гэж бодоод байж байтал гурав дахь өдөр над руу залгаад “Чи яачихав аа. Би чамайг дарга нартаа танилцуулаад авна гэж тохироод байж байхад” гэж ярьсан. Тэгээд “За би чиний ажлыг чинь зохицуулчихлаа. Ажил чинь баталгаатай болчихлоо. Хувцсыг чинь захиалчихлаа. Чи миний эсмэн жолооч болно. Сарын 2 сая төгрөгийн цалинтай. Тэгээд чи Оюутолгойд ажиллахаар явчихвал нялх хүүхэдтэй болохоор ар гэр чинь хэцүүднэ ээ. Тийм учраас би чамд Хангай хотхоны 518 дугаар байрны 8 давхарт байранд оруулаад өгнө. Манай хуурай дүү байгаа. Ямар ч асуудалгүй. Чи 2.300.000 төгрөг өгчих. Би чамайг байранд оруулаад өгнө өө” гэж хэлсэн. Тэгээд уг байр нь сарын 230.000 төгрөг төлж, 15 жилийн хугацаатай зээлээр авч байгаа юм. 870.000 төгрөгийг байршуулна. Барьцаа болгож, нөгөө ажил бүтээж өгч байгаа хүндээ 1 сая төгрөгийг өгөх юм” гэж надад хэлсэн. Эхнэр бид хоёр мөнгө цуглуулж байсан болохоор бэлэн 2.300.000 төгрөг байсан юм. Тэгээд бэлэн мөнгөө аваад Хангай хотхоны гадаа Б.Ад өгсөн юм. ...” /хх 65-66/,

 

гэрч Д.Оюунчимэгийн “...Манай нөхөр бид хоёр хувиараа ажил хийгээд цуглуулж байсан 2.300.000 төгрөг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Намайг нэг ах Сүхбаатар дүүргийн Хангай хотхонд байранд оруулж өгнө гэсэн. Мөн ажилд оруулна гэсэн. Мөнгө хэрэгтэй байна” гээд цуглуулж байсан 2.300.000 төгрөгөө аваад явсан. Тэгээд нөгөө хүн нь ажил болон байранд оруулсан зүйл байхгүй байна. ...” /хх 72/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Аг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүдэгч Б.Агийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.Амарсайханы хохирлыг нөхөн төлж, А.Батхуягийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэрэгт тохирсон байна.

Мөн хохиролд 2.300.000 төгрөг гаргуулан хохирогч А.Батхуягт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх Б.А нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн ялыг нэмэх нь зүйтэй байна” гэж дүгнээд  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож...” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөний ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Ад Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн, 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд анхан шатны шүүх тэнссэн хугацааг хорих ялд нэмж мөн “эдлээгүй үлдсэн 9 сар  8 хоногийн хорих ял” гэж нэгтгэсэн нь үндэслэлгүй. Учир нь:  

2015 оны Эрүүгийн хуульд “баривчлах” ялыг хуульчлаагүй бөгөөд эрүүгийн хуулиар ятын төрөлд тооцохоо больсон ялыг сэргээн нэмж нэгтгэх нь хуульд нийцэхгүй.   

 

Мөн 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1  буюу бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх зүйл нь “5 жил хүртэлх” хугацаагаар хорих ялтай байсан бол 2015 онд шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “эд хөрөнгө устгах гэмтээх” зүйл, хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр хуульчилжээ.

 

Энэ тохиолдолд хорих ялыг дүйцүүлэх хууль зүйн ойлголт үүсэхгүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр  шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон” заалтыг хүчингүй болгов.  

 

Мөн шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорын эсэргүүцэлд дурдагдсанаар хүчин төгөлдөр болсон өмнөх тогтоол руу орж зүйлчлэлийг өөрчлөн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Агийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваадоржийн “... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж шийдсэн нь буруу тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэх гомдлуудыг хүлээн авч,  

Харин прокурор Ц.Амгаланбаатарын “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн ар гэрээс хохирогч А.Батхуягт 2.300.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн баримтыг гаргаж өгсөнийг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                   

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ