Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0261

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0261

Улаанбаатар хот

 

 

                             “А*** б***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***,

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 124/ШШ2024/0002 дугаар шийдвэр,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “А*** б***” ХХК,

Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Н*** а*** д***” ХХК, “Г***” ХХК,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц***, Х.Х***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар.

Хэргийн индекс: 124/2023/0024/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А*** б***” ХХК нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай”-аар маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчлөн тодорхойлж, “дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай” шаардлагаасаа татгалзсан.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 124/ШШ2024/0002 дугаар шийдвэрийн:

1 дэх заалтаар “Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.5, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23, Захиргааны Ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А*** б*** ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2023 онд Увс аймагт тусгай зориулалтаар ан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын баталсан удирдамжийн 1.5 болон 1.5.1 дэх хэсэгт заасан амьтны тоо хэмжээг агнуурын бүс нутаг болон сумаар хуваарилсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дах заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А*** б***” ХХК-ийн Засаг даргын дуудлага худалдааны ялагчийг баталгаажуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн дуудлага худалдааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Зөвшөөрлийн тухай хууль, Амьтны тухай хууль болоод бусад ямар ч хэм хэмжээгээр агнуурын бүсээр, сумаар хуваарилах эрхийг аймгийн Засаг дарга нарт олгоогүй. Гэтэл хууль тогтоомжоор олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжтой огт холбоогүй,

3.2 Ямар ч эрх зүйн хэм хэмжээгээр амьтны тоо толгойг агнуурын бүс, сумаар хуваарилах сонголтыг аймгийн Засаг даргад олгоогүй байхад шүүхээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан тоо хэмжээний дотор эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.3 Дуудлага худалдааны журмаар ан агнах эрх авах нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсч буй харилцаа байх тул нийтийн эрх зүйн үндсэн зарчим болох зөвшөөрснөөс бусдыг хориглох гэх үндсэн зарчимтай харшилсан явдал болсон,

3.4 Мөн шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журам”-ыг хүчингүй мэтээр дүгнэжээ. Гэвч тус тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоол бөгөөд хүчингүй болгосон ямар нэг шийдвэр гараагүй,

3.5 Мөн анхан шатны шүүхээс дээрх байдлаар хуваарилалт хийснийг орон нутгийн төсөвтэй холбон дүгнэсэн нь буруу,

3.6 Дээрх бүгдээс дүгнэхэд анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоолыг хүчингүй мэтээр дүгнэсэн, мөн хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд,

3.1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Хуваарь батлах тухай” А/215 дугаар тушаалаар “тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих амьтны тоо хэмжээ, зүйлийг хавсралтаар” баталж, тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийн дуудлага худалдааг тухайн жилд агнах, барих амьтны тоо, толгойн дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хавсралтын 13-т “Увс – угалз 7, тэх 8, халиун буга 14” хэмээн заасан.

3.2. Увс аймгийн Засаг даргаас 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А/359 дүгээр захирамжаар “…аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар агнах агнуурын зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг” байгуулан, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын удирдамж”-ийг батлан, нээлттэй дуудлага худалдааны зарыг нийтэд хүргэсэн.

3.3. Нэхэмжлэгч “А*** б***” ХХК-иас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Дуудлага худалдаанд оролцох тухай” 23/79 дугаар албан бичгээр “...3 /гурав/ болон 7 /долоо/-р угалзын дуудлага худалдаанд оролцох”-оо Увс аймгийн Байгаль орчны, аялал жуулчлалын газарт мэдэгдсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцсон ч ялагчаар тодорч чадаагүй. Улмаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “… аймгийн Засаг даргад амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар, сумаар хуваарилах эрхийг олгоогүй байхад бүс нутаг, сумдаар хуваарилж дуудлага худалдаа явуулснаас бидний шударгаар, ил тод нээлттэйгээр дуудлага худалдаанд оролцож зөвшөөрөл авах эрх зөрчигдсөн” хэмээн нэхэмжлэл гарган маргасан.

4. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.23-т “тусгай

зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих” тусгай зөвшөөрлийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” олгоно хэмээн,

Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1-т  аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага “батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ,

25 дугаар зүйлийн 25.5-т “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.23, 1.24, 8.2 дугаар зүйлийн 1.12-т заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 26.2, 26.3-т заасан агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан харьяалах нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд олгож болно”, 

291 дүгээр зүйлийн 291.1-т “Энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно” хэмээн тус тус заасан. 

5. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 263 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт хандан “2023 онд тусгай зориулалтаар Увс аймагт агнах” амьтны тоо хэмжээний хуваарийг агнуурын 8 бүс нутгаар “Бөхмөрөн сум -4 угалз”, “Сагил сум-4 угалз”, “Ховд сум – 1 угалз”, Өмнөговь сум -1 угалз” хэмээн гаргаж, нийт 10 угалз агнуулах санал хүргүүлснийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Хуваарь батлах тухай” А/215 дугаар тушаалаар “Увс – угалз 7” хэмээн ямар нэгэн сум болон агнуурын бүс заалгүйгээр баталсан болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтаар тогтоогдсон.

Үүний улмаас хариуцагч аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах” бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын удирдамж”-ийг батлан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны А/215 дугаар тушаалаар тогтоосон тусгай зориулалтаар 2023 онд Увс аймгийн хэмжээнд агнах 7 угалзын агнуурын зөвшөөрлийг аймгийн харьяалах агнуурын бүс нутгаар нэг нэгээр нь дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн нь “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас баталсан тоо хэмжээний дотор эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэж шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Амьтны тухай хуулийн холбогдох хэсгийг “291 дүгээр зүйлийн 291.5” гэж  буруу бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заадлах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 124/ШШ2024/0002 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.5” гэснийг “291 дүгээр зүйлийн 291.5” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

 

                   ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                              ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА