Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

 

                                   2020/ШЦТ/315

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай  

Шүүгдэгч: Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Нын Аэд холбогдох эрүүгийн 2012000000352 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын ................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Нын А/РД:АЕ.........../

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.А нь Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Сансар хорооллын 11-02 тоотод байрлах гэртээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Э.Нг архи ууж, гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн мөрний урд, зүүн бугалганы гадна доод хэсэгт, шууны гадна дунд доод хэсгийг хамарсан, зүүн далны гадна хэсэгт, цээжний баруун хажуу доод хэсэгт зүүн гуяны гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2012000000352 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Э.Нн өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 07-ны орой ажлаа тараад 4 настай охиноо дагуулаад гэртээ харьсан гэрт Н.А гэртээ ганцаараа байсан. Манай 2 том хүүхэд байгаагүй. Н.А тэр үед надад хандаж чи урд шөнө хаана хоносон бэ гээд уурлаад хэрүүл эхэлсэн би Н.Аэд хандаж би сургууль дээр жижүүртэй байж байгаад өөрийн дүү Сийд хоносон би Сийд байна гэж чамтай утсаар ярьсан биз дээ гэж хэлтэл чи тэгж ярьсан маргааш нь би Сээс асуухад чи хоноогүй байсан биз дээ хаана хоносноо хэл яанхан минь, жингэр минь гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг зодож эхэлсэн намайг урт модоор зүүн гар болон биеийн зүүн хэсэгт 6-7 удаа цохисон бөгөөд ингэж зодож байхдаа чи муу архи уучхаад тэрийгээ нуух гэж дүүгийндээ очсон гэж байгаа биз гээд гараараа толгой хэсэгт хэдэн удаа цохиж зодсон мөн миний өгзөг хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед манай жаахан охин уйлаад орилоод байсан энэ үед Н.А намайг зодохоо больсон бөгөөд би гэрээс гараад зугтахад миний араас чулуу шидээд хоцорсон. Би тэндээс гараад сумын төвд байх Баттулга ахын дэлгүүрт орж худалдагчтай нь юм ярьж байгаад буцаад гэртээ очсон тэр үед Н.Аийн уур жаахан гарсан байх шиг байсан намайг орох үед чи дэлгүүрүүдээр явж архи гуйж яваад ирэв үү? чамд архи архи өгдөг дэлгүүр байхгүй гэх зэргээр над руу орилоод байсан миний бие өвдөөд байсан тул би шууд унтаад өгсөн тэрнээс бие байнга өвдөөд байгаа тул би цагдаад хандаж байгаа юм. Н.А өмнө намайг олон удаа зодож байсан тэгж зодох бүрд нь өөрөө эмнэлэгт үзүүлчхээд цагдаад хандаж байгаагүй учир нь 3 хүүхдээ бодоод эцгийг нь цагдаад өгчихөөр хүүхдүүд маань юу гэж бодох бол гэж эмээгээд мөн Н.Аийг засарчих байх гэж найдаж яваад одоог хүрч байгаа. 2019 оны 07 дугаар сард намайг зодоод би Н.Ас зугтах үед намайг түлхэж унагаж миний зүүн гарыг шуу хэсгээр нь хугалж байсан, 2018 онд А намайг зодох үедээ миний дээрээс хөлөөрөө дэвсэлж зүүн талын 2 хаврагийг маань хугалж байсан тэр үед би өөрөө эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд цагдаад ханддаггүй байсан. Тухайн үеүдэд хэн байсан талаар би одоо сайн санахгүй байна зун болж байсан асуудлууд болохоор манай хүүхдүүд байсан байх гэж бодож байна. Тухайн үед зураг нь байсан боловч сүүлд нь устгасан хэрэг болохгүй байх гэж бодож байсан. Миний зүүн гарын бороо салсан байх гэж бодож байгаа гар их өвдөөд байгаа биеийн зүүн гар болон зүүн дал мөр хэсэг мөн зүүн гуя хэсэгт хөхөрч цус хурсан байгаа. Би шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Өмнө зодуулж байсан асуудал дээр би ямар нэгэн гомдол санал байхгүй болоод өнгөрсөн асуудал тэглээч тухайн үед эмнэлэгт үзүүлж байсан баримт одоо надад байхгүй учир зөвхөн энэ удаа зодуулсан асуудал дээрээ Н.Аийг шалгуулж арга хэмжээ тооцуулмаар байна. Хэргэлдэг тэгэхдээ тэр бүр архи уугаад байдаггүй. Би ч мөн адил архи уудаг бас л тэр бүр хэрэглээд байдаггүй. Би Н.Атэй 2005 онд гэр бүл болон гэр бүлээ батлуулсан бөгөөд тэрнээс хойш амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй амьдарч байгаа. Би гомдолтой байна, эрүүл мэндээрээ хохирсон тул эмчилгээ хийлгэх зардал мөнгө гаргуулж авмаар байна. Н.Аэд хуулийн арга хэмжээ тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-9 дүгээр тал/

 

            *Гэрч Э.Сийн өгсөн:

            “...2020 оны 10 сард нөхөртөө зодууллаа гээд манайд хүргэж өгсөн манайд хоносон, энэ талаар мэднэ, өмнө нь зодуулж байсан талаар мэдэхгүй. Би хөдөө мал маллаж байдаг болохоор надад хэлээгүй, Э.Н эгч надад хэлээгүй. Э.Н эгч сургуульд багш ажилтай, миний эгч элдэв буруу аашгүй хүн байсан сүүлийн үед их түргэн ууртай болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/

 

           *Гэрч Г.Хгийн өгсөн:

           “...2020 оны 10 сарын 20-ны үед Э.Н нь хүнд зодууллаа гээд үзүүлж байсан, өмнө нь надад 2020 оны 07 сард даралтаа үзүүлсэн өөр үзүүлж байгаагүй, надаар эмчлүүлж байгаагүй. Биеийн хэдэн хэсэгт хөхөрсөн байсан. Мөн гар хөл толгой өвддөг гэсэн зовуурьтай байсан...”/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

           *Гэрч Н.Яийн өгсөн:

           “...Би эдгээр хүмүүсийг сайн танина. Э.Н гэх хүн бол миний төрсөн охин, Н.А бол миний хүргэн хүү юм. Би он сарыг нь сайн мэдэхгүй байна намайг нэг очиход гараа гэмтээсэн гэхээр нь би бургас зороод гарт тавьж өгөөд хэд хоносон тэгээд сүүлд хот явсан сураг сонсогдсон. Хавирга хугарсан талаар сайн мэдэхгүй манайд нэг ирэхдээ миний хавирга болохгүй байгаа гэж ярьж байсан. Би тэгэхээр нь тарваганы элэг уу гээд элэг өгсөн өөр мэдэх юм байхгүй манай энэ хоёр их түргэн ууртай хүмүүс, энэ хэрүүл маргаан хэн хэнд нь байгаа гэж бодож байна. Гар хугарахдаа надад утсаар Н.А намайг түлхэж унагаагаад миний гар гэмтчихлээ гэж ярьсан. Тэгээд би орж ирээд гарт нь чиг тавьж боож өгсөн. 10 сард Э.Н утсаар яриад Н.А бид хоёр муудалцаад намайг зодчихлоо гэсэн. Э.Н миний том охин, зан араншин сайтай хүн. Сүүлийн үед их түргэн ууртай болсон байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/

 

*Яллагдагч Н.Аийн өгсөн:

“...Би өөрийн эхнэр Э.Нг зодож гэмтээсэндээ гэмшиж байна. Би тухайн үед эрүүл байсан. Би жижиглэн хагалсан түлээний модоор 2-3 удаа дал хэсэг, хөлөөрөө хөл хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр мод одоо байхгүй, галд түлээд дууссан...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-59 дүгээр тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 547 дугаартай“...Иргэн Э.Нн биед, зүүн мөрний урд, зүүн бугалганы гадна доод хэсэгт, шууны гадна дунд доод хэсгийг хамарсан, зүүн далны гадна хэсэгт, цээжний баруун хажуу доод хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Э.Нн биед учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Э.Нн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 2018, 2019 онд зүүн гар болон хавирга хугарсан гэж онош тодруулсан материал байхгүй байх тул тогтоох боломжгүй...” дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Сансар хорооллын 11-02 тоотод байрлах гэртээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Н.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Нн”...Н.А тэр үед надад хандаж чи урд шөнө хаана хоносон бэ гээд уурлаад хэрүүл эхэлсэн би Н.Аэд хандаж би сургууль дээр жижүүртэй байж байгаад өөрийн дүү Сийд хоносон би Сувд-Эдэнийд байна гэж чамтай утсаар ярьсан биз дээ гэж хэлтэл чи тэгж ярьсан маргааш нь би Сээс асуухад чи хоноогүй байсан биз дээ хаана хоносноо хэл яанхан минь, жингэр минь гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг зодож эхэлсэн намайг урт модоор зүүн гар болон биеийн зүүн хэсэгт 6-7 удаа цохисон бөгөөд ингэж зодож байхдаа чи муу архи уучхаад тэрийгээ нуух гэж дүүгийндээ очсон гэж байгаа биз гээд гараараа толгой хэсэгт хэдэн удаа цохиж зодсон мөн миний өгзөг хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед манай жаахан охин уйлаад орилоод байсан энэ үед Н.А намайг зодохоо больсон бөгөөд би гэрээс гараад зугтахад миний араас чулуу шидээд хоцорсон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Сийн”...2020 оны 10 сард нөхөртөө зодууллаа гээд манайд хүргэж өгсөн манайд хоносон, энэ талаар мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч Г.Хгийн”...2020 оны 10 сарын 20-ны үед Э.Н нь хүнд зодууллаа гээд үзүүлж байсан. Биеийн хэдэн хэсэгт хөхөрсөн байсан. Мөн гар хөл толгой өвддөг гэсэн зовуурьтай байсан ...” гэх мэдүүлэг, гэрч Н.Яийн”...Би он сарыг нь сайн мэдэхгүй байна намайг нэг очиход гараа гэмтээсэн гэхээр нь би бургас зороод гарт тавьж өгөөд хэд хоносон тэгээд сүүлд хот явсан сураг сонсогдсон. Хавирга хугарсан талаар сайн мэдэхгүй манайд нэг ирэхдээ миний хавирга болохгүй байгаа гэж ярьж байсан. Гар хугарахдаа надад утсаар Н.А намайг түлхэж унагаагаад миний гар гэмтчихлээ гэж ярьсан. Тэгээд би орж ирээд гарт нь чиг тавьж боож өгсөн. 10 сард Э.Н утсаар яриад Н.А бид хоёр муудалцаад намайг зодчихлоо гэсэн...”гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Нн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 547 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Н.Аийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Нн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн мөрний урд, зүүн бугалганы гадна доод хэсэгт, шууны гадна дунд доод хэсгийг хамарсан, зүүн далны гадна хэсэгт, цээжний баруун хажуу доод хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 

             Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бөгөөд шүүгдэгч Н.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

   Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Э.Нн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Аийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Н.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Н нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Н.Аийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Нын Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР