Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/918

 

2022          06         17                                    2022/ШЦТ/918

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2206 00000 1821 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймаг Хотонт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр 3 дугаар гудамжны 2091 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 10 дугаар төвийн орчим хохирогч Д.Мягмаржавын эзэмшлийн Nissan note маркийн 17-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хойд хаалга, крыло, капуд зэргийг түлхүүрээр зурж гэмтээн 726.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс

*******ын яллагдагчаар өгсөн “Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр зүүн гартаа боолт хийлгээд 9 цагийн үед гарч ирсэн. Тэгээд эмнэлгээс гараад ирэхэд миний эзэмшлийн 56-91 УАА улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг нэг өөр авто машин таглаад тавьсан байх бөгөөд түүний хажууд давхардуулаад 17-42 УБӨ улсын дугаартай авто машин тавьчихсан байсан. Тэгээд би 17-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч рүү манай эхнэр болох Мөнхчулуун залгаад машинаа гаргая гэхэд нөгөө хүн нь ажил хйиж байх үед ямар ядаргаатай юм, өөрөө гаргаач гэж хэлсэн гэсэн. Тэгээд 17-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гарч ирээд машиндаа суугаад асаагаад байж байгаад гэнэт машинаа унтраагаад буугаад алхчихсан, тэгээд би эхнэрээсээ асуутал эхнэр бид хоёрыг хэл амаар доромжилж байгаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуу талд нь тавьчихсан байсан машины жолооч руу залгаад машинаа гаргасан, тухайн үед уур хүрээд 17-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгийг нь түлхүүрээр зурчихсан, тэгээд би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

Хохирогч Д.Мягмаржавын “Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 09 цагийн үед би Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10 дугаар төвд ажлаа хийж байхад 89006575 дугаараас 9 цаг 22 минутад дуудлага ирсэн. Утсаа авсан чинь эмэгтэй аваад машинаа холдуулаад өгөөч би гармаар байна гэхээр нь би буугаад харсан хажуугаар нь машин гарчих зай байхаар нь энэ хажуугаар нь машин багтах зай байхад яагаад дуудаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэгээд машиндаа суугаад машин хөдөлгөх гэсэн чинь ойр хавьд нь байсан машинууд нь хөдлөөд явчихсан тул тэр машин саадгүй гараад явчих зай гарахаар нь би машинаа хөдөлгөөгүй буцаад машинаасаа буугаад ажил руугаа орсон. Орой 16 цаг 30 минутын үед машинаасаа юм авах гээд очтол миний машин зурагдсан байсан байхаар нь хяналтын камерын бичлэг шүүж үзсэн. Тэгсэн өглөө над руу залгасан хүн машинаа гаргасны дараа миний машиныг ирж зурж байх бичлэг олдсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,  

Гэрч Ч.Мөнхчулууны “Намайг 17-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн араас нь явсны дараа манай нөхөр ******* уурандаа зурчихсан юм шиг байсан. Орой гэртээ байх үед цагдаагаас залгахад нь би нөхрөөсөө асуухад харин тиймээ зурчихсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Дамно ХХК-ний “Зүүн урд, хойд хаалга, крыло засах зардал 480.000 төгрөг, капуд 145.000 төгрөг, 500 грамм будаг, туслах материал, лак 101.000 төгрөг, нийь зардал 7.26.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 19-22 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 10 дугаар төвийн орчим хохирогч Д.Мягмаржавын эзэмшлийн Nissan note маркийн 17-42 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хойд хаалга, крыло, капуд зэргийг түлхүүрээр зурж гэмтээн 726.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Мягмаржав, гэрч Ч.Мөнхчулуун, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******оос хохирогч Д.Мягмаржавт 786.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан ба хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ