Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1000

 

2022        06          29                                  2022/ШЦТ/1000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2113 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Увс аймаг Хөх мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш, дуучин мэргэжилтэй, 296 дугаар цэцэрлэгт дуу хөгжмийн багш мэргэжилтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Цагдаа амгалан 1в гудамжны 75/1 байрны 1 тоотод оршин суух хаягтай, *******

Холбогдсон хэргийн талаар:

        ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Цэнгэлмааг бусадтай хардаж, улмаар өмднийхөө тэлээгээр хөл, нуруу, толгой хэсэг рүү ороолгож, нуруу, толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, баруун суга, бүсэлхий, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Хавтаст хэргээс

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хуванцар сандлыг аваад дээшээ шидсэн чинь эхнэрийн толгой дээр унаад эхнэрийн толгойноос цус гарч эхэлсэн, өмдний тэлээгээ аваад 3-4 удаа эргүүлсэн, тэгж эргүүлж байхдаа хүн ороолгосон үгүйг санахгүй байна, би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

Хохирогч Л.Цэнгэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Цэрэнчимэд намайг хүмүүстэй хардаад байхаар нь би аавындаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат-Өргөө 407-142 тоотод хоёр эмэгтэй дүү дээрээ очоод 4 хоног болсон юм. Тэгсэн манай нөхөр 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай аавын гэрийн хаалгыг 18 цагийн үед чанга нүдээд байхаар нь би хаалгыг нь онгойлгосон чинь гаднаас орж ирсэн. Тэгсэн архи үнэртэж байсан. Тэгээд гаднаас орж ирээд намайг хардаад чи хаагуур банзалдаж яваад ирж байгаа юм гээд өмднийхөө тэлээгээр миний баруун гуя руу, нуруу хэсэгт, толгой хэсэгт, бас зүүн хацар луу нилээн олон удаа ороолгосон. Тэгээд миний нуруу толгой хэсэгт хөлөөрөө 1-2 удаа дэвссэн. Тэгээд би хэсэг ухаан алдаад босож ирсэн чинь цагдаа нар ирж байсан...Би нөхөртэйгөө 2020 оны 10 дугаар сард гэрлэж байсан. Дундаасаа 2 настай 1 хүүхэдтэй...намайг ер нь л хүмүүстэй хардаад байдаг ...намайг урьд нь цохиж зодож байсан. Гэхдээ би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7935 дугаартай “Л.Цэнгэлмаагийн биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, баруун суга, бүсэлхий, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Цэнгэлмааг бусадтай хардаж, улмаар өмднийхөө тэлээгээр хөл, нуруу, толгой хэсэг рүү ороолгож, нуруу, толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, баруун суга, бүсэлхий, баруун ташаа, баруун өгзөг, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******, хохирогч Л.Цэнгэлмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7935 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Л.Цэнгэлмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 73 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******эд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ХАТАНЦЭЦЭГ