Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 


                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Б.Баяртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У нарыг оролцуулан
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  


Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бын Баяртулгад холбогдох 201200******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг 2-ын даваа гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймагдахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын Баяртулга /РД:*********/ 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Шүүгдэгч Б.Баяртулга нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сум, Тайхар багийн нутаг, Тамирын голын гүүрний хойд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 15-61 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 12.3, мөн дүрмийн 3.5 Г-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 24-20 АРЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг мөргөж, зам тээврийн осол гарган, тухайн мотоцикпыг жолоодож явсан хохирогч Н.Баярсайханы эрүүл мэндэд духны зүүн талын болон зүүн шилбэний шаант ясны дунд 1/3 хэсгийн ил хугарал бүхий хүнд хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт  холбогджээ. 
                                  
                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:


2012003***** дугаартай Эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын үед өгсөн: 
Хохирогч  Н.Баярсайханы өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын наадамд Баяртулгын уясан морийг уралдуулж, хамт байсан юм. Морь айрагдаж, хүмүүс архи авчирч өгсөн. Би тэр архинаас нэг татсан. Орой наадам тараад явахаар болж би түрүүлээд түрүүлээд өөрийн эзэмшлийн 24-20 АРЗ улсын дугаартай даюун маркийн мотоциклоо унаад Ихтамир сумын төв рүү айлд очиж хонохоор явсан юм. Миний очсон айл эзэнгүй байхаар нь гэртээ харихаар буцаад явж байтал Ихтамир сумын гүүрний замын цагдаагийн постонд цагдаа нар зогсож байхаар нь би явах замдаа Б.Баяртулгад цагдаа байна гэж хэлэх санаатай Ихтамир сумын Тамирын голын гүүр орох гэж төв зам дээр явж байхад өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгөтэй портер машин гэнэт ороод ирхээр нь би баруун талруугаа шахсан боловч тухайн машин зүүн талаараа миний зүүн талыг мөргөж замын хажуу руу унагаасан юм. Тухайн үед төв зам дээр машины хөдөлгөөн их байсан. Би тухайн үед мөргөлдөөд хэсэг ухаан самуураад сэргэтэл цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиж ухаан балартаад эмнэлэг ирж намайг авч явсан. Аймгийн эмнэлэгт нэг хоноод шууд Улаанбаатар хот руу явсан. Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан. Хотод гадуур эмчилгээ хийлгэж байгаад хэд хоногийн өмнө Архангай аймагт ирээд байж байна. Зам тээврийн осолд орсны улмаас миний биед гавлын яс цөмөрч, зүүн талын хөл шилбээрээ 2 хэсэг газар хугарсан байна. Тухайн үед Б.Баяртулга өөрийнхөө 15-61 АРХ улсын дугаартай цагаан өнгөтэй портер машинтайгаа морио ачаад сумын төв рүү орж явахдаа урсгал сөрөөд намайг мөргөчихөөд тэр чигтээ яваад цагдаа нар очиж саатуулсан юм билээ. Би тухайн үед машинтай мөргөлдөөд тэрнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байгаа юм. Би өдөр нь архинаас ганц татсан байсан. Б.Баяртулгыг бол архи уусан үгүйг нь мэдэхгүй байна. Дөнгөж нар жаргаад харуй бүрий болсон байсан. Тэгэхдээ замын үзэгдэх орчинтой байсан. Зам харагдаж байсан болохоор би мотоцикпийн гэрлээ асаагаагүй явсан. Миний биед гавлын яс цөмөрсөн, зүүн талын хөл шилбэ хэсгээрээ хугарсан гэмтэлтэй байна. Толгойн хагалгаанд нэг удаа, хөлний хагалгаанд нэг удаа тус тус орсон байгаа. Б.Баяртулга нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг төлсөн байгаа. Миний хувьд бол гомдол, санал гэх зүйл байхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,


Хохирогч  Н.Баярсайханы дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Баяртулга надад хохирол барагдуулсан, эмчилгээний зардлыг төлсөн, эмэнэлгт байхад сахьсан. Мөн түлээ буулгаж өгсөн, нэг хонины мах өгсөн. Өөр зүйлгүй. Би осолд орохоос өмнө “Тэргүүн суварга” ХХК-д ажилладаг байсан. Сарын цалин 250.000 гээд бодохоор 7 сараас хойш ажилласан цалин 1.750.000 төгрөг болж байгаа юм. Түүнийгээ авбал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 хуу/,


Б.Баяртулгын гэрчээр өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр миний уяж сойсон соёолон насны морь айргийн 5-д ирсэн юм. Би морь айрагдсан гээд нутгийн хүмүүстэй архи уусан юм. Орой бүрэнхий болж байхад морь барианы газар болох Ар эрэг гэх газраас морио ачаад хүргэн ах Баярсайханы хамт Ихтамир сумын төв рүү хөдөлсөн. Би өөрийнхөө 15-61 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа, Баярсайхан ах өөрийнхөө Даюун маркийн мотоциклтой хөдөлсөн. Баярсайхан ах Ихтамир сумын пост дээр цагдаа байгаа эсэхийг хараад ирнэ гэж хэлээд урд гараад түрүүлээд явсан. Би араас нь явж байтал урдаас Баярсайхан ах ирж байсан. Би тухайн үед замын цагаан зураас даваад эсрэг урсгалруу зүүн талын урд хойд дугуй орчихсон явсан юм. Тэгтэл Баярсайхан урдаас орж ирээд бид хоёр мөргөлдсөн юм. Жолооны эрхийн үнэмлэх байгаа, “В” ангилалын үнэмлэхтэй. Зогсоох завдалгүй машины зүүн талаар мөргөлдсөн, тэгээд би машинаа зогсоосон. Морь уяж сойгоод нойр муутай явсан, дээр нь архи уучихсан болохоор согтсон байсан. Баярсайхан ах бид хоёр морь бариан дээр хамт архи уусан согтуу байсан. Гэхдээ мотоциклоо жолоодоод явж байсан. Надад гэмтсэн зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/,


Гэрч Ч.Алтанзулын өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын баяр наадмын үйл ажиллагаа болж хэсгийн төлөөлөгчийн хамт хэв журам сахиулж ажилласан. Мөн төв зам дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал маш их байсан юм. Сумын баяр наадмын хурдан морины уралдаан дууссаны дараа хэсгийн төлөөлөгч бид хоёр төв зам дагуу байх замын хяналтын постонд очиж үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед харанхуй болж байсан. Зам дээр хөдөлгөөн зохицуулаад байж байхад танихгүй замын хүн ирээд гүүрний наад талд нэг цагаан өнгөтэй дээрээ адуу ачсан портер урсгал сөрж яваад мотоциклтой хүн мөргөж унагаачихаад сумын төв рүү салаад явчихлаа гэж мэдээллэсний дагуу хэсгийн төлөөлөгч бид хоёр сумын төв рүү орж тухайн машиныг хайхад Ихтамир сумын Тайхар баг, Тээг хороололд үйл ажиллагаа явуулах Баянцогт хүнсний дэлгүүрийн хажуу талын гудамжинд цагаан өнгөтэй портер маркийн 15-61 АРХ улсын дугаартай, ачаан дээрээ адуу ачсан машин явж байхаар нь очиж зогсоож шалгахад иргэн Б.Баяртулга нь ганцаараа явж байсан. Жолооч Б.Баяртулга нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай. Машиныхан зүүн урд тал нь эвдрэлтэй байсан. Та яагаад мотоциклтой хүн мөргөчихөөд яваад өгсөн юм бэ гэж асуухад мэдээгүй гэж хэлсэн юм. Тэгээд тээврийн хэрэгсэл болон Б.Баяртулгыг түр саатуулсан юм. Тэгээд мотоцикптой хүн дээр очиход гүүрнээс 20 орчим метрийн зайтай далан руу унасан байдалтай байсан. Эмнэлэг ирж мотоциклийн жолоочийг авч явсан. 15-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгахад жолооч Б.Баяртулгаас архи согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж, нүүр царайнд нь өөрчлөлт орсон, яриа болон биеийн үйл хөдлөл зэргээс их согтолттой байгаа нь нүдээр харахад шууд мэдэгдэж байсан. Тухайн үед драгер байгаагүй болохоор шалгаж чадаагүй. Бүрэлдэхүүн ирээд Б.Баяртулгын цуснаас дээж авна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,


Гэрч Н.Алтангэрэлийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээг хорооллын 14-02 тоотод гэртээ байхад утсаар Н.Баярсайхан ах Тамирын голын гүүрний наад талд засмал зам дээр мотоциклтой онхолдсон байна гэж хэлсэн. Би тухайн газар нь эхнэрийн хамт очиход Тамирын голын гүүрний наад талд засмал замын баруун талын шороон хөвөө хэсэгт мотоцикл нь байж байсан. Н.Баярсайхан ах болохоор өндөр далан руу уначихсан байж байсан. Н.Баярсайхан ахын нүүрнээс нь цус гарчихсан, босож чадахгүй сууж байсан. Удалгүй сумын эмнэлэг ирж Н.Баярсайхан ахыг авч явсан. Н.Баярсайхан ах хэлэхдээ Н.Баяртулга машинтайгаа өөдөөс орж ирээд мөргөчихсөн гэж хэлсэн. Цагдаа нар Б.Баяртулгын машиныг саатуулчихсан байсан. Ослын газар Б.Баяртулга өөрөө согтуу байж байсан. Н.Баярсайхан ахыг та юу хийгээд урдаас орж ирээд мөргүүлчихэж байгаа юм гэж яриад байсан. Ослын газрын байдал болон Н.Баярсайхан, Б.Баяртулга, цагдаа нарын ярьж байгаагаар Б.Баяртулга урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн юм билээ. Тэгээд зогсоогүй, шууд сумын төв рүү салж явахад нь замын хүмүүс цагдаа нарт хэлж араас нь явж олж ирсэн байсан. Хоёулаа согтуу байсан. Б.Баяртулга болохоор их хэмжээний согтолттой байсан. Түүний нүүр, царайнд орсон өөрчлөлт, үг ярианы хэлэмж болон биеэ авч явж байгаа байдал нь харахад согтуу гэдэг нь шууд мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,


Гэрч Т.Шинэдэнсэлийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын замын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан. Ихтамир сумын баяр наадмын үйл ажиллагаа нь дээр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрын хамт хэв журам сахиулж, хурдан морины уралдаан үед засмал зам дээр хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаад үйл ажиллагаа дууссаны дараа замын хяналтын постод хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрын хамт очсон. Тухайн үед баруун тийшээ чиглэсэн хөдөлгөөн маш их байсан. Хөдөлгөөн зохицуулаад байж байхад замын нэг машинтай хүмүүс ирээд Тамирын голын гүүр дөнгөж гараад адуу ачсан цагаан өнгөтэй портер тухайн үед улсын дугаарын хэлж байсан би одоо санахгүй байна, урсгал сөрж яваад мотоциклтой хүн мөргөж унагаачхаад сумын төв рүү салаад явчихлаа гэж байсан. Түүний дагуу хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр тухайн машины араас явсан юм. Удаагүй цагаан өнгөтэй портер маркийн адуу ачсан машин олж ирсэн. Жолооч нь тухайн үед согтуу байсан. Б.Баяртулга гэж нүдний шилтэй, биерхүү хүн байсан. Портер машиныхан жолоочийн тал буюу зүүн урд талаараа мөргөсөн бололтой шинээр үүссэн эвдрэл гэмтэлтэй байсан. Машиныг нь замын хяналтын постод үлдээгээд жолоочийн дагуулаад ослын газарт очиход Тамирын голын гүүрнээс ойролцоогоор 30 орчим метрийн зайнд аймгийн төв рүү зорчих урсгалд засмал замын шороон хөвөөн хэсэгт мотоцикл газарт унасан, өндөр далангийн налуу хэсэгт мотоциклийн жолооч хэвтэж байсан. Сумын эмнэлэг ирж мотоциклийн жолоочийг авч явсан. Портер жолоочийг бүрэлдэхүүн ирээд авч явсан. Нүдээр харахад царай төрхөнд нь өөрчлөлт орсон. Хэл яриа, биеэ авч яваа байдал зэргээс нь их согтолттой байгаа нь мэдэгдэж байсан. Б.Баяртулга гэх хүнээс өөрөөс нь та архи уусан юм уу гэж би асуухад наадамд морь айрагдаад уусан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/,


Б.Баяртулгын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ихтамир сумын баяр наадамд оролцоод, уясан морь айрагдсан учраас баярлаад нутгийн хүмүүстэй архи уусан юм. Тэгээд бүрэнхий болж байхад сумын төв рүү морио өөрийнхөө 15-67 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад ганцаараа хөдөлсөн. Их тамир сумын гүүр гараад явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орчон чинь өдөөс гэрэлгүй мотоцикь гараад ирсэн. Тэгээд тухайн мотоциклтой машиныхаа зүүн урд хэсгээр мөргөлдсөн тухайн мотоциклтой хүн замын хажуу хэсэг рүү унасан. Тэгээд би цагдаа нар харсан байх гэж бодоод айгаад сумын төвийн цайны газруудын ойролцоо очоод зогссон. Тухайн хүнийг босоод явчих байх гэж бодсон юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би их согтоогүй, өөрийн гэсэн ухаантай байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан тул одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчийн араас Улаанбаатар хот руу явж эмнэлэгт сахилцаж, эмчилгээтэй холбогдуулан гарсан зардалыг төлсөн. Миний бодлоор 2-3 сая төгрөг болсон байх. Нарийн тоог манай эхнэр мэдэж байгаа...” /хх-ийн 79-80 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын акт, схем зураг /хх-ийн 11-20 хуу/,


Хохирогч Н.Баярсайханы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 478 дугаартай 
1.    Н.Баярсайханы биед, духны зүүн талд болон зүүн шилбэний шаант ясны дунд 1/3 хэсгийн ил хугарал, тархи доргилт гэмтлүүд учирчээ.
2.    Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Духны зүүн талын болон зүүн шилбэний шаант ясны дунд 1/3 хэсгийн ил хугарал гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-2, 3-1-20-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэлд, тархи доргилт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хамаарна.
4.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-иар тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой.
5.    Учирсан гэмтэл шарх нь цаашид амь насанд аюул учруулахгүй байх боломжтой.
6.    Н.Баярсайхан нь амбулаторийн картны бичлэгээс харахад гэмтлийн гаралтай баруун нүдний мэдрэлийн үрэвсэл, баруун нүдний сохрол, шизофренийн шинж тэмдэг бүхий олон хэлбэрийн цочмог солиоролт архаг эмгэг өвчинтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 37-38 хуу/,


Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад У.Лхагвадоржийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай 
1.    24-20 АРЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийн жолооч Н.Баярсайхан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.В-д Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
15-61 АРХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашины жолооч Б.Баяртулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 11.3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт, Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, мөн дүрмийн 3.5.Г-Д Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ.


15-61 АРХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашины жолооч Б.Баяртулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт, Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс тухайн зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй байна.
Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 43 хуу/,


Н.Баярсайхан, Б.Баяртулга нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 44-45 хуу/,
Хохирогч Н.Баярсайханы эмчилгээ хийлгэсэн талаарх баримтын хуулбар /хх-ийн 50-58 хуу/,
Рентгэн зураг /хх-ийн 59 хуу/,
Хохирогч Н.Баярсайханы унаж явсан Даюун маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /хх-ийн 62 хуу/,
Боржгон овогт Батжаргалын Баяртулга /РД:АГ82111314/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87 хуу/,
Ял шийтгэгдэж байсан талаарх лавлагаа /хх-ийн 90хуу/,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-94 хуу/,
Хохирогч Н.Баярсайханы эмчилгээ болон бусад зардалд шүүгдэгч Б.Баяртулгаас гаргасан зардлын баримтууд /хх-ийн 100-104 хуу/,
15-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-ийн 107 хуу/,
Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 111-112 хуу/ зэрэг болно.   
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Баяртулгад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


Эрүүгийн 2012003**** дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 


Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.


Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.Баяртулга нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сум, Тайхар багийн нутаг, Тамирын голын гүүрний хойд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 15-61 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 12.3, мөн дүрмийн 3.5 Г-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 24-20 АРЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг мөргөж, зам тээврийн осол гарган, тухайн мотоциклыг жолоодож явсан хохирогч Н.Баярсайханы эрүүл мэндэд духны зүүн талын болон зүүн шилбэний шаант ясны дунд 1/3 хэсгийн ил хугарал бүхий хүнд хохирол учруулж, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг шүүгдэгч Б.Баяртулга нь үйлдсэн болох нь: 
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан: Хохирогч Н.Баярсайханы өгсөн: “...Ихтамир сумын Тамирын голын гүүр орох гэж төв зам дээр явж байхад өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгөтэй портер машин гэнэт ороод ирхээр нь би баруун талруугаа шахсан боловч тухайн машин зүүн талаараа миний зүүн талыг мөргөж замын хажуу руу унагаасан юм. Тухайн үед төв зам дээр машины хөдөлгөөн их байсан. Би тухайн үед мөргөлдөөд хэсэг ухаан самуураад сэргэтэл цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиж ухаан балартаад эмнэлэг ирж намайг авч явсан. Аймгийн эмнэлэгт нэг хоноод шууд Улаанбаатар хот руу явсан. Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан. Хотод гадуур эмчилгээ хийлгэж байгаад хэд хоногийн өмнө Архангай аймагт ирээд байж байна. Зам тээврийн осолд орсны улмаас миний биед гавлын яс цөмөрч, зүүн талын хөл шилбээрээ 2 хэсэг газар хугарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, хохирогч Н.Баярсайханы дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Баяртулга надад хохирол барагдуулсан, эмчилгээний зардлыг төлсөн, эмэнэлэгт байхад сахисан. Мөн түлээ буулгаж өгсөн, нэг хонины мах өгсөн. Өөр зүйлгүй. Би осолд орохоос өмнө “Тэргүүн суварга” ХХК-д ажилладаг байсан. Сарын цалин 250.000 гээд бодохоор 7 сараас хойш ажилласан цалин 1.750.000 төгрөг болж байгаа юм. Түүнийгээ авбал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 хуу/, гэрч Ч.Алтанзулын өгсөн: “...Машиныхан зүүн урд тал нь эвдрэлтэй байсан. Та яагаад мотоциклтой хүн мөргөчихөөд яваад өгсөн юм бэ гэж асуухад мэдээгүй гэж хэлсэн юм. Тэгээд тээврийн хэрэгсэл болон Б.Баяртулгыг түр саатуулсан юм. Тэгээд мотоцикптой хүн дээр очиход гүүрнээс 20 орчим метрийн зайтай далан руу унасан байдалтай байсан. Эмнэлэг ирж мотоциклийн жолоочийг авч явсан. 15-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгахад жолооч Б.Баяртулгаас архи согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж, нүүр царайнд нь өөрчлөлт орсон, яриа болон биеийн үйл хөдлөл зэргээс их согтолттой байгаа нь нүдээр харахад шууд мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, гэрч Н.Алтангэрэлийн өгсөн: “...Н.Баярсайхан ахын нүүрнээс нь цус гарчихсан, босож чадахгүй сууж байсан. Удалгүй сумын эмнэлэг ирж Н.Баярсайхан ахыг авч явсан. Н.Баярсайхан ах хэлэхдээ Н.Баяртулга машинтайгаа өөдөөс орж ирээд мөргөчихсөн гэж хэлсэн. Цагдаа нар Б.Баяртулгын машиныг саатуулчихсан байсан. Ослын газар Б.Баяртулга өөрөө согтуу байж байсан. Н.Баярсайхан ахыг та юу хийгээд урдаас орж ирээд мөргүүлчихэж байгаа юм гэж яриад байсан. Ослын газрын байдал болон Н.Баярсайхан, Б.Баяртулга, цагдаа нарын ярьж байгаагаар Б.Баяртулга урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, гэрч Т.Шинэдэнсэлийн өгсөн: “...Удаагүй цагаан өнгөтэй портер маркийн адуу ачсан машин олж ирсэн. Жолооч нь тухайн үед согтуу байсан. Б.Баяртулга гэж нүдний шилтэй, биерхүү хүн байсан. Портер машиныхан жолоочийн тал буюу зүүн урд талаараа мөргөсөн бололтой шинээр үүссэн эвдрэл гэмтэлтэй байсан. Машиныг нь замын хяналтын постод үлдээгээд жолоочийн дагуулаад ослын газарт очиход Тамирын голын гүүрнээс ойролцоогоор 30 орчим метрийн зайнд аймгийн төв рүү зорчих урсгалд засмал замын шороон хөвөөн хэсэгт мотоцикл газарт унасан, өндөр далангийн налуу хэсэгт мотоциклийн жолооч хэвтэж байсан. Сумын эмнэлэг ирж мотоциклийн жолоочийг авч явсан. Портер жолоочийг бүрэлдэхүүн ирээд авч явсан. Нүдээр харахад царай төрхөнд нь өөрчлөлт орсон. Хэл яриа, биеэ авч яваа байдал зэргээс нь их согтолттой байгаа нь мэдэгдэж байсан. Б.Баяртулга гэх хүнээс өөрөөс нь та архи уусан юм уу гэж би асуухад наадамд морь айрагдаад уусан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/, Б.Баяртулгын яллагдагчаар өгсөн: “...Ихтамир сумын гүүр гараад явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орчон чинь өдөөс гэрэлгүй мотоцикь гараад ирсэн. Тэгээд тухайн мотоциклтой машиныхаа зүүн урд хэсгээр мөргөлдсөн тухайн мотоциклтой хүн замын хажуу хэсэг рүү унасан. Тэгээд би цагдаа нар харсан байх гэж бодоод айгаад сумын төвийн цайны газруудын ойролцоо очоод зогссон. Тухайн хүнийг босоод явчих байх гэж бодсон юм...” /хх-ийн 79-80 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын акт, схем зураг /хх-ийн 11-20 хуу/, хохирогч Н.Баярсайханы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 478 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 хуу/, Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад У.Лхагвадоржийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Баяртулга нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сум, Тайхар багийн нутаг, Тамирын голын гүүрний хойд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 15-61 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 12.3, мөн дүрмийн 3.5 Г-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 24-20 АРЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг мөргөж, зам тээврийн осол гаргасан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баяртулгын согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Баярсайханы биед хүнд болон хөнгөн хохирол учруулсан мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн 27.11дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар,тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Автотээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын   тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг  ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний холбогдох заалтуудыг шүүгдэгч Б.Баяртулга зөрчсөн байна. 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Баяртулгыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Согтуурсан мансуурсан үедээ гэж автотээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсныг ойлгоно. 

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4дэх хэсэгт”... Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...”гэж заажээ. 

Шүүгдэгч Б.Баяртулга нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Баярсайханы биед хүнд хохирол учруулсан мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан зэрэг нэг үйлдлийн улмаас хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний үйлдлийн Эрүүгийн хуулийн утснай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Н.Баярсайхан нь хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Б.Баяртулга нь хохирогчид эмчилгээ хийлгэхэд 2,375,873төгрөг, мөн Н.Баярсайхны Хаан банк дахь 5156109367 дугаартай данс руу 1,700,000 төгрөг шилжүүлж нийтдээ 4,075,873 төгрөгийг хохирогчид өгсөн байна.  
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Иймд шүүгдэгч Б.Баяртулгыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.Баярсайханы биед тархи доргилт бүхий хөнгөн, духны зүүн талын болон зүүн шилбэний шаант ясны дунд 1/3 хэсгийн ил хугарал бүхий хүнд хохирол учруулсан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 118-119 хуу/ гарын үсэг зуржээ.   
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 
Хохирогч Н.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэргийн материалтай танилцах үед “гомдол саналгүй” гэх мэдүүлэг болон тус шүүхэд гаргасан хүсэлтдээ “гомдолгүй, хохирол бараглуулсан” гэсэн байх тул /хх-ийн 23-25, 111 ху/ шүүгдэгч Б.Баяртулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.Баяртулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 2.3 дхаь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  
Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 6.8 дугаар зүйлд Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 2дахь хэсэгт” ...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...”заажээ.
Шүүгдэгч Б.Баяртулга нь шүүхээс оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Б.Баяртулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    


                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Баяртулгыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 
3.Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад оногдуулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулга нь торгох ялын 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.   
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулга нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.  
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулгад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртулга нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч 
тэдгээрийн өмгөөлөгч  нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
12. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баяртулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.  

 


                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ