Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн 201601070086 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

     Нарийн бичгийн дарга:                                       Л.Отгончимэг

     Улсын яллагч:                                                    Х.Эрдэнэтуяа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                    Д.Цэнд-Аюуш

     Хохирогч:                                                           Ж.Уянга

     Шүүгдэгч                                                            Ш.Эрхэмбаяр нар оролцов.

            Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот Багануур дүүрэг 5 дугаар хороо, Багагүний 11 дүгээр гудамж 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, СФ81051839 дугаарын регистертэй, Боржигон овгийн Шарын Эрхэмбаяр

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 11 дүгээр гудамж 7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз бүсгүй болох Ж.Уянгыг зодож, бие махбодид нь  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 3 сарын 25-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 11 дүгээр гудамжны 07 тоотод өөрийн гэртээ найз бүсгүй болох Уянгатай 2.5 литрийн “Боргио” шар айраг болон 0.75 граммын “Ерөөл” архийг хувааж уугаад хардалтын улмаас түүнийг өшиглөж, 2-3 удаа цохиж, 1 удаа алгадсанаа санаж байна, бусдыг нь санахгүй байна. Бид хоёр танилцаад удаагүй бөгөөд 2016 оны 2 сарын 20-ны үеэр танилцсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Ж.Уянгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 3 сарын 25-ны орой 22 цагийн үед “Сэлэнгэ” дэлгүүрээс архи, пиво аваад Эрхэмбаярын гэрт очиж уусан. Эрхэмбаяр нь намайг гадаа машинтай ирлээ гээд хардсан. Би уул нь машинтай тэдний гадаа очоогүй. Хардалтын улмаас Эрхэмбаяр нь миний цээжин хэсэг рүү хүчтэй цохиж намайг унагаасан. Өглөө нь бие хөндүүрлээд байсан. Ээжийн санаа нь зовно гэж бодоод гэрийхэндээ хэлээгүй. Тэгээд 2016 оны 3 сарын 27-ны орой 23 цагийн үед Багануурын эмнэлэгт ирэхэд намайг хот явуулсан. Хотод очоод эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд одоо миний бие сайн байгаа. Би Эрхэмбаяртай цаашид амьдарна гэж бодож байгаа. Эрхэмбаяр нь ажилгүй учир эмчилгээний мөнгө гэж нэхэмжлээгүй. Харин намайг хотод эмнэлэгт хэвтэж байхад сахиж, хоол унд зөөсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, түүнд хөнгөн ял оногдуулж өгөөч...” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганчимэгийн мэдүүлсэн: “...жижүүрийн ерөнхий эмчээр гарч байхад орой 22 цагийн үед хүлээн авахын жижүүрийн сувилагч “банзанд даруулчихсан хүн ирлээ” гэсний дагуу очиход Жүгдэр овогтой Уянга гэх 40 орчим насны эмэгтэй ирсэн байсан. Биед нь үзлэг хийхэд зүүн талын дух хөхөрч шалбарсан, хоёр талын шанаа нь хөхөрч хавдсан, хүзүүгээ тойруулаад барын гэх шархны наалтаар ороож наасан байсан ба наалтыг нь аваад тэмтрээд үзсэн чинь арьсан доор нь агаар орсон байдалтай хавдсан байсан. Зүүн талын хөхийг нь тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй болохоор хавирга нь хугарсан байх магадлалтай байсан тул рентгенд харуулахаар болж мэс заслын эмч дуудсан. Цээжний зураг авахад Ж.Уянгын зүүн талын 6,7 дугаар хавирга хугарсан, цээжний хэсэг, хоолойн хэсгээр арьсан доорх агааржилт болсон байсан болохоор хоолой боох аюултай тул “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-рүү хүргэж өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Жүгдэрийн мэдүүлсэн: “...2016 оны 3 сарын 27-ны шөнө 01 цагийн үед эмнэлгээс “охин чинь хүнд зодуулсан байна, түргэний машинтай хот руу хүргүүлэх гэж байна, хувцасыг нь бэлд” гэж ярьсан. Охины хүзүү нүүр ам нь хавдчихсан байсан. Саяхан танилцсан Эрхэмбаяр гэдэг залууд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 сарын 6-ны өдрийн 4416 тоот актын: “Ж.Уянгын биед 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн цээжний хөндийд шингэн хуралт, арьсан дор хий хуралт, тархи доргилт, баруун зовхи, зүүн хацар, 2 эгэм орчим, 2 хөх, цээж, хэвлий, нуруу, 2 бугалга, 2 тохой, зүүн шуу, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч, Т.Номинцэцэг гэх шинжээчийн дүгнэлт, /хх-н 27/

Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 10-14/

Ш.Эрхэмбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4416 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 11 дүгээр гудамжны 7 тоотод буюу өөрийн гэртээ найз бүсгүй болох Ж.Уянгын хамт архидан согтуурч, түүнийг бусадтай хардаж улмаар цээж рүү нь өшиглөх, алгадах зэргээр зодож, биед нь  6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн цээжний хөндийд шингэн хуралт, арьсан дор хий хуралт, тархи доргилт, баруун зовхи, зүүн хацар, 2 эгэм орчим, 2 хөх, цээж, хэвлий, нуруу, 2 бугалга, 2 тохой, зүүн шуу, 2 гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Эрхэмбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Уянгыг хардалтын улмаас өшиглөж, цохиж, алгадсан” гэсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэж заасан хохирогч Ж.Уянгын “Эрхэмбаяр нь миний цээж рүү хүчтэй цохиж унагаасан” гэсэн мэдүүлэг, хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн эмч буюу гэрч Б.Ганчимэгийн “Уянгын биед үзлэг хийхэд зүүн талын дух хөхөрч шалбарсан, хоёр талын шанаа нь хөхөрч хавдсан, хүзүүгээ тойруулаад шархны наалтаар ороосон байсан ба наалтыг аваад тэмтрээд үзэхэд арьсан дор нь агаар орсон байдалтай хавдсан байсан. Цээжний зураг авахад түүний зүүн талын 6,7 дугаар хавирга хугарсан, цээжний хэсэг, хоолойн хэсгээр арьсан доорх агааржилт болсон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Жүгдэрийн “Охины хүзүү, нүүр ам нь хавдчихсан байсан. Эрхэмбаяр гэдэг залууд зодуулсан гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Ж.Уянгын биед 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн цээжний хөндийд шингэн хуралт, арьсан дор хий хуралт, тархи доргилт, баруун зовхи, зүүн хацар, 2 эгэм орчим, 2 хөх, цээж, хэвлий, нуруу, 2 бугалга, 2 тохой, зүүн шуу, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэсэн 4416 тоот дүгнэлт, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Ш.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Ш.Эрхэмбаяр нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь хохирогч Ж.Уянгыг бусадтай хардсаны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээр тогтоогдов.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг эр эмийн хардлага болон хохирогч, шүүгдэгч нарыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд хохирогч Ж.Уянга нь шүүх хуралдаанд “Эрхэмбаяр нь ажилгүй тул эмчилгээний төлбөрөө нэхэмжлэхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх боловч түүнийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэхгүй болно.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Эрхэмбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  /хх-н 43-46, 41/

Шүүгдэгч Ш.Эрхэмбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдана.

Шүүхээс Ш.Эрхэмбаярт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, сонгох ялуудаас албадан ажил хийлгэх ялыг хэрэглэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйл, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Шарын Эрхэмбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Шарын Эрхэмбаярыг  430 /дөрвөн зуун гучин/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Ш.Эрхэмбаярт оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Багануур дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн мэдэлд нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Ш.Эрхэмбаярт мэдэгдсүгэй.
  5. Хохирогч Ж.Уянга нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Ш.Эрхэмбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй  болохыг тус тус дурдсугай.
  7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Эрхэмбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Эрхэмбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА