Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0092

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч У.Бадамсүрэн, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Д

Нэхэмжлэгч: А.Э

Нэхэмжлэгч: Г.Б

Нэхэмжлэгч: Х.Б/,

Нэхэмжлэгч: Д.Г

Нэхэмжлэгч: Т.Ч

Нэхэмжлэгч: Ц.Н

Нэхэмжлэгч: Ш.Т

Хариуцагч: МУЗГ.

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2019 оны 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, нэхэмжлэгч Ш.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, иргэдийн төлөөлөгч Ч.Ш нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...МУЗГ нь 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргахдаа Монгол улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 50 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх заалт болон Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тухай, Барилгын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн захиргааны байгууллагын эрх шилжүүлэх харилцааг зохицуулсан 8 дугаар зүйлийн 8.1 Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно., 59 дүгээр зүйлийн 59.2 Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно, 60 дугаар зүйлийн 60.1.1 Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2 хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлээр тусгайлан эрх олгосон барилгын төрийн захиргааны байгууллагын (Засгийн газрын агентлаг) чиг үүргийг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр бизнесийн компани болох Барилгын хөгжпийн төв ТӨААТҮГ-т шилжүүлсэн.

2. Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно гэсэн заалтыг зөрчиж Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд хуульчилсан барилгын төрийн захиргааны байгууллага (агентлаг)-ын чиг үүргийг шилжүүлсэн байдаг. Гэтэл Засгийн газар шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлаар батлуулсан бүдүүвчдээ хуулиар чиг үүргийг нь тодорхойлсон агентлагийн үүрэг хариуцлагыг хэнд хариуцуулах зөвшөөрөл аваагүй мөртлөө агентлагийнхаа өмнөөс чиг үүргийг нь орлон гүйцэтгэж, түүний чиг үүргийг шилжүүлсэн нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар агентлагт өөрт нь олгосон эрхийг Засгийн газар булааж шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус байхаар заасан тул Засгийн газрын 51 дүгээр тогтоол хууль бус гэж үзэж байна.

3. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэхдээ холбогдох хууль, түүнд үндэслэх, мөн хуулийн 19.1 дэх заалтаа баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйл болон Барилгын тухай тухай хуулийн 34 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан байна. Барилгын тухай хуулинд Барилгын төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан 34 дүгээр зүйлд хуульчилсан байдаг. Гэтэл энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно. гэж заасан боловч төрийн өмчит нэг этгээдэд өрсөлдөөнгүйгээр давуу эрх олгосон байна.

4. Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т төрийн чиг үүргийг Засгийн газрын тогтоолоор шилжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т ...Засгийн газрын агентлаг, төрийн өмчит компани нь ... нээлттэй тендер шалгаруулалтаар (өрсөлдөөнгүйгээр шууд давуу эрх олгосон байдаг) шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авагч байж болохгүй гэж заасантай зөрчилдөж байна. Мөн хуулийн 20.4-т ...бараа ажил үйлчилгээ ... нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно гэсэн нь магадлалыг зохион байгуулагч Барилгын хөгжлийн төв нь экспертүүдээс зохих хөлс, ашиг авах хууль бус боломжийг нээсэн гэж үзэж байна.

5. Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолын 1 ба 3 дугаар заалт нь хоорондоо зөрчилдөөнтэй, магадлалын ажлын үндсэн бүрдэл хэсгийг энэ тогтоолынхоо хассан, мөн одоо хүчинтэй байгаа Засгийн газрын 251 дүгээр тогтоолынхоо заалтууд, үндсэн агуулгатай илт зөрчилтэй болсноос барилгын зураг төсөлд магадлал хийх асуудал зогсож, маргаан үүсээд байна. Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг хувийн хэвшилд шилжүүлэх төрийн бодлого хэвээрээ юмуу эсвэл шилжүүлсэн үйлдлээ буцаах гээд байгаа юм уу? гэсэн тодорхойгүй байдал үүслээ. Засгийн газрын 51 дүгээр тогтоол, 251 дүгээр тогтоолын агуулгын томьёолол нь 2-уулаа Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай гэсэн гарчиг агуулгатай боловч доторх заалт нь энэ ажпаа төрийн компанид шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тогтоолын агуулга заалт нь хоорондоо зөрчилтэй гарсан.

6 Барилгын хөгжлийн төвд төрийн чиг үүрэг болох барилгын зураг төслийн магадлал хийх эрх олгосныг 2016 онд Улсын дээд шүүхийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасныг үл харгалзан Засгийн газар нь 51 дүгээр тогтоол гаргасан байна.

7. Энэ үйлдлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдэж хууль зүйн мэдээллийн эмхтгэлд хэвлэгдэн хүчин төгөлдөр болсны дараа бид 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдэж, яамны удирдлагуудад хүсэлт саналаа хэлж уулзан бичиг тоот илгээж байсан бөгөөд Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ийн магадлал хийж байгаа нь хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн одоо хяналтын шатны шүүхэд хянагдаж байна. Гэтэл Засгийн газрын 51 дүгээр тогтоол гарснаар Барилгын хөгжлийн төв нь өөрсдийн хууль бус ажиллагааг энэ тогтоолоор халхавчлан зөвтгөж байгаа юм. Монгол улсын Ерөнхий сайдад 2019 оны 4 дүгээр сарын 10-нд, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2019 оны 4 дүгээр сарын 05-нд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2019 оны 4 дүгээр сарын 11-нд урьдчилан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөн Барилга, хот байгуулалтын сайд асан З.Б, Ц, М, Х.Б нарт барилгын салбарын эрдэмтэд, экспертүүд, байгууллагуудаас удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

8. Чиг үүрэг шилжүүлэн авсан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь мэргэжпийн чадавхигүй бөгөөд шилжүүлэн авсан чиг үүргээ бусдад ацаглан гүйцэтгүүлж, төрийн чиг үүргээр хаацайлан бизнес хийж, ихээхэн хэмжээний хууль бус орлого олж байна. Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор чиг үүрэг шилжүүлэн авсан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь агентлагийн зохион байгуулах чиг үүргийг магадлал хийх эрхтэй гэж гуйвуулан тайлбарлаж, хууль зөрчсөн үйлдлээ нууж бизнес хийсээр байна. Жишээлбэл: 2016 онд 33 барилгын зураг төсөлд магадлал хийж 182.1 сая, 2017 онд 78 барилгын магадлалын хөлсөнд 789.9 сая, 2018 онд 1.197,3 сая төгрөг, бүгд 2169.3 сая төгрөгийг хураан авч дур зоргоороо зарцуулсан баримт байна. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь барилгын зураг төсөлд магадлал хийх эрх бүхий байгууллага, иргэн хуулийн этгээдийг хавчин гадуурхаж, дангаар ноёрхох үйлдлийг удаа дараа гаргах болсон. Хэвийн ажиллаж байсан магадлалын эрх бүхий зөвлөх болон магадлалын компани, экспертүүдийн гаргасан магадлалыг зөвшөөрөхгүй байгаагаас бид 2018 оны 3 сараас хойш ажилгүй, цалингүй болж хохирч хүнд байдалд орлоо. Чиг үүрэг шилжүүлэн авсан гэдгээр халхавчлан магадлал хийдэг компануудын эрхийг хязгаарлан хохироож байна. Иймд Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоол илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “УДШ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны 405 дугаар тогтоолоор Ч.Д нарын гаргасан нэхэмжлэлийг хувьд нийцүүлэн тодруулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэлд Засгийн газрын 2019 оны 51 дүгээр тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, энэ тогтоолыг үндэслэн БХБЯ-наас Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэтэл БХБЯ, Барилгын хөгжлийн төвийн хороонд ЗГ-ын 51 дүгээр тогтоолоор үүрэг хүлээсэн сайд шийдвэр гаргаагүйгээс төрийн захиргааны чиг үүргийг шилжүүлсэн  акт, гэрээ одоо болтол байхгүй, улмаар хэрэгт авагдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс ... дараахь шийдвэрийг гаргана. 106.3.1-д “ ...захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгуулахаар заажээ.

Иймд хуулийн энэ заалтад нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3-д заасны дагуу Засгийн газрын 2019 оны 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 2020 оны 11 сарын 02-нд гаргасан 405 тоот шийдвэрт...

1. Нэхэмжлэлийн шаардлагыг ЗХШХШТ Хуулийн 106 дугаар зүйлийн дагуу тодорхой болгох,

2. Нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөнийг тодруулах,

3. НЗХАШШ-ээс Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын Барилгын тухай хуулийн 34.1.4 дэх заалт нь нэхэмжлэгчдийн эрх ашгийг хөндөж, хохироосон гэж дүгнэж хүчингүй болгосон мөртлөө тус тогтоолын бусад заалтуудыг хүлээж авахаас татгалзсан нь УДШ-ээс асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна гэж үзсэн байдаг. Бид энэ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах-аар гаргасан. Манай нэхэмжлэл нь анхнаасаа Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах 3 үндэслэлийг гарсан байдаг: Энэ тогтоол гарснаар нэхэмжлэгч бидний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, өнөөдрийг хүртэл хохироож байгаа.

Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь МУ-ын хэд хэдэн хууль, Засгийн газар өөрийнхөө шийдвэрүүдийг зөрчиж гарсан учраас бидний эрх ашиг хөндөгдсөн.

Энэ тогтоол нь бусдад хууль зөрчих боломж олгосон, хууль бус үйлдлийг нь халхавчлах хэрэгсэл болсон гэсэн үндэслэлийг холбогдох нотлох баримт, тайлбартайгаар хавтаст хэрэгт авагдсан, энэ талаар шүүхийн үзлэг хийж, банк, татварын байгууллагаас гаргасан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт бүрдүүлэн өгсөн байгаа.

Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор эрх олгогдсон гэж үзээд байгаа Барилгын хөгжлийн төвийн Барилгын хөгжлийн төвийн барилгын зураг төселд магадлал хийж байгаа үйлдэл нь хууль бус болох, мөн энэ хууль бус үйлдлийг нь таслан зогсоогоогүй БХБЯ-ны эс үйлдэл нь хууль бус гэж тогтоож таслан зогсоохыг БХБЯ- нд даалгаж УДШ-ийн 2020 оны 10 сарын 14-ний 376 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэнг шүүх бүрэлдэхүүнд зориуд мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна.

Дээрх гурван үндэслэлийн дагуу хууль зүйн үндэслэлийг ярья.

Нэгдүгээрт: МУ-ын засгийн газрын 51 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчдийн эрх ашгийг хөндөж, хохироож байгаа тухайд:

Нийслэлийн ЗХАШ Шүүх ЗХШХШТ Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан
захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу шалган тогтоож үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 3 дугаар заалт, 1 дүгээр заалтын доторх хуулийн зүйл заалтууд нь бүхэлдээ нэхэмжлэгчдийн эрх хууль ёсны эрх ашгийг хохироосон гэж үзэж байгаа бөгөөд хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

1. Засгийн газрын шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид болон эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдээгүй, хууль тогтоомжийн тухай хууль, захиргааны акт гаргах үйл ажиллагааны журмуудыг ноцтой зөрчиж, шударга өрсөлдөөн, эрх тэгш боломжийг үл харгалзан хэлэлцүүлэг хийгээгүй, далд лоббийд автан гэнэт гаргасан шийдвэр бөгөөд , гарсан цагаасаа хойш 3 жил гаруй хугацаанд хэл ам маргаан дагуулж бидний эрхийг зөрчиж хохироосон байгаа.

2. Энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан экспертүүдийн эрх ашиг хохирч, цалин хөлсгүй олон сар шахалт дарамтад байгаа талаарх баримт нотолгоо, хүсэлтийг УИХ, Засгийн газрын холбогдох байгууллагууд, МУ-ын ерөнхий сайд, БХБ-ийн сайдуудад хуульд зааснаар гаргасан боловч иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хохирсон асуудлыг шалгаж шийдвэрлэ гэж, харилцан бичиг илгээсээр өнөөдрийг хүрсэн байдаг.

3. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх тухай хуулийн дагуу МУ-ын Ерөнхий сайд, УИХ, ХЗДЯ-ны сайдад 51 дүгээр тогтоолтой холбоотой асуудлаар эксперт зөвлөхүүд, салбарын төрийн бус байгууллагуудын өргөдөл гомдлыг 2019 онд гаргасан байдаг. Эдгээр байгууллагаас хариуг өгөхдөө ХЗДХ-ийн сайдаас БХБЯ-нд хандаж Барилгын хөгжлийн төвийн статусыг тогтоох, ямар үүрэгтэй этгээд болохыг тогтоох нь зүйтэй, УИХ-ын ХЗБХ-ны хариу бичигт хууль зөрчигдсөн үндэслэлийг тогтоож арга хэмжээ авахыг ЗГХЭГ-т, ЗГХЭГ- ийн даргаас БХБ сайдад асуудлыг хууль зүйн үүдээс шалгаж тогтоохыг тус тус үүрэг болгосон баримт нотолгоонууд ч хэрэгт байгаа.

4. Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг Засгийн газар хөсөрдүүлсэн явдал гэж үзэж байгаа юм, Тодорхой хэлбэл нэхэмжлэгч болон Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийдэг эрх бүхий хүмүүсийн эрхийг хязгаарлаж, Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор халхавчлан БХТ гэгч байгууллага дангаараа төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж зураг төслийн магадлал хийх болсон гэж аймаг хотын захиалагч нарт бичиг тарааж, 2016 онд 33 барилгын зураг төсөлд магадлал хийж 182.1 сая, 2017 онд 78 барилгын магадлалын хөлсөнд 789.9 сая төгрөг, 2018 онд 1.197,3 сая төгрөг, бүгд 2169.3 сая төгрөгийг хууль бусаар хураан авч дур зоргоороо зарцуулсан баримт байна. (Шүүхийн шугамаар гаргуулсан Барилгын тухай хуулийн орлого зарлагын баримтууд, болон Барилгын хөгжлийн төвийн ил тодын тайлан, тооцоог нэхэмжлэлд хавсаргасан)

5. Зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд бид өмнө нь 5 жил хийж байсан
магадлал хийх эрх, ажлаа 51 дүгээр тогтоолоор хаалгаснаас 2016-2020 онд зөвхөн цалин хөлсөө 5 жил авсангүй 90.8 сая төгрөгөөр хохирч байна. Засгийн газрын 51 дүгээр тогтоол гарснаас өнөөдрийг хүртэл нэр бүхий 28 эксперт зөвлөх инженерүүд харьяалагддаг зөвлөх компанийн орлого 105.283 сая төгрөг буюу 93.54%-иар орлого буурсан, мөн 2019-2020 оны цалин хөлс 46.501 сая төгрөг, бүгд 127.3 сая төгрөгийн цалингаа одоо болтол авч чадахгүй хохирсоор байна.

6. Барилгын хөгжлийн төв нь Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор халхавчлан дарамталж, өөрөө тэдэнтэй зэрэгцэн магадлал хийж, хууль бус орлого олж эрх ашгийг хохироож, хохирол учруулж, цалин хөлсгүй болгож байгааг хэрэгт авагдсан хохирлын санхүүгийн баримтууд нотолно. Хохирсон болон эрх ашиг хөндөгдсөн баримт нотолгоог хавтаст хэрэгт бүрэн авагдсан.

7. БХТ нь Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор хаацайлан нэхэмжлэгчдийн эрх ашгийг хохироож байгаа үйл баримт, учир шалтгааны холбоо хамааралтайгаар ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гол мөн чанар агуулгыг өмнө нь Нийслэлийн ЗХАШШ зөв үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж нэхэмжлэгчдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж, хохирсонг өмнө нь зөв зүйтэй гэж тогтоосон байдаг.

8. 2014 оны Засгийн газрын 251 тогтоолын 1 дүгээр заалтад "... экспертизийн дугнэлт гаргах иргэн хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг барилгын сайдад зөвшөөрсөн бөгөөд энэ заалт хүчинтэй хэвээр байхад түүнийг Засгийн Газрын 51 дүгээр тогтоол нь үгүйсгэж, төрийн чиг үүргийг БХТ-д сонгон шалгаруулалтгүйгээр, мэргэжлийн бус этгээдэд гүйцэтгүүлэх заалтууд нь хоорондоо зөрчилтэй, нэхэмжлэгч нарын эрхийг шууд хааж, нэг этгээдэд давуу байдал үүсгэсэн акт. Энэ талаар ШӨХТГ-аас БХБЯ-нд ирүүлсэн шаардлага бичиг хэрэгт авагдсан байгааг шүүх анхаарна уу.

9. БХБЯ-наас 2020 оны 12 сард магадлагч экспертүүдийн хүсэлт шаардлагаар Барилгын тухай хуулийн заалтууд болон барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийг сонгон шалгаруулах шалгаруулах журам батлан гаргасан боловч сонгон шалгаруулалтыг хууль батлагдсанаас хойш 4 жил гаруй, журам баталснаас хойш бараг 1 жил гаруй болж байхад энэ сонгон шалгаруулалтыг хийхгүй, Барилгын хөгжлийн төвийн одоогийн хууль бус магадлал хийж байгаа үйлдэл үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байх сонирхолтой нь тодорхой байгаа юм.

10. Энэ эс үйлдэл нь нэхэмжлэгчид болон зураг төсөл зохиогчид, барилгын компаниудыг хохироож, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны байгууллагын 15 чиг үүргийг хэн гүйцэтгэх нь тодорхойгүй болгоод байгаа юм. Иймд Засгийн газрын 51 дүгээр тогтоолд заасан шилжүүлэн өгсөн гэх 10 чиг үүргийг БХТ-д шилжүүлсэн заалтуудыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Тогтоолын заалтууд нь хоорондоо зөрчилтэй, өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн тул хүчингүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн зохицуулалтад хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь өөрөө илт хууль бус, тиймээс хууль бус бол хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт. Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хуулийн үндэслэлүүдийн тухайд тайлбар хийе: Засгийн газар хууль дээдлэх зарчмыг баримтлан УИХ-ын өмнө хууль хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага мөртлөө Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хууль түүнд нийцүүлэхгүйгээр бусдад шилжүүлж болохгүй гэсэн хуулийн хориглолт, хязгаарыг давж, төрийн захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийг аж ахуй бизнесийн нэг этгээдэд давуу эрх олгон, сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлэхийг зөвшөөрч Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг хууль зөрчиж гаргасан байдаг.

Үүнд: 1. Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг бусдад шилжүүлэх, дахин хуваарилах үйл ажиллагааны аргачилсан журмыг Засгийн газрын 22 дугаар тогтоолоор баталж 2018 онд гаргасан байдаг. Гэтэл Засгийн газар нь 51 дүгээр тогтоолыг гаргахдаа энэ аргачлалд тодорхой заасан чиг үүргийн шинжилгээ хийгээгүй, ажлын хэсэг байгуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдтэй хэлэлцүүлэг хийгээгүй, тэднээс санал аваагүй, Засгийн газрын тухай, Барилгын тухай хуулиудад Засгийн газрын энэ тогтоолыг гаргахтай холбогдуулан өөрчлөлт оруулах санал төсөл бэлтгээгүй, улмаар хуульд өөрчлөлт оруулах төсөл юмуу эрх шилжүүлэн авах хүсэлт саналыг УИХ-д өргөн бариагүй бөгөөд УИХ-аас хуулинд заасан чиг үүрэг шилжүүлэх асуудлаар тогтоол шийдвэр гарсан юмуу дээрх хуулиудад өөрчлөлт оруулаагүй байна. Ийнхүү хүчин төгөлдөр хууль, өөрийнхөө баталсан журмынхаа болзол шаардлагыг хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд хуульчилсан чиг үүрэг шилжүүлэх хориглолт, мөн хуулийн 53 дугаар зүйлд заасан захиргааны гэрээг бичгээр байгуулна гэсэн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй байсан.

Тухайлбал: 1. Барилгын сайд нь өнөөдрийг хүртэл БХТ-д чиг үүрэг шилжүүлсэн шийдвэр гаргаагүй, чиг үүрэг шилжүүлсэн захиргааны гэрээг байгуулаагүй, иймд БХТ-нь одоо болтол Барилгын хөгжлийн төвийн 34 дүгээр заасан чиг үүргийг шилжүүлэн аваагүй гэж үзэхээр байгаа. Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг сайд хэрэгжүүлэх гэхээр Захиргааны ерөнхий хууль, Барилгын тухай хуулиудыг зөрчих гээд байгаа учраас шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, БХТ-д чиг үүрэг шилжүүлэх боломжгүйтэй холбоотой байгаа юм.

2. БХТ нь мэргэжлийн биш, яагаад гэвэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн үйл ажиллагааг "Тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэдэг. Гэтэл энэ асуудлыг УИХ-аас баталсан Тусгай зөвшөөрлийн хуулиар тодорхойлж, Улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан, салбарын сайд гэрчилгээг олгож баталгаажуулдаг журам дүрэмтэй Энэ байгууллагад ямарч тусгай зөвшөөрөл , эрх олгосон акт баримт одоо ч байхгүй.

3. Мэргэжлийн байгууллага байхын тулд Барилгын тухай хуулийн 18.1-д заасан Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж тодорхой хуульчилсан байдаг.

4. Тиймээс мэргэжлийн биш этгээд учир Барилгын тухай хуулийн 34.2-д заасан мэргэжлийн байгууллага байх хуулийн нэмэлт шаардлагыг хангахгүй байгаа (ААҮАТХ-ийн 3.1.1. ..аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл" гэх/ -гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;) гэж тодорхойлсон байдаг. Энэ байхгүй байгаа.

5. Чиг үүрэг шилжүүлэн авсан гээд байгаа БХТ нь ямар статустай байгууллага болохыг тогтоох ёстой . Гэтэл БХТ-нь төрийн өмчит аж ахуйн тооцоот газар гэсэн статустай ашгийн төлөө өөрийгөө санхүүжүүлдэг батлагдсан дүрэмтэй. Энэ байгууллагын гэрчилгээнд төрийн захиргааны чиг үүрэг гүйцэтгэх ямар нэг бүртгэл хийгдээгүй. Мөн ЗХШХШТ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д захиргааны байгууллага гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг хэлнэ, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллагад ТӨААТГ хамаарахгүй байна. Эндээс үзэхэд аж ахуй бизнесийн компани юм. Тиймээс Чиг үүрэг шилжүүлэн авах статустай төрийн бус байгууллага биш юм. Иймд Барилгын тухай хуулийн 34.2-д заасан төрийн бус гэсэн хуулийн нэмэлт шаардлагад бас тохирохгүй байгууллага юм. Энэ хуулийн заалтыг зөрчсөн.

6. Шүүх Захиргааны ерөнхий хуул, Засгийн газрын тухай, Барилгын тухай хуулиудын холбогдох заалтад тусгагдсан нэмэлт 8 шаардлагыг хангаагүй этгээдэд төрийн захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргүүдийг шилжүүлэхээр Засгийн газраас гаргасан шийдвэрийн хууль зөрчсөн үйл ажиллагааг нь гэрчилсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Тухайлбал Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь: Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр гэсэн хуулийн 2 нэмэлт шаардлага, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 2 дахь хэсэгт заасан ...эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр, мөн төрийн бус, мэргэжлийн байгууллагаар, гэрээний үндсэн дээр гэсэн тодорхой болзол бүхий шаардлага тавигдсан байхад эдгээр тодорхой болзлыг үл харгалзаж, мэргэжлийн бус нэг этгээдэд давуу байдал олгосон юм.

Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол нь чиг үүрэг шилжүүлэхийг БХБСайдад зөвшөөрсөн л болохоос сайд энэ зөвшөөрлийг үндэслээд тушаал гаргаж, БХТ-д энэ чиг үүргийг хүлээлгэн өгч хариуцуулсан ямар нэг акт байхгүй, чиг үүрэг шилжүүлсэн захиргааны гэрээг одоо болтол байгуулаагүй байгаа юм. Энэ нь ЗЕХ-ийн 48 дугаар зүйлийн 48.2.3д захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй гэсэн үг бөгөөд Засгийн газрын энэ тогтоолыг хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр шилжүүлэх боломжгүй гэж сайд үзсэнтэй холбоотой юм.

Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48.2-д зааснаар Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилсан байна. Төрийн байгууллагын чиг үүрэг шилжүүлэх, эрх мэдлийн дахин хуваарилалт хийх талаар Засгийн газар тусгайлан 22 тоот тогтоол гаргаж, чиг үүрэг шилжүүлэх аргачлалыг баталсныг бас мөрдөөгүй байдаг.

Түүнээс гадна Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь УИХ-ын 2 тогтоол, ЗЕХ-ийн 8.1 болон заалт, 53 , 48 дугаар зүйлүүд ,Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн төрийн бодлогын баримт бичгийн 4 заалтууд, Барилгын тухай хуулийн 34.1.15 дахь заалт, мөн Засгийн газрын тухай хуулийн 19, 22-р тогтоолоор баталсан журам, аргачлалыг тус тус зөрчсөн , ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг зөвшөөрсөн, мөн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Засгийн газрын тогтоол гарган хохироох хуулийн үндэслэл байгаагүй. Ийм учраас илт хууль бус шийдвэр тул хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Энэ тогтоол гарснаар барилгын олон байгууллага, хүмүүсийн эрх ашгийг хөндөж, хохирол учруулсан, хамгийн гол нь Засгийн газрын энэ тогтоол нь бусад этгээдэд хууль зөрчсөн үйлдэл уйл ажиллагаа явуулах халхавч болж бусдын эрх ашгийг хөндсөн эрх зүйн муу үр уршигтай байгааг харгалзан уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Иймээс ч УДШ-ээс 2020 оны 10 сарын 14-ний 376 тоот тогтоол гаргаж, Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож таслан зогсоохоор эцэслэн шийдвэрлэсэн” гэв.

Нэхэмжлэгч Ш.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Анхнаасаа Засгийн газрын тогтоол өргөн баригдахдаа бусад кабинет, яамдуудаас санал авдаг, нэгтгэдэг, Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдаад бүх урьдчилсан нөхцөл шаардлага хийгдсэн стандарттай байдаг. Энэ стандартынхаа дагуу бүрэн явж чадаагүй. Жишээ нь: Маргаан бүхий 51 дүгээр тогтоолын хувьд Хууль зүй дотоод хэргийн яам бол Засгийн газрын тогтоол болон бусад төслүүдэд хуулийн гол хариуг өгч байдаг, санал бэлтгэж байдаг гол яам байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн яам үзэхдээ эрх бүхий байгууллага гэдэгт Барилгын хөгжлийн төв Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамаарах эсэхийг нягтлаасай гэж үзсэн. Эрх бүхий байгууллага гэдэгт Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно. гэж заасан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар батлагдсан статустай, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага, Засгийн газрын бус байгууллагад орох юм уу?, Энэ хуулийн харъяанд хамаарч байгаа юм уу, тогтоол чинь болж байгаа юм уу гэдэг энэ тогтоолын саналыг Хууль зүйн яам гаргасан. Сануулаад өгсөн. Статус нь өөрөө нийцэхгүй байна.

Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь үндсэндээ хууль зүйн үндэслэл бүхий 2 заалттай. Нэгдүгээрт Засгийн газрын 19 дүгээр зүйлийг баримталдаг. Хоёрдугаарт Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг баримталдаг.

Тухайн тогтоолын хууль зүйн үндэслэл нь тухайн тогтоолынхоо агуулгатай нийцэхгүй байна гэж үзэж байна. Засгийн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно. гэж заасан. Үйл ажиллагаа эрхэлснийхээ төлөө цалин өгөх ёстой. Гэтэл өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага.

Хэсэгчилэн санхүүжүүлж болно гэж заасан байтал Засгийн газрын бус гэж үзэх боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар статус нь тогтоогддог. Төрийн өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг Барилгын хөгжлийн төв зөвшөөрсөн агуулга бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй нийцэхгүй байна гэж үзэж байна.

Холбогдох хууль гэдгийг Барилгын тухай хуулийг хэлж байна гэж ойлгож байна. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно. гэж заасан. Гэтэл Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь хуульд заасан 2 заалтыг үндэслэж, тулгуурлаж гаргаж байгаа нь агуулгатайгаа нийцдэггүй. Яагаад гэвэл Барилгын хөгжлийн төвийг төрийн бус байгууллага гэж үзэх боломжгүй. Тийм учраас маргаан бүхий 51 дүгээр акт нь хууль зүйн үндэслэлтэйгээ зөрчилдсөн, агуулгын хувьд ойлгомжгүй. Мөн хуулийн заалтуудыг зөрчөөд гаргасан алдаатай шийдвэр гэж үзэж байгаа учраас хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:... “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно., 19.2-т Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна. гэж, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж тус тус заасан байдаг. МУЗГ 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж дээрх хуулийн заалтуудыг үндэслэн Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 51 дүгээр тогтоолыг баталж, Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор байгуулагдсан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх шаардлагатай байдаг. Гэтэл маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй, эерэг нөлөөлөл бүхий акт. Яагаад гэвэл Захиргааны ерөнхий хуульд зааснаар бол төрийн захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хуульд зааснаас бусад тохиолдолд чиг үүргийг шилжүүлэх, бусдад дамжуулахыг хориглодог.

Хууль тогтоогч Барилгын тухай хуулийг батлахдаа Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

байгууллага буюу барилгын асуудал хариуцсан агентлагийн чиг үүргүүдийг зааж, энэ чиг үүргүүдийг шилжүүлж болно гэж заасан. Энэ бол хууль тогтоогчийн хүсэл зориг. Хууль тогтоогч мөн агентлагийг Улсын Их Хурал байгуулдаг. Ингэхдээ хууль тогтоогч барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу агентлагийг байгуулаагүй. Яагаад байгуулаагүй бэ гэхлээр хууль тогтоогч өөрөө Барилгын тухай хуулийн энэ заалтын дагуу явах үндэслэлтэй юм аа гээд өөрийнхөө тогтоолоор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг байгуулаагүй. Өөрөөр хэлбэл агентлаг байгуулсан тогтоолдоо тусгаж өгөөгүй.

Засгийн Газар хууль тогтоомжийг биелүүлэх үүргийнхээ хүрээнд энэ агентлагийн чиг үүргийг мөн Улсын Их хурлын тогтоолын дагуу байгуулагдаагүй байна гэдэг чиг үүргийг 51 дүгээр тогтоолоор шилжүүлсэн.

Шилжүүлж байгаа үндэслэл нь Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь өөрөө Засгийн газрын бус байгууллага гэнэ. Засгийн Газрын тухай хуулиар Засгийн Газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана гээд яамдууд ажилладаг.

Өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төв нь өөрөө Засгийн Газрын бүтцийн байгууллага биш. Энэ чиг үүргүүд нь барилгын салбарын үйл ажиллагаанд төрөөс үзүүлдэг үйлчилгээний чиг үүргүүд. Энэ үйлчилгээг төрийн байгууллага байгуулж хэрэгжүүлэхгүй юм бол ямар байгууллагад шилжүүлэх бэ гэдэг асуудал яригдана. Тэгэхлээр энэ үйлчилгээг авдаг байгууллагад буюу нэхэмжлэгч Э С С С к ХХК энэ үйлчилгээг шилжүүлж өгөхлөөр өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлэх буюу өөрөө өөртөө эрх олгох ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болно.

          Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани, төрийн бус байгууллага байгаа. Эдгээр нь бүгд энэ үйлчилгээнүүдийг төрөөс авдаг. Өөрөө тэр үйлчилгээг төрөөс авдаг үйлчилгээг өөртөө шилжүүлж авахлаар тэд нар өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлэх буюу ашиг сонирхлын зөрчил үүсгэж өөртөө тусгай зөвшөөрөл олгоно. Өөртөө тэр эрхийг олгоно. Өөртөө бичиж олгодог тийм зохицуулалт байхгүй.

Төрийн бус байгууллага гэж авч үзвэл төрийн бус байгууллага дээр гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагууд орно. Өөрөөр хэлбэл компаниуд ашгийн төлөө байгууллагуудын нэгдэл, тэндээс санхүүждэг. Эдгээр нь бүгд гишүүддээ үйлчилдэг. Тэгэхлээр бас л үйлчилгээг авдаг байгууллагуудын санхүүжилттэй, тэд нарын үүсгэл санаачлагаар байгуулагдсан байгууллага.

Энэ байгууллагыг өөр хэнд шилжүүлж болох бэ гэхлээр Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын бус байгууллага гэж заасан. Тэр хүрээндээ Барилгын хөгжлийн төвд шилжүүлсэн. Барилгын хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч нь Засгийн газар, түүний эрх олгосноор Төрийн өмчийн хороо юм. Өөрсдөө дүрмээ батлаагүй. Төрийн өмчийн хороо дүрмийг батлахдаа энэ байгууллага нь ийм ийм үйл ажиллагаа явуулах нэр бүхий мэргэжлийн байгууллага юм аа гээд байгууллагын үйл ажиллагааны эрхэм зорилгыг тодорхойлсон.

Энэ нь өөрөө эерэг нөлөөлөл бүхий акт болж байгаа. Өөр бусад байгууллагад шилжүүлье гэхлээр мэргэжлийн бус. Тэгэхлээр тогтоол нь хэрвээ ингэж шилжүүлэхгүй бол энэ чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага байхгүй учраас тэр үйлчилгээг авах гэж байгаа нэхэмжлэгч нар ч гэсэн тэр үйлчилгээг авдаг. Гэтэл тэр үйлчилгээг байнга үзүүлэх байгууллага байхгүй бол тэр үйлчилгээг авахгүй, төрийн үйлчилгээг авч чадахгүй зогсох нь байна. Тэгэхлээр нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөх нь байна.

Иймд маргаан бүхий 51 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй. Харин ч эерэг нөлөөлөл бүхий нэхэмжлэгч нарын эрх ашгийг хамгаалсан, зөрчөөгүй акт гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч 8 иргэний нэхэмжлэлтэй, МУЗГт холбогдох захиргааны хэрэгтэй танилцсан ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлгийг сонсоод хариуцагчийн ярьж, тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ байдлыг шүүх харгалзан үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

   Нэхэмжлэгч Ч.Д, А.Э, Г.Б, Х.Б, Д.Г, Т.Ч, Ц.Н, Ш.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш Засгийн газрын 2019 оны 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр маргаан бүхий актын улмаас барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх нэхэмжлэгчдийн эрх зөрчигдсөн,хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэх хуулийн заалтыг зөрчиж мэргэжлийн бус этгээдэд эрхийг шилжүүлсэн, уг акт зорилгодоо нийцээгүй, эрх шилжүүлэхтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн агуулгыг зөрчсөн гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгч иргэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

МУЗГ 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “барилга байгууламжийн норм, норматив баримт бичиг, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах;”, 34.1.4-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах;”, 34.1.6-д “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;”, 34.1.7-д “барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;”, 34.1.8-д “барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулах;”, 34.1.9-д “улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох;”, 34.1.10-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох;”, 34.1.11-д “зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх;”, 34.1.13-д “архитектор, инженерийн мэргэжлийн зөвлөл байгуулан, үйл ажиллагааг нь зохион байгуулах;”, 34.1.15-д “барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;” гэж тус тус заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргүүдийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨААТҮГ)-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Харин Засгийн газрын энэхүү тогтоолын дагуу Барилгын хөгжлийн төв барилга байгууламжийн төсөлд магадлал хийж орлого олж байгаагийн зэрэгцээ магадлал хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй иргэдэд хуульд байхгүй шаардлагуудыг тавьж хохироож байгаа нь хууль бус болох талаар нэхэмжлэгчид маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар тодорхойлж томьёолсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан нэр бүхий 8 иргэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий эрхийн батламжаа үндэслэн, энэхүү эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлан маргах эрхээ тодорхойлж байна.

   Нэхэмжлэгч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнө нь маргаан бүхий 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байсан бөгөөд энэ удаа уг шаардлагаа өөрчилж хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгч иргэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй үндэслэлээ нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох субьектив эрхийн хүрээгээр хязгаарлагдаж байгаагаар тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан 10 чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аар гүйцэтгүүлж болохыг зөвшөөрсөн, харин энэхүү хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15 дахь хэсэгт заасан чиг үүргүүд бүгд нэхэмжлэгч иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Харин хуулийн 34.1.4-д заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, 34.1.10-д заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох чиг үүргийг Барилгын хөгжлийн төв хэрэгжүүлснээрээ нэхэмжлэгч иргэдийн энэ чиглэлийн үйл ажиллагаанд нөлөөлж, тэдний хэвийн ажиллах боломжийг алдагдуулан хуулиар олгогдоогүй чиг үүрэг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

   Учир нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т  энэ хуулийн 34.1-д заасан тодорхой чиг үүргүүдийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болохоор заажээ.

   Хуулийн энэхүү заалтаар төрийн бус мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болох талаар хуульчилсан байхад төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь маргаан бүхий акт хууль ёсны байх үндсэн шаардлагатай нийцэхгүй байна. 

Нөгөө талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-нь төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн түүний статустай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн өмчит үйлдвэрийн газрыг Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хуулиар олгогдсон чиг үүргийг шилжүүлж гүйцэтгэж болох этгээдтэй адилтган үзэх боломжгүй.

   Нөгөө талаар нэхэмжлэгч иргэдийн зөрчигдөж болзошгүй эрх нь тэдний тусгай зөвшөөрлөөр олгогдсон чиг үүргийн хүрээгээр хязгаарлагдах бөгөөд энэ хүрээгээр нэхэмжлэл гаргах эрх нь тодорхойлогдоно.

Тодруулбал маргаан бүхий Засгийн газрын 51 дүгээр тогтоолтой холбогдуулан авч үзвэл нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хуулийн 34.1.4, 34.1.10-д зааснаас бусад үндэслэлээр нэхэмжлэгч нарт шаардах эрх үүсэх боломжгүй гэж дүгнэлээ.

   Учир нь нэхэмжлэгч иргэдэд тухайлбал нэхэмжлэгч Ч.Д-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг “барилга байгууламжийн архитектур төлөвлөлт /ландшафт/ дизайны зураг төсөл” хийх, А.Э-т уг эрхийг “барилгын төсөв /үнэ бүрдэл/, эдийн засаг” хүрээнд эрхлэхийг, Г.Б-д “барилгын хийц бүтээж /технологийн зураг төсөл/ хүрээнд эрхлэхийг, Х.Б-д “барилгын хийц бүтэц /технологийн зураг төсөл/” хүрээнд эрхлэхийг, Д.Г-т “цахилгаан шугам сүлжээ, цахилгаан хэмжил зүй, реле хамгаалалт, автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүч, дэд станцын барилга байгууламжийн зураг төсөл” хүрээнд эрхлэхийг, Т.Ч-т “ус хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл” хүрээнд эрхлэхийг, Ц.Н-д “барилга байгууламжийн дулаан хангамж, агаар сэлгэлтийн зураг төсөл” хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шд “барилгын хийц, бүтээц /технологийн зураг төсөл/ хүрээнд эрхлэхийг тус тус зөвшөөрч тусгай зөвшөөрөл олгогджээ.

Нэхэмжлэгч нарт тусгай зөвшөөрлөөр олгогдсон дээрх экспертийн эрх нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10-д зааснаас бусад зохион байгуулалтын шинжтэй эрхийг Барилгын хөгжлийн төвд шилжүүлснээр тэдний үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн гэж дүгнэн маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй.

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж....болох”-оор, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “34.1-д заасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болох”-оор тус тус зохицуулжээ. 

Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор байгуулагдаж улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 267 дугаар тогтоолоор ТӨҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж “...хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах,...чиг үүргийг хэрэгжүүлэх хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарын мэргэжлийн байгууллага” гэж тусгаж уг үйлдвэрийн газрын өмчлөгч нь төр болох, төрөөс болон ажил үйлчилгээний орлогоос санхүүжихийг зааж тодорхойлсноос үзэхэд уг үйлдвэрийн газрыг төрийн бус байгууллага гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч экспертүүдийн үүсгэн байгуулсан “Э С С С корпорэйшн” ХХК-ийн гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын “барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т олгосон” 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн уг маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны шүүхийн 2016 оны 264 дүгээр тогтоол, мөн тус компанийн нэхэмжлэлийн шаардлагаар Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 34.2-т заасныг үндэслэн Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн ХТ2020/0376 дугаар тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр байна.

Хяналтын шатны шүүхийн энэхүү 0376 дугаар тогтоолд “...Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2,  36 дугаар зүйлийн 36.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлж болох төрийн бус, мэргэжлийн байгууллагад төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамаарахгүй...Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ энэ чиг үүргийг хэрэгжүүлж, ингэхдээ барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж буй нэрийдлээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулан гаргаж, магадлалын хөлснөөс 30 хувийг өөрийн орлогод авч, үүнийгээ аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын орлого гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй... ийнхүү барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг дүгнэж...” шийдвэрлэжээ. 

 Ийнхүү дүгнэхэд хуулийн дээрх чиг үүргийг Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын бус байгууллагад, Барилгын тухай хуулиар төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болохоор заасан, Хяналтын шатны шүүхийн тогтоолоор Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлж болох төрийн бус, мэргэжлийн байгууллагад хамаарахгүй талаар дүгнэж шийдвэрлэсэн зэрэг нь маргаан бүхий Засгийн газрын 51 дүгээр тогтоолын нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн  Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10 дахь заалтууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ... Нэхэмжлэгч 8 иргэний нэхэмжлэлтэй, МУЗГт холбогдох захиргааны хэрэгтэй танилцсан ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлгийг сонсоод хариуцагчийн ярьж, тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна... гэсэн санал гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1,39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Д, А.Э, Г.Б, Х.Б, Д.Г, Т.Ч, Ц.Н, Ш.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Засгийн газрын 2019 оны 51 дүгээр тогтоолын 1 дэх заалтын Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.1.10 гэсэн хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.     

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шгийн төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

                                       ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ