Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 221/2023/0077/З |
Дугаар | 221/ШШ2024/0006 |
Огноо | 2024-03-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 221/ШШ2024/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,
Нэхэмжлэгч: “ФКХЭПП” ХХК
Хариуцагч: МУЗГ,
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын “Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 179 дугаар тогтоолын “ФКХЭПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.Е, гуравдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, Ц.Д, иргэдийн төлөөлөгч Р.Б нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр,
Хэргийн индекс: 221/2023/0077/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ФКХЭПП” ХХК-иас МУЗГт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын “Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 179 дугаар тогтоолын “ФКХЭПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
1.1. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын дагуу “ФКХЭПП” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр МУЗГтай “Дулааны V дугаар цахилгаан станц төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх тухай концессын гэрээг байгуулжээ.
1.2. Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор дээрх гэрээг цуцлах арга хэмжээ авахыг даалгаж, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
2. Нэхэмжлэгч “ФКХЭПП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөгч Э.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Концессын гэрээг цуцлахдаа нэг талын буюу Засгийн газрын байр сууринаас хандсан гэдгийг хавтаст хэргийн 181 дүгээр талд байгаа албан бичгээс харж болно. Уг албан бичиг нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Эрчим хүчний яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой албан бичиг байдаг. Тухайн албан бичигт Эрчин хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга 2017 онд консорциум гарч 2009 оны төслийн судалгаа өнөөдрийн байдлаар хуучирсан байна гэж дурдсан. Гэтэл 2012 онд уг төслийн байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулж түншлэл, тухайн төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байсан учир 100 хувь өөрсдийн хөрөнгөөр ТЭЗҮ хийж 2015 оны 07 дугаар сард батлуулж, байгаль орчны нэгдсэн үнэлгээг 2016 оны 06 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан байдаг. Тийм учир албан бичигт дурдсан судалгаа хуучирсан гэх мэдээлэл нь буруу, ташаа юм. Тухайн судалгааны дагуу төслийг гүйцэтгэж эхлэхгүй байсан нь газрын маргаан шийдэгдээгүй тул удааширч байтал манай зүгээс түншлэл тарсан гэж гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Тухайн үед мөрдөгдөж байсан Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу эрх бүхий этгээд нь газрыг ашиглах эрхийг нэн даруй шийдвэрлэх үүрэгтэй мөн Концессын гэрээний 3.1.3, 8.1.3-т Засгийн газар ажлын талбайг станцын барилга угсралтын ажил бэлэн болгох нөхцөл бүрдүүлсэн буюу газрыг чөлөөлсөн байдлаар концесс эзэмшигчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Газрын асуудал шийдэгдээгүй байхад түншлэлийн зүгээс судалгаа хийж байхад захиалагч талаас үүргээ биелүүлэхгүй байсан учир түншлэл тарж уг төслийг манай компани үргэлжлүүлж хийхээр хувьцааг шилжүүлсэн баримт цугларсан. Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн дагуу захиргааны байгууллага нь өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй танилцах боломжийг олгох үүрэгтэй боловч бид одоог хүртэл Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолтой танилцаагүй байгаа тул Концессын гэрээг цуцлах болсон үндэслэл бидэнд тодорхойгүй байна. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны №03/684 мэдэгдэлд энэхүү 179 дүгээр тогтоолыг илгээгээгүй болно. Үүнээс гадна Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны “Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” №03/684 мэдэгдэлд манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж заасан байдаг боловч ямар үүргийг хэрхэн биелүүлээгүй нь тодорхойгүй байна. Сонсох ажиллагаа яаж хийсэн талаар хариуцагчаас ямар ч баримт ирүүлээгүй тул Засгийн газрын тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна...” гэжээ.
2.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Монгол Улсын Засгийн газрын 2014 оны "Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай" 187 дугаар тогтоолыг үндэслэн 2014 оны 6 дугаар сард Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон "ФКХЭПП" ХХК нар нь "Дулааны Ѵ станц төсөл"-ийг хэрэгжүүлэх зорилгоор концессын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх-шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг төслийг хэрэгжүүлэгч нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчийн эрхээс татгалзаж, “Н” ХХК-д бүх орлого, зарлагын хамт шилжүүлж өгсөн. Уг асуудлаар нэхэмжлэгч компаниас албан ёсоор албан бичгээр мэдэгдсэн байдаг. 2021 онд концессын гэрээтэй холбоотой шалгалт хийгдсэнийг хэрэгт авагдсан баримтаас мэдсэн. Тухайн үед концессын гэрээг нэгдсэн бүх гэрээг шалгалтад хамруулсан. Үүний үндсэн дээр Эрчим хүчний яамнаас тухайн үед аль төслүүд ямар шалтгаантай удсан талаар танилцуулсан албан бичиг үйлдсэн байдаг. Уг албан бичгээс үзэхэд гэрээтэй холбоотойгоор Монгол Улсад хэрэгжиж байгаа бүх төсөл арга хэмжээ нь тодорхойгүй байдалд орсон дүр зураг байдаг. Энэ төслийн хувьд бусад төслөөс ялгаатай нь газрын эрхийн хувьд маргаантай байгааг Эрчим хүчний яамнаас дурдсан байдаг. Гэтэл Засгийн газраас адил цаг хугацаанд хэрэгжиж эхлэхээр тусгагдсан зарим төслийг ялгавартайгаар цуцлаагүй үлдээсэн байдаг. Манай гэрээг цуцалсан шийдвэрийг Засгийн газар түүнийг төлөөлж байгаа этгээд нь хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээ авахгүйгээр сонсох ажиллагаанд талуудыг оролцуулаагүй. Концессын гэрээний зохицуулалтын дагуу ямар нэг арга хэмжээ авалгүй шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой шүүхийн харьяалал өөрчлөгдөж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг харьяалагдан шийдвэрлэгдэж байна. Хариуцагч нараас концессын гэрээний талууд буюу гадаад улсын хөрөнгө оруулагчид нь эрх эзэмшигчийн эрхээсээ татгалзсан нөхцөлийг хамааруулан тайлбарлаж байгаа. Концессын тухай хуульд зааснаар концессын тухайлсан харилцаанд тухайн хууль өөрт нь заасан асуудал Иргэний хуулиар зохицуулна. 2017 онд гэрээний нэг тал нь хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулсан талаар албан ёсоор мэдэгдсэнээс хойш гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаар Засгийн газрын төлөөлөгчөөс гомдол, санал ирүүлж байгаагүй. 2021 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч компанийн зүгээс шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж хэрхэн гэрээний хэрэгжилтийг биелүүлэх саналыг тухайн үед Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газраас саналыг Эрчим хүчний яаманд хүргүүлж үүнийг шингэрүүлсэн байгалийн хийн технологиор шийдвэрлэхийг чиглэл болгосон. 2021 оны 12 дугаар сард буюу 3 сарын дотор ТЭЗҮ боловсруулж хэрэгжих боломжтой болго гэж биелэгдэх боломжгүй шаардлага тавьж заасан хугацаанд гэрээ хэрэгжүүлээгүй гэж Засгийн газраас тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний эрхээ хэрэгжүүлэх боломжтой бол гадаад улсын хөрөнгө оруулагчид татаж явах байсан боловч Засгийн газрын тогтоол гарсан учир 2 жилийн хугацаанд гэрээ хэрэгжүүлэх боломжгүй байдалтай байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 179 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “...Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 18/13 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 23 дугаар тэмдэглэлийг үндэслэн "Дулаан Ѵ цахилгаан станц төсөл"-ийн концессын сонгон шалгаруулалтыг 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, нийт 34 компани оролцох сонирхол илэрхийлснээс 11 консорциум урьдчилсан шалгаруулалтад саналаа ирүүлсэн байдаг. Тус 11 консорциумаас "И П" ХXК, “С к”, "П Э" ХХК, "Н” ХХК-ийн нэгдэл хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогчоор сонгож, уг консорциумын байгуулсан төслийн компани болох Монгол Улсад бүртгэлтэй ФКХЭПП" ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх олгосон. "ФКХЭПП" ХХК нь Концессын гэрээний И-д зааснаар концесс эзэмшигчийн байр сууринаас байгуулсан тус зориулалтын буюу тус концессын төслийг хэрэгжүүлэхийн тулд байгуулсан төслийн компани бөгөөд Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан концесс эзэмшигч биш юм. Дээрх концесс эзэмшигч түншлэлийн "И П" ХХК, “С к”, "П Э" нар нь түншлэлээс гарч зөвхөн "Н” ХХК нь энэхүү төслийн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Концессын тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд зааснаар концессын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, түншлэгч тус бүрийн тухайн төслийг гүйцэтгэхэд шаардагдах санхүүгийн болон техникийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, бусад 11 консорциумаас хамгийн өндрөөр үнэлж, сонгон шалгаруулсан. Гэтэл тус түншлэл буюу консорциум нь тарснаар "Дулааны V цахилгаан станц төсөл"- ийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч, өнөөдрийг хүртэл гэрээний урьдчилсан нөхцөлийг ч хангаагүй...” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Эрчим хүчний сайд концессын асуудал дээр Засгийн газрыг төлөөлөх эрх хэмжээтэй этгээд биш. Нэхэмжлэгч компани нь 4 хувьцаа эзэмшигчтэйгээс 3 нь гадаадын компани 1 нь “Н” ХХК байдаг. Анх төсөл Концессын тухай хуульд заасны дагуу уралдаант сонгон шалгаруулалтын үндсэн дээр гарч ирж байгаа. Нэхэмжлэгч компанийн хэлбэрээр бус консорциум хэлбэрээр оролцсон. Концессын тухай хуульд заасны дагуу түншлэл хэлбэрээр оролцож байгаа тохиолдолд тухайн түншлэлийн удирдлагын баг, санхүүгийн чадавх, боловсон хүчин, ажлын туршлага зэргийг түншлэлийн гишүүн бүрийн хувьд харж үзэн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа. Сонгон шалгаруулалт хийгдэж дуусаад концессын гэрээ байгуулагдаж хэрэгжилт явж байх үед төслөөс гарсан тохиолдолд концесс олгогчоос зөвшөөрөл авах ёстой. Үүнийг Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.5-д хуульчилж өгсөн. Түншлэл хэлбэрээр оролцож тусгай зориулалтын компани байгуулж түүгээр орж байгаа тохиолдолд нэхэмжлэгч компани нь хувьцааны хяналтын багцаас дээш хувьцааг концесс олгогч буюу Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх хориотой. Шилжүүлж байгаа тохиолдолд Засгийн газрын санаачилгаар гэрээ цуцлах үндэслэл бий болно. Хэргийн материалаас үзэхэд хяналтын багцаар зогсохгүй хувьцааны 90 хувийг шилжүүлж авсан. Компанийн тухай хуульд заасны дагуу хяналтын багц нь компанийн нийт гарсан энгийн хувьцааны 33 хувь түүнээс дээш хувийг ойлгодог. Бодит байдал дээр 90 хувийг түншлэлийн 1 компани өөртөө шилжүүлж авсан. Энэ нь цаашид төсөл хэрэгжих боломжтой эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа. Эрчим хүчний сайдаас түншлэлийн гишүүд хувьцаагаа шилжүүлснийг асуудалгүй гэж тайлбарлаад байдаг. Эрчим хүчний сайд мэргэжлийн асуудал дээр зөвлөгөө өгөхөөс концессын асуудал нь зөвхөн эрчим хүчнийх биш эдийн засаг, санхүү төсвийн цогц арга хэмжээ байдаг. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яам төлөөлж гэрээ байгуулсан. Эдийн засаг, хөгжлийн яам албан ёсоор гэрээ хэлэлцээр хийх бүрэн эрхтэй этгээд юм. Концессын гэрээний 2.2-т заасан урьдчилсан нөхцөлүүдээс нэхэмжлэгч компани нийт 9 урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Засгийн газраас хангах урьдчилан нөхцөл нь нэхэмжлэгч компанийн өөрсдийн урьдчилсан нөхцөлүүдийг бүрдүүлсний дараа хэрэгжүүлэх боломжтой нөхцөлүүд байдаг. Газрын асуудлыг Концессын гэрээний 3.1.3-т барилга угсралтын ажил эхлэхэд буюу ажлын талбайд нэвтэрч орох үед Засгийн газар газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна гэж заасан. Концессын төсөл шууд ажлын талбайд орж барьж эхлэхгүй. Барилга угсралтын ажил урьдчилсан нөхцөл болох шаардлагатай бүхий л баримт бий болж байж эхэлнэ. Үүнийг нэхэмжлэгч компаниас Засгийн газар газар чөлөөлж өгөөгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй..” гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд “... Төрийн албанд эргэж орохдоо 2019 онд батлагдсан хууль дүрэм журмаа сайн судалж үзэх байсан тул нэхэмжлэгчийн буруу” гэж, бичгээр “...хууль дүрмээ дагасан нь зөв гэж үзэж байна. Ж.Жамъянтивд алдаа байна гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын заалт зөв гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “ФКХЭПП” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандалмаагаас тус шүүхэд “...Монгол Улсын Засгийн газрын “Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 179 дугаар тогтоолын “ФКХЭПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган, түүний үндэслэлээ “...маргаан бүхий тогтоолыг гаргахын өмнө МУЗГ түүнийг төлөөлж буй Эдийн засаг, хөгжлийн яам нь сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. “Концессын гэрээ цуцлах тухай” 03/684 дүгээр мэдэгдэлд манай компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж заасан байдаг боловч ямар үүргийг хэрхэн биелүүлээгүй нь тодорхойгүй ...” гэж тайлбарласныг хариуцагч Засгийн газар эс зөвшөөрч “...Засгийн газрын 242 дугаар тогтоол нь гадагшаа чиглэж өөр этгээдэд үр дагавар үүсгээгүй тул захиргааны акт биш, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...” гэж маргасныг гуравдагч этгээд Эдийн засаг, хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж мөн адил тайлбар гарган мэтгэлцэж байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тогтоолын дагуу 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах, цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх 450 МВт-ын хүчин чадал бүхий “ДЦС-5” нэршилтэй байгууламжийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх тухай” концессын гэрээг “ФКХЭПП” ХХК- тай байгуулсан, уг гэрээний 2 дугаар зүйлд гэрээний хугацаа ба урьдчилсан нөхцөлүүдийн талаар тусгахдаа гэрээ байгуулсан өдөр уг гэрээний 2,15,16,17 дугаар зүйл болон бусад 11 хэсгийн заалт хүчин төгөлдөр болохоор, 2.1.2-д “...талууд энэхүү гэрээ болон “ДЦС-5” Төслийн бусад гэрээнүүдэд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг тохиролцсон даруйд Засгийн газраас энэхүү гэрээнд оруулахаар тохиролцсон нэмэлт өөрчлөлтүүдэд гарын үсэг зурахаар санал болгож буй өдрийг концесс эзэмшигчид мэдэгдэх”, 2.1.4-т “Гэрээ хүчин төгөлдөр болсноор энэхүү гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр болох бөгөөд нөхцөлүүдийнх нь дагуу хугацаанаас нь өмнө дуусгавар болгосноос бусад тохиолдолд Станцын үйлдвэрлэл эхлэх өдрөөс хойш хорин таван жилийн хугацаанд бүхэлдээ хүчинтэй хэвээр үйлчилнэ” гээд, 2.2.1.1-д “Концесс эзэмшигч ба нөгөө тал нь гарын үсэг зурж, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Дулаан худалдах, худалдан авах гэрээ, Ус ашиглах гэрээ, Газар ашиглах гэрээ, Нүүрс ашиглах гэрээ тус бүрийг...Засгийн газарт хүргүүлсэн байх,...дээрх гэрээ тус бүрийг Концесс эзэмшигчтэй байгуулахыг гэрээний нөгөө тал нь зөвшөөрч тохиролцох явдлыг баталгаажуулахын тулд Засгийн газар боломжит бүхий л хүчин чармайлтаа гаргах нөхцөлийг баримтална”, 2.2.1.2(а)-д; “ДЦС-5” Төслийн санхүүжилтийн баримт бичгүүдийн гарын үсэг зурсан хувийг, Концесс эзэмшигч ба зээлдүүлэгчдийн тохиролцсон санхүүгийн суурь загварыг, ...Гүйцэтгэлийн баталгааг Засгийн газарт хүргүүлсэн байх”, 2.2.1.6-д “Консорциумын зүгээс Засгийн газарт төлөх бэлтгэл ажлын зардлын төгрөгөөр илэрхийлсэн дүнг шилжүүлэх”, 13.7.1-д “Засгийн газар нь ямарваа шалтгаанаар энэхүү гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг Концесс эзэмшигчид хэдийд ч өгч болох ба тийнхүү өгсөн өдрөөс хойш 30 өдрийн хугацаа өнгөрснөөр тус гэрээ дуусгавар болно” гэж, мөн гэрээний Нийтлэг үндэслэлийн Е-д “концесс эзэмшигчийг сонгох, гэрээ болон төслийн бусад гэрээнүүдийг эцэслэн байгуулах ажиллагааг төлөөлүүлэн хариуцуулахаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Эрчим хүчний яамнаас байгуулсан хамтарсан ажлын хэсэг төслийн талаарх ТӨХ-ны эрх мэдэл, хариуцлагыг 2012 оны 9 дүгээр сараас эхлэн шилжүүлэн авахаар”, И-д “Түншлэл нь Төсөлтэй холбоотой гэрээнүүдийг Концесс эзэмшигчийн байр сууринаас байгуулах тусгай зорилгоор “ФКХЭПП” ХХК-ийг байгуулсан” гэж тус тус заажээ.
4. Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 179 дүгээр “Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын 1 дүгээр заалтаар “Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй...” “ФКХЭПП” ХХК-тай байгуулсан гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлах арга хэмжээ авахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд даалгаж, тогтоолын 2 дахь заалтаар “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.
5. Уг тогтоолыг үндэслэн Эдийн засаг, хөгжлийн яамны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/684 дугаар “Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх гэрээг цуцалж байгааг “ФКХЭПП” ХХК-д мэдэгджээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ФКХЭПП” ХХК-ийг Концессын гэрээний И-д зааснаар концесс эзэмшигчийн байр сууринаас гэрээ байгуулах зориулалтын дагуу байгуулсан төслийн компани учраас Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан концесс эзэмшигч биш гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
7. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 18/13 дугаар зөвлөмж, Засгийн газрын 23 дугаар тэмдэглэлийг үндэслэн “ДЦС-5” төслийн концессын сонгон шалгаруулалтыг 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, “И П” ХХК, “С к”, “П э” ХХК, “Н” ХХК-ийн нэгдэл “хамгийн сайн нөхцөл санал болгосон” оролцогчоор шалгарсны дараа талууд бүх хувьцаагаа “Н” ХХК-д шилжүүлж, оролцогч 3 компанийн тухайд түншлэлээс гарсан, улмаар хувьцааг шилжүүлэхтэй холбоотой бүртгэл 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хийгдэж, түншлэлд оролцсон төслийн компани болох Монгол Улсад бүртгэлтэй “ФКХЭПП” ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тогтоолоор барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон боловч, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх болон шилжүүлэх зорилгоор “ФКХЭПП” ХХК-тай концессын гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг концесс эзэмшигч биш гэж үзэх боломжгүй, мөн түншлэл тарсан үндэслэлээр концессын гэрээг цуцлаагүй байна.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээний Нийтлэг үндэслэлийн К-д заасан “Талууд энэхүү гэрээг дор дурдсан нөхцөлүүдийг хангахаас өмнө байгуулж байна” гээд “ДЦС-5” Төслийн бусад гэрээнүүдийг, ялангуяа Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Дулаан худалдах, худалдан авах гэрээний дагуух үнэ, тарифын талаарх тохиролцоо...болон гэрээнд оруулахаар тохиролцсон аливаа нэмэлт, өөрчлөлтүүдийг эцэслэх, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг дахин бүрэн гүйцэтгэх, концесс эзэмшигч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тохиолцсон...татварын тодорхой хөнгөлөлт олж авах, төслийн талбайн байршлыг ажлын талбай руу шилжүүлэн өөрчилснөөс үүдэх хянан магадлалтыг бүрэн гүйцэтгэх, станцын бүрэлдэхүүн хэсэгт аль нэмэлт байгууламжууд орохыг Талууд харилцан тохиролцох, төслийг санхүүжүүлэх зорилгоор Концесс эзэмшигч станцад өмчлөлийн хувь оролцоотой байж болох зэрэг гэрээтэй холбоотой олон асуудлыг талууд цаашид тохиролцох нөхцөлтэйгөөр гэрээнд тусгажээ.
9. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.4-т “ДЦС-5” төслийн ажлыг 2021 онд багтаан эхлүүлэх хугацааг концесс эзэмшигчид өгч, заасан хугацаанд төслийг эхлүүлээгүй тохиолдолд концесс эзэмшигчийн эрх, үүргийг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.
10. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/350, 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/427, А-1/429, 05 дугаар сарын 18-ны өдрийн А-1/515 албан бичгүүдээр дээрх төслийг танай компани хэрэгжүүлэх эсэх, хэрэв хэрэгжүүлэх бол төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх талаар манай байгууллагад хариу ирүүлнэ үү гэх албан бичгийг удаа дараа тус компанид хүргүүлж байсан, талууд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр уулзалт зохион байгуулснаас гадна 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-1/2058 дугаар албан бичгээр хугацаа зааж сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэгчээс тайлбар ирүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг хийх, 26 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах ажиллагааг хийгээгүй байна гэж үзэхгүй.
11. Ийнхүү концессын гэрээ байгуулагдсан хэдий ч гэрээнд урьдчилсан нөхцөлийг хангах хугацааг заагаагүйгээс Нийтлэг үндэслэлийн К-д заасан гэрээний үндсэн нөхцөлүүд тодорхой болоогүй, 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу гэрээний бүх зүйл, заалтууд гэрээ байгуулагдсанаас хойш үйлчилж эхлээгүй, 2.2-т заасан гэрээний урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Түүнчлэн нэхэмжлэгчийн ДЦС-008/2021 албан бичигт дурдсаны дагуу бид Эрчим хүчний яамнаас өгсөн чиглэлийг баримтлан байгалийн хийн цахилгаан станц байгуулах судалгааг өнөөдрийг хүртэл хийж байгаа бөгөөд цаашид Техник эдийн засгийн үндэслэлийг хөгжүүлэхэд төслийн байршлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна гэх хүсэлт, тайлбараас үзэхэд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх 450 МВт-ын хүчин чадал бүхий “ДЦС-5” нэршилтэй төслийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон гэдгээ нэхэмжлэгч тал илэрхийлсэн байх тул энэ төсөл зорилгынхоо дагуу хэрэгжих боломжгүй болсон гэж үзэхээр байна.
13. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон”, 24.2.4-д “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” тохиолдолд концессын гэрээг эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцална гэж заажээ.
14. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 179 дүгээр тогтоол нь Концессын тухай хуульд заасан хариуцагчийн эрх хэмжээнд болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх бөгөөд уг тогтоол нь нэхэмжлэгч “ФКХЭПП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
15. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Б-ийн гаргасан “... Тухайн станц барих ажил Монгол Улсын эрчим хүч, эдийн засагт маш чухал гэж үзэж байна. 5 дугаар цахилгаан станцыг барих концессын гэрээнд оролцогч талуудын гэрээний дагуу биелүүлэх үүргийн заалтуудыг аль аль нь биелүүлээгүй байх магадлалтай” гэх дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авсан болохыг болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ФКХЭПП” ХХК-ийн МУЗГ-т холбогдуулан гаргасан, “...Засгийн газрын “Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 179 дүгээр тогтоолын “ФКХЭПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА