Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 03422

 

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03422

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, рашаан  тоотод үйл ажиллагаа явуулдаг, “А.ш” ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, горькийн тоотод оршин суух, М овогт Ю.Ч /РД: /,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, горькийн тоотод оршин суух, М овогт Д.Ц /РД: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Б.Б, хариуцагч Ю.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “А.ш” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “А.ш” ХХК нь Ю.Ч, хамтран зээлдэгч Д.Ц нартай 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дугаар №217052302 тоот зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Зээлийн гэрээгээр Ю.Ч, Д.Ц нарт 12,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаатай 1 сарын 11 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч Ю.Ч, Д.Ц нарт зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. 2017 оны 5 сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн зээл 12,000,000 төгрөгийн 60 хоногийн хүү 2,400,000 төгрөг, нийт 14,400,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч Ю.Ч, Д.Ц нар нь 60 хоногийн хүү 2,400,000 төгрөг үндсэн зээлээс 5,425,000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Ю.Ч, Д.Ц нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6,575,000 төгрөг үүний 1 сарын 10 хувийн хүүгээр 2017 оны 7 сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 сарын 16-ны өдөр хүртлэх хүү болох 1,905,000 төгрөг, нийт 8,480,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

            Хариуцагч Ю.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ю.Ч миний бие “А.ш” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. “А.ш” ХХК нь 12,000,000 төгрөгийн зээлээс миний төлсөн 7,825,000 төгрөгийн үндсэн зээлээс 5,425,000 төгрөгийг төлснөөр үзэж үлдсэн 2,400,000 төгрөгийг хүүнд суутгаж авсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 12,000,000 төгрөгөөс 7,825,000 төгрөгийг төлж, 4,175,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үүнийгээ төлж барагдуулах нь үнэн болно. “А.ш” ХХК нь 10 хувийн хүүтэй мөнгө мөнгө зээлүүлсэн гэж хэлж байна. Гэвч олгосон үндсэн мөнгөн дээрээ гэрээ байгуулсан сараараа хүүгээ тооцоолж тэгш хуваан өдөр болгон төлүүлдэг байсан учраас авсан мөнгөө бүтнээр нь сар ашиглаж 10 хувийн хүүгээ төлөх боломжгүй,  тооцож үзэхээр сарын 10 хувиас илүү байдаг. Зээл авахад зээлдүүлсэн мөнгөнийхөө 1 хувийг бэлнээр суутгаж авдаг. Үүнийг гэрээнд тусгаагүй. “А.ш” ХХК-иас олон удаа өндөр хүүтэй мөнгө зээлж цаг тухайд нь төлж байсан түүхтэй. Сүүлд авсан 12,000,000 төгрөгийн зээл нь дээр үйл ажиллагаа зогсож өрөнд орсон учраас дутуу барагдуулсан. Үйл ажиллагаагаа зогсоохгүй амжилттай болгох гэж хичээн олон хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж өрийн сүлжээнд орсон. Иймд мөнгөний хүүг багасгаж өгнө үү. Мөн хариуцагч Д.Ц нь энэ зээлээс ямар ч мөнгө аваагүй. Би дангаараа бизнестээ хэрэглэсэн. “А.ш” ХХК-иас заал олгохдоо нийгмийн даатгал төлдөг хүн заавал байх ёстой гэсэн тул Д.Ц оролцуулсан. Д.Ц мөнгө аваагүй, би хариуцаж өр төлбөрийг барагдуулна. Иймд Д.Ц хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Мөн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 1,905,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие “А.ш” ХХК-иас мөнгө гардаж аваагүй. Ю.Ч нь “А.ш” ХХК-иас зээл авахад нийгмийн даатгал төлдөг хүн байх ёстой гэсний дагуу би өөрийгөө батлан даагч гэж ойлгон нотариатааар орж гарын үсэг зурсан. Энэ зээлнээс би ямар ч мөнгө авч хэрэглээгүй учраас хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 
   
 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “А.ш” ХХК нь хариуцагч Ю.Ч, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ю.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...12.000.000 төгрөгөөс 7.825.000 төгрөг төлсөн” гэж, хариуцагч Д.Ц нь “...мөнгийг хэрэглээгүй, нийгмийн даатгал төлдөг хүн байх хэрэгтэй гэхээр нь гарын үсэг зурсан. Би батлан даагч гэж ойлгож байгаа” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт /хх 5-6 дугаар тал/ 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт 12.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр талууд гэрээнд гарын үсэг зуржээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч Ю.Ч д 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй, нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Д.Ц-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Ю.Ч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн “...мөнгийг Ю.Ч д өгсөн” гэх, Ю.Ч  “...мөнгийг би авсан” гэх тайлбараас үзвэл хариуцагч Ю.Ч-ыг үүрэг гүйцэтгэгч гэж үзэхээр байна.

Хариуцагч Ю.Ч зээлийн гэрээний үүрэгт 7.825.000 төгрөг төлсөн, бизнес эдийн засгийн хүнд байдалд байгаа тул хүү төлөх боломжгүй, үндсэн зээл 12.000.000 төгрөгөөс 7.825.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 4.175.000 төгрөгийг төлнө гэжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар талууд зээлийн гэрээг бичгээр хийж, зээлийн хүү харилцан тохиролцон гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Ю.Ч зээлийн хүү төлөхөөс татгалзах үндэслэлгүй ба харин хүү багасгах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

“А.ш” ХХК 2017.05.23-ны өдөр 12.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй Ю.Ч-д зээлүүлжээ. Зээлдэгч 7.825.000 төгрөгийг төлсөн, зээдүүлэгч үүнээс 2.400.000 төгрөгийг 2 сарын хүүнд тооцож авсан. Одоо үндсэн зээл 6.575.000 төгрөг, 2017.07.22-ны өдрөөс 2017.10.16-ны өдөр хүртэл хүү 1.905.000 төгрөгийг шаардажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2017.07.22-ны өдөр дууссан уг гэрээг хэн аль нь сунгаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа тул “А.ш” ХХК 2017.07.22-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй. Дээрх үндэслэлээр хариуцагч Ю.Ч-аас 6.575.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.905.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, мөн нэхэмжлэлийн шаардлагаас Д.Ц-ээд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ю.Ч-аас 6.575.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А.ш” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс Д.Ц-д холбогдох хэсэг, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.905.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Ч-аас 120.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО