| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/01 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: Ц.С
Шүүгдэгч: Э.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
................ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт Эын Нид холбогдох 2012000****** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ................ аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчин, хяналт үнэлгээчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ аймгийн .......... сумын ......... дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Н овогт Эын Н /РД:А********/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Н нь ................ аймгийн ....... сумын ........ багийн нутаг дэвсгэр ........... гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.75 метрийн урттай, 12 ширхэг буюу 2.399 метр куб шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 0000 АРХ улсын дугаартай “Ниссан Ванетте” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 263.314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2012.............. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Иргэний нэхэмжлэгч Х.Мын өгсөн: “...Манай сумын иргэн Э.Н нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны үед тус сумын Тусгалт багийн нутаг, Хоолт гэх газраас эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэх асуудалд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор ямар нэг санал хүсэлт байхгүй. Уг хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг сумын төрийн сангийн 011700952 дугаарын дансанд 3 нугалж төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 ху/,
Иргэний нэхэмжлэгч С.Нийн өгсөн: “...Манай сумын иргэн Э.Н нь 2020 оны 10 дугаар сарын үед миний 0000 АРХ улсын дугаартай мазда маркийн машиныг хэрэглэж байгаад өгье гээд авсан. Тэгээд саяхан миний машинаар эрхийн биччиггүй мод тээвэрлэж яваад цагдаад баригдсан байна гэж сонссон. Би энэ машиныг аваад нилээн олон жил унаж байгаа их муудчихсан машин байгаа юм. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт алга аа. Надад машинтай холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/,
Гэрч Т.Бын өгсөн: “...Би Нийг ................ аймгийн Булган сумын иргэн гэдгээр нь мэднэ. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Булган сумын байгаль хамгаалагч Ц миний дугаар руу залгаад Н гэх залуу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна. Хашаандаа шөнө 12 ширхэг мод буулгасан байна гэж хэлсэн. Тиймээс би уг модыг ямар учиртай мод болохыг тогтоох зорилгоор Нтой уулзаад яагаад эрхийн бичиггүй мод бэлтгэсэн бэ гээд асуутал би харин зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн юм дараа нь эрхийн бичиг авна гэж бодож байсан гэж хэлсэн. Э.Н нь надад хэлэхдээ ................ аймгийн Булган сумын Хоолт баг, Байшинт толгой гэх газраас ганцаараа модоо бэлтгэсэн гэж хэлсэн. Түүний бэлтгэсэн мод нь 2 метрийн урттай, 12 ширхэг мод байсан. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгийг хаасан байсан талаар би дэлгэрэнгүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 ху/,
Гэрч С.Цгийн өгсөн: “...Н бол миний аавын төрсөн дүү Сийн хүүхэд байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед намайг унтаж байхад олны Тулгаа гэж дууддаг Гантулга гэх залуу утсаар залгаад та мод бэлтгэх эрхийн бичиг өгч байгаа юу? манай хойд талын хашааны айлын залуу Н хашаандаа мод булгаад байна гэсэн. Тэгэхээр нь би ойрын хугацаанд мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгөхгүй байгаа гэж хэлээд утсаа салгаад унтаад өгсөн. Тэгтэл өглөө 08 цагийн үед Гантулга над руу утсаар залгаад урд шөнийн Нийн хашаандаа мод буулгасан асуудлыг яаж шийдвэрлэх гэж байгаа юм бэ гээд хэлэхээр нь Цагдаагийн байгууллагаар наад асуудлаа шалгуул гэж хэлээд утсаа салгаад би сумын цагдаа руу утсаар залгаад Нийн хашаанд мод буусан байна гэж хэллээ энэ модны асуудлыг очоод шалгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Б над руу залгаад Нийн модыг өөрийн биеэр үзэж шалгаад өрөөнд хүрээд ир гэсэн. Тиймээс би босоод Нийг дагуулаад модны зургийг нь аваад хэсгийн төлөөлөгч Б дээр очсон. Б Нийг авч үлдсэн. Би ойрд эрхийн бичиг бичиж өгөөгүй байсан. Э.Н надад хэлэхдээ би урд талаас айл нүүлгэж ирэхдээ ойд унасан байсан модыг ачиж ирсэн гэж хэлсэн. Хэнтэй явсанг нь би мэдэхгүй байна. Надад бол ганцаараа мод бэлтгэсэн гэж хэлсэн. Мазда маркийн тээврийн хэрэгслээр модоо тээвэрлэсэн би улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Н нь байгаль хамгаалагч С.Чулуунбаатарын хариуцсан Булган сумын Хоолт Бугат хавиарх газраас мод бэлтгэсэн. Н мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн байна. Надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй талаараа хэлсэн. Түүний бэлтгэсэн мод нь 2 метрийн урттай, 12 ширхэг нойтон шинэс төрлийн мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч нарт бичихгүй байх чиглэлийг Булган сумын орлогч дарга Ганбаяр өгсөн. Үүний дагуу бид нар мод бэлтгэх эрхийн бичгийг бичихгүй байсан. Энэ зунаас мод бэлтгэх эрхий бичиг бичээгүй, хориглосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/,
Гэрч Б.Угийн өгсөн: “...Манай нөхөр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ................ аймгийн Булган сумын төвөөс урагшаа айл нүүлгэхээр хүний машин унаад явсан юм. Буцаж ирэхдээ мод ачаад ирсэн байсан. Тэр үед манайх гаднаа түлшгүй болчихсон байсан. Тухайн үед бод бэлтгэх эрхийн бичиг авсан үгүйг би мэдэхгүй байна. Яагаад гэвэл мод бэлтгэх гэж биш, айл нүүлгэхээр явсан юм. Тухайн мод тээвэрлэсэн гэх машин нь манай нөхрийн эзэмшлийнх биш юм. Манай сумын Ихтээл гэх газар оршин суудаг Н гэдэг хүний машин байгаа юм. Манай хашаанд үлдээгээд самарт явчихсан юм. Манай нөхөр эхээс хоёуулаа. Бид 2019 онд нэг гэрт орж амьдарсан бөгөөд одоо нэг хүүхэдтэй. Манай нөхрийн нэр дээр цөөн мал байдаг байх, сайн мэдэхгүй байна. Бид хадам аавын малыг харж амьдардаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 ху/,
Э.Нийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр галын түлээгүй болоод мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд байгаль хамгаалагч С.Цтой уулзсан чинь мод бэлтгэх эрхийн бичиг бичигдэж эхлээгүй байгаа гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ................ аймгийн Булган сумын Тусгалт багийн Хоолтын байшин толгой гэх газраас унаанги мод бэлтгэж, 10 ширхгийг тайран авч, 2 ширхэг модыг нь зам дээр байхаар нь аччихсан. Тэгээд тухайн модоо 91-29 АРХ улсын дугаартай “Мазда” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ................ аймгийн Булган сумын Зуунмод багт оршин суух хашаандаа буулгаад 2020 оны 10-р сарын 13-ны өглөө нь модоо хөрөөдөх гээд байж байхад хэсгийн төлөөлөгч Б гэдэг хүн над руу залган дуудаж ямар учиртай юун мод вэ гэж асуусан. Тэгэхээр нь би гэртээ галын түлээгүй болчихоод 12 ширхэг мод бэлдэж авчирсан юм гэж хэлсэн. Би модоо ганцаараа бэлтгэж тээвэрлэн авчирсан. Модоо бэлтгэхдээ Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөгөөр бэлдсэн, уг хөрөө нь одоо манай гэрт байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 ху/,
Э.Нийн ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон ................ аймгийн Засаг даргын дэргэдэх ойн ангийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 ху/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-36 ху/,
................ аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 89, 90 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолууд /хх-ийн 38-41 ху/,
0000 АРХ улсын дугаартай, “Ниссан ванетти” маркийн авто машины зах зээлийн үнэлгээг тогтоосон “Хас Үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 021 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 ху/,
“Хас Үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 826 дугаартай дүгнэлт /хх-ийн 62 ху/,
................ аймгийн Булган сумын Зуунмод багийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4/691 дугаартай тодорхойлолт /хх-ийн 67 ху/,
0000 АРХ улсын дугаартай, “Ниссан ванетти” маркийн авто машины эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-ийн 72 ху/,
Ял шийтгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 78 ху/,
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 79-81 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Нид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н нь ................ аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг дэвсгэр Хоолт гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.75 метрийн урттай, 12 ширхэг буюу 2.399 метр куб шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, 91- 29 АРХ улсын дугаартай “Ниссан Ванетте” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 263.314 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.Н үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Х.Мын өгсөн: “...Уг хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг сумын төрийн сангийн 011700952 дугаарын дансанд 3 нугалж төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 ху/, иргэний нэхэмжлэгч С.Нийн өгсөн: “...Манай сумын иргэн Э.Н нь 2020 оны 10 дугаар сарын үед миний 9129 АРХ улсын дугаартай мазда маркийн машиныг хэрэглэж байгаад өгье гээд авсан. Тэгээд саяхан миний машинаар эрхийн биччиггүй мод тээвэрлэж яваад цагдаад баригдсан байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 ху/, Гэрч Т.Бын өгсөн: “...Тиймээс би уг модыг ямар учиртай мод болохыг тогтоох зорилгоор Нтой уулзаад яагаад эрхийн бичиггүй мод бэлтгэсэн бэ гээд асуутал би харин зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн юм дараа нь эрхийн бичиг авна гэж бодож байсан гэж хэлсэн. Э.Н нь надад хэлэхдээ ................ аймгийн Булган сумын Хоолт баг, Байшинт толгой гэх газраас ганцаараа модоо бэлтгэсэн гэж хэлсэн. Түүний бэлтгэсэн мод нь 2 метрийн урттай, 12 ширхэг мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 ху/, гэрч С.Цгийн өгсөн: “...Тиймээс би босоод Нийг дагуулаад модны зургийг нь аваад хэсгийн төлөөлөгч Б дээр очсон. Б Нийг авч үлдсэн. Би ойрд эрхийн бичиг бичиж өгөөгүй байсан. Э.Н надад хэлэхдээ би урд талаас айл нүүлгэж ирэхдээ ойд унасан байсан модыг ачиж ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/, Э.Нийн яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 ху, Э.Нийн ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон ................ аймгийн Засаг даргын дэргэдэх ойн ангийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05 ху/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08 ху/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-36 ху/, “Ниссан ванетти” маркийн авто машины зах зээлийн үнэлгээг тогтоосон “Хас Үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 021 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 ху/, “Хас Үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 826 дугаартай дүгнэлт /хх-ийн 62 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Нийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цуглагрсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Нийн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Нийн үйлдлийн улмаас ойн санд 263.314 /хоёр зуун жаран гурван мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /263.314х3=789.942 төгрөг /долоон зуун наян есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 789.942 төгрөгийг шүүгдэгч Э.Ноос гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ................ аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 89, 90 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ болох 2.399 метр куб хэмжээтэй, 12 ширхэг, 263.314 төгрөгийн үнэ бүхий модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч . шүүгдэгч Э.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0000 АРХ улсын дугаартай, “Ниссан ванетти” маркийн авто машины үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг түүнээс гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 789.942 /долоон зуун наян есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгт төлж, үлдэгдэл 2210058 /хоёр сая хоёр зуун арван мянга тавин найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц оногдууслан 500.000/ таван зуун мянга/ төгрөгийг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 86-87 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Э.Нийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Нид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Э.Нийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ................ аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 89, 90 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 91-29 АРХ улсын дугаартай, “Ниссан ванетти” маркийн авто машины үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг түүнээс гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 789.942 /долоон зуун наян есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгт төлж, үлдэгдэл 2210058/ хоёр сая хоёр зуун арван мянга тавин найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг авто машиныг иргэний нэхэмжлэгч /эзэмшигч/ С.Нид буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.933 куб метр буюу 12 ширхэг шинэс модыг хурааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Эын Нийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 89, 2020оны 12дугаар сарын11-ний 90 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ноос гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.933 куб метр буюу 12 ширхэг хуурай шинэс модыг хурааж, шүүгдэгч Э.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 91-29 АРХ улсын дугаартай, “Ниссан ванетти” маркийн авто машины үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хурааж, уг автомашины үнээс Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх 789.942 /долоон зуун наян есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгт төлж, үлдэгдэл 2210.058 /хоёр сая хоёр зуун арван мянга тавин найм/ төгрөгийг шүүгдэгч Э.Ноос гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, тус авто машиныг иргэний нэхэмжлэгч /эзэмшигч/ С.Нид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ................ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгүй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ