Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1011

 

    2022        06        29                                  2022/ШЦТ/1011

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Сайнхүү,

хохирогч М.Бэхбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тугч бух овогт Доржийн Алтаннямыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1728 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг Сагил суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, гагнуурын цех ажиллуулдаг,  ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 37 дугаар гудамжны 71 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Улсын төв 2 дугаар эмнэлэгийн гадна хаалганы зогсоол дээр төлбөр төлөхгүй гэх шалтгаанаар хохирогч М.Бэхбаярын нүүр хэсэгт 3 удаа цохиж, түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Бэхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед Алтанням ахтай миний шүдийг эхнэрээрээ эмчлүүлж өгөхөөр болж тохиролцсон. Гэтэл одоо хэлсэн үгэндээ хүрээгүй. Би шүдээ эмчлүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд наад асуудлаа өөрөө шийд манай эхнэр эмчилгээ хийж чадахгүй гэж хэлсэн. Би тухайн үед авсан гэмтлээс бол хамрын хагалгаанд орохоор эмнэлэгт цаг авсан мөн шүдээ эмчлүүлэх хэрэгтэй байна. Одоогийн байдлаар 1.000.000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэргээс

Яллагдагч *******ын “Би хохирогчийн нүүр хэсэгт 3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Хохирогч М.Бэхбаярын “Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой 17 цагийн үед ажил дээрээ буюу Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо улсын 2 дугаар нэгдсэн төв эмнэлэгийн баруун хаалганы зогсоолын төлбөр хураамж авдаг ажил хийдэг байсан. Тэгээд 52-75 УБА дугаартай цэнхэр өнгийн тоёота румиан маркийн автомашины зогссолын 4 минутын төлбөр 500 төгрөг төлөхгүй, гарах гээд байхаар нь мөнгөө төлөөд гараа гэхэд үгүй гээд хэл амаар доромжлоод байсан бөгөөд эсрэг талын орох хаалгаар хурдлаад дайраад гарч түгжрэх үед би араас нь очоод мөнгөө төл гэхэд бууж ирээд чамд би мөнгө өгөхгүй гээд гараараа миний нүүрэн тус газар 3 удаа цохих үед миний баруун талын нүдний доод талд хөхөрч хавдсан, мөн миний үүдэн 1 дүгээр шүд хиймэл бөгөөд авагддаг тул цохиулаад адга болсон, мөн миний 2 шүд хөдөлсөн, хөндүүр болсон. Тухайн үед тэр залуу зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6110 дугаартай шинжээчийн “М.Бэхбаярын биед хоншоор ясны зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, салстын язрал, баруун дээд 2,3 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Улсын төв 2 дугаар эмнэлэгийн гадна хаалганы зогсоол дээр төлбөр төлөхгүй гэх шалтгаанаар хохирогч М.Бэхбаярын нүүр хэсэгт 3 удаа цохиж, түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч ******* хохирогч М.Бэхбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч М.Бэхбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 52 дахь тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.Бэхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл хүндэвтэр хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч М.Бэхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ