| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/1026/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1066 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1066
2022 07 06 2022/ШЦТ/1066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч Б.Болормаа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2152 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлх 51 дүгээр гудамжны 202 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сартуул овогт Шараагийн Сансармаа /РД:УП02232249/.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 110 дугаар байрны 86 тоот найз С.Анударийн гэрт байхдаа түүний эх Б.Болормаагийн эзэмшлийн түрийвчнээс 1800 долларыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 5.616.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Болормаагийн “Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлаар Эрхүү хот руу яваад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Маргааш өглөө нь түрийвчээ хартал нийт 2700 доллар байснаас 1800 доллар дутсан. Охиноосоо гэрт хүн ирсэн эсэхийг асуухад найз Сансармааг ирж хувцсаа угаасан гэж хэлсэн. Дараа нь цагдаагийн газар өргөдөл өгч хэргийг шалгуулсан. Охин хэргийн талаар Сансармаад хэлэхэд Сансармаа цагдаагийн газар очиж хэргээ хүлээсэн. Тухайн хэргийн талаар аавд нь хэлэхэд яагаад гэртээ оруулсан юм гэж хэлээд, залгахад утсаа авахаа больсон. Өнөөдөр шүүх хурал болон гэдгийг мэдээд өчигдөр холбоо барьсан. Тухайн үеийн долларын ханшаар бодоод 5.640.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
*******гийн яллагдагчаар өгсөн “Анударийн гэрт байсан түрүүвчийг нээж үзэхэд 100 долларын дэвсгэртүүд байхаар нь сандраад хэсгийг сугалаад гарсан. Тэгээд би Найман шарга валютын зах дээр очоод эхлээд 900 долларыг солиулахад нэлээн их мөнгө болсон. Би тухайн үед их сандарсан байсан болохоор тоолоогүй шууд халаасандаа хийгээд тэр мөнгөөрөө тэр өдрөө архи уусан. Маргааш нь үлдсэн 900 долларыг солиулаад ойр зуурын юманд хэрэглээд дууссан. Бас миний утасны зээлийн үлдэгдэл 400 гаруй мянган төгрөг байсан, тэрийгээ тушаагаад дууссан, би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Хохирогч Б.Болормаагийн “Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрхүү хот руу ажлаар явчхаад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 110 дугаар байрны 86 тоот гэртээ ирсэн. Намайг гэрт ирэх үед манай гэрт хүн байгаагүй, тэгээд орой манай охин Анударь ажлаа тараад ирж унтсан. Би тухайн өдөр ядарсан байсан учраас гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзээгүй. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед босоод гэрийнхээ том өрөөний стенк дотор байх доллар хадгалж байсан түрийвчээ шалгаж үзэхэд нимгэн санагдсан, иймд доллароо тоолж үзэхэд 2700 доллар байснаас 900 доллар үлдсэн байсан. Тэгээд би шууд өөрийн охин Анударийг сэрээгээд доллар дутчихсан байна ш дээ, яахаараа 900 доллар үлдсэн байдаг юм бэ гээд асуусан чинь мэдэхгүй байсан. Иймд би намайг байхгүй үед гэрт ямар хүмүүс ирсэн талаар асуухад манай охины оюутан ангийн Мөнхцэцэг, Сансармаа хоёр охиныг ирсэн гэж хэлсэн. Мөн Мөнхцэцэгийг байх үед манай охин гэрээ эзэнгүй үлдээгээгүй, харин Сансармаа гэх охиныг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирэх үед гэртээ үлдээгээд 16 цагийн үед ажилдаа явсан гэж хэлсэн. Тэгээд би шууд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж ирсэн. Үүнийхээ дараа тэр өдрөө өөрийн охин Анударийг Сансармаатай уулзаад хулгай хийсэн эсэхийг нь өөрт нь мэдэгдэлгүйгээр өмсөж зүүж байгаа, эдэлж хэрэглэж байгаа зүйлсэд нь өөрчлөлт орсон эсэхийг мэдчих гэж хэлээд холбогдуулсан боловч Сансармаа шалтаг тоочоод уулзахгүй зайлсхийгээд байсан. Ингээд өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 12- ны өдөр манай охин Анударь Сансармаатай уулзаж ярилцахад уг 1800 долларыг хулгайлсан, долларыг найман шарга дээр солиулаад 5.600.000 орчим төгрөг болсон, уг мөнгийг дүүгийнхээ хаалганы төлбөрт аавдаа өгчихсөн гэж хэлсэн байсан...манай ээж Оюун нь Бүгд найрамдах Солонгос ард улсад ажиллаж амьдардаг юм. Улмаар над руу тогтмол долларыг VIР каргогоор явуулдаг, тэгээд би хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1000 долларыг төгрөгөөр солиулаад, үлдэгдэл 2700 долларыг гэрийнхээ стенк дотроо үлдээсэн. Үүнээс хойш огт хэрэглээгүй. Хамгийн сүүлд Эрхүү хот руу явахын өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үзэхэд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Гэрч С.Анударийн “Манай ээж Болормаа нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 цагт Эрхүү хот руу ажлаар явсан. Үүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04 цагийн үед манай найз Мөнхцэцэг надтай хамт гэрт байж байгаад орой 17 цагийн орчим явсан. Тухайн үед би гэрээсээ огт гараагүй, Мөнхцэцэгтэй хамт байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 40 минутад манай оюутан ангийн найз Сансармаа манай гэрт хувцсаа угаасан. Би тухайн өдрийн 16 цаг 50 минутын үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Тэр үед Сансармаа манай гэрт хувцсаа угааж дуусгаад явна гэж хэлээд ганцаараа үлдсэн. Тэгээд 17 цаг 50 минутын үед Сансармаа над руу гэрээс гараад явж байна гээд чат бичсэн. Ингээд би шөнө 03 цагийн үед гэртээ ирэхэд манай ээж Б.Болормаа гэртээ ирчихсэн унтаж байсан. өглөө 07 цагийн үед манай ээж Б.Болормаа миний өрөөнд орж ирээд доллар алга болчихсон байна, 2700 доллароос 900 доллар үлдсэн байна гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед надтай Сансармаа уулзсан. Тэр үед намайг мөнгө хулгайлсан талаар огт асуугаагүй байхад Сансармаа надад найз нь үнэнээ хэлье гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарахаасаа өмнө Сансармаа автобусны мөнгө хайж байгаад стенк дотор байсан түрийвчийг олж хараад доллар хулгайлж авсан талаараа ярьсан. Тухайн үед би түрийвчнээс долларыг сугалж авсан. Тэгээд танай байрны саравчинд суугаад тоолоход 100 доллар 18 ширхэг байсан гэж ярьж” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Монгол банкны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ханшийн статистик лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Гэрч Я.Шараагийн “******* миний төрсөн охин, 2002 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа эцэг эхийн асрамжид өсөж, бүрэн дунд боловсролыг Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд 12 дугаар ангийг 2019 онд төгсөж эзэмшсэн. Улмаар 2021 оны 09 дүгээр сараас Их засаг Их сургуулийн Хууль зүйн сургуульд элсэн суралцаж байгаад 2022 оны 04 дүгээр сараас сургуулиасаа гарсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, эмээ болон миний хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 51-220 тоотод оршин суудаг. Түүний эх болох М.Мягмартуяа нь 2017 онд учир битүүлгээр нас барснаас хойш гадуур бага зэрэг дэмий тэнэж явах хандлагатай болсон, урд өмнө хүүхдийн утас авсан гэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, оршин суугаа газраасаа 3 удаа алга болж эрэн сурвалжлагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Иргэний цахим үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулан, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 110 дугаар байрны 86 тоот найз С.Анударийн гэрт байхдаа түүний эх Б.Болормаагийн эзэмшлийн түрийвчнээс 1800 долларыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 5.616.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Болормаа, гэрч С.Анударь, яллагдагч ******* нарын мэдүүлэг, валютын ханшийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хулгайлах гэмт хэргийг хувьд бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч ******* нь хүний өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэхгүйгээр халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болормаад учирсан 5.616.000 төгрөгийн хохирол хохирол бүрэн төлөгдсөн тул *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 20 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, хохирогчоос ял хүндрүүлэх саналыг тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бага, хор уршиг учраагүй шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Шараагийн Сансармааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох энэ шийдвэрийг эс зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ