Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 49

 

 

Д.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2017/00528 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багт оршин суух, Тариачин овогт Даваахишигийн Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багт оршин суух, Ар түмт овогт Түдэвийн Оргилсайханд холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Т.Оргилсайхан түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ж.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2010 онд Т.Оргилсайхантай танилцаж, 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 онд хүү О.Жанцанноров, 2013 онд хүү О.Аззаяа нар төрсөн. Бид гэрлэсэн цагаас зан харьцааны хувьд таарамж муутай байсан бөгөөд Т.Оргилсайхан нь намайг хардаж, архи уусан үедээ хутга, буу барьж айлган сүрдүүлж ирсэн. Энэ хугацаанд би 3 удаа хөөгдөж, 2 хүүхдээ дагуулан аавындаа ирж байсан. Цаашид бид хамт амьдрах боломжгүй учраас одоо тусдаа амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, Т.Оргилсайханаас тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Бид 2010 онд гэр бүл болсон бөгөөд 2011 онд хүү О.Жанцанноров, 2016 онд хүү О.Аззаяа нар төрсөн. Бид хамтран амьдрах явцдаа үл ялиг шалтгаанаас болоод хэрэлдэж, муудалцах тохиолдол байсан боловч гэр бүл цуцлах хэмжээнд хүрээгүй. Би гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүүхдийнхээ ирээдүйг бодож байна. Хэрэв гэр бүл цуцлахаар бол би хоёр хүүгээ авна. Бид нар тусдаа амьдраад 8 сар болж байна. Манайд тэмээ байхгүй, харин манай дүүгийн мал манайд бас тоологддог байсан. Бид нарыг гэрлэхэд том гэр барьж өгсөн бөгөөд одоо том гэр амбаарт хураасан байгаа. Би одоо жижиг гэрээ барьсан байгаа. Би эхнэртэйгээ эвлэрээд хүүхдүүдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2017/00528 дугаар шийдвэрээр 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ар түмт овогт Түдэвийн Оргилсайхан, Тариачин овогт Даваахишигийн Ичинхорлоо нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Жанцанноров, 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү О.Аззаяа нарыг эх Д.Ичинхорлоогийн асрамжид  үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Жанцанноров, 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү О.Аззаяа нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Оргилсайханаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Ичинхорлоод даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Иргэний хуулийн 126 дугаар зүлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс том гэр болон 3 тооны адуу, 15 тооны үхэр, 261 толгой хонь, 276 толгой ямааг нэхэмжлэгч Д.Ичинхорлоо, хүү О.Жанцанноров, О.Аззаяа нарын өмчлөлд үлдээж, жижиг гэр болон 3 тооны адуу, 10 тооны үхэр, 92 толгой хонь, 97 толгой ямааг хариуцагч Т.Оргилсайханы өмчлөлд тус тус үлдээсүгэй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ичинхорлоогийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оргилсайханаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ичинхорлоод олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын аргж хэмжээ авах байтал зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг авсан эсэхийг тодруулалгүйгээр Т.Оргилсайхан, Д.Ичинхорлоо нарын гэр бүлийг цуцласанд гомдолтой байна.

Шүүх хуралдаанд Т.Оргилсайхан нь гэр бүлээ цуцлуулах хууль зүйн үндэслэл байхгүй, эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдрахаа илэрхийлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримт үнэн зөв, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх  хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч Д.Ичинхорлоо, хариуцагч Т.Оргилсайхан бидний дундын эд хөрөнгө 30 кг ноолуурыг ганцаараа Д.Ичинхорлоо авсан. Мөн дүү Т.Баттогтох 30 кг ноолуурыг хонинд явсан хойгуур аваад явсныг шалгуулж байна. Бидний дундын эд хөрөнгө болох малын цоохорт миний төрсөн дүү Т.Батмөнхийн мал ордог байтал шүүхээс тодруулалгүйгээр хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Т.Оргилсайханы хувьд гэрлэлтээ цуцлуулсан тохиодолд хүү О.Жанцанноров, О.Аззаяа нарыг өөрийн асрамжиндаа авах талаар  маргасан байхад шүүх хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх зээлийн төлбөрийг хувааж хариуцах талаар анхаараагүй энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийн цуцалж, хүү О.Жанцанноров, О.Аззаяа нарыг эх Д.Ичинхорлоогийн асрамжид үлдээж, эцэг Т.Оргилсайханаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

            Харин шүүх нэхэмжлэгчийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэрлэгчдэд малыг хуваахдаа эр, эм, нас хүйс зэргийг тодорхойлж бичээгүй байна.

Мөн шүүх малыг гэр бүлийн гишүүдэд хуваахдаа хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагаас илүү мал хуваасан алдаа гаргасан нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал: Гэрлэгчдийн малын талаар хэрэгт авагдсан Чандмань сумын Жаргалант багийн Засаг дарга З.Онолбаатарын тодорхойлолт[1], Ховд аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуугийн тодорхойлолт[2]-оор тус тус Т.Оргилсайхан нь 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 20 үхэр тоолуулсан байхад шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Ичинхорлоо, хүү О.Жанцанноров, О.Аззаяа нарт 15 үхэр, хариуцагч Т.Оргилсайханд 10 үхэр хувааж нийт 25 үхэр хуваасан, 350 хоньтой байхад шүүхийн шийдвэрээр  нэхэмжлэгч Д.Ичинхорлоо, хүү О.Жанцанноров, О.Аззаяа нарт 261 хонь, хариуцагч Т.Оргилсайханд 92 хонь хувааж нийт 353 хонь хуваасан, 370 ямаа байхад шүүхийн шийдвэрээр  нэхэмжлэгч Д.Ичинхорлоо, хүү О.Жанцанноров, О.Аззаяа нарт 276 ямаа, хариуцагч Т.Оргилсайханд 97 ямаа хувааж нийт 373 ямаа хуваасан, мөн адуу 6 байхад ямар үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ичинхорлоо, хүү О.Жанцанноров, О.Аззаяа нарт 3 адуу, хариуцагч Т.Оргилсайханд 3 адуу хуваасан нь ойлгомжгүй болжээ. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин хариуцагч Т.Оргилсайхан, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлын тухайд,

            Нэг. Гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваагүй, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг авсан эсэхийг тодруулахгүйгээр гэрлэлтийг цуцалсанд гомдолтой гэжээ. Хавтаст хэргийн 63 дугаар хуудаст 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд 3 сарын эвлэрүүлэх хугацаа өгч хэргийг түдгэлзүүлсэн байна. Мөн хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж амжилтгүй болсон тухай баримт авагдсан байна.

            Хоёр. Хариуцагч нь нэхэмжлэгчээс ноолуур эсхүл ноолуурын үнэ гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Т.Оргилсайханы нэр дээр түүний дүү Т.Батмөнхийн мал тоолуулсан, гэрлэгчид нь банкны зээлтэй, банкны зээлийн барьцаанд малаа барьцаалсан гэх давж заалдах гомдолд дурдсан үйл баримтуудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2017/00528 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас