Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Ө.Сарангоод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501070359 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                           Л.Отгончимэг

 Улсын яллагч:                                            Ж.Бүрэнжаргал

Хохирогч  Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийг төлөөлж  Г.Оюунтуяа                                            

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                      Ц.Цэнд-Аюуш

Шүүгдэгч:                                              Ө.Сарангоо нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 39 настай,  эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” төвд оёдолчин ажилтай байсан, ам бүл ганцаараа Багануур дүүргийн 4 дүгээр хороо  Рашаантын 10 дугаар гудамжны 11 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн  Өвгөнхүүгийн Сарангоо /РД:СР77050604/

Прокурорын яллах дүгнэлтэд тогтоосноор Ө.Сарангоо нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны орой  21 цагийн үед өөрийн 7 сартай хүү Түвшинбаатарыг ганцааранг нь асаалттай лааны гэрэлд хараа хяналтгүй орхиж хайхрамжгүй хандсаны улмаас гал гарч түүний амь насыг хохироож болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт

  • Талийгаач нь угаарын хий хурц хордлогын улмаас нас баржээ.
  • Нас барсан цагийг тогтоох боломжгүй.
  • Талийгаачид эмнэлгийн анхны тусламжаар амь насыг аврах боломжгүй байна гэжээ  /хх-34-35/

Гал түймэр гарсан тухай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/11 дугаартай актад

  • Багануур дүүргийн 5 дугаар хорооны Залуус хэсгийн “Аяга” ХХК-ний хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу 2015 оны 11 дүгээр 28-ны өдрийн 21 цаг 06 минутад очиж галын тархалтыг 21 цаг 08 минутад зогоож, 21 цаг 16 минутад 1.5 тонн ус зарцуулж бүрэн унтраасан.
  •  галын голомт нь гэрийн зүүн хойд талаас эхэлсэн ба лаа асааж орхисны улмаас шатах материалд цонолт өгч гал гарсан байх магадлалтай байна гэжээ /хх 38-39/

            Шүүгдэгч Ө.Сарангоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ.

2015 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цаг өнгөрч байхад хүү Түвшинбаярыг гэрийн хойно дэвссэн гудсан дээр унтуулаад лаагаа аяганы ёроолд суурилуулсан лаагаа асаалттай орхиод хаалгаа аяархан хааж хойд талын гудамжинд байдаг Отгонбаатарынх руу явж жорлонд нь бие засаад, сүхийг нь оруулж өгсөн. Тэднийд сууж байхад охин нь “эгчээ гэр чинь шатаж байна” гэсэн тул гэр лүүгээ гүйж очоод хаалга онгойлгоход битүү  утаа болсон байсан ба өөдөөс гал дүрэлзээд орж чадаагүй тул хүүхэд авраад өгөөч гэж хашгирсан. Хажуу хашааны залуу ирж бүслүүр тасалж орох гэсэн боловч гал улам дүрэлзээд чадаагүй. Галын машин, цагдаа ирсэн. Надад их хэцүү байна. Болгоомжгүйгээс ийм зүйл боллоо. Гэрэл цахилгаан тавиулж чадаагүй байсан гэв.

            Хохирогч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

Ээж маань ааваас салаад 5-6 жил болж байгаа ба бид нарыг орхиод Энхтүвшин гэдэг хүнтэй суугаад явсан. Манай ээж ер нь хэцүү хүн дээ. Миний хамгийн бага дүүг мөөмнөөс нь гараагүй байхад л 5 хүүхдээ хаяад явж байсан. Ээж Энхтүвшин гэдэг хүнээсээ салчихаад орох оронгүй болчихоод бид нар дээр ирж сар гаран хамт амьдарсан. Энэ шатдаг гэрийг манай аав Ганхуяг авч өгсөн юм. Уг гэрээ бариад энэ хашаанд очсоных нь дараахан аав надаар хөдөөнөөс  мах өгч явуулсныг аваачиж өгөх гэж очиход гэр нь цоожтой дотор нь хүүхэд нь уйлж байсан. Тухайн үед би тэр хүүхдийг  “их л зовох хүүхэд байна даа, ийм ээжтэй болчихдог яасан азгүй хүүхэд вэ” гэж л бодож байсан.  Ээж манайд байхдаа энэ хүүхдийг аавд нь өгчих юмсан аав нь Энхтүвшин гэдэг залуу байгаа гэж ярьж байсан. Тэр жаахан амьтныг хайнга байдлаасаа болж хохироосон нь үнэхээр хэцүү санагдаж байна гэжээ. /хх-19-20/

Хохирогч Г.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

Сарангоо нь 2015 оны 5 дугаар сарын  13-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргад өргөдөл гаргасан байсан ба уг өргөдлийн утга нь хүүхэд төрүүлснээс хойш өөрийн гэсэн орох оронгүй айл, айл дамжиж амьдардаг, эрхэлсэн  ажилгүй, хөхөнд сүү орохгүй хүүхдээ цатгаж чадахгүй байна. Сайн айлд хүүхдээ өргүүлмээр  байна, өөртөө эзэн болж амьдармаар байна гэсэн байсан. Хорооны баг хуралдаад бага насны хүүхэд эрсдэлд өртөх магадлал өндөр гэж үзээд манай байгууллага руу шилжүүлсэн. Манай байгууллагад хүүхэд үрчлэн авах хүсэлт гараагүй тул Улаанбаатар хотод байрлах Нялхасын клиникийн сувилалд хүргүүлэхээр судалж үзэхэд хүүхэд авахаа больсон байсан.  Хүүхдийн эрүүл мэнд муудахад эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж байсан. Манай байгууллагын зүгээс энэ асуудал дээр хүүхдийн эрхийг хамгаалж оролцож байна гэжээ  /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч  Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт

 “2015 оны 11 дүгээр сарын 28-ны орой өөрийн нөхөр Отгонбаатар болон охин Чандмань нарын хамт гэртээ байж байтал Сарангоо манайд орж ирсэн ба “танай жорлонд бие засчихаад орж ирлээ, хүүхдээ унтуулаад орхичихлоо” гэж байсан.  Манайд орж ирээд 10 орчим минут болсны дараа манай охин бие засах гэж гараад “Сарангоо эгчээ гэр чинь шатаж байна” гэсээр орж ирсэн. Тэгтэл Сарангоо хүүхэд минь тэнд байгаа шүү дээ гээд орилоод гараад гүйчихсэн. Тэгээд бид нар гараад очтол тооноор нь гал гарч байсан ба гэрт нь ойртож болохгүй байсан болохоор холоос хараад зогсож байтал гал команд ирсэн. Сарангоо манайхаар хааяа орж ирдэг. Хүүхэддээ гайгүй л ханддаг юм шиг байсан гэжээ.   /хх 21 хуудас/

Гэрч Отгонбаатарын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

 2015 оны 11 дүгээр сарын 28-ны орой гэртээ сууж байгаад гэрээсээ гараад иртэл манай урд хашаанд байх гэр шатаж байхаар нь онцгой байдлын хэлтэс рүү дуудлага өгсөн. Тэр гэрт Сарангоо гэх эмэгтэй 7 сартай хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Сарангоо нь манайд орж ирээд сууж байхдаа хүүхдээ унтуулчихаад ирлээ гэж байсан. Тэгтэл манай охин урд гэр шатаж байна гэсэн чинь Сарангоо гэрт хүүхэд байгаа гээд орилоод манай гэрээс гүйгээд гарсан. Би гүйж очоод шатаж байгаа гэрийн бүслүүрийг татах гэтэл дийлдэхгүй тооноор нь гал гараад байсан. Тэгтэл гал сөнөөгч цагдаа нар ирсэн.  Өмнө нь Сарангоо хүүхдээ ганцааранг нь үлдээж байсан талаар мэдэхгүй гэжээ.   /хх 24-25 хуудас/

Гэрч Энхтүвшингийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

 2011 оноос Сарангоотой танилцаж улмаар дотносож 2014 онд хадланд явлаа гээд тэндээс өөр хүнтэй харьцаатай болсныг нь мэдээд би зайгаа авсан. Тэгээд жирэмсэн болчихоод энэ чиний хүүхэд чи хүүхдээ ав гээд байсан. Сарангоо шүүхэд эцэг тогтоолгохоор нэхэмжлэл өгч бид Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгөхөд миний хүүхэд биш гэсэн хариу гарсан гэжээ  /хх 29-30 хуудас/

Насанд хүрээгүй гэрч О.Чандманийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

2015 оны 11 дүгээр сарын  28-ны орой аав, ээжийхээ хамт гэртээ байж байтал манай урд хашаанд амьдардаг Сарангоо эгч ганцаараа орж ирсэн.  Сарангоо эгчийг орж ирээд байж байхад нь би бие засах гээд гарсан чинь тэдний гэр нь шатаж байсан. Би гүйж орж ирээд аав, ээждээ Сарангоо эгчийн гэр шатаж байна гэж хэлсэн чинь тэд нар бүгдээрээ гараад гүйсэн. Сарангоо эгч манайд орж ирээд 5-10 минут л болсон байх гэжээ. /хх 31 хуудас/

Гэрч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт

“Би Сарангоотой 19 жил амьдарсан бөгөөд бид  хоёрын дундаас 5 хүүхэд төрсөн бөгөөд тэрээр Энхтүвшин гэдэг хүнтэй сууна гээд хүүхдүүдээ хаяад явсан...Өнгөрсөн жил талийгаач хүүхдээ гаргасны дараа орох оронгүй гээд бараг гудманд гарчихаад байхаар нь хамт амьдарч байсан хүний хувьд хүүхдүүдтэй нь амьдруулахаар гэрт нь авчирсан боловч янз бүрийн залуучууд ирж хаалга үүд эвдэж ороод түүнтэй цуг унтдаг байсан гэсэн. Би бүр сүүлдээ аргаа бараад Сарангоод гэр авч өгөөд Аяга баарны хашаанд гэр барьж өгсөн. Тэгсэн чинь тэр гэр шатчихсан юм байна лээ. Би түүнтэй хамт байдаггүй бөгөөд хааяа нэг уулзахад талийгаач хүүдээ их сайн ханддаг юм шиг санагдсан. /хх 108-109 хуудас/

Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт

“Сарангоо Аяга баарны хашаанд гэр бариад хүүхэдтэйгээ амьдарч байхдаа 2-3 удаа ганцаараа явж байгаад тааралдаж байсан. Тухайн үед хүүхдээ яачихаад явж байгаа юм бэ гэхээр унтуулчихаад эсвэл охиндоо үлдээсэн гэж хэлдэг. Сарангоо нь шатаж нас барсан хүүхэд болон өмнөх хүүхдүүддээ ч гэсэн анхаарал халамж тавих нь их сул байдаг. Хорооны зүгээс түүнд янз бүрийн тусламж үйлчилгээг хангалттай өгч байгаа.гэжээ /хх 110-111 хуудас/

 

Гал түймэр гарсан тухай акт үйлдсэн гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад  Г.Төгсөөгийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгт

Тухайн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Аяга баарны хашаанд байрлах монгол гэр шатахад онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 64 дүгээр ангийн дэслэгч С.Энхманлай захирагчтай бие бүрэлдэхүүн очиж ажилласан. Би уг хэргийн газар дээр гал гарсан акт бичихийн тулд галын голомт хаанаас гарсан эсэхийг тодруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр очиж судлахад галын голомт нь 4 ханатай гэрийн ертөнцийн зүгээр баруун хойд талын булангаас эхэлсэн байсан. Тухайн айл цахилгаанд холбогдоогүй учир зурагтын тавиур дээр байсан асаалттай лаанаас гал гарсан байсан. Зуухнаас гал гарах ямар нэгэн нөхцөл боломж байгаагүй.  Монгол гэр бол ерөнхийдөө 10 минутын дотор бүрэн шатаж дуусдаг. Өвлийн дулаалгатай гэр бол салхины нөхцөл байдлаас шалтгаалж 10-12 минутын дотор шатаж дуусдаг. Манай бүрэлдэхүүнийг очиход гэр шатаж нурж байсан гэжээ. /хх -32-р хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Ө.Сарангоо нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны орой Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуус хэсгийн хаяггүй хашаанд байх өөрийн гэртээ аяганы ёроол дээр лааг тогтоож асаагаад унтаж байсан 7 сартай хүү Түвшинбаатарыг гэрийн хоймор дахь газарт дэвссэн гудсан дээр нь орхиж хойд талын гудамжинд байх Отгонбаатарын хашаанд орж бие засах, гэрт нь орж ярьж суух зэргээр 10 гаруй минут хараа хяналтгүй орхисон, асаалттай орхисон лаанаас гал гарч эд зүйл шатсанаас хүүхэд угаарын хийд хордож нас барсан нь  шинжээчийн “талийгаач нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан” тухай дүгнэлт, гэрч  Д.Энхтуяа,  Отгонбаатар нарын  “Сарангоо нь хүүхдээ унтуулж гэртээ орхиод манай жорлонд бие засаад орж ирсэн тухайгаа яриад манайд 10-аад минут сууж байтал гэрт нь гал гарсан байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ган-Эрдэнийн “...гэрээ бариад энэ хашаанд очсоных нь дараахан аав надаар хөдөөнөөс  мах өгч явуулсныг аваачиж өгөх гэж очиход гэр нь цоожтой дотор нь хүүхэд  уйлж байсан. Тухайн үед би  “их л зовох хүүхэд байна даа, ийм ээжтэй болчихдог яасан азгүй хүүхэд вэ” гэж л бодож байсан.” гэсэн мэдүүлэг,  гэрч Д.Уранчимэгийн “Сарангоо тухайн хүүхдийг унтуулаад хараа хяналтгүй орхиод гадуур явж байгаад тааралддаг байсан. Ер нь хүүхдүүддээ анхаарал халамж тавихдаа сул” талаар мэдүүлсэн мэдүүлэг Ө.Сарангоогийн “2015 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед аяганы ёроолд тогтоосон асаалттай лааны гэрэлд 7 сартай хүү Түвшинбаярыг  газар байх гудсан дээр нь /оргүй тул/ унтуулж хаалгаа аяархан хаагаад гарч явсан. 10-аад минут болох хооронд гал гарч гэр шатсан тухай мэдүүлсэн мэдүүлэг, гал түймэр гарсан тухай актын “гал гэрийн зүүн хойд талаас эхэлсэн, лаа асааж орхисны улмаас шатах материалд цонолт өгч гал гарсан байх магадлалтай, галын улмаас 7 сартай хүү угаартан нас барж, 4 ханатай гэр, эд хогшил зэрэг 2 907 100 төгрөгийн эд хөрөнгө шатсан хохирол учирсан” гэсэн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх үйлдлийг нотолж байгаа нотлох баримтуудыг хянахад:

Шинжээчийн 35 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан байна. Гал түймэр гарсан тухай актад ямар нэг маргаан гараагүй, энэ талаар актыг үйлдсэн байцаагч Г.Төгсөөг хууль сануулж гэрчээр байцааж актыг баталгаажуулсан байна.

 Гэрчүүдийн мэдүүлгийг хууль сануулан гаргуулж бэхжүүлсэн, шүүгдэгч Ө.Сарангоогийн яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан болно.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн гэмт үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны бөгөөд үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Ө.Сарангоо нь  “лааг асааж аяганы ёроолд тогтоож хяналтгүй орхих нь гал гарах эрсдэлтэй ба 7 сартай хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй  зэргийг тус тус урьдчилан мэдэж сэргийлэх боломж байхад ийм явдал болохгүй байх гэж хөнгөмсгөөр найдсан нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “лаагаа аяганы ёроолд тогтоож асаалттай орхисон, лаагаа унагахгүй гэж хаалгаа аяархан хаасан, би ер нь хаалгаа аяархан хаадаг, би гарч яваад 10-аад минут л болсон” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.

  • эм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгэмд аюултай хор уршиг учруулна гэдгийг урьдаас мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, мөн нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа мэдэлгүйгээр хор уршгийг учруулсан байдаг.

Сарангоо нь өөрийн болгоомжгүй үйлдлээр Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “эцэг эх хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтын “хүүхдээ асран хамгаалах”,  26.2.1 дэх заалтын “ хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах” зэрэг үүргээ тус тус биелүүлээгүй бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 6 дугаар зүйл, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус заасан “Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, эрүүл саруул өсөж торних эрх”-ийг  зөрчсөн байна.

Сарангоод холбогдох үйлдлийг дүгнэсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Ө.Сарангоог Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүйгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Ө.Сарангоо нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-53/ тогтоогджээ. Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн  гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Ө.Сарангоод ял оногдуулахдаа хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээг баримтлан оногдуулах ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр эдлүүлэх нь зохимжтой гэж дүгнэв. Энэ хэрэгт хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болно.

Энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Өвгөнхүүгийн Сарангоог бусдыг болгоомжгүйгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Өвгөнхүүгийн Сарангоог нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар   Ө.Сарангоогийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Ө.Сарангоо нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сарангоод оногдуулсан нэг /1/ жил зургаан /6/ сарын хорих ялыг тэнсэж, нэг /1/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад  даалгасугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Сарангоод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Ө.Сарангоод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.2, 303.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Ө.Сарангоод авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.ОЮУНБАТ