Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0882/З |
Дугаар | 128/ШШ2022/0900 |
Огноо | 2022-12-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0900
2022 12 01 128/ШШ2022/0900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хурд групп ХХК /РД:2урд групп/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
Гуравдагч этгээд: Эко констракшн ХХК нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч Хурд групп ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсгийг хүчингүй болгуулах,
1.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах[1]-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан болно.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Хурд групп ХХК нь 2013 оноос Хүннү-2222 хороолол төслийг төлөвлөн барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэн өнөөг хүртэл үргэлжилж байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн чиг хандлага-д тусгагдсан Их Монголын гудамжнаас Хүннү хороолол хүртэлх 1.3 км замын байгууламж болох авто зам, явган хүний замын ажлыг Эвт трак ХХК-иар гүйцэтгүүлэн, 2014 оны ханшаар 1,030,000,000,00 /нэг тэрбум гучин сая/ төгрөг зарцуулжээ[2].
2.2. Нэхэмжлэгч Хурд групп ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн дээрх авто замын[3] зөвхөн зорчих хэсгийг зориулалтын дагуу олон нийтэд ашиглуулж байсан хэдий ч тус зам руу Эко констракшн ХХК-ийн Маршал таун хотхоны хойд хэсгээр шууд нэвтрэх боломжтой орц гарцыг нээлгэхгүй байжээ.
2.3.Учир нь уг авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг тохиолдолд авто зам эзэмшигч Хурд групп ХХК-иас зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлах аж.
2.4. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхээр Эко констракшн ХХК, Маршал таун хотхоны орон сууц, аж ахуйг хариуцан ажилладаг Маршал комфорт ХХК зүгээс Маршал таун хотхоны хойд талд орц, гарц гаргах асуудлыг шийдвэрлүүлэх асуудлаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга[4], Нийслэлийн газар зохион байгуулалтын алба[5], Нийслэлийн авто замын хөгжлийн газар[6], Замын хөдөлгөөний удирдлагын төв-д[7], 2019 оны 11 дүгээр сарын 25-нд Монгол Улсын Их Хурлын гишүүнд[8] тус тус албан бичгээр хандсан байна.
2.5.Гэтэл Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/105 албан бичгээр ...орц гарц гарах хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хооронд газар өмчлөл, хөрөнгийн маргаан үүсээд байгаа юм...хотхоны орц, гарцыг нээх мөн хөдөлгөөн зохион байгуулалтыг хууль, дүрэм журам, стандартын дагуу хийх шаардлагатай гэж үзэж байна...[9] гэх хариуг өгч байсан бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/371 дүгээр албан бичгээр ...2020 оны II дугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 211 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын хэсэгтэй хамтран Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө тусгагдсаны дагуу Маршал таун хотхоны орц, гарцыг гаргаж, хэрхэн шийдвэрлэсэн... талаар мэдэгдэхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ[10].
2.6.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/5798 дугаар албан бичгээр[11] 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хүлээн авч, хянан хэлэлцээд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолоор Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Хан-уул дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хороолол, Маршал таун хороолол орчмын авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, явган хүний замыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгажээ.
2.7.Нийслэлийн Засаг дарга ...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 23 дугаар зүйлийн 23.3.5 нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах... зэргийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны хаалтыг нээж, авто замын орц гарц гаргахаар шийдвэрлэж, уг захирамжийн биелэлтийг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/2114 дүгээр албан бичгээр ...Авто зам, тохижилт ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журмын дагуу зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар хэлэлцээд Хан-Уул дүүрэг, Маршал таун хотхоны хойд талын орц, гарцыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу гаргах зөвшөөрлийг тодорхой нөхцөлтэйгээр олгон...[12] Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны хойд хэсэгт Их Монголын гудамжнаас Хүннү хороолол хүртэлх 1.3 км авто зам руу шууд нэвтрэх орц гарцыг нээжээ.
2.8.Энэ бүгдийг Хурд групп ХХК-иас эс зөвшөөрч ...компанийн бүтээн босгосон авто зам, явган хүний зам, талбайг ашиглах, бусдын өмч хөрөнгөнд шунахайн сэдлээр санаархаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна... гэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал маргаан бүхий хоёр захиргааны акт нь
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй, уг актыг гаргахдаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан сонсох ажиллагааг хийгээгүй.
... 1,3 км зам тавих ажлыг хэрэгжүүлэх үед Эко констракшн ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Маршал таун хотхон, Кингтауэр хотхоны оршин суугч нарын ая тухтай зорчих байдлыг хангах талаар Эко констракшн ХХК-д өөрсдийн хөрөнгөөрөө нэг юм уу, хоёр эгнээ зам тавъя гэдэг асуудлыг урьдчилсан байдлаар тавихад тийм боломжгүй гэх татгалзсан хариу өгсөн.
...2014 онд зам тавигдсанаас хойш өнөөдрийг хүртэл зам арчлалт, үйлчилгээний асуудлыг Хурд групп ХХК нь өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж ирсэн.
... Энэхүү зам нь Хурд групп ХХК-ийн газар дээр баригдсан.
...Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2019 оны 12 сарын 02-ны өдрийн маргаан бүхий актыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Засгийн газрын 2017 оны бодлогын баримт бичгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих шинжилгээний хийх нийтлэг журмын 6 дугаар зүйлийн 6.2-ийг тус тус үндэслэсэн.
...Дээрх журам нь ерөнхий үүрэг, тэрнээс биш эрх олгосон, эрх зүйн харилцааг зохицуулсан заалт биш байсан.
...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг үндэслэсэн боловч 19.1-ийн яг хэд дэх заалтыг баримталсан болохыг тодорхой бичээгүй. Ерөнхий байдлаар гаргасан. Маргаан бүхий захиргааны актад тусгасан хууль зүйн үндэслэл Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасныг зөрчсөн.
...оршин суугчдын эрх ашгийг хангаж байна гэдэг нэршил дор өрсөлдөгч хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр бий болгосон хөрөнгө рүү халдах эрх зүйн боломж байхгүй. Энэ үүднээс маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаартай тогтоолын 2 дах заалтын дагуу батлагдсан хавсралтын Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү....
...Маршал таун, Кингтауэр хотхоныг барьж байгаа Эко констракшн ХХК нь энэхүү төслийг хийж хэрэгжүүлэхдээ 7 орц гарцтай байхаар асуудлыг шийдвэрлэсэн гэдэг.
...Ерөнхий төлөвлөгөөний дагуу замын асуудал байсан бол тухайн үед үүнийгээ шийдэж орц гарц гарган одоо ярьж байгаа иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах байсан. Гэтэл энэ нөхцөл байдал байхгүй байхад сүүлд Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүнд Маршал комфорт орон сууцны контор, тухайн Маршал таун хотхонд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Билиг Оюу сургууль, Эко констракшн ХХК-ийн зүгээс манай Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүн та дээрх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж бичиг өгсөн.
С. Амарсайхан буюу одоо шадар сайд байгаа хүн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед Хан-Уул дүүргээс удаа дараа сонгогдож ажилласан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн улс төртэй холбоотойгоор нөлөөлөх байдлаар энэ асуудлыг шийдэж өгнө үү гэх бичгүүдийг өгсөн. Энэ шийдвэр нь улс төрийн нөлөөлөлтэй шийдвэр болсон гэж харж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 сарын 14-ний өдрийн А513 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хурд групп ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/882 дугаар захирамжаар Монгол корпорэйшн ХХК-аас 154400 м.кв газар шилжүүлэн авсан.
Тус газраа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1025 дугаар захирамжаар талбайн хэмжээг өөрчлөн 1080 м.кв болгон үлдсэн 45719 м.кв газраа 2019 оны А/1028 дугаар захирамжаар Хүннү 2222 Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэн ашиглах эрх олгосон. Хурд групп ХХК-иас эзэмшил газраа ашиглахдаа тухайн хэсгийн авто замд хаалт хийсэн тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжаар авто замын орц, гарц гарган, зөрчил арилгуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасны дагуу хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд газрын зөрчил арилгахаар шийдвэрлэсэн.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3.3. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолд Хурд групп ХХК нь 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс үзвэл Захиргааны Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно гэснийг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж өгнө үү... гэжээ.
3.4. Гуравдагч этгээд Эко констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Хурд групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзвэл нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа, шүүхэд гомдол гаргах хугацааг алдсан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/513 дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....
...Нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримт байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй.
...Монгол Улсын Зам тээвэр хөгжлийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 06/4462 албан бичгээр Маршал таун хотхоны ард талын зам буюу Хүннү 2222 төслийн Хурд групп ХХК-ийн талын зам Нийслэлийн авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасны дагуу Нийслэлийн авто зам гэсэн ангилалд хамаарч байна.
...Ийм учраас энэ бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь эргэлзээтэй байна.
...Хэрвээ нэхэмжлэгч байгууллагын нэр дээр энэ газар байсан бол газрын төлбөрийг төлөх нь ойлгомжтой. Гэхдээ хэргийн материалд төлсөн баримт байхгүй байна. Нийслэлийн авто зам гэдэг утгаараа сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж, төлбөрөө төлдөг. Газрын тухай хуульд заасан. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй... гэжээ.
3.5. Гуравдагч этгээд Эко констракшн ХХК-ийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Хүннү-2222 хорооллын оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Тухайн оршин суугчдын ая тухтай байдлыг хангах үүднээс дээрх 1.3 км замыг Хурд Групп гүйцэтгэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон байдаг. Хүннү-2222 хорооллыг төлөөлж байгаа Сууц өмчлөгчдийн холбоо ямар нэг гомдол гаргаагүй. Замын орц гарц гаргаснаар Хүннү-2222 хорооллын оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн. Орц, гарцаар явах боломж байхгүй байна гэсэн гомдол санал огт байхгүй. Тийм учир Хурд групп нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.
... Хурд групп-н тайлбарт аж ахуйн нэгж, байгууллагын дотоод авто зам гэж тайлбарласан байдаг. Үүнийг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам" гэж аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэгцээндээ зориулан барьсан авто замыг гэж заасан байдаг. Тухайн авто замаар ямар ч хүн явж болж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод авто зам байсан бол явж болохгүй байх байсан. Авто зам нь нийслэлийн авто замд хамаарна. Нийслэлийн авто зам учир Нийслэл нь өөрөө тухайн орц, гарцын асуудлыг шийдвэрлэх эрхтэй субъект юм. Нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул энэхүү захирамж нь сонсох ажиллагаа хийх шаардлагагүй.
... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаартай Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгчийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 69944 м.кв газар эзэмшигч Номин реалтор ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон. Нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг хөндөгдөөгүй. Захирамж гарсан нэхэмжлэгч нэхэмжлэлээ татах ёстой, яасан бэ гэдэг талаар шүүгчийн туслах руу удаа дараа залгаж асууж, шаардлага тавьсан. Учир нь гэвэл хариуцагчийн зүгээс захирамж гарсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татах байх гэдэг асуудал яригдсан. Орц гарцын асуудал шийдэгдэхэд хэл ам хийж байсан хүн хэл ам хийлгүйгээр шийдэгдсэн. Нийслэлийн зориулалттай замын мөнгийг Хурд групп ХХК нь Нийслэлээс авахаар яригдаж байгаа.
... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, 25 дугаар зүйлийн 25.3-т Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна...заасны дагуу ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу Эко констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хотхоныг барьж гүйцэтгэж байгаа.
Тус зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2018/03-29 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг төлөлтийн схем зургийн хамт баталсан бөгөөд А даалгавраар хойшоо гурван орц гарцтай хийгдсэн.
...Хойд чиглэлд гурван автомашины орц гарцтай байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан. Гурван орц гарцын нэг нь нээгдсэн. Гурван орц гарц зайлшгүй хийгдэх ёстой. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газрын гал түймрийн улсын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03326 дугаартай дүгнэлт байгаа... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Хурд групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг дээрх хоёр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
4.1.Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, 93 дугаар зүйлийн 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийг заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тухайн байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байхыг шаардаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д ...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ... гэж үзэхгүй.
4.2. Монгол Улсын Зам тээвэр хөгжлийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 06/4462 албан бичгээр ...хувийн хэвшлийн хөрөнгөөр Marshall deluxe village цогцолбор хотхоны хойд талын авто замыг бариулсан ба тухайн авто зам нь Автозамын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу Нийслэлийн авто зам гэсэн ангилалд хамаарч байна... гэснээ үл хамаарч Хурд групп ХХК нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагад заасан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн тогтоолтой маргах эрх нь нээлттэй тул түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд... гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.3.Мөн хэрэгт авагдсан баримт болон хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд хариуцагчаас өөрийн гаргасан маргаан бүхий актуудыг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, мэдэгдэх үйл ажиллагааг хийсэн талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Хурд групп ХХК-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж үзсэн.
4.5.Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй гэж шүүх үзлээ.
4.6. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна гэжээ.
4.7.Хэрэгт авагдсан нотлох баримт[13] болон дээр дурдсан маргааны үйл баримт зэргээс үзвэл Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны хойд талын Их Монголын гудамжнаас Хүннү хороолол хүртэлх 1.3 км замын байгууламж болох авто зам, явган хүний замыг нэхэмжлэгч Хурд групп ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг авто зам нь /төрийн / нийтийн өмч болоогүй байна.
4.8.Харин Монгол улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн нь өмчийн төрөл тэгшээр оршин байхыг, мөн нэгэн адилаар хамгаалагдаж, хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон гэж үзэж болно.
4.9.Энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал маргааны үйл баримтад холбогдох хэсгийг батлахдаа тус замыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн Хурд групп ХХК-ийн хүсэл зориг, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4.хууль тогтоомжид заасан бусад бурэн эрх-ийнхээ хүрээнд төслийг өргөн мэдүүлсэн Нийслэлийн Засаг даргаас холбогдох тайлбар, баримтуудыг шаардан гаргуулалгүйгээр шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна
4.10.Нөгөөтээгүүр хариуцагч Нийслэлийн Засаг даргын ...авто замын түгжрэлийг бууруулах..., орчны аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах,... арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн холбогдох хэсэгт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхон, хаалт, автозамын орц гарц гаргах гэж заасан байгаа нь хэт ерөнхий, ойлгомжгүй.
4.11.Тодруулж хэлбэл, тодорхой цэг, байршил, зүг чигийг нарийвчлан тодотгож өгөөгүй, захирамжид нээхээр нэрлэн заасан орц, гарц нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2018/03-29 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар[14]-ын дагуу Маршал хотхон-ы баруун талд баригдахаар төлөвлөсөн 4500 айлын орон сууцны цогцолбор хорооллын 2019 онд батлагдсан зураг тусгагдсан хойшоо гарсан гурав, урагш гарсан орц, гарцын[15] алин болох нь тодорхойгүй үйл баримт үүссэн.
4.12.Энэ нь шүүхээс маргаан бүхий газар дээр хоёр удаа үзлэг хийхэд нэхэмжлэгч болон гуравдагч нарын маргаж буй орц, гарцын хаасан хаалтыг Эко констракшн ХХК-ийн төслөөр хийж хэрэгжүүлж буй Кингтауэр хотхоны 127-р байрны чанх хойно байх бетон хаалт, төмөр хайсан хашааг зааснаас харж болно.
4.13.Мөн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс ...Номин реалтор ХХК-ийн 2 жил дараалан ашиглаагүй 12000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон. ...хариуцагчийн зүгээс захирамж гарсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татах асуудал яригдсан. Орц гарцын асуудал шийдэгдэхэд хэл ам хийж байсан хүн хэл ам хийлгүйгээр шийдсэн. Нийслэлийн зориулалттай замын мөнгийг Хурд групп ХХК нь Нийслэлээс авахаар яригдаж байгаа... хэмээх эргэлзээтэй тайлбарыг өгсөн.
4.14.Шүүхээс энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Нарангарав нараас тодруулахаар тооцож байсан боловч товлогдсон шүүх хуралдаанд З.Мөнхжин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Ш.Нарангарав шүүх хуралдаанд оролцох боломжгүй...[16] болсны улмаас оролцоогүй тул холбогдох ажиллагааг нөхөн хийх боломжгүй болсон.
4.15.Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1.1 ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт,...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно үүргээ хэрэгжүүлээгүй аж.
4.16.Нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлээгүйн улмаас Нийслэлийн Засаг даргыг гаргасан маргаан бүхий актыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ...хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана ... заасантай нийцсэн гэж хангалттай үзэхээргүй, харин холбогдох ажиллагааг хийсэн тохиолдолд уг акт нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны байж болохуйц болзошгүй байна.
4.17.Иймд шүүхээс хэргийн дээрх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. л нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 е ...нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх..., хуулиар хүлээсэн эрхийнхээ үүргийг нөхөн гүйцэтгэж, дээр заасан ажиллагааг хийх боломжгүй тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хурд групп ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу 3 /гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.18.Нөгөөтээгүүр шүүх дахин нэмэлт ажиллагааг хийж, тухайн актыг хуульд нийцүүлэн гаргах эрхийг олгосноор Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулах, эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн хүсэлт зориг, эрх зүйн байдлыг дордуулахаас хамгаалах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэх сөрөг үр дагаврыг бий эсэхийг тооцон үзэх боломжийг хариуцагч нарт олгосон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 е, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 29 дүгээр зүйлийн 29.1.6. л, 29.2-т заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсгийг тус тус 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар Газрын зөрчил арилгах орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дэх заалтын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан Хан-Уул дүүрэг дэх гэсэн хэсгийн 14 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2 дахь заалтын дагуу батлагдсан хавсралтын 2.4-ийн Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 9 дэх хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1Хавтас хэргийн 69-70, 76 хуудас
[2] 1 Хавтас хэргийн 17-51 хуудас
[3] 2 Хавтас хэргийн 45-47, 122-123 хуудас
[4] 1 Хавтас хэргийн 137-138 хуудас
[5] 1 Хавтас хэргийн 143-144 хуудас
[6] 1 Хавтас хэргийн 145-146 хуудас
[7] 1 Хавтас хэргийн 149-150 хуудас
[8] 1 Хавтас хэргийн 188-189 хуудас
[9] 1Хавтас хэргийн 190-191 хуудас
[10] 1Хавтас хэргийн 192 хуудас
[11] Нотлох баримтаар хавсаргасан 128/2020/0582/3 индекстэй 1 Хавтас хэргийн 180 хуудас
[12] 1Хавтас хэргийн 193 хуудас
[13] 2 Хавтас хэргийн 62,140 хуудас
[14] Нотлох баримтаар хавсаргасан 128/2020/0582/3 индекстэй 1 Хавтас хэргийн 116-117 хуудас
[15] Нотлох баримтаар хавсаргасан 128/2020/0582/3 индекстэй 1 Хавтас хэргийн 118-119 хуудас
[16] 2 Хавтас хэргийн 162-164 хуудас