Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 698

 

 

 

 

 

 

 

  

                                                Ч.Н, Ч.Хнарт холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

цагаатгагдсан этгээд Ч.Х-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугар,  

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Л.Баатар, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Н, Ч.Хнарт холбогдох эрүүгийн 1807005050167 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1., 1978 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Ч.Хулангийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Лакотарын 1-1 тоотод оршин суух хаягтай, /РД: /;

Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 1997 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаартай захирамжаар албадан ажил хийлгэх ялыг 1 сар баривчлах ялаар сольж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 268 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 8 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн,

 

2. , 1982 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 3-34 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Ч.Н нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-18 тоотод оршин суух талийгаач С.Жаргалсайханы гэрт түүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас онц харгис хэрцгийгээр зодож, олон тооны шарх гэмтэл учруулан алсан,

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-18 тоотод байрлах талийгаач С.Жаргалсайханы гэрт түүнтэй Ч.Н, Ч.Хнар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа Ч.Н нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн талийгаачийг онц харгис хэрцгийгээр зодож, биед нь олон тооны шарх, гэмтэл учруулан алсан гэх үйл баримт нотлогдож байхад Ч.Хнь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 104 тоот өрөөнд, 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 104 тоот өрөөнд, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 104 тоот өрөөнд, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 304 тоот өрөөнд тус тус хууль сануулан мэдүүлэг авахад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ч.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Ч.Хулангийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ныг 15 /арван таван/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Нын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 232 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ч.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан банзны хугархай 1 ширхэг, Ч.Нын өмсөж байсан хар хөх өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураагдсан бохирлогдсон нойлын цаас, хөвөн даавуунд шингээсэн цус мэт зүйлс, жижиг модны хэсгүүд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Наас 4.513.705 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Хуланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Н миний бие 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 жилийн хорих ялыг, хаалттай хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнд маш их гомдолтой байна. Эрхэм шүүгч та бүхэн хэргийн үнэн зөвийг олж, талийгаач Жаргалсайханыг үхэлд хүргэсэн гол буруутныг олж, тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна. Доорх худал зөрүүтэй ярьж буй гэрчүүд болон нэмэгдэн орж ирэн архи уусан хүмүүсийг байцаагч, прокурор нар нь дутуу шалгаж хэргийн үнэн зөвийг олохгүй байна. Үүнд: 2018 оны 9 дүгээр сарын 7-нд талийгаач Жаргалсайхан, Хулан бид 3-ыг унтаж байхад Алтанцэцэг өглөөний 7 цагт 2 шил архитай орж ирж, бид нар ууж, Хулан бид хоёр 10 цагийн үед хулгайд алдсан гэрийнхээ асуудлаар цагдаагийн газар очиход байцаагч байгаагүй, Мягмартуяа гэх байцаагч байсан. Дараа нь зах гарсан. Доёд, Батнасантай уулзсан өдөр, дараа нь такси барьж бага эмч Соёл-Эрдэнийд очиж, DVD тоглуулагч, гэрлийн бүрхүүл авсан. Буцаад нисэхийн хороо орж махны дэлгүүрийн худалдагч Баянмөнхөөс мөнгө авч таксинд өгсөн. Хулан бид хоёр гудамжны буланд таарсан, өдрийн 2 цаг өнгөрч байсан. Талийгаачийнд ороход зодуулсан, толгой нүүр нь цус болсон байсан. Би Хуланг цусыг нь цэвэрлэж, эмнэлэг, цагдаа дууд гэсэн. Яг үнэндээ бид хоёрыг явсны дараа Алтанцэцэг үлдэж, талийгаач, Лувсаншарав, дахин хүүхэн, залуу хоёр нэмэгдэж дөрвүүлээ уусан тухай хавтас  хэрэгт авагдсан байдаг, бид хоёрыг очиход талийгаач ганцаараа байсан. Цагдаа эрүүлжүүлэхэд бид хоёрыг 3-4 цагийн үед явч яван хорьсон. 9 дүгээр сарынд 7-нд ороод 9 дүгээр сарын 8-ны 12 цагт эрүүлжүүлэхээс гарсан байдаг. Цагдаагийн бүртгэлд бий, ийм байхад Алтанцэцэг нь мэдүүлэхдээ 9 дүгээр сарын 7-ны өдөр 16 цагийн үед би Хулантай Налайхын төвд тааралдсан гэж худал хэлдэг. Эрүүлжүүлэхэд байгаа хүн яаж таарах вэ. Мөн талийгаач Хулан бид гурвыг 33-ын архитай үлдсэн гэж бас л худал хэлдэг. Энэ худал ярьж буй байдал нь өөрсдөө зодчихоод хэргийн тухай худал хэлж буйг шалгаж, жинхэнэ буруутныг олж өгнө үү. Өмнө ял шийтгэл эдлэж байсныг буруутгаж, олон хүмүүсийн худал хэлж буйг цаг, минут, хурууны хээ, зөрүүтэй мэдүүлэг зэргийг нягтлан үнэнийг олсонгүй. Би талийгаачийн амь хохирсонд гүнээ харамсаж байна. Иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж эмнэлэг, цагдаад мэдэгдсэн би буруутан болж, олон жилийн ял шийтгэл авч, үнэнийг эрж, шаналж зовж байна. Шудрага шүүгч та бүхэн үнэнийг тогтоож, буруутныг олж, шудрага ёсыг тогтооно гэдэгт итгэж байна. ...” гэв.

 

Өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж өмгөөлөгч үзэж байна.

Тухайлбал: Гэрч Т.Алтанцэцэг, Ж.Лувсаншарав нарын мэдүүлэгтэй холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцуулах хүсэлтийг улсын яллагч, өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргахад хангасан атлаа шүүх гэрч нарыг оролцуулах ажиллагаа огт хийлгүй гэрч нарыг оролцуулах шаардлагагүй гэж үзэж хэлэлцсэн. Дээрх 2 гэрчийн мэдүүлгийг яллах үндэслэл болгосон нь хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэсэн. Мөн гэрч Ц.Сумъяа, Я.Ичинноров нарын мэдүүлгээр хэрэг гарсан өдөр хохирогчийн гэрт Нямжав, Хулан нараас өөр хүмүүс орж гарч байгаагүй гэсэн агуулгатай байхад Алтанцэцэг, Лувсаншарав нар хэзээ хохирогчийн гэрт ирж, тэндээс гарч явсан нь тодорхойгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ч.Ныг бусдыг онц харгис хэрцгийгээр алсан гэх хангалттай нотлох баримт байхгүй байхад зөвхөн гэрч нарын мэдүүлгээр гэм буруутай гэж үзэх нь эргэлзээтэй байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Ныг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сугар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Харгис хэрцгийгээр амь насыг хохироосонд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Хулангийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг тодорхой бус байна гэж үзэж байна. Ч.Ныг гэм буруутай эсэхийг тогтоох нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Тийм учраас шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогчийг Ч.Н, Ч.Хнартай хамт үлдсэн талаар мэдүүлсэн гэрч Т.Алтанцэцэг, Ж.Лувсаншарав нарын мэдүүлэг, зодуулсан байх үед нь цусыг нь цэвэрлээд байж байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.Баясгаланбат нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр Ч.Н нь С.Жаргалсайханыг онц харгис хэргийгээр зодож гэмтэл учруулан алсан гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ч.Н нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 14-15 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-18 тоотод оршин суух талийгаач С.Жаргалсайханы гэрт түүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас онц харгис хэрцгийгээр зодож, олон тооны шарх гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ч.Хулангийн гэрчээр өгсөн “...тэгээд Поогоо бид хоёр 09 цагийн үед тэндээс гараад Налайхын төвөөр явж байгаад Поогоо /Ч.Н/-ын Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандад байх Поогоо /Ч.Н/-ын төрсөн эгчийнд очоод байж байгаад үдээс хойш буцаад Жаргалсайханы гэрт яваад очсон. Тэгээд яваад очиход Жаргалсайхан гэртээ ганцаараа унтаад байгаа юм уу, ухаан алдчихсан юм уу мэдэхгүй ямар ч байсан гал тогооны өрөөнд байдаг орон дээр дээшээ хараад дээгүүрээ дээлээ нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгтэл Поогоо /Ч.Н/ Жаргалсайхан ахыг ухаан алдчихсан юм шиг байна, түргэн дуудчих гэхээр нь би гэрээс гарч яваад түргэн дуудах гээд утас хайгаад гудамжаар ойр хавиар утастай хүн хайгаад утас олдохгүй болохоор 20-30 минут болоод буцаад орсон чинь намайг гарахад зүв зүгээр байсан гал тогооны өрөөнд байдаг Жаргалсайханы хэвтдэг орны хажуугаар нил цус болчихсон, Жаргалсайхан ах өөрөө орон дээрээ толгой тархи нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би юу болов гээд асуутал Поогоо юм хэлэлгүй намайг дуугуй наад цусаа арч гэхээр нь хэн зодчив, чи зодчихсон юм уу гэсэн чинь намайг гараад ороод ирэх хооронд ийм болчихсон байна гэж байсан. ...” /1 хх 34-35/,

 

Ч.Нын сэжигтнээр өгсөн: “...Жаргалсайхан ах босож ирээд надад хандаад пиздаа минь гэрээс зайл гэхээр нь та одоо хүний хамаг эд зүйл алдчихаад яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ, хамаг юм алдаа биздээ, би өөр хаана очих юм бэ гэхэд босож ирээд байшингийн хаалганы хажууд зогсож байхдаа миний цээж рүү хальт гараараа цохисон. Олигтой цохиж чадаагүй. Тэр үед нь би баруун гараараа Жаргалсайхан ахын цээж рүү нь нэг удаа цохиход орныхоо урд талын төмөр ширээг толгойгоороо мөргөөд гулзайгаад унасан. Тэгтэл толгойноос нь дахиад цус гоожоод эхлэхээр нь орон дээр өргөөд тавьсан байхад Ч.Хгаднаас түргэн, цагдаа дуучихлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр би Ч.Хуланг наад цусаа арчаарай гэж хэлээд арчуулсан. Би өөрөө Жаргалсайхан ахын толгой болон нүүрний хэсэгт болсон цусыг нь арчсан, би түргэний машинд Жаргалсайхан ахыг суулгаж өгсөн. ...Намайг цохих үед Жаргалсайхан ах нилээн согтуу байсан. Би цээж рүү нь баруун гараараа нэг удаа л хүчтэй цохиход цаашаагаа унасан. Тэгэхэд толгойноос нь дахиад цус гарсан. Намайг цохихын өмнө толгойноос нь гарсан хуучин цус нь тогтсон байсан ба намайг цохиход дахиад цус гарсан юм. ...ёоё л гээд гулзайж унаад байхаар нь би өргөөд орон дээр нь хэвтүүлээд нүүр болон толгойд нь үүссэн цусыг арилгасан. ...” /1 хх 81-82/,

 

Гэрч Ц.Баясгаланбатын “...Жагаа ах ирэхгүй болохоор нь би хорооноос нь асууж байгаад гэрт нь яваад очиход ...Жагаа ах орон дээрээ хагас суугаа байдалтай байж байсан бөгөөд хойноо нэг зүйл тавьчихсан байсан. Тэгэхээр нь би та яагаад ирсэнгүй вэ гэж асуухад юм яриагүй. Жагаа ахыг лавшруулаад хартал толгой нь хагараад энгэр нь норсон байсан. Ч.Хулангаас юу болсон талаар асуухад надад нэг зүйл яриад байсан боловч ярьж байгаа зүйл нь сайн ойлгогдохгүй байсан буюу дутуу яриад байсан. Хойд орон дээр шүүгдэгч сууж байхаар нь юу болсон талаар асуухад нэг хаяг болох 25-ын Алтай гэж хэлээд хүмүүс ирээд амь хохирогчийг зодчихоод явсан гэсэн зүйл ярьсан. Би тухайн үед эдгээр архичдыг цэгцлэхгүй бол болохгүй нь гэж бодоод хорооны цагдаа дагуулаад очсон. Цагдаа нар ирээд амь хохирогчийг хамжилцаад машинд оруулахад шүүгдэгч нар явуулах дургүй байх шиг байсан. ...” /3 хх 169-170/ гэх мэдүүлгүүд,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “1. Талийгаачийн цогцост цээжний битүү гэмтэл: баруун 2, 4, 5, 6, 7, 9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5, 6, 9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.09/, зүүн талын 5, 6, 7, 8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаарх хоёрлосон шууд, 4, 5, 6, 7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.09/, 8, 9, 10, 11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал, баруун уушгинд шарх, уушгины хөндийд хий хуралдалт, 2 талын уушгины уналт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэ, баруун тавхайн 1-р хуруунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бүгд ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтэл байна. 4. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд бичигдсэнээр талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна. 7. Талийгаач нь эмнэлэгт 2 хоног хэвтэн эмийн эмчилгээ хийлгэсэн тул цусанд спиртийн агууламж илрүүлэх шинжилгээ хийгдэх шаардлагагүй болно. 8. Талийгаачид эмнэлгийн тусламжийг зохих ёсны дагуу үзүүлсэн байна.” /2 хх 33-40/ гэх 08шэ/95 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ныг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

                                       

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Ныг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Хнь өөрийн хамтран амьдрагч Ч.Нтай хамт байсан үйл баримт, хохирогчийн цусыг арчсан, эмнэлэг дуудах гээд гэрээсээ гарсан, цагдаа ирсний дараа гэртээ ирсэн үйл баримтын талаар удаа дараа өгсөн мэдүүлэгтээ агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлдэг, хэдийгээр хууль сануулагдсан ч энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг зохих ёсоор хүлээсэн ч түүний эрүүл мэндийн байдлаас хамааралтайгаар цаг хугацаа болон хамт байсан хүмүүсийн талаар зөрүүлж мэдүүлсэн зэрэг нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хууль зүйн шаардлага нь мэдүүлгийг санаатайгаар худал мэдүүлэг өгөхдөө агуулгын хувьд зөрүүлсэн байх, гэрчийн ямар мэдүүлгийг үнэнд тооцсон, ямар мэдүүлгийг худлаа мэдүүлсэн зэргийг тогтоох ёстой байхад шүүгдэгч Ч.Хуланд энэ хуулийн шаардлагыг хангаагүй, аль мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн байдал нь тодорхойгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж, түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нар нь “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ч.Ныг бусдыг онц харгис хэрцгийгээр алсан гэх хангалттай нотлох баримт байхгүй байхад зөвхөн гэрч нарын мэдүүлгээр гэм буруутай гэж үзэх нь эргэлзээтэй байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Ныг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд Ч.Н: “...би баруун гараараа Жаргалсайхан ахын цээж рүү нь нэг удаа цохиход орныхоо урд талын төмөр ширээг толгойгоороо мөргөөд гулзайгаад унасан. Тэгтэл толгойноос нь дахиад цус гоожоод эхлэхээр нь орон дээр өргөөд тавьсан, ...Намайг цохих үед Жаргалсайхан ах нилээн согтуу байсан. Би цээж рүү нь баруун гараараа нэг удаа л хүчтэй цохиход цаашаагаа унасан. Тэгэхэд толгойноос нь дахиад цус гарсан. Намайг цохихын өмнө толгойноос нь гарсан хуучин цус нь тогтсон байсан ба намайг цохиход дахиад цус гарсан юм. ...ёоё л гээд гулзайж унаад байхаар нь би өргөөд орон дээр нь хэвтүүлээд нүүр болон толгойд нь үүссэн цусыг арилгасан. ...” /1 хх 81-82/ гэх мэдүүлэг, амь хохирогчийг гэмтэл авахаас өмнө хамт байсан гэрч Т.Алтанцэцэг түүнийг ямар нэг шарх гэмтэлгүй гэртээ байсан, түүнтэй Ч.Н, Ч.Хнар үлдсэнийг нотолдог, мөн хүнд гэмтэл авсны дараа гэрт нь гэрч Ц.Баясгаланбат орж ирсэн бөгөөд амь хохирогч олон тооны шарх гэмтэлтэй, цус гарсан байдалтай гэртээ Ч.Н, Ч. Хулан нарын хамт байсныг гэрчилдэг. Мөн Ч.Хцагдаа, түргэн дуудсанаа хүлээн мэдүүлсэн.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “1. Талийгаачийн цогцост цээжний битүү гэмтэл: баруун 2, 4, 5, 6, 7, 9-р хавирганууд суганы урд шугамаарх шууд, 3-р хавирга суганы урд шугам болон далны шугамаарх хоёрлосон шууд, 10-р хавирга далны шугамаарх шууд бус зөрүүтэй, 5, 6, 9-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.09/, зүүн талын 5, 6, 7, 8-р хавирганууд эгэмний дунд шугамаарх шууд, 4-р хавирга эгэмний урд шугам болон суганы дунд шугамаарх хоёрлосон шууд, 4, 5, 6, 7-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.09/, 8, 9, 10, 11-р хавирга далны шугамаарх шууд бус хугарал, баруун уушгинд шарх, уушгины хөндийд хий хуралдалт, 2 талын уушгины уналт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн шилбэ, баруун тавхайн 1-р хуруунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр бүгд ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. /2 хх 33-40/  гэх дүгнэлт болон бусад нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч С.Жаргалсайханы биед амь насанд аюултай хүнд болон хөнгөн олон тооны шарх ир үзүүртэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу шүүгдэгч Ч.Нын зодсон үйлдлийн улмаас үүсч, үүний улмаас хохирогч нь амь насаа алдсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирсон байх тул  хэргийг дахин шалгах шаардлагагүй, шүүгдэгч Ч.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

      

Иймд шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

 

                ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                ШҮҮГЧ                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ