| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0413/И |
| Дугаар | 482 |
| Огноо | 2018-06-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 482
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Н овогт А.Е-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Ш овогт М.Р-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Е, хариуцагч М.Р, орчуулагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 200000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч А.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Р нь 2016 оны 12-р сарын 31-ний өдөр нийт 417700 /дөрвөн зуун арван долоон мянга долоон зуун/ төгрөгийн тамхи авсан. Үүнээс 217700 төгрөгийг өгсөн болно. Үлдэгдэл мөнгө болох 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа тул нийт 200000 төгрөгийг иргэн М.Р-аас нэхэмжилж байна. Иймд М.Р-аас 200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2016 онд А.Е-оос тамхи авсан нь үнэн. Эхний удаа 100000 төгрөг К-гаар дамжуулж өгсөн бөгөөд дараа нь ХААН банкны АТМ-ээс 100000 төгрөг авч өгсөн. Улмаар Төрийн банкны АТМ-ээс дахин мөнгө гаргаж өгсөн бөгөөд нийт авсан мөнгөнөөс М.Р нь 200000 төгрөгийг дутуу өгсөн байх тул шүүхэд хандсан. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхээр хариуцагч гэж тогтоогдоод байгаа М.Р би нэхэмжлэгч А.Е-ын 200000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үндэслэл:
1. К гэх эмэгтэйгээр 100000 төгрөгийг зээлээс хасуулахаар өгснийг А.Е хассан байна.
2. А.Е 2017 оны 02 дугаар сард байх 100.000 төгрөгийг Төрийн банк дахь АТМ-ээс гарган авч өгсөн юм. Сүүлийн өгсөн энэ 200000 төгрөгийг А.Е нь эр хүн шиг ёс зүйтэй байж итгэж байна. Иймд нэхэмжлэгчид өгөх өр зээлгүй болно.
3. Мөн 117700 төгрөгийг биеэр өгснийг мөн зээлээс хасжээ.
4. Би А.Ед 2017 оны 01 дүгээр сарын 02-нд түүний машинтай хамт явж 4 зам дахь "АТМ"-ээс 100000 төгрөг авч өгсөн,
6. Би 417700 төгрөгийн үнэтэй тамхийг тухайн үед зээлж авсан минь үнэн гэжээ.
Хариуцагч М.Р шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Е нь М.Р-аас 200000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ М.Р нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 417700 төгрөгийн үнэтэй тамхийг авсан ба үүнээс 217700 төгрөгийг өгсөн бөгөөд үлдсэн 200000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Р нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж, А.Еоос 417700 төгрөгийн үнэтэй тамхийг авсан нь үнэн байх ба тухайн мөнгийг бүрэн төлсөн болно гэж тайлбарлажээ.
Дээрх тайлбаруудаас үзэхэд зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарт дурдсан К гэгч хүнээр өгсөн 100000 төгрөгийг, мөн 117700 төгрөгийг хүлээн авсныг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр тайлбарласан байх ба хариуцагчаас ХААН банкны АТМ-ээс 100000 төгрөг, Төрийн банкны АТМ-ээс 100000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хариуцагч талаас худалдаж авсан барааны үнээс үлдсэн 200000 төлсөн нь шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ба татгалзлын энэхүү үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Хариуцагчаас гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны хуулга нь М.Р өөрөө мөнгө авсныг нотлохоос биш нэхэмжлэгч А.Е-д мөнгө өгснийг нотлохгүй тул энэхүү баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Худалдан авагч нь худалдагчаас шилжүүлсэн хөрөнгийг хүлээн авч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч М.Р-аас 200000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Е-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан М.Р-аас 200000 /хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан А.Е-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7181 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Р-аас 7181 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Е-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М