| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/0715/И |
| Дугаар | 490 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 490
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газар /дарга Х.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, Б дүүрэг, 6 дугаар хороо, 16 дугаар хороолол, МО 1-23-т байрлах, О ХХК /захирал Ж.А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б, хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар К.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан хийгдээгүй ажлуудын өртөг болох 15031360 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Сумын тохижилт" төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарсан "О" ХХК дээрх ажлыг 39842222 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд нийт санхүүжилтийн 90,4% буюу 36026355 төгрөг авсан байна.
Төсөвт тусгагдсан ажлуудаас эзэнгүй хогийн цэвэрлэгээ болон нарны сэргээгдэх гэрэлтүүлэгч /12ш/ байршуулах ажлууд огт хийгдээгүй ба нийт өртөг 15031360 төгрөгийг "О" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Г сумд 2014 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн санхүүжүүлэхээр баталсан байсан. Үүний дотор сумын тохижилт төсөл арга хэмжээг 40 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр болсон. Хуулийн хүрээнд батлагдаж тендер шалгаруулахад "О" ХХК гүйцэтгэгчээр шалгараад төсөл хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх явцад 40 сая төгрөг дотор явган хүний зам тавих, сумын гэрэлтүүлэг хийх,эзэнгүй хогийг цэвэрлэх гэх зэрэг хэд хэдэн төрлийн ажил хийх ёстой байсан. "О" ХХК 39000800 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр шалгарсан. Тухайн үед барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. "О" ХХК тухайн үед мөн иргэдийн төлөөлөгчдийн төслийн арга хэмжээгээр батлагдсан цэцэрлэгийн дээвэр засварлах төсөл арга хэмжээг мөн хамтад нь аваад 2 ажлыг зэрэг эхлүүлээд хийж гүйцэтгэж байсан. Сумын тохижилтын арга хэмжээнүүдээс зарим арга хэмжээнүүд нь дутуу үлдсэн. Үүнд: сумын төв гудамж болон зарим гэр хорооллын хэсэгт 15 ширхэг нарны эрчим хүчээр ажиллах гэрэлтүүлгийг хийх төслийн хэсэг үлдсэн байгаа. Энэ нь он дамжаад явсаар байгаад өнөөдөр хүртэл хийгдээгүй байгаа. Миний тооцож гаргасан мөнгөн дүн бол гүйцэтгээгүй ажлын мөнгөн дүн буюу 15031000 төгрөг гэж үзэж байгаа. "О" ХХК нь нийт санхүүжилтийн 90.4 буюу 36000000 төгрөгийг авчхаад байгаа боловч 15000000 төгрөгийн ажил хийгдээгүй. 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 3-4 жил хүлээлттэй байгаа. Тухайн үед "О" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Атай холбогдоод ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа. Нэгэнт хийгдээгүй ажлаа хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргасан. Өмнө нь бас Б аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч "О" ХХК Улаанбаатар хотын харьяалалтай учир нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авахаас татгалзаж буцаасан. Тиймээс Г сумын ЗДТГ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтын дийлэнх хэсэг байгаа газрын буюу Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлээд өнөөдөр Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэхээр шилжиж ирсэн байгаа. Иймд "О" ХХК-иас хийгдээгүй ажлын гүйцэтгэл 15031000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч О ХХК-ийн захирал Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компанитай холбоотой Б аймгийн Г сумын ЗДТГ-ын даргын 1318 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/31 дүгээр албан бичгээр Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд;
1. Г сумын төвт батлагдсан зураг зураг төсөл, техникийн тодорхойлолтын дагуу 150 метр явган хүний зам тавьсан бөгөөд захиалагчийн хүсэлтийн дагуу нэмж явган хүний зориулалтын 30x30 хэмжээтэй хавтангаар 1.40 метрийн өргөнтэй, хоёр талд нь 15 см-ийн зузаантай 20-30 см-ийн өндөртэй боржуур цутган 51 метрийн урттай явган хүний замыг илүү хийж гүйцэтгэсэн.
2 Захиалагчийн хүсэлтийн дагуу эмнэлгийн үүднээс "00" хүртэлх 30 метрийн урттай 1.20 метрийн өргөнтэй, 20 см-ийн зузаантай цементэн явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн.
3. Захиалагчийн хүсэлтийн дагуу тус сумын ЗДТГ-ын байрны үүд хэсгийн 24 м2 талбайг цементлэн янзалсан.
Дээрх ажлуудыг нэмж хийж гүйцэтгэхэд нийт 6937338 /Зургаан сая есөн зуун гучин долоон мянган гурван зуун гучин найман/ төгрөгийн зардал гарсан.
Захиалагч: Г сумын ЗДТГазар тус компанитай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх /сумын тохижилт/ №07 дугаар гэрээний 3.3, 3.4, 3.6, 4.1, 6.2 дахь заалтыг тус тус удаа дараа зөрчиж санхүүжилтийг гэрээнд заасан хугацааны дагуу шийдвэрлэж өгөөгүй бөгөөд 2014 онд О ХХК-ийн ХААН банкны харилцах 5070261226 дугаар дансаар дамжуулан 17833122 /Арван долоон сая найман зуун гучин гурван мянган нэг зун хорин хоёр/ төгрөгийг авсан. 2015 он /бүтэн/, 2016 оны 11 дүгээр сар хүртэл гэрээний дагуу ямар ч мөнгө төгрөг шилжүүлээгүй ба 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 сая төгрөг, 12 дугаар зарын 21-ний өдөр 6 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардал болох 6937338 төгрөг, захиалагчийн буруугаас тасалдсан сул зогсолт, томилолтын зардал, алдангийн зардал, Захиалагчийн албаны зардал буюу хяналтын зардлаас илүү авсан 106763 төгрөг, гэрээний үлдэгдэл 3209100 төгрөг нийт 21315863 төгрөгийг захиалагч Г сумын ЗДТГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны Г сумын ЗДТГ-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу газар шорооны бүх ажлуудаа хийсэн. Сэргээгдэх эрчим хүчний ажил бол хийгдээгүй гэдэг нь үнэн. Яагаад, ямар шалтгаанаар хийгдээгүй вэ гэвэл, тухайн үедээ захиалагч байгууллага өөрөө хүсэлт гаргаж Б дарга, одоогийн засаг дарга М нар зам бол дутуу болчих юм байна, зөвхөн гэрэл тавих биш замаа уртасгаад өгөөч гэсэн. Бид нар гэрээний дагуу 150 метр хавтангаар зам тавих байсан ба хийж гүйцэтгээд ХААН банкны урьд талд нь ирэхэд нэмүүлэх хүсэлт тавьсан. Тэр хүсэлтийг манай компаниас хүлээж аваад өнгөт хавтангаар 42 м.кв талбайтай урт зам нэмж хийж өгсөн байсан. Мөн эмнэлгийн урьд хэсэгт бас явган хүний зам тавьж өгөөч гэхэд нь хүлээн зөвшөөрч хийж өгсөн байсан. Дараагаар нь Засаг даргын Тамгын газрын урьд талбайн хэсэгт цементийн цутгалт хийж өгсөн. Тухайн ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа 2015 онд 2 удаа ажлын хэсэгтэйгээ очиж Мэндсүрэн даргад одоо хийсэн ажлын дагуу гэрээгээ дүгнэе би үлдсэн гэрэлтүүлгийг тавьж өгье гэсэн хүсэлт тавьсан боловч шийдвэрлээгүй. Мөн 2015 онд ямарваа нэгэн шалтгаангүйгээр "О" ХХК-д ямар ч мөнгө шилжүүлээгүй. 2014 онд бүх мөнгөө шилжүүлж өгөх байсан боловч тухайн онд 17000000 төгрөг л авсан. 2015 онд ямар ч мөнгө шилжүүлээгүй байж байгаад, 2016 онд 16000000 нэг удаа 12000000 нэг удаа орж ирсэн. Энэ мөнгийг л авсан. Мөн бид нараас захиалагчийн хяналтын зардал гээд 800000 төгрөг татсан ба 100000 төгрөг илүү татсан байсан. Захиалагчийн хяналтын зардал гэдэг нь өөрөө байгууллагын норм, дүрэм, стандартын дагуу цаанаас нь тогтоож өгсөн тэрүүгээр илүү татах боломж ч байхгүй, мөн анхны захиалагч байгууллагын Бейсенбай гуайгаар гаргуулсан хяналтын төсөв дээр, тендер дээр санал өгөхдөө "О" ХХК-д өгсөн төсөв дээр ч гэсэн 693237 төгрөг татах ёстой байсан. Тэгээд манайхаас үлдсэн зардлаа хийж өгье гэсэн захиалагч байгууллага өөрөө зөвшөөрөөгүй учир бид нар хийгээгүй байгаа. Одоо манай компаниас үлдсэн мөнгөнд нь тааруулж хийж өгөх боломж байгаа эсхүл илүү хийсэн зардал, авсан мөнгөө хасуулах хүсэлттэй байгаа. "О" ХХК-д мөнгө шилжүүлэх болохоос биш 6500000 төгрөгийг би бол мэдэхгүй байгаа. Манай депозит дансаар орж ирээгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газар нь О ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан хийгдээгүй ажлуудын өртөг болох 15031360 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Г сумын Засаг даргын тамгын газар нь О ХХК-тай 2014 онд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч О ХХК нь батлагдсан зураг төсөл, төсвийн хүрээнд Г сумын төвд 150 метр явган хүний зам тавих, 12 ш гэрэлтүүлэг, автомашины зогсоол барьж, эзэнгүй хогийг цэвэрлэх зэрэг тохижилтын ажлыг хийхээр тохиролцсон ба барилгын нийт хөлсийг 3984222 төгрөгөөр тохиролцсон байна.
Тухайн ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлуудаас эзэнгүй хогийн цэвэрлэгээ болон нарны сэргээгдэх гэрэлтүүлэгч 12 ш байршуулах ажлууд хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байна.
Хариуцагчаас манай компани сумын тохижилт төслийн ажлыг хэрэгжүүлэх явцдаа захиалагчийн зүгээс явган хүний замыг нэмж хийж гарах зардлыг суурилуулах 12 ширхэг гэрэлтүүлгээс хасах талаар харилцан тохиролцсоноор явган хүний замыг гэрээнд зааснаас нэмж хийж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Г суманд Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний гүйцэтгэл, ажлын явцад ажлын хэсгийн хийсэн шалгалтын дүгнэлт үнэлгээ гэсэн баримтад явган хүний зам нийт урт 201 метр, үүнээс хүн эмнэлгийн өмнөх хэсгийн цементэн зам 29 м, өнгөт хавтантай гол зам 172 м буюу гэрээнд зааснаас 22 м замыг илүү хийсэн, мөн сумын Засаг даргын Тамгын газрын урьд талд 12 м.кв газарт цемент цутгах ажлыг нэмж хийсэн байна гэж бичигдсэн, мөн 2018 оны 04 дүгээр сарын 16-нд Г сумын төвд Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудыг газар дээр нь хэмжих үед хийгдсэн тэмдэглэлд зогсоол, 4 х 10 метрийн талбайтай. Өнгөт хавтангаар хийсэн явган хүний зам 192 м, эмнэлгийн урьд тавьсан бетон зам 26.3 метр, сумын Засаг даргын тамгын газрын урьд талбай 25,3 м2 байна гэж тусгасан, гэрч Т.М-ыг гэрчээр асуухад 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хэсгийн дүгнэлтээр 200 м явган хүний зам хийгдсэн. Засаг даргын тамгын газрын урьд талд 25,3 м2 тавцанг сайн дурын үндсэн дээр нэмж хийж өгсөн болно гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд О ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээгээр Г сумын төвд 150 метр явган хүний зам тавих байсан боловч явган хүний нийт урт 201 метр зам тавьж гэрээнд зааснаас 51 м замыг илүү хийсэн, мөн сумын Засаг даргын Тамгын газрын урьд талд цементэн талбай хийсэн болох нь тогтоогдож байна. Хариуцагч талаас дээрх нэмж хийгдсэн ажлын төсөвт өртгийг Мэргэшсэн төсөвчингөөр хийлгэсэн байх ба тухайн нэмж хийгдсэн ажлын нийт өртгийг 6937338 төгрөгөөр гаргасан байна.
Гэрээнд зааснаас эзэнгүй хогийн цэвэрлэгээний ажил, гудамжны нарны гэрэлтүүлэг хийх ажил нь хийгдээгүй боловч ажил гүйцэтгэгчээс гэрээнд заасан зарим ажлыг нэмж хийсэн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн үнийн дүнгээс нэмж хийсэн ажлын өртгийг хасаж гаргуулах нь зүйтэй байна. Тухайн нэмж хийгдсэн ажлын үр дүнг хүлээж авч, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан олгогдсон санхүүжилтийн зарим хэсэг нь манай компанийн дансанд ороогүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь Б аймгийн Г сумын төрийн сангийн 2014, 2015, 2016 онуудын дансны хуулгуудаар няцаагдаж байна.
Иймд О ХХК-иас 8094022 төгрөгийг гаргуулан Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газарт олгож, илүү нэхэмжилсэн 6937338 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан О ХХК-иас 8094022 /найман сая ерэн дөрвөн мянга хорин хоёр/ төгрөг гаргуулан Б аймгийн Г сумын Засаг даргын тамгын газарт олгож, илүү нэхэмжилсэн 6937338 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 144454 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М