| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0349/И |
| Дугаар | 502 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 502
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, М овогт М.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн ИР ХХК /захирал М.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч ИР ХХК-ийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нийлүүлсэн барилгын материалын үнэ 39810300 төгрөг, хамтран ажилласан үйл ажиллагааны ашиг 14598616,50 төгрөг, нийт 54408916,50 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.А нь хувиараа бизнес эрхэлдэг. 2016 оны 8 дугаар сард Б аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд Кувейтийн Засгийн газраас 60000 ам.долларын тусламж үзүүлж эдгээр айлуудад зориулж байшин барьсан бөгөөд энэ үеэс "ИР" ХХК-ийн захирал ажилтай М.Х-тай хамтран ажиллаж эхэлсэн байдаг.
Нэг. 2017 оны 1 дүгээр сард Кувейтийн Засгийн газраас үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд зориулж 35 айлын орон сууцны хотхон барихад 274,835 ам.долларын тусламж олгож энэ ажлыг МУЗН-ийн Холбоо Кувейт улсын Элчин сайдын яамтай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх болсон. Энэ үед М.Х нь надтай хамтран ажиллах санал тавьсны дагуу бид хоёр түүний "ИР" ХХК-ийн нэр дээр 9 айлын орон сууц барих тендер авч гэрээнд миний бие Улаанбаатар хотод очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан гэрээ М.Х-ын өөр дээр нь хадгалагдаж байна. Бид хоёр хамтран ажиллахаар амаар тохиролцсон бөгөөд орон сууцыг барьж дуусгасны дараа гарсан ашгийг тавь тавин хувиар хувааж авахаар болсон. Гэрээг нэг айлын орон сууцыг 9297737 төгрөгөөр, 9 айлын орон сууцыг нийтдээ 83679633 төгрөгөөр барихаар байгуулсан. Гэрээг 2017 оны 04 дүгээр сарын эхээр байгуулж дараа нь орон сууц барих санхүүжилтийн 80 хувь болох 66943706 төгрөг М.Х-ын компанийн дансанд шууд орж ирсэн. Бид хоёр 2017 оны 04 дүгээр сарын эхээр БНХАУ-ын Эрээн боомт руу явж шаардлагатай зарим материалуудыг авчирч мөн оны 05 дугаар сарын 4-ний өдөр барилгын ажлыг эхэлж зун барьж дуусгасан боловч комисс хүлээж авахгүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч нээлтээ хийсэн.Бид 9 айлын орон сууцыг зохих ёсоор барьж комисст хүлээлгэж өгсөн. Нэг айлын орон сууцыг барьсан барилгын материал, ажилчдын хөлс, бусад зардлуудыг тооцож үзэхэд 6053000 төгрөгийн зардал гарсан.Гэрээ ёсоор нэг айлын орон сууцны зардлыг 9297773 төгрөгөөр тооцож олгосон ба бид нэг айлын орон сууцнаас 3244137 төгрөгийн, есөн айлын орон сууцнаас нийтдээ 29197233 төгрөгийн цэвэр ашиг үзсэн.Бид хоёрын хооронд тохиролцсон ёсоор нийт ашгийн 50 хувь болох 14598616,50 төгрөгийг миний бие авах ёстой боловч М.Х нь мөнгө байхгүй гээд одоо хүртэл мөнгийг өгөхгүй намайг чирэгдүүлж хохироож явна.
Хоёр. Дээрх 9 айлын орон сууцыг барихад би эхнэрийн нэр дээр бүртгэлтэй "Ө" ХХК-ийн нэрээр болон бусад компани, дэлгүүрүүдээс нийтдээ 39810300 төгрөгийн барилгын материал өгсөн боловч М.Х нь одоо хүртэл тооцоо хийгээгүй, үнийг төлөөгүй. Үүнд:
1. 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 16 дугаар зарлагын баримтаар 22505000 төгрөгийн үнэтэй балк, банзыг Завхан аймгийн Т ХХК-иас иргэн Х.С-ийн ачиж ирсэн барилгын материалаас Ө ХХК-ийн нэрээр авч өгч үнийг би төлсөн.
2. 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 20 дугаар зарлагын баримтаар "Ө" ХХК-ийн нэрээр 300000 төгрөгийн үнэтэй балкны хадаас авч өгсөн.
3. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаар зарлагын баримтаар "М" ХХК-ийн захирал Ш.Т-ийн дэлгүүрээс 1468900 төгрөгийн алаг цаас, хар цаас, нугас, чийдэн, ламп, будаг зэрэг барааг би авч өгч үнийг өөрөө бэлнээр төлсөн.
4. 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар зарлагын баримтаар "Ө" ХХК-ийн нэрээр 4125000 төгрөгийн үнэтэй дээврийн нимгэн төмөр өгч үнийг аваагүй.
5. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаар зарлагын баримтаар "К" ХХК-иас 1851000 төгрөгийн үнэтэй вакуум цонх авч өгч үнийг би өөрөө төлсөн.
6. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 16 дугаар зарлагын баримтаар иргэн О.А-ийн барилгын дэлгүүрээс 574900 төгрөгийн үнэтэй барилгын материалыг авч өгч үнийг би өөрөө бэлэн төлсөн.
7. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар зарлагын баримтаар "Б" ХХК-ийн захирал Б.Е-аас 18 ширхэг хаалгыг 1620000 төгрөгөөр авч өгч үнийг би өөрөө бэлэн төлсөн.
8. 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 19 дугаар зарлагын баримтаар "Ө" ХХК-ийн нэрээр 5100000 төгрөгийн орос банз өгч үнийг аваагүй.
10. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр "М" ХХК-ийн дэлгүүрээс 189000 төгрөгийн үнэтэй 9 ширхэг зуухны ширэм авч өгч үнийг би өөрөө төлсөн.
9. Мөн миний бие ажилчдын хөлс болон шруп, хайрагны үнэ, бензинд 649500 төгрөгийг бэлэн төлсөн ба энэ мөнгийг мөн одоо хүртэл М.Х-аас авч чадаагүй.
10. 2016 онд үерийн усанд нэрвэгдсэн айлуудын орон сууц барих үед М.Х нь 9 дүгээр сарын 3-ны өдрийн 09 дугаар зарлагын баримтаар 3935000 төгрөгийн үнэтэй балк, банз авснаас 1427000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй явна.
Иймд миний нэхэмжлэлийг зохих хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж "ИР" ХХК-ийн захирал М.Х-аас нийлүүлсэн барилгын материалын үнэ 39810300 төгрөг, хамтран ажилласан үйл ажиллагааны ашиг 14598616,50 төгрөг, бүгд 54408916,50 /тавин дөрвөн сая дөрвөн зуун найман мянга есөн зуун арван зургаан төгрөг тавин мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ИР ХХК-ийн захирал М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.А-ээс манай компанид холбогдуулан 54408916,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Кувейт Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс Б аймагт үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд зориулж Ө сумын 10-р багийн нутаг дэвсгэрт өвлийн сууц, халуун ус, сүм барихаар нээлттэй тендер зарласан билээ. Манай компани үүнээс 83589635 төгрөгийн үнийн санал бүхий 9 айлын өвлийн сууц барих тендерт ялж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар болсон. Манай компани 2011 оноос эхэлж барилгын чиглэлийн үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа. Нэхэмжлэгч М.А нь хувиараа барилгын материал зардаг хүн юм. Бид тэр утгаараа нэхэмжлэгчийг таньдаг. 9 айлын өвлийн сууц барихад тоосго, цемент, балк, банз, элс, шавар, чулуу, дээврийн төмөр, хадаас, хаалга цонх гэх мэт барилгын материалууд шаардлагатай байсан. Манай компани эдгээр барилгын материалуудаас банз, балк, дээврийн төмрийг хувиараа барилгын материал зардаг нэхэмжлэгч М.А-ээс худалдаж авахаар болж амаар тохиролцож, түүний Төрийн банкан дахь дансанд барилгын материалын үнэ болох 36000000 төгрөгийг бэлэн бусаар урьдчилж шилжүүлсэн. Манай компани нэхэмжлэгч М.А-ээс авах ёстой барилгын материалыг авсан.
Гэхдээ 1523900 төгрөгийн үнэ бүхий материалыг дутуу авсан. Манай компани нэхэмжлэгч М.А ямар нэгэн ашиг хуваах тухай тохиролцоо хийж байгаагүй, тийм шаардлага ч байхгүй. Тэгээд ч манай компани уг ажил гүйцэтгэх гэрээнээс ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, харин ч алдагдалтай ажилласан. Товчхондоо хэлэхэд, манай компани хүмүүнлэгийн чиглэлийн үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа. Нөгөө талаар, энэхүү хүмүүнлэгийн ажлыг хийснээр манай компанийн хувьд ажлын нэг үзүүлэлт болох бөгөөд дараа дараагийн тендерт оролцоход энэ нь борлуулалт болж харагдах юм. Тийм учраас хэчнээн ашиггүй байсан ч гэсэн энэхүү өвлийн сууц барих тендерт оролцсон байсан юм. Нэхэмжлэгч М.А-ийн энэ талаар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэлд хавсаргасан материалууд энэ хэрэгт хамааралгүй баримтууд байна. Учир нь, эдгээр баримтуудад манай компанитай холбоотой нэг ч баримт алга байна. Гэхдээ дээр дурдсанчлан манай компани 9 айлийн өвлийн сууц барих ажлаа хийж дуусгасны дараа 2017 оны 10-р сарын үед нэхэмжлэгч М.А-тэй тооцоо нийлсэн. Тухайн тооцоогоор нэхэмжлэгч М.А нь манай компанид 1523900 төгрөгийн үнэ бүхий материалыг дутуу өгсөн. Тооцоо нийлэх үед талууд тус тусдаа баримт үйлдсэн бөгөөд бид нэхэмжлэгч М.А-ийн үйлдсэн тооцооны баримтыг хуулбарлаж авсан байсан. Уг хуулбар бүхий баримтыг тус хэрэгт хавсаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч ИР ХХК-иас нийлүүлсэн барилгын материалын үнэ 39810300 төгрөг, хамтран ажилласан үйл ажиллагааны ашиг 14598616,50 төгрөг, нийт 54408916,50 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ИР ХХК-ийн захирал М.Х-тай 9 айлын орон сууц барих талаар хамтран ажиллах талаар харилцан тохиролцож уг орон сууцыг барьж дуусгасны дараа олсон ашгийг тэнцүү хувааж авахаар болсон боловч ИР ХХК-ийн захирал М.Х нь орон сууц барихад эхнэрийн нэр дээр бүртгэлтэй Ө ХХК-ийн нэрээр болон бусад компани, дэлгүүрүүдээс авсан барилгын материалын үнэ нийт 39810300 төгрөгийг, тухайн орон сууцнуудын барих ажлаас олсон нийт ашгийн 50 хувь болох 14598616 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ИР ХХК нь Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба нийт 83589635 төгрөгийн ажил буюу Б аймагт 5х9 харьцаатай жилийн 4 улирал ашиглах 9 байшинг өгөгдсөн техникийн үзүүлэлтийн дагуу барьж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна.
Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох төрийн банкны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр хүлээн авагч М.А-ийн 29140042612 тоот дансанд 36000000 төгрөгийг материалын үнэ гэж ИР ХХК-иас шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтуудаас үзэхэд тухайн зарлагын баримтуудад дурдсан барилгын материалуудыг нэхэмжлэгч С.А өөрөө хүлээн авснаар гарын үсэг зурж байсан байх тул тухайн баримтуудыг үндэслэн хариуцагч ИР ХХК-иас Ө ХХК-ийн нэрээр болон бусад компани, дэлгүүрүүдээс авсан барилгын материалын үнэ нийт 39810300 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч М.А-ээс Кувейт хорооллын нэг байшинг барьж ашиглалтад оруулахад гарсан зардлын тооцоо гэх баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү тооцоог ямар журмаар тооцож гаргасан тодорхой бус, тухайн баримтыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тухайн тооцоо нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь ИР ХХК-ийн захирал М.Х-тай 9 байшин барих талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцож тухайн байшингуудыг барих ажлаас нийт 29197232 төгрөгийн ашиг олсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч М.А нь ИР ХХК-тай хамтран ажиллахаар, хамтран ажилласан тохиолдолд ашиг хуваах талаар харилцан тохиролцсон нь шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагчаас ...дээрх байшингуудыг барих ажил гүйцэтгэх гэрээнээс ямар нэгэн ашиг олоогүй, харин ч алдагдалтай ажилласан гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй тул олсон ашгийн 50 хувь болох 14598616 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан ИР ХХК-ийн Монголын улаан загалмайн нийгэмлэгт гэж Макейн Айбект олгож байсан итгэмжлэл, Кувейт улсын санхүүжилтээр шинээр 35 айлын өвлийн сууц, халуун ус, сүм барих ажил гүйцэтгэх гэрээнд ИР ХХК-ийг төлөөлж М.А гарын үсэг зурсан байдлууд нь М.А-ийн ИР ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцсоныг нотлохгүй болно гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч М.А-ийн хариуцагч ИР ХХК-аас нийлүүлсэн барилгын материалын үнэ 39810300 төгрөг, хамтран ажилласан үйл ажиллагааны ашиг 14598616,50 төгрөг, нийт 54408916,50 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-ийн хариуцагч ИР ХХК-иас нийлүүлсэн барилгын материалын үнэ 39810300 төгрөг, хамтран ажилласан үйл ажиллагааны ашиг 14598616,50 төгрөг, нийт 54408916,50 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429995 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.Б