Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 503

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ф сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ф сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, А ХХК /захирал Х.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар К.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 31774920 төгрөг, алданги 15887460 төгрөг, нийт 47662380 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "А" ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай компанитай 7 сар16 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах" гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2017 оны 5 дугаар сард 7287160 төгрөгийн, 2017 оны 6 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд 17605330 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3884250 төгрөгийн, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 542000 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1193850 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 770000 төгрөгийн, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2600660 төгрөгийн,2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 760000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2433830 төгрөгийн,2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 285000 төгрөгийн нийт 37362080 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг тус тус зээлээр худалдаж авсан. Тус гэрээний 4.2-т зааснаар хариуцагч "А" ХХК нь тухай бүр авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны өдөр дотор бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн. Манай компани дээрх 37362080 төгрөгийг төлөхийг хариуцагч "А" ХХК-иас шаардаж нэхэмжлэх хуудас хүргүүлсэн боловч зөвхөн 5587160 төгрөгийг л төлж өгч, үлдэгдэл 31774920 төгрөгийг төлж өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн зүгээс зээлдэгч "А" ХХК-иас зээлээр худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгө болох 31774920 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тэд /хариуцагч/ элдэв шалтаг зааж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр манай компани багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Гэрээний талууд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд "А" ХХК болон манай компанийн хоорондын тооцоогоор 31774920 /гучин нэгэн сая долоон зуун далан дөрвөн мянга есөн зуун хорь/ төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл /мөнгө/-ийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч "А" ХХК нь уг мөнгийг одоо болтол төлж өгөөгүй. Нэгэнт хариуцагч "А" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. Алдангийг тооцоолоход 2018 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэл 126 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (31774920 төг х 0.5%=158.874.6 х 126 хоног) = 20018199 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заажээ. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 31774920 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 20018199 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 31774920 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 15887460 төгрөг болж байна. Иймд хариуцагч "А" ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 31774920 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 15887460 төгрөг нийт 47662380 /дөчин долоон сая зургаан зуун жаран хоёр мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага 47662380 төгрөг гаргуулах тухай үндэслэл нь А ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Р ХХК-тай 7 сар 16 хоногийн хугацаатай нефтийн бүтээгдэхүүн дараа төлбөр тооцоогоор борлуулалт хийх гэрээ байгуулж нийтдээ 37362080 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүнийг тус тус зээлээр худалдаж авсан байдаг. Тус гэрээний 4.2-д зааснаар хариуцагч А ХХК нь тухайн бүр авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10ны өдөр дотор бүрэн төлж дуусна гэсэн үүрэг хүлээсэн. Р ХХК 37362080 төгрөгийг хариуцагч байгууллагаас удаа дараа шаардаж нэхэмжлэл хүргүүлсэн боловч зөвхөн 5587160 төгрөгийг төлж үлдэгдэл 31774910 төгрөгийг төлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл компанийн зүгээс зээлдэгч А ХХК-д зээлээр авсан нефтийн үлдэгдэл болох 31774920 төгрөгийг удаа дараа шаардсан боловч, шалтаг тооцож төлөөгүй явж ирсэн. Гэрээний талууд 2017 оны 5 дугаар сарын 15-ний өдрөөс, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өгч авсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлангийн дэлгэрэнгүй хураангуй бичилтээр нэг бүрчлэн үзэхэд "А" ХХК 31774920 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцооны акт үйлдэж энэхүү үлдэгдэл тооцоогоор 31774920 төгрөгийг банкны тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон байдаг. Гэвч хариуцагч А ХХК уг мөнгийг одоо болтол төлж өгөөгүй. Хариуцагч А ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүндээ алданги нэхэмжилж байгаа. Тус гэрээний 4.3-д зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч төлбөр тооцоогоо гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5 хувтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. Алдангийг тооцоолоход 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс, 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 126 хоног хэтрүүлсэн. Энэ нь 20108199 төгрөг болж байна. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 гүйцэтгээгүй дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн одоогийн үлдэгдэл төлбөрөөс хэтэрсэн учраас Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн алданги бол 15887460 төгрөг болж байгаа. Нийтдээ зээлийн үлдэгдэл төлбөр 31774920 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 15887460 төгрөг, нийт 47662380 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргуулсан. Хариуцагчаас хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тал дээр тайлбар ирүүлээгүй. Шүүхээс тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж нэг хувийг хариуцагч нарт гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд талуудын зарчмаас гадна шуурхай байх зарчим үйлчилдэг.Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэхэд хугацаа тогтоож зарим ажиллагааны хувьд гомдол гаргахгүй цаг хугацаа алдахгүй байх зохицуулалтыг хуульчилсан байдаг. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дүгээр зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй боловч хуульд заасан үүргээ хугацаандаа биелүүлэхгүйгээр хэрэг шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан тогтоосон хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж үзнэ. Хариу тайлбар гаргах хугацааг зааж хугацаандаа тайлбар гаргаагүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба хэргийг шууд шүүх хуралдаанаар хэлэлцэх ёстой билээ. Өөрөөр хэлбэл маргааны талаар хариуцагч тайлбар гаргахгүй бол эсэргүүцээгүй зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэж өгнө үү гэсэн санал байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК нь А ХХК-иас шатахууны үнэ 31774920 төгрөг, алданги 15887460 төгрөг, нийт 47662380 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч А ХХК-ийн захирал Х.Б-ад 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Р ХХК нь А ХХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байхаар тусгаж өгсөн байна. Гэрээний хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сард 3884250 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 542000 төгрөгийн, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1193850 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 770000 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2600660 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 760000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2433830 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 285000 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан болох нь Р ХХК-ийн нэхэмжлэхүүд, Р ХХК болон А ХХК-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа №4, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Р ХХК нь А ХХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар байгуулсан 27 дугаартай гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.2-т Хэрэглэгч авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж дуусгана, уг гэрээний 4.3-т Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үлдэгдэл үнийн 0.5 %-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч талаас хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 31774920 төгрөгт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 126 хоногт Иргэний хуулийн дээрх заалтаар тооцоход хугацаа хэтэрсэн хоног тутамд 20018199 төгрөг /31774920 х 0,5% = 15887460/ алданги төлөхөөр байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан 126 хоногт алданги тооцоход 20018199 төгрөг /31774920 х 0,5% = 15887460/-ийн алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул алдангийн хэмжээг хариуцагч А ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 31774920 төгрөгийн 50 хувь болох 47662380 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд А ХХК-иас шатахууны үнэ 31774920 төгрөг, алданги 15887460 төгрөг, нийт 47662380 төгрөг гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч А ХХК-ийн захирал Х.Б-ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан А ХХК-иас шатахууны үнэ 31774920 төгрөг, алданги 15887460 төгрөг, бүгд 47662380 /дөчин долоон сая зургаан зуун жаран хоёр мянга гурван зуун наян/ төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396262 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А ХХК-иас 396262 төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М