| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2017/03187/и |
| Дугаар | 00202 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 00202
| 2018 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2018/00202 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Р.Алтантуяа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, дугаар байр , давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Х.В” ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, байрны давхарт үйл ажиллагаа явуулдаг, “М” ХХК /000000/-д холбогдох
Гэм хорын хохиролд 6.006.590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.В” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, байрлах “Н” төвийн болон давхарт эрүүл мэндийн оношлогоо, шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шилжих шөнийн 5 цаг 30 минут орчим хүртэлх хугацаанд манай дээд давхарт байрлах “М” ХХК-ийн ариун цэврийн өрөөнөөс ус алдсаны улмаас манай үйл ажиллагаа явуулдаг зоорийн давхарт байрлах компьютер бусад тоног төхөөрөмж, шал, тааз зэрэг эд хогшилд ихээхэн хэмжээний хохирол учирч, улмаар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бид нэн даруй шаардлагатай арга хэмжээ авч хохирол барагдуулах комисс байгуулж холбогдох мэргэжлийн компаниудад хандан лабораторийн онолшилгооны тоног төхөөрөмж, аппарат анализаторууд, барилгын хана, тааз, шал, хаалга, бусад эд хогшилд учирсан гэмтэл, хохирлын хэмжээг тогтоолгосон бөгөөд манай компанид учирсан хохирлыг барагдуулах талаар болон үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар нийт барилгын ашиглалт хариуцсан компани болох “Х.ц.г” ХХК болон дээд давхарт байрлах “М” ХХК-иудад хандсан боловч “М” ХХК нь ямар нэгэн бодитой арга хэмжээ авахгүй, хохирол барагдуулахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд “М” ХХК-иас дараах хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Эд хөрөнгөд учирсан хохирол 5,786,590 төгрөг хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 220,000 нийт 6,006,590 төгрөг болсон юм. Иймд манай компанид учирсан хохирол нийт 6,006,590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуагч “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хулээн зөвшөөрөх боломжгүй байна. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны шилжих шөнө манай компанийн ариун цэврийн өрөөний цэвэр ус дамжуулах холбоос задарсаны улмаас ус алдсан асуудал болсон. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажил тарах 17:00 цагийн үед бүх манай компанийн ариун цэврийн өрөөнөөс ямар нэгэн ус гоожсон байдал ажиглагдаагүй талаар үйлчлэгч хэлдэг. Энэ ус алдалтын улмаас нэхэмжлэгч “Х.В” ХХК-ийн байрлах давхар буюу зоорийн давхарт байрлах эд хогшилд их хэмжээний хохирол учирсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2017 оны 8 дугаар сарын 05-ны өглөө ажил цуглархад ус алдаж эвдэрсэн хана, тааз, шал, компьютерийг үзэх гэтэл нэхэмжпэгч компани манай хүмүүсийг оруулж үзүүлээгүй. Харин нэхэмжлэгч компани өөрсдөө хохирол барагдуулах комисс гаргасан байгаа нь эд хөрөнгөнд учирсан бодит хохиролыг нуун дарагдуулж байсан. Манай компани “Н” төвийн 2 дугаар давхарт байрлаж үйл ажиллгаа явуулдаг. Гэтэл манай компанийн доорх 1 дүгээр давхарт илүү их ус алдах байсан боловч тэнд зөвхөн ариун цэврийн өрөөний хэсгээрус дусалсан байдаг. Манай компанийн зүгээс гэмтэл учирсан эд зүйлийг сэргээн засварлаж өгөх хүсэлтийг удаа дараа албан бичгээр хүргүүлж байсан. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 17/109 хохиролын актыг ирүүлснийг манай компани зөвшөөрөх боломжгүй байгаа. Тус актанд тавилга эд хогшил, компьютерийн үнэлгээ гэсэн байгаа нь ойлгомжгүй юм. Хэдэн ширхэг ямар тавилга, компьютерт эвдэрэл үүссэн болон дахин сэргээн засварлах боломжтой эсэх талаар тодорхой бус байгаа болно. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бодитоор дэнсэлж, шүүн тунгааж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х.В” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 6,006,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч түүний үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, анх 5 сая гаруй төгрөг нэхэмжилж байсан. Үнийн дүн нэмэгдсэн байна хэмээн маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо: Хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, байрны давхарын ариун цэврийн өрөөнөөс ус алдасны улмаас тухай байрны 1, В-1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Х.В” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, “И.Э” ХХК-ийн 2017.02.28-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 17-30 дугаар хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч “М” ХХК нь өөрийн гэм буруу болон учруулсан хохирлын үнэлгээний дүн дээр маргаж байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай, болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлийн тухайн байрны 2 давхарын ариун цэврийн өрөөнөөс ус алдасны улмаас “Х.В” ХХК-нд хохирол учируулсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна.
“М” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулъя, бүх эвдэрсэн зүйлийг засч, өөрийн компаниар засвар хийлгэж өгье гэж байхад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн компанид учирсан хохирлын талаар “И.Э” ХХК-иар хохирлын үнэлгээний тайлан гаргуулсан, тухайн үнэлгээг гаргуулахад төлсөн төлбөрийг нэхэмжилжээ.
“И.Э” ХХК-ийн 2017.08.28-ны өдрийн хохирлын үнэгээний тайланд “Х.В” ХХК-нд ус алдасны улмаас 5.786.590 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэжээ. /хх-ийн 17-30 дугаар тал/
Иймд хариуцагч “М” ХХК-иас “Х.В” ХХК-нд учирсан хохирол 5.786.590 төгрөг, тухайн хохирлын үнэлгээг гаргуулахаар төлсөн төлбөр 220.000 төгрөг /хх-ийн 31 дүгээр тал/, нийт 6.006.590 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Шүүх хэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулах үнийн дүнгийн хэмжээгээр тооцон нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 6.006.590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х.В” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 111.060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х.В” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА
М.МӨНХТӨР