Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

А.Солдатхан нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112/А дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Сарбас овогт Амиралын Солдатханы нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Үенч сум дахь Хилийн 0130 дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ойнбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 104.684.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Миний төрсөн хүү С.Ахжархын нь Ховд аймгийн Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангид нэг сар, Байтагийн заставт гурван сар алба хааж “Улиаст”-ын хилийн харуулд албан үүргээ гүйцэтгэж яваад 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрөө өөрийгөө боомилсон байдалтай нас барсан билээ.  Миний хүү хар багаасаа хилийн заставт өсөж хүмүүжсэн болохоор цэргийн амьдралыг сайн мэддэг, сэргэлэн цовоо, бие бялдар сайтай, элдэв зуршилгүй цагаан цайлган хүү байсан. Алба хаах дөрвөн сарын хугацаанд нэг сар болоод ахлах байлдагч хоёр сарын дараа түрүүч цол хүртэж бусад цэргүүдээс ялгарч чадсан юм. Бид хүүгээ амьд мэнд, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлсэн боловч маш хариуцлагагүй хүмүүсээс болж алтан амиа алдсан явдалд туйлын их гомдолтой байна. Тухайн үед заставд ажиллаж байсан албан тушаалтнууд болон хилийн харуул удирдаж байсан харуулын дарга дэд ахлагч Баасанхүү нарт гомдолтой бөгөөд тэдний бидэнд учруулсан сэтгэл санааны болон эд материалын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасны дагуу хилийн цэргийн 0130 дугаар анги хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж уг байгууллагыг хариуцагчаар татаж байгаа болно. Амиа хорлосон бол амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэсэн нууцлагдмал хүчин зүйл байж таарна. Бид энэ гэмт хэргийн улмаас 4.684.000 төгрөгийн бодит хохирол хүлээсэн. Мөн бид бусдын гэм буруугийн улмаас хүүгээ алдаж сэтгэл санааны гүнзгий хямралд өртөж байгаа тул санаа сэтгэлийн хохиролд 1.000.000.000 /нэг зуу сая/ төгрөг нэхэмжилж байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 10.684.000 / нэг зуун сая зургаан зуун наян дөрвөн мянга / төгрөг мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг хүүгийн ажиллаж байсан байгууллага болох Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн санхүүгээс, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг төрийн сангаас тус тус шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: “Солдатханы Ахжархын нь хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн амиа егүүтгэсэн. Тус хэргийг шалгаж тогтоохоор ажлын хэсэг томилогдон цогцосд үзлэг хийж, мөн хамт алба хааж байсан цэргүүдээс тайлбар авч, мөн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон. Талийгаач дэд түрүүч С.Ахжархын амиа егүүтгэсэн байдал нь бусдын ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харьцаанаас болоогүй, гадны нөлөөлөл байгаагүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Хилийн 0130 дугаар анги нь Солдатханы гэр бүлд 1.912.400 төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж үзээд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын тогтоол гарч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хилийн 0130 дугаар анги нь иргэн Солдатханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112/А дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан Хилийн 0130 дугаар ангид холбогдох эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 104684000 төгрөг, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгө, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А.Солдатханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 681370 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Миний хүү хэн ч халдашгүй үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө хариуцлагагүй хүмүүсээс болж эдэлж чадаагүй шүүх удаа дараа ийм шийдвэр гаргаж байгаа нь маш харамсалтай байна. Хариуцагч талыг хамгаалсан хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хилийн цэргийн 0130 дугаар ангийн албан тушаалтнуудаас болж хүүгийнхээ ажил явдалаас эхлээд тэтгэврийнхээ мөнгийг урьдчилж авсаар одоогийн байдлаар 23 сарын зээлийн үлдэгдэлтэй, сэтгэл санааны хүнд дарамттай амьдарч явна. Миний хүү хэзээ ч өөрөө өөрийгөө хороох хүн биш өөр хүн дүүжилж алсан эсхүл амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэсэн сэтгэл зүйн хүнд дарамт нөлөөлсөн гэж үзэж байна. Хуулийн байгууллага хагас дутуу шалгасан болоод хэргийг хэрэгсэхгүй болгосон нь одоо хүртэл бидэнд эргэлзээ төрүүлж байна. 

            Цэргийн албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг төр хамгаална гээд хуулинд тодорхой заасан учир буруутай албан тушаалтануудаас эсхүл төрөөс бие махбодь, сэтгэл санааны болон эд материалын хохирлыг нэхэмжилж байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шалгаж хохирлыг бүрэн арилгуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч А.Солдатхан нь хариуцагч Хилийн 0130 дугаар ангид холбогдуулан эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 104.684.000 төгрөг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгө, байцаан шийтгэх ажиллагааны зардал 120.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Хилийн 0130 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ойнбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “талийгаач дэд түрүүч С.Ахжархыны амиа егүүтгэсэн байдал нь бусдын дарамт шахалт, зүй бус харьцаанаас болоогүй, гадны нөлөө байгаагүй гэдэг нь хуулийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж тайлбарлажээ.

            Хилийн 0130 дугаар ангид цэргийн алба хааж байсан байлдагч дэд түрүүч С.Ахжархын нь тус ангийн хилийн 4 дүгээр застав /Байтаг/-ын Улиаст байнгын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байх үедээ 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан үйл баримт хэрэгт авагджээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Солдатханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Хууль тогтоогч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд “байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага”-ыг хуульчилсан. Тухайлбал 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана,  498.5 дахь хэсэгт “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ.

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл: Нэгдүгээрт. төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан гэм хор, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа” болох нь нотлогдон тогтоогдсон байх, Хоёрдугаарт.  “Уг гэм хорыг учруулсан албан хаагч буюу хариуцах эзэн нь тогтоогдсон байх”, өөрөөр хэлбэл хэн гэдэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдсон байх, Гуравдугаарт. “Уг гэм хорыг арилгасан байгууллага буюу төр нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс /албан хаагчаас/ шаардан гаргуулах боломжтой байх” гэсэн хуулийн шаардлага байна.

            Гэтэл байлдагч дэд түрүүч С.Ахжархыны амиа егүүтгэсэн үйл явдалд Хилийн 0130 дугаар ангийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм хор, шалтгаант холбоо байхгүй болох нь хэрэгт авагдсан “Ахжархыний биед гадны нөлөөтэй гэмтэл тогтоогдсонгүй, ...С.Ахжархын нь механик амьсгал бүтэлт буюу дүүжлэлтийн улмаас нас барсан” гэх шинжээчийн дүгнэлт, “эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Иймд А.Солдатханы нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан эд материалын болон эдийн бус сэтгэл санааны хохирол 104.684.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх бөгөөд харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-ыг баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул А.Солдатханы нэхэмжлэлийн шаардлагаас “цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгө” нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч А.Солдатханы “Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумаас Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт очиж хэргийн материалтай танилцахад нийт 120.000 төгрөгийн зардал гарсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т зааснаар төр буюу төрийн сангаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зарим зардлыг төр хариуцаж төлөхөөр хуульчилсан бөгөөд төрөөс уг зүйлд заасан зардлыг хариуцаж төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэх зардлын хэмжээ, журмыг мөн хуулийн 100, 101 дүгээр зүйлүүдэд хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99, 100, 101 дүгээр зүйлүүдэд төрөөс төлж болох зардлыг төрөөс төлсөн тохиолдолд уг зардлыг гэм буруутай этгээдээс нөхөн гаргуулж, төрд олгох процессыг зохицуулсан байна.

            Нэхэмжлэгчийн Ховд аймгийн Булган суманд очиж, хэргийн материалтай танилцахад гарсан зардал нь төрөөс нөхөн гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал биш тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас “байцаан шийтгэх ажиллагааны зардал 120.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон зөв байна.

             Иймд нэхэмжлэгч А.Солдатханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 112/А дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан” гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

                                  

 

М.НЯМБАЯР