Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 304

 

Н.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар цагаатгах тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар магадлалтай, Н.Г-д холбогдох эрүүгийн 201725010101 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлээр хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаандай овогт Нүрзэдийн Гантулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г- нь энэ хуульд заасны дагуу хохиролоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтыг хохирогч П.Багад буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаа Хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “... Н.Г-, П.Бага нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээс Н.Г- П.Багыг хутгалсан талаарх үйл баримтыг тусгасан үг, өгүүлбэрт дүгнэлт хийлгүйгээр яллагдагч Н.Гантулгын үйлдлээ үгүйсгэсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.Багын “... хэнд хутгалуулсан аа мэдэхгүй байна” гэх утгаар мэдүүлснийг үндэслэл болгож, дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хэргийн бусад нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр ч хохирогч П.Бага хэнд хутгалуулсан, эсвэл өөрөө хутгатай явж байгаад гэмтэл авсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Түүнээс гадна “Н.Г- хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийг зэвсэг буюу хутга хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. Гэтэл нэг шүүгч дангаараа шүүх хуралдаан явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол” гаргаж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх “... Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 487 дугаар захирамж гаргаж Н.Г-д холбогдох Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилсон боловч 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доош хугацаагаар хорих яд оногдуулахаар заасан гэмт хэргийг шүүгч дангаар шийдвэрлэх хуулийн заалтын дагуу “бүрэлдэхүүн өөрчлөн томилох” тухай ерөнхий шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 757 дугаар захирамж гарч шүүгч Д.Мөнхтуяа хэргийг дангаар шийдвэрлэхээр томилогдсон” байх тул хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдоогүй. Хохирогч П.Бага мөрдөн байцаалтын шат болон шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Н.Гантулгыг ямар нэгэн байдлаар хутгалсан гэдгийг хэлдэггүй. Энэ нь өөрөө шууд нотлох баримт болохгүй бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Мөн шүүгдэгч Н.Г- болон хохирогч нарын хооронд маргалдаан болсон талаар мэдүүлдэггүй. Шүүгдэгч Н.Гантулгыг хилс хэрэгт буруутгаж, ял шийтгэл оногдуулахгүй байхыг хүсье хэмээн хохирогч П.Бага мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн. Мөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Н.Г- гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд хохирогчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй. Гэрч хохирогч, шүүгдэгч нарыг нэгнийгээ хутгалах хэмжээний маргаан үүсгэж, мөн хутгалсныг хараагүй гэж мэдүүлсэн байдаг. Гэрчийн мэдүүлгийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Прокурорын эсэргүүцэлд гар утаснаас болж маргалдсан гэж бичигдсэн бөгөөд тухайн үед хохирогч П.Бага гар утас гаргаж ирсэн асуудал байдаггүй, мөн маргалдаагүй, сайн санаж мах чанаж өгсөн гэж шүүгдэгч Н.Г- мэдүүлдэг. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хэргийг бүхэлд нь дүгнэхэд Н.Г- гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Н.Г- нь согтуугаар, хувийн таарамжгүй харилцааны улмаас, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай шалгагдаж, нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь буруу гэж үзэж байна. Энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд бичсэн прокурорын эсэргүүцэлд тодорхой дурдагдсан бөгөөд тус эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр, Шархадны 63-894б тоотод Н.Г- нь П.Багыг хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгасан ч Н.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэж хөдөлбөргүй нотолж чадаагүй учир шүүх “хэнд, яаж хутгалуулснаа мэдэхгүй байна”, “нэлээн согтсон учир болсон явдлыг санахгүй байна, хутгалуулсан гэдгээ мэдээгүй”, “халаасанд хутга байхаар нь гаргаад хаячихсан” гэсэн хохирогчийн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлгээр Н.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгчээс гэм буруугүй гэдгээ нотлохыг шаардах нь хууль бус бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй учир таамаглалд үндэслэн Н.Гантулгыг гэм буруутайд тооцох боломжгүй юм.

2002 оны Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцогдож байсан хэргийг анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дангаар хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд “... шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болох бусад нотлох баримтыг анхааралгүй “хэнд хутгалуулснаа мэдэхгүй” гэсэн хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Прокурор эсэргүүцэлдээ “... шүүх хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэх ёстой” гэжээ.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг боловч оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг болно.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас хөнгөрсөн тул шүүх Н.Гантулгын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж зүйлчилсэн нь хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Прокурор хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн атлаа шинээр гэмт хэрэгт тооцсон “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэсэн шинжээр буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглүүлэхээр эсэргүүцэл бичжээ.

Гэмт хэрэгт шинээр тооцож, эрүүжүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан үед үйлдэгдсэн хэрэгт хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх зүйн онол, хууль хэрэглээний жишиг байхгүй тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 366 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Амарсанаагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

          ШҮҮГЧИД                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                      Б.ЦОГТ

                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН