Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ш овогт Бийн *******ад холбогдох 201200000**** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, Наранбулагийн 0000 тоотод оршин суух хаягтай,
-    Урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
-    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Бийн ******* /РД:А*******/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын нутаг дэвсгэрт иргэн Г.******* зодож, улмаар эрүүл мэндэд нь дагзны хуйханд болон 2 хацарт зөөлөн эдэд няцралт, 2 завжны салстад хэгзэрсэн шарх, баруун нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 20120000***** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Г.******* өгсөн: “...******* намайг зодож байхад хажууд түүний эхнэр, Батцэцэг гэдэг хүмүүс байсан, өөр хүн байгаагүй. Тухайн үед би ганцаараа явсан юм. Тэр хүмүүс *******ыг надаас салгах оролдлого хийсэн боловч ******* нь нөгөө хоёрынхоо үгэнд орохгүй намайг зодсон юм. Харин би *******ыг зодсон зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/,


*Гэрч Г.******* өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* гэх хүнийг асуухаар Архангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, Наранбулагийн 01-08 тоотод очсон юм. Тэгээд асуутал ******* гэх хүн “тэр хачин юмаа битгий надаас асуугаад бай” гэхээр нь би эргээд гарах гэтэл миний дээлний хормойноос татаж унагаад миний толгой, гэдэс, нүүр, ам руу учир зүггүй зодож эхэлсэн. Би өөрийгөө хамгаалах гэсэн боловч намайг учир зүггүй нүдээд байсан. Мөн хажууд байсан хоёр эмэгтэй *******ыг надаас салгах гэсэн боловч салгаж дийлэхгүй байсан. Тэгээд байж байхад цагдаагийн машин ирсэн чинь ******* гэрээс гараад зугтаасан, цагдаа нар араас нь явсан. Ийм л зүйл болсон. Тухайн үед гэрт нь ороод хүн асуух гэсэн чинь чи сумын заан гэлүү пизда минь гээд зодсон. Би тэр үед эрүүл байсан, харин ******* архи уусан байсан. Миний толгой, нүүр, ам, цээжин хэсэг, нурууруу хөл, гараараа олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгоно. Тухайн үед *******ын эхнэр, түүний найз Батцэцэг гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,
*Гэрч О.******* өгсөн: “...Би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
*Гэрч Д.******* өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, Наранбулагийн 01-08 тоотод байх гэртээ *******, Цэрэндолгор нарын хамт байхад гаднаас Энхболд гэх хүн согтуу орж ирээд надтай маргалдсан юм. Тэгэхэд ******* нь намайг өмөөрч тэр хүнийг зодсон юм. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирэхэд ******* хашаа давж зугтаасан юм. Ийм л зүйл болсон. ******* нь тэр хүний яаж зодсоныг мэдэхгүй байна. Гараараа нүүррүү нь цохих шиг болсон. Тухайн үед манайд *******, Цэрэндолгор нар байсан, өөр хүмүүс байгаагүй. Энхболд согтуу байсан. Моломжам согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Энхболд *******ыг цохиж, зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/,


*Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32 хуу/,


*Хохирогч Г.******* биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 509 дугаартай 
1.    Г.******* биед дагзны хуйханд болон 2 хацарт зөөлөн эдэд няцралт, 2 завжны салстад хэгзэрсэн шарх, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл учирчээ. 
2.    Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Дагзны хуйханд болон 2 хацарт зөөлөн эдэд няцралт, 2 завжны салстад хэгзэрсэн шарх, баруун нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4.    Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги хувиар алдагдуулахгүй.
5.    2, 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлсэн материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана.
6.    Г.******* биед өмнө нь учирсан хуучин гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/,
*Рентгэн зураг /хх-ийн 22 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34 хуу/,
*Ш овогт Б ******* /РД:А******/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/,
*Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-49 хуу/,
*Ялтан Б.*******ын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 50 хуу/,
*Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184 дугаартай “Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 51-54 хуу/,
*Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-63 хуу/,
*Хоригдол Б.*******ын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 64 хуу/,
*Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 101 хуу/,
*Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 103-104 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Бор толгой хорооллын нутаг дэвсгэрт иргэн Г.******* зодож, улмаар эрүүл мэндэд нь дагзны хуйханд болон 2 хацарт зөөлөн эдэд няцралт, 2 завжны салстад хэгзэрсэн шарх, баруун нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   
   
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.******* үйлдсэн болох нь:
Хохирогч Г.******* өгсөн: “...******* намайг зодож байхад хажууд түүний эхнэр, Батцэцэг гэдэг хүмүүс байсан, өөр хүн байгаагүй. Тухайн үед би ганцаараа явсан юм. Тэр хүмүүс *******ыг надаас салгах оролдлого хийсэн боловч ******* нь нөгөө хоёрынхоо үгэнд орохгүй намайг зодсон юм. Харин би *******ыг зодсон зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/,гэрч Г.******* өгсөн: “...Тэгээд асуутал ******* гэх хүн “тэр хачин юмаа битгий надаас асуугаад бай” гэхээр нь би эргээд гарах гэтэл миний дээлний хормойноос татаж унагаад миний толгой, гэдэс, нүүр, ам руу учир зүггүй зодож эхэлсэн. Би өөрийгөө хамгаалах гэсэн боловч намайг учир зүггүй нүдээд байсан. Мөн хажууд байсан хоёр эмэгтэй *******ыг надаас салгах гэсэн боловч салгаж дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/, гэрч Д.******* өгсөн: “...Тэгэхэд ******* нь намайг өмөөрч тэр хүнийг зодсон юм. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирэхэд ******* хашаа давж зугтаасан юм. Ийм л зүйл болсон Гараараа нүүррүү нь цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/, Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32 хуу/, хохирогч Г.******* биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 хуу /зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.******* зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан дагзны хуйханд болон 2 хацарт зөөлөн эдэд няцралт, 2 завжны салстад хэгзэрсэн шарх, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 509 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.     
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг. Шүүгдэгч Б.******* нь өөрийн  үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж насанд хүрээгүй хохирогч Г.******* биед зориуд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэр байна. 
Иймд шүүгдэгч Б.*******ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Энхболд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцах үед “гомдол санал  байхгүй” /хх-ийн 104 ху/ гэсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж мөн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож...”  гэжээ. Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг хуульчилсан байх бөгөөд мөн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”... ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...”гэжээ. 
Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 480 /дөрвөн зуун ная/цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг 60 хоногийн хугацаагаар хорих ялыг  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2жил 21 хоногийн хорих ялд нь нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 2 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Б.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон  1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
    
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Энхболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
                                             
                                                                 ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ш овогт Бийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 21 хоногийн хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт ялыг 2 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан  2 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж хохирогч Г.Энхболд нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай..
7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
8.    Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ