Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2018/00077/и |
Дугаар | 422 |
Огноо | 2018-07-05 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 422
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо ... тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011317110, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газарт холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 196804420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х ХХК-ны захирал Ч.Б, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Борхүү, Засаг даргын тамгын газрыг төлөөлж, ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуульд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын засгийн газрын 2015 оны 265 дугаар тогтоолоор “сумын төвийн шинэчлэл“ төслийн хийх ажил батлагдаж, уг жагсаалтад “Эрдэнэцагаан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажил багтсан. Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар тушаалаар уг төслийг хэрэгжүүлэх ажлыг Сүхбаатар аймгийн засаг даргад эрх шилжүүлсэний дагуу манай компани нь Сүхбаатар аймгийн Засаг даргатай “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл боловсруулах” 2014/ЗҮ012 тоот гэрээ байгуулан ажилласан бөгөөд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 32 дугаар актаар аймаг, суманд нь хүлээлгэн өгсөн.
Уг гэрээт ажлын нийт үнийн дүн 196804420 /Нэг зуун ерөн зургаан сая найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг бөгөөд үүнээс нэг ч төгрөгийн санхүүжилтийг авалгүй, өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Ажлын зураг, төсвийн гүйцэтгэл 196804420 төгрөгийг гэрээгээр тохиролцож, аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс газруудаар хянуулж, батлуулсан байсан. Манай компани Сүхбаатар аймгийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яаманд байгуулсан гэрээний дагуу “зураг төслийн үнэ 196804420” төгрөгийг олгож өгөхийг хүссэн албан бичгийг удаа дараа явуулсан боловч асуудлыг шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Манай байгууллага гүйцэтгэгч талын хувьд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд захиалагч тал болох Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Сумын төвийн шинэчлэл төслийн үнэ 5000000000 /таван тэрбум/ төгрөгнөөс манай компаны гүйцэтгэсэн “Эрдэнэцагаан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл боловсруулах” ажлын хөлс 196804420 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хэлээд байгаа М ХХК-аас манай компани мөнгийг нэхэмжлэх ямарч үндэслэлгүй гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хуульзүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Борхүү шүүхэд хариу тайлбарыг хуулийн хугацаанд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд ЗДТГ-ын даргатай санал нэгтэй байгаа тул гаргах тайлбар байхгүй гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Засаг даргын тамгын газар бол захиалагч байгууллага. Сумын төвийн шинэчлэл төсөл Засгийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор батлагдсан. Гэтэл энэ тогтоол гарахаас өмнө 2014 оны 06 дугаар сарын 09-нд тухайн үеийн аймгийн Засаг дарга Х ХХК-тай “Эрдэнэцагаан сумын хөгжлийн ерөнхий зураг төслийн гэрээ”-г байгуулсан байдаг. Энэ гэрээ нь 196804420 төгрөгийн үнэлгээтэй. 2014 оны 10 дугаар сард ажлыг хийж дуусгах гэрээ байсан. Үйл ажиллагаа явагдаж байх явцад Эрдэнэцагаан сумын төвийн шинэчлэл хийх Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын анхны 309 дүгээр тогтоолд 196804420 төгрөг батлагдсан эсэхийг мэдэхгүй байна. Зураг төсөл хийгдэж байх явцад 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 265 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолд Эрдэнэцагаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд гэж 196000000 төгрөг батлагдсан байдаг. Төсөл хэрэгжиж эхэлж байхад Барилга хот байгуулалтын яамнаас Засаг даргын тамгын газарт эрхийг нь шилжүүлж, санхүүжилтийг нь олгож байсан. Харин 2017 онд санхүүжилтийн эрхийг аймагт шилжүүлээгүй. 2016 онд Х ХХК ажлаа дуусгаад хүлээлгэж өгсөн. Гэтэл Барилга хот байгуулалтын яамнаас 196804420 төгрөгийг “М” ХХК руу шилжүүлсэн. “М” ХХК бол шинэ сум төслийг Эрдэнэцагаан суманд хэрэгжүүлж байгаа компани. Тиймээс манай байгууллагаас санхүүжилт олгох боломжгүй болсон. 2017 оны сүүлчээр “М” ХХК-тай гэрээний үүргийн биелэлтээ дүгнэж, ажлаа тооцоход гүйцэтгээгүй ажилд урьдчилаад санхүүжилтээ авсан байдаг. Одоо манай байгууллагад 608000000 төгрөгийн санхүүжилтийн эрх нь байгаа. Энэ 608000000 төгрөгийн санхүүжилтийн эрхэд зураг төслийн үнэ багтаагүй, өмнө нь зарлага гарсан байдаг учраас зөвшөөрөхгүй байгаа. Х” ХХК-ийг ажил гүйцэтгэсэн талаар маргах зүйл байхгүй. Х ХХК нь мөнгөө авах гэж “М” ХХК, Засаг даргад бичиг хүргүүлсэн байдаг. “М” ХХК-ийн зүгээс үндсэндээ өгөхийг зөвшөөрсөн байдаг. Тиймээс 196804420 төгрөгийг М ХХК-аас нэхэмжлэх шаардлагатай. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар нь энэ нэхэмжлэлийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 196804420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчид: Нэхэмжлэгч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 196804420 төгрөгийг аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэхүү төслийн санхүүжилтийн эрх нь Барилга хот байгуулалтын яаманд шилжсэн тул Сангийн яамнаас М ХХК-д дээрх ажлын хөлсийг шилжүүлсэн. Иймд М ХХК-аас уг мөнгийг нэхэмжлэх нь зүйтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нь “М” ХХК гэж маргажээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Х ХХК-ийн захирал М.Батбаяр нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2014/ЗҮ012 тоот дугаартай “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл боловсруулах” үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд гэрээ байгуулж, гэрээний дагуу “Х ” ХХК нь 2014 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг, төсөл боловсруулахад зөвлөх үйлчилгээг үзүүлэн, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөр гаргуулж, ажлын үр дүнг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын зураг, төсөл болон холбогдох материалыг хүлээлгэн өгөх акт № 032”-ыг үйлджээ.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сумын төвийн шинэчлэл” төсөлд Сүхбаатар аймгийн “Эрдэнэцагаан сум” хамрагдахаар болж, уг ажлын гүйцэтгэлийг орон нутагт зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих эрхийг Сүхбаатар аймгийн Засаг даргад Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар тушаал, Монгол улсын Засгийн газрын №265 дугаар тогтоолоор олгосны дагуу уг ажлыг Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, ажлын үр дүнг хүлээн авмагцаа зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т зөвлөх үйлчилгээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд эсхүл талуудын бичгээр харилцан тохиролцсон хугацаанд гүйцэтгэхээр, 3.1-т төлбөрийн хэмжээ буюу 196.804.420 төгрөгөөр тухайн ажлыг гүйцэтгэхээр, 3.2.1-т төлбөр төлөх хуваарийг тус тус тохиролцсон байх ба хэрэгт авагдсан “Ажил шалган хүлээн авсан акт № 032”, хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч “Х ” ХХК нь ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн /ажил гүйцэтгэсэн хугацааны тухайд талууд маргаагүй/, ажлын үр дүн бодитоор хэрэгжсэн, захиалагч талаас гэрээний үүргийн үнийг төлөөгүй болох нь Х ХХК-ны нэхэмжлэх, зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ажил хүлээн авсан акт, ажлын гүйцэтгэлийн талаар маргахгүй байх боловч ажил гүйцэтгэх гэрээний үнийг М ХХК хариуцах учиртай гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тухайн нөхцөл байдлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 196804420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 1142972 /нэг сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун далан хоёр/ төгрөгнөөс урьдчилан төлсөн 1141982 /Нэг сая нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 990 /есөн зуун ер/ төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-аас гаргуулж улсын төсвийн орлогот оруулж, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 1142972 /Нэг сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 196804420 /Нэг зуун ерөн зургаан сая найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлвөл зохих 1142972 /Нэг сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун далан хоёр/ төгрөгнөөс урьдчилан төлсөн 1141982 /Нэг сая нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 990 /есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулж, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 1142972 /Нэг сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА