| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/01129/и |
| Дугаар | 01671 |
| Огноо | 2018-05-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 01671
| 2018 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2018/01671 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, дугаар баг, Баянмөнх дүгээр байрны тоотод оршин суух, С.о овогт Ж.Н, /РД: /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, ДСАА дугаар гудамж, тоотод оршин сух, Х.м овогт Д.Т, /РД: /-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг, сургалтын төлбөр 16.205.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1873 дугаар шийдвэрээр Ж.Н , Д.Т нарын гэрлэлтийг цуцалж, 2000 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Т.Ү , Т.Ү нарыг эх Ж.Н миний асрамжид үлдээж, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Т өөс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Хариуцагч Д.Т шүүхийн шийдвэр гаргасанаас хойш 2013 оны 9 дүгээр сараас 2014 оныг дуустал хүүхдийн тэтгэлэг огт төлөөгүй. 2015 оноос эхэлж төлсөн боловч тогтмол төлдөггүй. Сар бүр төлөөгүйгээс 2 хүүхдийн тэтгэлгийн төлбөрийн үлдэгдэл 8.970.800 төгрөг болсон. Шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож алданги 4.485.400 төгрөг, төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 8.970.800 төгрөг, мөн гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу охин Т.Ү , Т.Ү нарын сургалтын төлбөрийн зардлын 50 хувь буюу 2.750.000 төгрөгийг, нийт 16.206.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Н Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхээс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, гэрлэгчдийн 2000 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Т.Ү , охин Т.Ү нарыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг сар бүр амьжиргааны баталгаажих доод төвшингийн хэмжээгээр хариуцагч Д.Т өөс гаргуулахаар тогтоосон. Хариуцагч Д.Т 2013 онд хүүхдийн тэтгэлэг огт төлөөгүй. 2014 онд 2 удаа 760.000 төгрөгөөр хүүхдийн тэтгэлэг төлсөн. 2015 онд хүүхдийн тэтгэлэг сар бүр төлөөгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нийт 8.970.800 төгрөг төлөхөөс нэхэмжлэлийн шаардлагаа 952.400 төгрөгөөр бууруулж, 8.018.400 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч 2014 оны 9 дүгээр сарын 29-нд 380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-нд 380.000 төгрөг, нийт 760.000 төгрөг тус тус төлсөн. Амьжиргааны баталгаажих түвшингөөс хамаарч 2013 онд хүүхдийн тэтгэлэг хасагдаагүй. 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алданги 4.485.400 төгрөг нэхэмжилснээс 4.009.200 төгрөг болгож буруулж байна. Иймд Д.Т өөс хүүхдийн тэтгэлэг 8.018.400 төгрөг, алданги 4.009.200, хүүхдийн сургалтын төлбөрийн зардал 2.750.000 төгрөг, нийт 14.777.600 төгрөг гаргуулах саналтай байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулахаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг төлөгч Д.Т хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийгээгүй. Хариуцагчийн цалин хөлс, бусад орлогын нуун дарагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тэжээн тэтгүүлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 5.2-д зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй хугацааны алданги нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2013-2017 он хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч Д.Т 2013-2018 он хүртэл тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод төвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлсөн. 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс төлөгдөөгүй тэтгэлэг гэж гаргасан. Хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөг, 944.000 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. Төлбөр төлөгч хүүхдийн тэтгэлэг 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар заасан байдаг. Хариуцагчийн хүүхдийн тэтгэлэг төлсөн байдлаас 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй асуудал байдаггүй. 2014 онд Т.Ү-ийн дансанд 100.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн төрсөн дүү н.Б Т.Ү-ийн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2014 оны тооцоонд өөрчлөлт орж байна. Хариуцагч 760.000 төгрөг төлөөд илүү төлөлт хийж байсан. 1 хүүхдийн тэтгэлэг 134.500 төгрөг, 2 хүүхдэд сар бүр 289.000 төгрөг төлөх ёстой. Хариуцагч 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 380.000 төгрөг, нийт 760.000 төгрөг төлсөн. Хариуцагч 2 удаа 91.000 төгрөгөөр илүү төлөлт хийсэн. 760.000 төгрөг төлснөөс 1.100.000 төгрөг төлсөн нь дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч 2014 онд 1.860.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч, хариуцагчийг 2015 онд 8.019.200 төгрөг төлөөгүй гэсэн байна. Гэтэл дансны хуулгаар хариуцагч Д.Т 2015 онд 536.600 төгрөг төлсөн. 588.800 төгрөг илүү төлсөн. Нийт төлөх ёстой төлбөрөөс 193.200 төгрөг дутуу төлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2014 онд 954.400 төгрөг хасна гэлээ. 1.868.000 төгрөг төлсөн. 1.524.000 дутуу төлсөн. Хариуцагч сар бүр хүүхдийн тэтгэлэг төлж байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч гүйцэтгэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгөөгүй, хариуцагч Д.Т сайн дураараа хүүхдийн тэтгэлэг төлж байсан. Хэдийгээр хариуцагч зарим сард хүүхдийн тэтгэлэг дутуу, илүү төлж байсан ч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, орлогоо нуусан асуудал асуудал байхгүй. 2016 онд 1.738.800 төгрөг төлөөгүй гэлээ. 2016 онд хариуцагч Д.Т нийт 2.600.000 төгрөг төлсөн. Үүнээс 1.323.000 төгрөг төлөөгүй. 2017 онд 1.328.800 төгрөг төлөөгүй гэсэн. 1.014.800 төгрөг төлөөгүй. 2017 онд 2.958.000 төгрөг төлсөн. 2018 онд Д.Т тэтгэлэг сар бүр төлж байсан. 147.400 төгрөг дутуу төлсөн. 530.200 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хассан. Хариуцагч нийт 5.342.400 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлөөгүй байгаа. Ж.Н хөдөлмөрийн чадвараа алдсан, хүндээр өвчилсөн, хөрөнгө мөнгөний гачигдалд орсон, хүүхдүүд нь цаашид сурч боловсрох боломжгүй болчхоод салсан нөхрөөрөө тэжээн тэтгүүлэх асуудал яригдаж болох юм. Гэтэл ийм нөхцөл байдал байхгүй. Бодит байдал дээр тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагчаас амьжиргааны төвшин муу байна. Д.Т цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Нэгэнт тэтгэвэрт гарсан хүнд ажил хийх боломж байдаггүй. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 36.898.000 төгрөгийн 8 хувийн зээлээр 15 жилийн хугацаатай орон сууцны зээл авсан. Тэтгэврийн 948.000 төгрөг авдгаас сар бүр 352.081 төгрөгийн зээл төлдөг. Ам бүл 3. 2 настай хүүхэд эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр нь ажил хийдэггүй. Энэ бүхэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. 2013 онд Д.Т , Ж.Н нар гэрлэлтээ цуцлуулахдаа хариуцагч цалингийн зээлээр авсан байраа ямар нэгэн маргаангүй эхнэр, 3 хүүхэддээ өгсөн. Тэр зээлийг хариуцагч цалингаараа төлж дуусгасан. Мал нядалгааны газраа эхнэр, хүүхдээ өгч гэрээсээ хувцастайгаа л гарсан. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн тал хувь болох 2.750.000 төгрөгийг төлнө. Хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг, алданги зэргийг төлөх үндэслэлгүй учраас эдгээр шаардлагыг хангах боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Н 2013 оноос 2 хүүхдийн тэтгэлгийн төлбөрийн үлдэгдэл 8.970.800 төгрөг, үүний алданги 4.485.400 төгрөг, Т.Ү , Т.Ү нарын сургалтын төлбөрийн зардлын 50 хувь буюу 2.750.000 төгрөг, нийт 16.205.800 төгрөгийг Д.Т өөс гаргуулахаар шаардажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад 16.205.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага 1.428.200 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 14.777.600 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч Д.Т хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийгээгүй. Цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан зүйлгүй тул тэтгэлэг болон алданги гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, харин 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2.750.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаж байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1873 дугаар шийдвэрээр Ж.Н , Д.Т нарын гэрлэлтийг цуцалж, 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Т.Ү , Т.Ү нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Д.Т өөр18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан шийдвэрлэжээ.
Үндэсний статистик хорооны даргын 2013.04.09-ний өдрийн 1/52 тушаалаар Хэнтий аймагт амьжиргааны доод түвшин 2013 онд 130.500 төгрөг, 2014.04.11-ний өдрийн А/43 тушаалаар 144.500 төгрөг, 2015.01.29-ний А/9 тушаалаар 160.800 төгрөг, 2016.02.08-ны А/106 тушаалаар 163.700 төгрөг, 2017.02.06-ны өдрийн А/13 тушаалаар 165.700 төгрөг, 2018.02.01-ний А/13 тушаалаар 174.000 төгрөгөөр тус тус тогтоожээ.
Хариуцагч Д.Т нь охин Т.Ү , Т.Ү нарын тэтгэлэгт 2013 онд 1.044.000 төгрөг төлөхөөс төлөөгүй, 2014 онд 3.468.000 төгрөг төлөхөөс 768.000 төлсөн үлдэгдэл 2.700.000 төгрөг, 2015 онд 3.859.200 төгрөгөөс 3.040.000 төлсөн үлдэгдэл 819.200 төгрөг, 2016 онд 3.928.800 төгрөг төлөхөөс 2.570.000 төгрөг төлсөн үлдэгдэл 1.358.800 төгрөг, 2017 онд 3.976.800 төгрөг төлөхөөс 2.958.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1.018.800 төгрөг, 2018 онд 1.044.000 төгрөг төлөхөөс 532.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 512.000 төгрөгийг тус тус төлөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Н , Д.Т нарын охид болох Т.Ү , Т.Ү нар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 18 насанд хүрсэн байх бөгөөд хариуцагч Д.Т 2013 оноос хойш 2 хүүхдийн тэтгэлэгт 17.320.800 төгрөг төлөхөөс 9.868.000 төгрөг төлсөн байна. /хх-ийн 21-42, 62-75, 98 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд охин Т.Ү 2013.12.27-нд 100.000 төгрөг, 2013.04.12-нд 30.000, 2014.03.26-нд 100.000 төгрөг, өөрийн төрсөн эгч Б-ийн данснаас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг Т.Ү , Т.Ү нарын тэтгэлэгээс хасах үндэстэй гэх бөгөөд хариуцагч Д.Т охин Т.Ү-д шилжүүлсэн гэх 1.230.000 төгрөгийг охид болох Т.Ү , Т.Ү нарын тэтгэлэгт төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна.
Мөн өөрийн эгч Б-ийн данснаас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч уг мөнгийг Т.Т шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлого нуун дарагдуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх заалт хамаарахгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэж заажээ.
Тэтгэлэг төлөгч нь ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачлага гаргаагүй явдал нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэлд хамаарах юм. Хариуцагч нь хүүхдүүдийн тэтгэлэгийг төлөх талаар санаачлага гаргаагүй, нэгэнт шүүхийн шийдвэрээр тэтгэлэг төлөхөөр заасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6.-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан байх тул Д.Т ийн төлөөгүй тэтгэлэг 7.452.800 төгрөгийн 50 хувь буюу 3.726.400 төгрөгийн алдангид тооцож гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Д.Т өөс 2 хүүхдийн тэтгэлэгт төлөөгүй 7.452.800 төгрөг, алданги 3.726.400 төгрөг, нийт 11.179.200 гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь охин Т.Ү , Т.Ү нарын сургалтын төлбөрийн 50 хувь болох 2.750.000 төгрөгийг Д.Т өөс нэхэмжилсэн байх бөгөөд тэрээр уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Ж.Н нь Т.Ү гийн Этүгэн их сургуулийн сургалтын төлбөр 3.100.000 төгрөгийг 2017.09.11-ний өдөр, Т.Ү ийн Их засаг их сургуулийн сургалтын төлбөр 2.400.000 төгрөгийг 2017.12.11-ний өдөр тус тус төлсөн байна. /хх-ийн 4-7 дугаар тал/
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэмэгдэл зардал буюу 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2.750.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх бөгөөд Д.Т нь уг төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул түүнээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 49 дүгээр зүйлийн 49.1., 50 дугаар зүйлийн 50.2.-т зааснаар хариуцагч Д.Т өөс 13.929.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 848.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т өөс 227.596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО