| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/17 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Г.М, Ч.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Ггийн М, Шовогт Чийн Б нарт холбогдох 21120000**** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ......... аймгийн ........... сумын ......... дүгээр баг, *** гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт Ггийн М /РД:А******/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1997 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т***” ХХК-д гагнуурчин гэх, ......... аймгийн ......... сумын ......... дүгээр баг, .............. хорооллын **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ш овогт Чийн Б /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.М, Ч.Б нар нь бүлэглэж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр .........аймгийн ........... сумын ............ дугаар багийн нутаг, ................... гэх газраас 20 ширхэг 0,6386 шоо метр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 0000 АРА улсын дугаартай Мицүбиши Миникаб маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 70.092 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 211200000**** дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
*Иргэний нэхэмжлэгч Ч.Жийн өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны улсын байцаагч ажилтай, энэ ажилд ороод 4 жил болж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган Уулын ард талд байрлах Тоймын таг гэх газраас Эрдэнэбулган сумын иргэн Ч.Б, Г.М нар хууль бусаар босоо мод унагасан байна. Эрдэнэбулган сумын нутагт мод бэлдсэн газар нь тусгай хамгаалалттай газарт багтдаг тул хуулийн дагуу экологи эдийн засагт учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хууль хяналтын байгууллагаас хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,
*Иргэний нэхэмжлэгч Э.Чийн өгсөн: “...0000 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2019 онд Улаанбаатар хотоос худалдан авч байсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүү Б хууль бусаар модонд явж байгаад саатуулагдаж журмын хашаанд машинаа оруулсан байгаа, уг нь миний автомашин байгаа юм аа. Ч.Б, Г.М нар нь миний хүүхдүүд байгаа юм аа. Миний өөрийн хүү Ч.Б, Г.М нар машиныг минь барьж явж хууль бусаар мод бэлдсэн болохоор миний зүгээс гомдол санал байхгүй байна. Би өөрийн танил хүнээс 700.000 төгрөгөөр худалдан авч байсан худалдан авахад мотор нь цохисон байсныг өөрийн зардлаар янзалсан. Би одоо машинаа 700.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,
*Гэрч Г.Гын өгсөн: “...Би Байгаль орчин аялал жуулчлалын яам Хангай нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга албан тушаалтай, энэ ажилд ороод 10 жил болж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах Булган уулын хойд тал болох Тоймын таг гэх Улсын тусгай хамгаалалтай газрын Булган уулын байгалийн дурсгалт газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль бусаар мод бэлдээд байна гэсэн мэдээлэл манай байгууллагад ирсэн. Уг мэдээллийн дагуу хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн улсын байцаагч Д.Бт хяналт шалгалт сайн хийж хууль бус зөрчлийг илрүүлэх талаар үүрэг чиглэл өгч эргүүл хийх хугацаанд Архангай аймгийн түүхийн дурсгалт газар болох Булган уулын хойд талд Тоймын таг гэх газарт хууль бусаар мод бэлдсэн байсан тул зургийг нь авч холбогдох материалын хамт цагдаагийн газарт шилжүүлэн ажилласан. Булган уул 1996 онд Улсын Их Хурлын тогтоолоор Байгалийн дурсгалт газарт хамааруулж тусгай хамгаалалтад авсан одоо хүртэл тусгай хамгаалалтай газар хэвээрээ байгаа. Булган уулын тусгай хамгаалалттай газарт хамаарагдана. Холбогдох бичиг баримтыг манай байгууллагаас гарган өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,
*Г.Мгийн гэрчээр өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 0000 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн дүү Ч.Бын хамт гэрээсээ 0000 АРА улсын дугаартай Мицүбиши Миникаб нэртэй буюу хүмүүсийн яардгаар амьжиргаа цагаан гэх машинтай Булган Уулын хойд талд Тоймын таг гэх газарт очиж мод бэлдсэн нь үнэн. Дүү бид хоёрын зүгээс босоо 5 ширхэг мод унагасан. Би өөрөө хөрөөдөж, дүү Ч.Б надад тусалсан. Бэлдсэн модоо 0000 ара улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж бэлдсэн гараас баруун урд зүгт байдаг Г гэх настай айлд буулгаж өгсөн. Дүү бид хоёр настай хүнд тусалж байгаад шалгалтаар явж байсан хүмүүст баригдсан нь үнэн. Мод бэлдэхдээ гоожин аваагүй мод бэлдсэн нь үнэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах Булган уулыг ард иргэд шүтдэг гэдгийг мэднэ. Тусгай хамгаалалтай байгалийн дурсгалт газар гэдгийг дүү бид хоёр мэдэхгүй мод бэлдсэн нь үнэн. Төрийн тусгай хамгаалалтай газар Булган уулын баруун талд Г гэж настай айл байдаг юм аа, дүү бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр булган уулын баруун талаад машинтай өгсөөд явж байхад Г гэж настай эмэгтэй гишүү үүрсэн явсан, тэгээд тэр хөгшин хүнд туслах санаатай мод бэлдсэн нь үнэн. Дүү бид хоёр настай хүн гишүү үүрсэн явахаар нь өрөвдөөд мод бэлдэж өгсөн нь үнэн. Тухайн үед жолоодож явсан машин нь Э.Ч гэж манай аавын нэр дээр байдаг. Машинаа манай дүү Ч.Б голдуу унадаг юм аа. Манай аав настай хүн тул машинаа унадаггүй. Мод бэлдэхэд биднээс өөр хүн байхгүй, бид хоёр бэлдсэн. Миний зүгээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тусгай хамгаалалтай буюу байгалийн дурсгалт газар болох Булган уулын хойд талын Тоймын таг гэх газраас хууль бусаар 5 ширхэг босоо мод унагаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,
*Гэрч Д.Бийн өгсөн: “...Би Байгаль орчин аялал жуулчлалын яам Хангай нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч ажилтай энэ ажилд ороод 8 жил болж байна. Манай байгууллагад Архангай аймгийн төрийн тусгай хамгаалалтай газрын байгалийн дурсгалт газарт хууль бусаар мод бэлдсэн байна гэх мэдээлэл ирсэн уг мэдээллийн дагуу жолооч Н.Б, байгаль орчны ажилтан Н, нарын хамт шалгалтаар булган Уулын хойд талаар шалгалт хийхэд Ч.Б, Г.М гэх иргэд хууль бусаар тусгай хамгаалалтай газар 5 ширхэг босоо мод унгаасан байсныг зургийг нь авч шалгуулахаар цагдаагийн газарт шилжүүлсэн. Шалгалтаар очиход тусгай хамгаалалтай газраас Ч.Б, Г.М нар 5 ширхэг босоо мод унагаасан 52-21 ара улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны амьжиргаа цагаан гэж ард иргэд дууддаг тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн байсан. Мод бэлдсэн газрын ойр орчмоор нэлээд явж үзсэн. 5 ширхэг босоо мод унагаснаас өөр мод унгаагүй байсан нь үнэн. Булган уул 1995 онд Улсын Их Хурлын тогтоолоор Байгалийн дурсгалт газарт хамааруулж тусгай хамгаалалтад авсан одоо хүртэл тусгай хамгаалалтай газар хэвээрээ байгаа. Иргэн Ч.Б, Г.Мгийн мод бэлдсэн газар нь Булган уулын тусгай хамгаалалттай газарт хамаарагдана. Холбогдох бичиг баримтыг манай байгууллагаас гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/,
*Гэрч П.Нгийн өгсөн: “...Архангай аймгийн төрийн тусгай хамгаалалтай газрын байгалийн дурсгалт газарт хууль бусаар мод бэлдсэн байна гэх мэдээлэл ирсэн уг мэдээллийн дагуу Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Б, Б нартай цуг эргүүл Булган уулын хойд хэсгээр эргүүл хяналт шалгалт хийхэд Төрийн тусгай хамгаалалтай газар болох Булган уулын хойд талд Ч.Б, Г.М нар 5 ширхэг босоо мод унагаасан 52-21 ара улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны амьжиргаа цагаан гэж ард иргэд дууддаг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байсныг илрүүлэн шалгуулахаар цагдаагийн газарт шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/,
*Ч.Бын гэрчээр өгсөн: “...Манай гэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг цагаан давааны 33-09 тоотод байдаг. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах болох Г.Мгийн хамт Эрдэнэбулган сумын нутагт байрлах Булган Уулын баруун талын суга руу 0000 ара улсын дугаартай автомашинтай өгсөөд явж байтал Булган уулын баруун талд байдаг Г гэх настай хүн гишүү үүрээд явж байхаар нь өрөвдөөд Булган уулын хойд тал буюу Тоймын таг гэх газраас 5 ширхэг босоо мод Г.М ахын хамт унагааж 0000 ара улсын дугаартай автомашинд ачаад Г гэх айлд буулгаж өгсөн нь үнэн. 0000 ара улсын дугаартай автомашиныг би өөрөө барьж явсан. 5 ширхэг босоо модноос өөр мод унагаагүй. Г.М ах бид хоёр Булган уулын баруун талд байдаг Г гэх эмээгийнд ус хүргэж өгөх санаатай очсон. Тэгээд мод байхгүй болохоор нь мод бэлдэж өгсөн нь үнэн. Мод тээвэрлэсэн машин нь Э.Ч гэж манай аавын нэр дээр байдаг машин. Би голцуу унаж явдаг юм аа. Манай аав настай хүн тул машинаа унадаггүй. Г.М ах бид хоёр Г гэх настай эгчийг өрөвдөөд мод бэлдэж өгий гэж ярилцаад мод бэлдэж өгсөн юм аа. Тухайн үед Булган уулын ард талыг тусгай хамгаалалтай газар гэдгийг огт мэдээгүй, 5 ширхэг босоо мод унагасан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/,
*Гэрч Ш.Ггийн өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Булган Уулын баруун тал буюу Зүрх Уулын урд мал маллаж амьдардаг юм аа. Манай хоёр зээ надтай цуг амьдардаг. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Ч.Б, Г.М гэх хоёр залуу манай зээгээр хурдан удмын адуугаа тэжээлгэж байгаа юм аа би сайн танихгүй. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би гэрийн ойролцоо гишүү түүгээд явж байтал манай гэрт Ч.Б, Г.М нар ус авчирч өгсөн тэгээд настай хүн гишүү түүгээд явж байна гэж өрөвдсөн байх миний зүгээс мод авчирч өгөх талаар хэлээгүй удаагүй манай гэрийн гадна байсан цагаан өнгийн хөрөө авч яваад ачааны цагаан машинаар мод ачиж ирээд манай гадна буулгасан хаанаас бэлдэж ачсан талаар би мэдэхгүй байна. Миний зүгээс мод худалдаж авах талаар хэлээгүй бөгөөд намайг гишүү түүгээд явж байхад хараад өрөвдөөд мод авчирч буулгаж өгсөн байх гэж бодож байна. Ч.Б, Г.М нарыг мод буулгахад би гэртээ ганцаараа байсан. Хуурай мод байсан хэр их мод гэдгийг би мэдэхгүй байна. Жижиг амьжиргаа цагаан гэдэг машинаар ачиж ирсэн санагдаж байна. Намайг түлээ муутай байхаар буулгаж өгсөн юм аа надад зараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,
*Ч.Бын яллагдагчаар өгсөн: “...Би болсон хэргийн талаар хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуу/,
*Г.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Би болсон хэргийн талаар хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 хуу/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 ху/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17, 21-22 ху/,
*Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай дүгнэлтэд: иргэн Ч.Б, Г.М нарын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь шинэс төрлийн хуурай мод нийт тоо ширхэг 20, нийт шоометр 0.6386м-3 модыг бэлтгэжээ. Уг мод бэлтгэсэн талбайн газар зүйн солбицлын хувьд тусгай хамгаалалттай газарт ороогүй болно. 0.6386м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 03дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж/Бүх төрлийн хуурай мод/шууд үр ашгийн-48098төг, шууд бус үр ашгийн-64662төг, нийт-109760төг,мод модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж, нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 70092төгрөг төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 55-56 хуу/,
“Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 025 дугаартай автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 61-62 хуу/,
*Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 837 дугаартай мод, цахилгаан хөрөөний үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 хуу/,
*0000 АРА улсын дугаартай Мицүбиши Миникаб маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа /хх-ийн 92 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 101 хуу/,
*Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 102-105 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б, Г.М нар нь бүлэглэж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...............аймгийн ......... сумын .......... дугаар багийн нутаг, .............. гэх газраас 20 ширхэг 0,6386 шоометр хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 52-21 АРА улсын дугаартай Мицүбиши Миникаб маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 70.092 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б, Г.М нар нь үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Ч.Жийн өгсөн: “...Ч.Б, Г.М нар хууль бусаар босоо мод унагасан байна. Эрдэнэбулган сумын нутагт мод бэлдсэн газар нь тусгай хамгаалалттай газарт багтдаг тул хуулийн дагуу экологи эдийн засагт учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хууль хяналтын байгууллагаас хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/, иргэний нэхэмжлэгч Э.Чийн өгсөн: “...Ч.Б, Г.М нар нь миний хүүхдүүд байгаа юм. Миний өөрийн хүү Ч.Б, Г.М нар машиныг минь барьж явж хууль бусаар мод бэлдсэн болохоор миний зүгээс гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/, гэрч Г.Гын өгсөн: “...эргүүл хийх хугацаанд Архангай аймгийн түүхийн дурсгалт газар болох Булган уулын хойд талд Тоймын таг гэх газарт хууль бусаар мод бэлдсэн байсан тул зургийг нь авч холбогдох материалын хамт цагдаагийн газарт шилжүүлэн ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, гэрч Д.Бийн өгсөн: “...Ч.Б, Г.М гэх иргэд хууль бусаар тусгай хамгаалалтай газар 5 ширхэг босоо мод унгаасан байсныг зургийг нь авч шалгуулахаар цагдаагийн газарт шилжүүлсэн. Шалгалтаар очиход тусгай хамгаалалтай газраас Ч.Б, Г.М нар 5 ширхэг босоо мод унагаасан 0000 ара улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны амьжиргаа цагаан гэж ард иргэд дууддаг тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/, гэрч П.Нгийн өгсөн: “...Төрийн тусгай хамгаалалтай газар болох Булган уулын хойд талд Ч.Б, Г.М нар 5 ширхэг босоо мод унагаасан0000 ара улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны амьжиргаа цагаан гэж ард иргэд дууддаг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байсныг илрүүлэн шалгуулахаар цагдаагийн газарт шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/, гэрч Ш.Ггийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би гэрийн ойролцоо гишүү түүгээд явж байтал манай гэрт Ч.Б, Г.М нар ус авчирч өгсөн тэгээд настай хүн гишүү түүгээд явж байна гэж өрөвдсөн байх миний зүгээс мод авчирч өгөх талаар хэлээгүй удаагүй манай гэрийн гадна байсан цагаан өнгийн хөрөө авч яваад ачааны цагаан машинаар мод ачиж ирээд манай гадна буулгасан хаанаас бэлдэж ачсан талаар би мэдэхгүй байна. Миний зүгээс мод худалдаж авах талаар хэлээгүй бөгөөд намайг гишүү түүгээд явж байхад хараад өрөвдөөд мод авчирч булгаж өгсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/, Ч.Бын яллагдагчаар өгсөн: “...Би болсон хэргийн талаар хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуу/, Г.Мгийн яллагдагчаар өгсөн: “...Би болсон хэргийн талаар хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 ху/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17, 21-22 ху/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56 хуу/, “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 025 дугаартай автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 61-62 хуу/, “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 837 дугаартай мод, цахилгаан хөрөөний үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр Эрдэнэбулган сумын нутагт мод бэлдсэн газар нь тусгай хамгаалалттай газарт багтдаг гэж тайлбарлаж байгаа хэдий ч Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай дүгнэлтэд: Уг мод бэлтгэсэн талбайн газар зүйн солбицлын хувьд тусгай хамгаалалттай газарт ороогүй болно.гэх дүгнэлт мөн 2020оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 172 дугаартай Хангайн нурууны байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичигт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Тоймын таг гэх газар нь Булган уулын дурсгалт газрын хийлийн цэсээс 800 метрийн зайтай бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно гэх баримтуудаар шүүгдэгч Ч.Б, Г.М нарын мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар биш байгааг дурдах нь зүйтэй байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34.2.Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэж, мөн хуулийн 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан ба энэ нь 211200***** дугаартай хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжигдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б, Г.М нарын үйлдлийн улмаас ойн санд 70.092 /далан мянга ерэн хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /70.092х3=210.276 /хоёр зуун арван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б, Г.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 52-21 АРА улсын дугаартай, Мицүбиши Миникаб маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж, тухайн тээврийн хэрэгслийн иргэний нэхэмжлэгч Э.Чд олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнээс гэмт хэргийн улмаас учирсан экологийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 210.276 /хоёр зуун арван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг хасаж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, үлдэгдэл 2.089.724 /хоёр сая наян есөн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 51600/ тавин нэг мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг, 0,6386 шоометр хуурай шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 111-113 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Ч.Б, шүүгдэгч Г.М нарыг бүлэглэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б, Г.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, шүүгдэгч Г.М нарт тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Г.М нарт, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг,2021 оны 01дүгээр сарын 04-ны өдрийн 04дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 51600/тавин нэг мянга зургаан зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 20 ширхэг, 0,6386 шоометр хуурай шинэс модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ггийн М, Ш овогт Чийн Б нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Быг 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Ч.Б нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, шүүгдэгч Ч.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, шүүгдэгч Ч.Б нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол хүчингүй болгож, шүүгдэгч Г.М, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий 52-21 АРА улсын дугаартай, Мицүбиши Миникаб маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Э.Чид буцаан олгож, автомашины үнэ болох 2.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, тухайн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 210.276 /хоёр зуун арван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг хасаж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, үлдэгдэл 2.089.724 /хоёр сая наян есөн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү буюу шүүгдэгч Г.Мгаас 1.044.862 төгрөгийг, шүүгдэгч Ч.Боос 1.044.862 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 51600/ тавин нэг мянга зургаан зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 20 ширхэг, 0,6386 шоометр хуурай шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, шүүгдэгч Ч.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг хурааж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 210.276 /хоёр зуун арван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашины үнээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М, шүүгдэгч Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ