| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 187/2019/0150/Э |
| Дугаар | 403 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 403
Б.Бод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Гүнсэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн эсэргүүцлээр Б.Бод холбогдох эрүүгийн 1910000720052 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
, 1980 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвд тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжны 56 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;
Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 25-56 тоотод өөрийн дагавар хүү Э.Жавхланг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Быг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бод мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Мөнхсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад, дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бод оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин зааж өгөх шаардлагагүй тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул шийтгэх тогтоолд 90 хоногийн дотор торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заавал заах шаардлагагүй. Шийтгэх тогтоолд 90 хоног гэж заасан нь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн 2019 ны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай магадлалаар ийм эсэргүүцэл бичсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүлцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 25-56 тоотод өөрийн дагавар хүү Э.Жавхланг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Жавхлангийн: “... 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал манай хойд аав Батболд нь орой 17 цаг өнгөрч байхад гаднаас согтуу гэрт орж ирээд “чи гэр орон цэвэрлэсэнгүй. Чи муу сурлаа. Би чиний сургалтын төлбөрийг төлсөн. Чи миний мөнгийг буцааж өг” гээд шууд хоолой багалзуурдаж аваад орон дээр дээр дараад “чи муу гөлөг минь, манайхаас зайл” гээд хараагаад байхаар нь би уурлаад “та тэгж ярьдаг хүнтэйгээ яриарай. Би гэртээ байна шүү” гэхэд хойд аав миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Намайг зодоод байхаар нь би хойд аавтайгаа биеэ хамгаалаад хэсэг ноцолдсон. ... Хойд аав Батболд нь дахин заамдаж миний хамар луу хоёр удаа мөргөсөн ба мөргөх үед нь миний хамраас цус гоожтол миний өөдөс ус цацаад “гэрээс зайл” гээд хөөгөөд байхаар нь би ааваасаа айгаад гэрээс гарсан. Урьд нь буюу 2016 онд зодож байсан. Одоо бол байнга гэрээсээ хөөж байгаа. Одоо миний хамар хөндүүр байна” /хх-7-8/,
гэрч С.Баттунгалагын: “... Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 17 цагийн үед хүү Э.Жавхлан руу утсаар залгасан чинь “хойд аав Б.Б намайг зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эгч Батцэцэгийн гэрт очоод байж бай” гэж хэлчихээд ажлаас чөлөө аваад явж байхдаа нөхөр Б.Б руу залгаж юу болсон талаар асуухад “би хүүхдээ гэр орон цэвэрлэсэнгүй гэж маргалдаж байгаад зодчихлоо. Би цагдаад “хүүхдээ зодчихлоо” гэж хэлээд дуудлага өгчихсөн. Одоо гэрт ирэх байх” гэж хэлэхээр нь би шууд Батцэцэг эгчийн гэрт очоод Э.Жавхлангаас юу болсон талаар асуухад “аав архи уучихсан орж ирээд намайг “гэр орон цэвэрлэсэнгүй” гэж уурлаад намайг заамдаж байгаад миний хамар руу 2 удаа мөргөсөн” гэж хэлсэн. Өөр зүйл надад хэлээгүй” /хх-18-19/,
шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... танил Ганбатын гэрт хоёр найзын хамт 0.75 литрийн, 0.5 литрийн 2 шил “Их монгол” нэртэй архи уусан. Тэгээд 18 цагийн үед гараад гэр лүүгээ явж байхдаа согтсон байсан. Би нэг ухаан орсон чинь гэртээ ирчихсэн дагавар хүү Э.Жавхлангийн толгой дээр нь ус хийж өгч байсан. Тухайн үед Э.Жавхлангийн хамраас цус гарчихсан байж байхаар нь “юу болсон юм, би сая л ухаан орлоо” гэхэд “та намайг мөргөсөн биз дээ” гэхээр нь “би хүүхдээ зодчихлоо” гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний санаж байгаагаар би маргалдаж байхдаа нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн санагдаад байна. Тухайн өдрийн өглөө би гэрээс гарахдаа хүү Э.Жавхланг “гэр орноо цэвэрлэсэнгүй, унтлаа. Хүний үгийг тоосонгүй” гэж уурлаж маргалдсан. ... Тэрнээс өөр надад маргалдах шалтгаан байхгүй...” /хх-34-35/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 722 дугаартай: “1. Э.Жавхлангийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-26/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Бын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сазүлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж зааасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Дээд шатны прокурор Д.Мөнхсайханы “Шүүгдэгч Б.Бод оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэгэнт тогтоосон хугацааг дахин заах шаардлагагүй тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүлцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ торгуулийн ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногоор тогтоосныг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хугацааг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан нь шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжтой бөгөөд хуульд зөрчилтэй байдлыг үүсгээгүй байна гэж үзэхээр байна.
Харин торгуулийн ялыг заавал 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон тохиолдолд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байх нь зүйтэй.
Иймд дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хуульд нийцүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Быг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бод оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ